Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/393

 

 

 

 

 

 

  2024           03             28                                       2024/ДШМ/393

 

 

Д.Т , Д.Т

Б.М нар холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Х.Анхцэцэг,

           шүүгдэгч Д.Т /цахимаар/,

           цагаадсан этгээд Д.Т , тэдгээрийн өмгөөлөгч Э.Ганбат, Д.Оюунчимэг,

           шүүгдэгч Б.М өмгөөлөгч Б.Болортуяа,

           хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г , түүний өмгөөлөгч Л.Баасанжав, Г.Бадамханд,

           нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

           Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 02-ны 2024/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М өмгөөлөгч Б.Болортуяа, шүүгдэгч Д.Т-н өмгөөлөгч Э.Ганбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Т , Д.Т Б.М нарт холбогдох эрүүгийн 1910 00822 0776 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д.Т нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т ” гоо заслын эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байхдаа 30 настай, эмэгтэй, Г.О-д өөх соруулах хагалгаа хийхдээ “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Эрүүл мэндийн тухай хуулийн 19.13 дугаар заалт, Монгол Улсын эрүүл мэндийг хамгаалах технологи, эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавих шаардлага MNS5604:2006 стандартыг зөрчиж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас уушиг, тархины судасны бүлэнт бөглөөдөс хүндрэл үүсэж, улмаар Г.О эмчлэгдэж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан,

2. Б.М нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т ” гоо заслын эмнэлэгт мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллаж байхдаа 30 настай, эмэгтэй, Г.О-д өөх соруулах мэс засал хийхдээ “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “зонхилон тохиолддог өвчний оношилгоо, эмчилгээний удирдамж, орчны мэдээгүйжүүлгийн удирдамж”-ийг баримтлаагүй, “эрүүл мэндийн технологи цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг MNS6260:2010 стандарт”-ын 8.3, 8.4 дэх хэсгийг зөрчиж мэдээгүйжүүлэлтийн төвшнийг зөв сонгож, нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүй, мэдээгүйжүүлэх сувилагчгүй мэс засал хийгдэж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс уушиг, тархины судасны бүлэнт бөглөөдөс хүндрэл үүсэж, улмаар Г.О эмчлэгдэж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан,

3. Д.Т  нь “Т ” ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэж байхдаа “Т ” эмнэлэг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн чиглэлд заагдаагүй тусламж үйлчилгээ үзүүлж, тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд үйл ажиллагаа явуулалгүй Эрүүл мэндийн тухай хуулийн 19.13, 20.2.1 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Т ” гоо заслын эмнэлэгт 30 настай эмэгтэй Г.О-д өөх соруулах хагалгаа хийгдэж, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокуророос: Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Д.Т ыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Т ыг Эрүүгийн хэргийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Т ыг цагаатгаж, Т, М нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-н эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын /гурван жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын /гурван жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар, шүүгдэгч М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасаж, биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-д биечлэн эдлүүлэхээр тогтоосон 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М-т биечлэн эдлүүлэхээр тогтоосон  1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.М-т мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар эмчлэх эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс, шүүгдэгч Д.Т-д оногдуулсан 02 жилийн хугацаагаар эмчлэх эрхийг хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс тоолж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Т-аас амь хохирогчийн оршуулгын зардал болон хагалгааны төлбөр, гэм хорын нөхөн төлбөрт нийт 81.277.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г д нөхөн төлснийг дурдаж, иргэний хариуцагч “Т ” ХХК-аас 57.000.000 төгрөг /тавин долоон сая төгрөг/ гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г д олгож, шинжээчийн ажлын хөлс 566.037 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Д.Т Б.М  Д.Т  нар нь энэ хэрэгт баривчлагдсан болон хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Т цагаадсан этгээд Д.Т  нарын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Д.Т нь удаа дараагийн шүүх хуралдаанд болон прокурорт гаргаж байсан хүсэлтдээ "гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруудаа гэмшиж байгаа” талаар мэдүүлсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон.

Д.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх талаар тогтоосон шүүхээс шийдвэрлэсэн хэмжээний өөрт оногдох хувь хэмжээний хүрээнд сайн дураар 81.277.000 төгрөгийг төлсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

  • Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн
  • Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлж 3 дахь шатлалын Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэсэн,
  • Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн. Өөх соруулах мэс заслын стандарт, удирдамж Монгол Улсад батлагдаагүй боловч арьс гоо засал нөхөн сэргээх эмч нарын нийгэмлэгийн удирдамжийн дагуу хийж гүйцэтгэсэн зэрэг нь нотлогдож тогтоогдсон болно.

Гэтэл шүүх хөнгөн гэмт хэрэгт хамаарах Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дээрх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэлгүй хохирогчийн шүүх хуралдаанд санал хэлэлцэхдээ шүүхэд шууд нөлөөлсөн хориглосон үгийг онцгой анхаарч ялын бодлогыг үндэслэл муутай тодорхойлж 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан болно. Хохирогч Г  нь “...би 15 жилийн ял авахад бэлэн байгаа...” гэсэн төдийгүй шүүгдэгчийг уучлал гуйж, гэмшиж буйгаа илэрхийлэхэд дунд хуруугаа гозойлгож заналхийлэх, дэг зөрчсөн үйлдэл гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэстэй.

Иймд Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих оногдуулсныг 2 жил болгон хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү…” гэв.

 

Шүүгдэгч Б.М өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг: Анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлд зааснаар Б.М-т холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулах, цагаатгах байр сууринаас оролцож дараахь дүгнэлтийг гаргасан.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл нь:

Яллах дүгнэлтээр: М ийг буруутгасан болон үндэслэлээ дараахь нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн.

1-рт: "...өөх соруулах мэс засал хийхдээ "хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох "Зонхилон тохиолддог өвчний оношилгоо, эмчилгээний удирдамж, орчны мэдээгүйжүүлгийн удирдамж"-ийг баримтлаагүй,

2-рт: МУ-ын стандарт МНС 6206:2010-ын 8.3, 8.4 дэх хэсгийг зөрчиж мэдээгүйжүүлэлтийн түвшинг зөв сонгож, нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүй.

3-рт: Шинээр нэмэгдэж "мэдээгүйжүүлэх сувилагчгүй мэс засал хийгдэж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж. Үндэслэл нь:

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын улсын ахлах байцаагч шинжээч Б.Байгалмаагийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай дүгнэлт. /хүүхдийн эмч мэргэжилтэй/

Дүгнэлтээр "Мэдээгүйжүүлгийн их эмч Б.М нь Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 450 тоот тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-1 хавсралт 5А мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц, сэрээх үеийн хяналтын хуудас дээр:

-Төлөвлөж хийгдэх хагалгаа: хэвлий, нуруу, гуяны өөх соруулах төлөвлөгөөт хагалгаа гэж төлөвлөсөн мөртлөө мэдээгүйжүүлэлтийн түвшин Т12 /хүйс умдаг хоёрын хооронд/ хийгдсэн байгаа нь мэдээгүйжүүлэлтийн түвшинг зөв сонгож хийгээгүй тул өвдөлт мэдрэгдээд нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүйгээс ерөнхий унтуулгын доор өөх соруулах мэс засал хийгдсэн" байна.

-Мэдээгүйжилтийн өмнөх үзлэгийг хагалгаанд орохоос өмнө 1 цаг 50 минутад буюу 2019.03.26-ны 10.00 цагт үзлэг хийгдэж, хоол сойх гэж тэмдэглэсэн, мэдээгүйжүүлэлтийн явцын тэмдэглэп хоёр дээр бичигдсэн цаг минут нь 5-10 минутын зөрүүтэй бичигдсэн зөрчил илэрсэн байна.

-Эрүүл мэндийн технологи цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг MNS 6206:2010 стандартын 8.3, 8.4 дэх хэсгийг зөрчсөн гэсэн дүгнэлт юм.

Яллах дүгнэлтээр эсрэгээр нь тодруулбал удирдамж гэх зүйл бол ганц өгүүлбэр бичсэн зүйл биш, 8.3, 8.4 дэх хэсэгт нь мэдээгүйжүүлгийн түвшинг хэрхэн хийхийг заагаагүй, мэдээгүйжүүлэх сувилагчгүй, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдэг нь эмнэлгийн үүрэг болохоос биш гэрээгээр ажиллаж байгаа ажилтны үүрэг биш юм.

Гэтэл шүүх "шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан дүгнэхэд" гээд М ийг 1-т "Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11  дүгээр сарын 450 тоот тушаалаар батлагдсан Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СТ-1 хавсралт 5А мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явц, сэрээх үеийн хяналтын хуудас дээр: Төлөвлөж хийгдэх хагалгаа: хэвлий нуруу, гуяны өөх соруулах төлөвлөгөөт хагалгаа гэж төлөвлөсөн мөртлөө мэдээгүйжүүлэлтийн түвшин Т12 /хүйс умдаг хоёрын хооронд/ хийгдсэн байгаа нь мэдээгүйжүүлэлтийн түвшинг зөв сонгож хийгдээгүй тул өвдөлт мэдрэгдээд нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүйгээс ерөнхий унтуулгын дор өөх соруулах мэс засал хийгдсэн. Шийтгэх тогтоол нь 1-т ойлгомжтой, түүнд үндэслэл бүхий дүгнэлтийг хийх ёстой, гэтэл яллах дүгнэлтийн адил уншихад ч ойлгомжгүй, 2-т цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг MNS66206:2010 стандартын 8.3, 8.4 дэх хэсгийг зөрчсөн гэчхээд 9-д хагалгааны өмнө хийгдэх шинжилгээ хийгдээгүй хагалгааг үргэлжлүүлсэн байх ба өвчтөний амин үзүүлэлтийг хэвийн байлгах аюулгүй байдлыг хангах, мэдээгүйжүүлэлтийн турш амьсгалыг гар юм уу автомат аргаар удирдаж хүчилтөрөгч хангамжийг тогтмол хянаж чадаагүй байна" гэж мөн л ойлгомжгүй дүгнэлтийг хийж, юуны 9 дэх хэсэгт юу гэж заасныг зөрчөөд байгаа нь тодорхойгүй дүгнэлтийг хийсэн.

Хоёр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, эрх зүйн хэрэглээний үндэслэл:

1.    Нугасны мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүй гэдгийг мэдээгүйжилтийн их эмч М  болоод өмгөөлөгчийн зүгээс үгүйсгэх үндэслэл нь:

-Үйлчлүүлэгчийн мэдээ алдалтын түвшин хүйсийн түвшинд хүрсэн байсан нь мэдээ алдуулалт зөв хийгдсэн учир хүйсийн түвшинд хүрсэн, харин мэдээгүйжүүлгийн түвшин дээшлэхгүй байх, мэдээ алдахгүй байх тохиолдол нь мэдээгүйжүүлгийн салбарт хийгдсэн судалгаагаар 100 хүнд мэдээ алдуулалт хийлээ гэхэд 1-4 хүнд нь тохиолддог тохиолдол юм байна. Энэ тохиолдолд А хувилбар нь нугасны хөндийн мэдээгүйжүүлэг байсан, нөхцөл байдлын улмаас Б хувилбар буюу ерөнхий мэдээ алдуулалтад мэдээгүйжүүлгийн эмч, үйлчлүүлэгч, мэс заслын эмч 3 ярилцаад насанд хүрсэн үйлчлүүлэгчийн өөрийнхөн зөвшөөрлийг авсны үндсэн дээр нэгэнт өөх задлах тариаг хийчихсэн байсан тул ерөнхий мэдээгүйжүүлэг рүү шилжсэн байна.

-Монгол Улсын стандарт MNS 6204:2010-ын 14-т "Нугасны хориг бүтэлгүй болох" 14.4-т “...мэдээгүйжүүлэлт үүсээгүй бол ерөнхий мэдээгүйжүүлэлт хийнэ. Ямар нэмэлт арга хэмжээ авч мэдээгүйжүүлэхийг өвчтөн бүрд тухайн байдлаас сонгоно" гэж заасан байна.

Энэ талаар анхан шатны шүүхэд өмгөөлөгч гаргасан саналтайгаа уялдуулж уг стандартыг шүүхэд гарган өгч, тайлбарласан ч энэ тал дээр шүүх дүгнэлт өгөөгүй.

-Мэдээгүйжүүлгийн эмч М  нь “Мэдээгүйжүүлгийн хувьд /хэргийн 1-р хавтас 83 дах тал/ тэмдэглэлд": "Өвчтөнийг байрлуулж нурууны L4L5-ийн түвшинд 27 G голчтой нугасны зүүгээр хатгалт хийсэн. Өвчтөнийг дээш харуулан байрлуулж мэдээгүйжүүлэлтийн түвшинг шалгахад Т12 хүрсэн. Мэс засал 12.05-д эхэлсэн" гэж хэрэгт авагдсан байх ба энэ нь 1-т: МУ-ын стандарт MNS6204:2010-ын 13-т "Хатгалт хийх" 13.3-т. Хатгах цэгийг тодорхойлж тэмдэглэнэ. Голдуу бүсэлхийн нурууны L4-5 түвшинд хатгах боловч зарим тохиолдолд L3-4 золон L5-S1 түвшинг сонгож болно" гэж заасан байх ба мөн стандартын 11-т: "бэлтгэх зүйлс"-д “нэг удаагийн нугасны зүү: 25-аас 29G голчтой зүү байхаар заасны дагуу мадээгүйжүүлгийн түвшинээ зөв сонгосон, 2-т мэдээгүйжүүлгийн түвшинг шалгахад T12-т хүрсэн байсныг хийгдсэн мэтээр дүгнэсэн, 3-т: мэс засал 12.05-д эхэлсэн нь мэдээгүйжүүлэлтийн явцын /хэргийн 1-р хавтас 82 дахь тал/ тэмдэглэлд: хагалгаа эхэлсэн цагийг 12 гээд 5 минутыг заасан тэмдэглэгээ байсаар байхад цаг минут нь 5-10 минутын зөрүүтэй байна" гэж үндэслэлгүй 2 зөрчлийг бий болгосон.

2.  МУ-ын стандарт "Цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг" MNS 6206:2010-ийн үзлэгийг 8.3-т "Мэдээгүйжүүлэлтийг явуулах эмч өөрөө мэдээгүйжүүлэлтийн өмнөх үзлэгийг гүйцэтгэнэ" гэсэн байх ба эмч М  өөрөө үзлэгийг хийж үйлчлүүлэгч гарын үсэг зурсан баримт 1-р хавтаст хэргийн 81 дэх талд авагдсан байгаа тул зөрчил гэж үзэхгүй.

Мөн стандартын 8.4-т энэхүү үзлэг нь хагалгаа, мэдээгүйжүүлэлтийн өмнө шаардагдах шинжилгээ хийх, эмчилгээ хийж багтахуйц байхаар хийгдэх ёстой" гэсэн байх ба үзлэгийг 2 цагийн өмнө хийж мэс заслын эмчийн "хийлгэ" гэсэн шинжилгээнүүдийг үзэж үзлэгээ хийсэн. Гэтэл шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

Гурав: Гэмт хэргийн үндсэн шинж, хууль, эрх зүйн онол хэрэглээ, өмгөөлөгчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан дараахь нотолгоогоор нотлогдоно.

1. Монгол Улсын стандарт MNS 6204:2010-ын 5-д: Ерөнхий зүйл /бүх шатлалын эмнэлэгт/ 5.2-т "Нугасны хөндийн мэдээгүйжүүлгийг мэдээгүйжүүлэгч эмч, мэргэжлийн сувилагч юм уу мэргэжил эзэмших сургалтад суралцаж буй эмч, сувилагч зэрэг туслагчтайгаар гүйцэтгэнэ" гэж заасан байх ба тухайн үед туслах сувилагчаар О , Ө  нар оролцож хагалгаанд тусалж байсан болох нь нотлогдсон. Тухайн туслах сувилагчаар ажилласан О  нь мэдээгүйжлгийн сувилагчаар суралцаж байсан талаар шүүгдэгч нар мэдүүлдэг. Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Түүнчлэн "мэдээгүйжүүлэх сувилагчгүй мэс засал хийгдэж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй" гэх улсын яллагчийн өөрийнх нь дүгнэлт нь Монгол Улсын стандарт MNS6330:2017-ын 6-д "хүний нөөцийн үйл ажиллагаа", 6.2-т "эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай, чанартай үзүүлэхэд шаардлагатай эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн, ажилтны хэрэгцээг тооцож, сул орон тоог нөхөх, ажилтныг мэргэжил, албан тушаалын хувьд ахиулах төлөвлөлтийг ойрын болон дунд хугацаагаар хийж, эмнэлгийн эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулан хэрэгжүүлнэ" гэж заасны дагуу мэдээгүйжүүлэх сувилагчгүй мэс засал хийсэн гэх зөрчил нь мэдээгүйжүүлгийн эмч, гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хүлээх үүрэг биш юм. Дээрх стандартыг шүүхэд өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн.

2. МУ-ын стандарт MNS 6204:2010-ын 14-т "Нугасны хориг бүтэлгүй болох", 14.4-т. “...мэдээгүйжүүлэлт үүсээгүй бол ерөнхий мэдээгүйжүүлэлт хийнэ. Ямар нэмэлт арга хэмжээ авч мэдээгүйжүүлэхийг өвчтөн бүрд тухайн байдлаас сонгоно" гэж заасан байна. Энэ стандартыг шүүхэд би гаргаж өгсөн. Ер нь хэрэгт авагдсан стандартуудыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн болно. Шүүх дээрх стандартуудад дүгнэлт хийгээгүй.

3. Хэрэгт ач холбогдол бүхий ЭМЯ-ны Мэс заслын салбар зөвлөлийн гишүүн Ц.Энх- Амгалан /хэргийн 5-р хавтас 34 дөх тал/ хохирогчийг нас барахад хүргэсэн шалтгааныг энэ мэс заслын хагалгааны явцад "тохиолдож болзошгүй" хүндрэлүүдэд хамаарах "өөхөн эмболи”-ийн хүндрэл үүссэн нь цус эргэлтийн цочмог алдагдал хүндрэлээр даамжирснаас болсон байх талтай гэж үзлээ.

Өөpөөр хэлбэл хэргийн хариуцагчид нь илтээр хүний амь хохирооход хүргэсэн мэргэжлийн буруутай үйл ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй байна.

4. Монголын Мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Н.Хүрэл-Очир /хэргийн 5-р хавтас 37 дахь тал/ “өөх хайлуулах мэс ажилбарын үед гарч болох хүндрэлүүдийн нэг болох амь насанд аюултай хүндрэл болох өөхөн эмболи болон эмболийн хам шинж үүсэн зүрх зогсон өвчтөний амь эрсэдсэн байна. Мэс заслын байрлалаас хамаарч нугасны мэдээгүйжүүлгийн сонгосон боловч түвшин хангалттай дээшлээгүй учраас ерөнхий мэдээгүйжүүлгийг сонгосон байна. Эмнэлзүйн шинжлэх ухаанд нугасны мэдээгүйжүүлэг хийгээд мэдээгүйжүүлэг амжилтгүй болох тохиолдол гардаг. Ийм тохиолдолд тухайн эмч дараагийн мэдээгүйжүүлгийн арга болох ерөнхий мэдээгүйжүүлгийн хэлбэрийг сонгоно”... сэхээн амьдруулах үйл ажиллагааг үр дүнтэй хийсэн гэж бодож байна” гэсэн байх бөгөөд /зогсоох ёстой гээгүй байгааг анхаарах/ дээрх эмч, мэргэжилтэн, эрдэмтэд шийтгэх тогтоолд авагдсан гол нотлох баримт болох бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1341 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан хүмүүс юм.

5. Шинжээчийн дахин гаргасан 2020.12.21 №1341 дүгнэлтэд /хэргийн 5-р хавтас 40 дэх тал/

-Амь хохирогч Г.О нь өөх соруулах мэс заслын явцад уушги, тархины судасны бүлэнт бөглөөдөс хүндрэл үүссэний улмаас нас баржээ.

-Өөх соруулах мэс заслын үед судасны өөхөн болон бүлэнт бөглөөдөс үүсэх хүндрэл гарч болох ба эмч дээрх хүндрэл үүснэ гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй болно.

-Уушги, тархины судасны бүлэнт бөглөөдөс хүндрэл үүссэний дараа тухайн эмнэлэгт хийгдсэн суурь болон лавшруулсан амилуулах тусламж нь зохих стандартын дагуу явагджээ" гэж тус тус дүгнэсэн.

6. Шинжээчээс авсан мэдүүлэг Б.Ариунзул /хэргийн 1-р хавтас 115 дах тал/ “Өөх соруулах ажилбар нь мэс засал учир ерөнхий мэс заслын эмч хийж болно”. Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, үйл баримтад дүгнэлт хийхэд “Мэдээ алдуулалтаас өөхөн бөглөрөл үүсээгүй, өөхөн бөглөөс судсанд үүсдэгийг шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй. Нойрсуулалттай холбоотой, нойрсуулагч эмчийн ажиллагаатай шууд холбоотойгоор хүний амь хохирсон гэх ямар нэгэн дүгнэлт шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүйд ач холбогдол өгөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” нөхцөл байдал үүсэж байгаа талаарх өмгөөлөгчийн дүгнэлтийг үгүйсгэсэн дүгнэлтийг өгөөгүй.

            Гэм буруугийн зарчмыг хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн" гэж заасан тул Б.М-т холбогдох үйлдлийг холбогдол нь шийтгэх тогтоолд заасанчлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа тул мөн хуулийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү…” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баасанжав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг тооцохдоо хохирогчийн нас барах үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320.000 төгрөгөөр тооцож 84.800.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийтгэх тогтоолоор сэтгэцэд учирсан хохирлыг тооцоолохдоо шинэ батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэрэглэх байсан талаар...

Өмгөөлөгч нар сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хохирлыг тооцохдоо шүүх хуралдаанаас өмнө буюу 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгөөр мөрдөгдөж байх үед тооцоолж гэм хорын хохирлыг нэхэмжилсэн билээ. Гэтэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн үед мөрдөгдөж байсан үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320.000 төгрөгөөр тооцоолж гаргасан нь маш буруу шийдвэр болсон. Учир нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон тохиолдолд түүнийг дагаж мөрдүүлэх хугацаа нь дараагийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдөр байна” мөн 7.4 дэх хэсэгт “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэрэглэхтэй холбогдсон бусад хуулийн заалтыг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мөрдлөг болгоно” гэж тус тус заасан байна. Тодруулж хэлбэл, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгөөр сэтгэцэд учирсан хохирлыг тооцоолох ёстой байсан. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу сэтгэцэд учирсан гэм хорын тооцооллыг эс зөвшөөрч байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг шийтгэх тогтоол гарах үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгөөр тооцож баталж өгнө үү...” гэв. 

 

Шүүгдэгч Д.Т цагаадсан этгээд Д.Т , тэдгээрийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь зөрүүтэй. Мөн шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй хүний дүгнэлтийг шүүх үнэлсэн. Прокурорын яллах дүгнэлт хуульд заасан хэд хэдэн шаардлагыг зөрчсөн. Гэтэл шүүх яллах дүгнэлтэд дурдаагүй зүйлүүдийг үндэслэж шүүгдэгч Д.Т-г гэм буруутайд тооцсон. Яллах дүгнэлтийн хавсралтад Мэргэжлийн хяналтын албаны шинжээч эмч Байгалмаагийн дүгнэлтийг судлуулахаар хавсаргасан. Энэ нь 4 дүгээр хавтаст хэргийн 236-247 дугаар талд авагдсан байгаа. Уг дүгнэлтийг анхан шатны шүүх хуралдаанаар анх 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцэхэд шинжээч Байгалмаа “би уг нь шинжээчээр ажиллах ёсгүй, надад ийм эрх байхгүй. Энэ талаар мөрдөгчөөс асуухад намайг дүгнэлт гарга гэж хэлсэн” гэдэг. Өөрөөр хэлбэл, 4 дүгээр хавтаст хэргийн 236-247 дугаар талд авагдсан шинжээч эмч Байгалмаагийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарыг онцолж хэлмээр байна. Тодруулбал, шинжээч эмч Байгалмаа “би хүүхдийн эмч мэргэжилтэй, би энэ дүгнэлтийг гаргах эрхгүй” гэж хүлээн зөвшөөрсөн. Иймд 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн 5 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь шийтгэх тогтоолд заасан дүгнэлтийг үгүйсгэж байгаа. Прокурор болон анхан шатны шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1341 дугаартай шинжээчийн дүгнэлтийг огт үнэлээгүй. Өөрөөр хэлбэл, шүүх анхан шатны шүүх шийтгэх тогтоолд гэм буруугийн дүгнэлтийг хийхдээ Мэргэжлийн хяналтын албаны гаргасан дүгнэлтэд үндэслэсэн атлаа дээр дурдсан 1341 дугаартай Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтийг ямар үндэслэлээр үнэлээгүй талаараа шийтгэх тогтоолд дурдаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол,” гэж заасныг зөрчсөн зөрчил болж байна. Мэргэжлийн хяналтын албаны эмч Байгалмаагийн дүгнэлтээр тухайн өөх соруулах мэс заслыг хийх ёсгүй байсан талаар дурддаг. Гэтэл 1341 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “энэ мэс заслыг ерөнхий мэс засалч хийнэ” гэж байдаг. Дээрх зөрүүтэй 2 дүгнэлтийг шүүх анхаарч үзээгүй. Урьд нь анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж байсан. Мөн шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.Т-г “гоо сайхны мэс заслын эмчээр мэргэшээгүй, амь хохирогчийн биеийн өөхлөлтийн байдлыг тодорхойлоогүй, шаардлагагүй хүнийг өөх соруулах мэс засалд оруулсан, хохирогчид өөх соруулах мэс засал хийхдээ клийн-т уусмал болон Монгол Улсад батлагдаагүй эм бэлдмэл хэрэглэсэн” гэж хэрэгт авагдаагүй, тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргаагүй зүйлийг шүүх өөрийн санаачилгаар шийтгэх тогтоолд дурдсан. Энэ асуудлыг шүүх бүрэлдэхүүнийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Бүх эмнэлгүүдэд клийн-т уусмалыг мэс засалд хэрэглэдэг. Тухайн уусмал нь Монгол Улсад зөвшөөрөгдсөн байхад шүүх “хэрэглэх ёсгүй зүйлийг хэрэглэсэн” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн яллах дүгнэлтийн тогтоох болон үндэслэх хэсэг хоорондоо зөрүүтэй. Шүүгдэгч Д.Т-н хувьд “миний мэс ажилбар хийж байх явцад энэ хүн нас барсан учраас би өөрийгөө буруутай гэж үзэж хохирогчийн өмнө хүлцэнгүй хандаж гэм буруугаа хүлээж ирсэн” гэдэг. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 1 тэрбум 200 сая төгрөг нэхэмжилсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Т-аас 82.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Т нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэснээс илүүтэйгээр энэхүү үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Мөн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Д.Т-н хувийн байдалтай холбоотой баримтуудыг гаргаж өгсөн. Уг баримтыг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Шүүгдэгч Д.Т нь Монголын гоо сайхны мэс ажилбарыг хийдэг, гоо сайхны туслалцаа үзүүлдэг эмнэлгийн тусламж үйлчилгээг Монгол Улсад шинээр оруулж ирсэн. Өөх нь тархины судсыг бөглөж нас барсан тохиолдол Монгол Улсад байдаггүй юм байна. Шүүх шинжилгээний байгууллагын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд “...үүнийг эмч урьдчилан мэдэх боломжгүй” гэж дурдсан байдаг. Үүнийг анхан шатны шүүх анхаараагүй. Энэ бол маш ховор тохиолдол юм. Өөх соруулах хагалгааны үйл ажиллагаа нь холбогдох удирдамж, стандартын дагуу явагдаж байгаа. Үүнийг голдрилд нь оруулахын тулд Монголын гоо сайхан мэс засалчдын нийгэмлэгийг үүсгэж байгуулж, удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, холбогдох хууль, дүрэм, журамд өөрчлөлт оруулахад миний үйлчлүүлэгч Д.Т-н үйлдэл оролцоо маш их байсан. Шүүгдэгч Д.Т нь эрчүүдийн бэлэг эрхтний дур ханамж сэдвээр эрдмийн цол зэргээ авахаар ажиллаж байсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгч Д.Т нь гэм буруугийн асуудлаар маргадаггүй, хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд өөрийнхөө үйлдлийг хэзээ ч зөвтгөж тайлбарлаж байгаагүй...” гэв.

 

Шүүгдэгч Д.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Харамсалтай үйл явдал болсон цаг хугацаанаас эхлэн миний бие эмч хүнийхээ ёс зүйн хувьд ямар нэгэн байдлаар их, бага хариуцлага хүлээх нь тодорхой. Би өнөөдрийг хүртэл энэ бол миний удирдаж явуулж байсан хагалгаа, манай эмнэлэг дээр болсон зүйл гэж хандаж ирсэн. Хэргийн зүйлчлэл дээр огт маргадаггүй. Ямар нэгэн байдлаар энэ хэргийг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж ирсэн. Анхан шатны шүүх эмч Байгалмаагийн гаргасан дүгнэлтийг үндэслэж надад эрүүгийн хариуцлага оногдуулсан. Гэтэл тухайн эмч Байгалмаа нь шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй этгээд байсан. Тухайн дүгнэлт нь мэргэжлийн бус хүн хагалгаа хийж, хүний амь насанд хүрсэн мэтээр гарсанд үнэхээр харамсалтай байна. Эмч Байгалмаа нь Мэргэжлийн хяналтын байгууллагын бланк дээр тухайн дүгнэлтийг гаргаж, гарын үсэг зурсан байсан. Энэ талаар өмгөөлөгч нар тодорхой тайлбарласан. Мөн мэргэжлийн салбар зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг шүүх анхаарч үзээгүй. Мэс ажилбар, хагалгаа 2 хоорондоо өөр ойлголт. Намайг мэс ажилбар хийсэн гэж буруутгадаг. Мэс заслыг мэс заслын эмч л хийнэ. Харин арьс гоо заслын эмч зүү, тариурын тусламжтайгаар арьс цоолж хатгах л эрхтэй байдаг. Гэтэл намайг мэс засал хийх эрхгүй гэж буруутгасан. Монгол Улсад өөх соруулах хагалгааг олон эмнэлэг хийж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр өөх соруулах хагалгааг арьсны эмч нар хийх, эсхүл бүх мэс заслын эмч нар хагалгаа хийх эрхгүй болох гээд байгаа эсэх асуудалд эргэлзээ төрж  байгаа учраас шүүх бүрэлдэхүүнийг бусад шинжээчийн гаргасан дүгнэлтийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Мөн намайг хэрэглэж болохгүй уусмал хэрэглэсэн гэж буруутгадаг. Гэтэл бодит байдал дээр бид натри дотор витамин хийж шингэн дусал болгодог. Даралт ихсэх үед даралтын эм, цус тогтоох үед цус тогтоох тариаг натритай хольж дусал хийдэг. Тухайн уусмал нь үүнтэй ялгаа байхгүй. Мөн Монгол Улсад өөр соруулах ажилбарын стандарт байдаггүй. Иймд би стандартыг батлуулах гэж Монголын стандарт, чанарын хүрээлэнд 2 удаа хүсэлт гаргасан боловч буцаагдсан. Одоо Эрүүл мэндийн яамны хажуу талд тусгай тасагтай болсон байсан бөгөөд би очиж уулзсан. Ингээд энэ талаар сургалт явагдахаар болсон. Өөх соруулах мэс заслын стандартыг голдрилд нь оруулах гэж би их хичээсэн. Би гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Намайг шийтгэх тогтоолд мэргэжлийн бус эмч гэж дурдсан байдаг. Бусад хохирол, төлбөрийг шүүхээс тогтоосон хэмжээнд төлөхөд миний бие татгалзах зүйлгүй. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Анх намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж байсан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг прокурорт буцааж зүйлчлэлийг хүндрүүлсэн. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бидэн рүү зохисгүй үйлдэл гаргасан. Мөн энэ хэрэг цахим орчинд олны анхаарлын төвд маш их байсан. Цахим сайтуудаас миний эсрэг маш олон мэдээллийг гаргаж байсан. Үүнтэй холбоотойгоор шүүгч нөлөөнд автсан юм болов уу гэсэн бодол надад орж ирж байсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, эсхүл хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж өгнө үү...” гэв.

 

Цагаадсан этгээд Д.Т  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үүсгэн байгуулж, удирдлага арга зүйгээр хангаж ажиллаж байсан эмнэлэгт ховор тохиолдлын золгүй үйл явдал болсонд туйлын их харамсаж явдаг. Энэ үйл явдал болсноос хойш өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд амь хохирогчийн гэр бүлээс маш олон удаагийн уучлалт гуйж, харамсал илэрхийлж байсан. Мөн өнөөдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г д хандаж хэлэхэд маш их харамсалтай зүйл болсон. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд бид сэтгэл санааны байдал маш хүнд нөхцөл байдалтай цаг хугацааг өнгөрөөсөн гэж хэлмээр байна. Анхан шатны шүүхээс намайг цагаатгаж шийдвэрлэсэн. Үүнийг би дэмжиж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг уншиж танилцахад хэд хэдэн ойлгомжгүй зүйлүүд байсан. Би прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хавтаст хэргийн хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэдэг гэж ойлгож байна. Прокуророос Д.Т-г Монгол Улсын эрүүл мэндийг хамгаалах технологи, эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавих шаардлага MNS5604:2006 стандартыг зөрчиж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж л яллах дүгнэлт үйлдсэн. Өөрөөр хэлбэл, арьс гоо заслын эмчийн арьс гоо заслын тусламж үйлчилгээ үзүүлэхдээ баримталдаг стандартыг мэс заслын эмч мэс засал хийхдээ баримтлаагүй байгаа нь буруу гэж дүгнэсэн. Энэ талаар бид удаа дараа тайлбарласан. Прокуророос мэс заслын бус стандартыг мэс заслын стандарт гэж яллах дүгнэлт үйлдсэн. Энэ талаар Д.Т маргаагүй учраас хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин миний зүгээс энэ бол буруу гэж удаа дараа тайлбарласан. Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шүүх тухайн стандартыг зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргах байх гэж бодож байсан. Гэтэл шийтгэх тогтоолд “эмч Д.Т өөх соруулах мэс засал хийх шаардлагагүй хүнд хийсэн байна. Мөн клийнийн уусмал ашигласан” гэж дурдсан. Шүүгдэгч Д.Т бол миний төрсөн ах юм. Монгол Улсад гоо сайхны мэс заслын нарийн мэргэжлийн эмчийг бэлтгэдэг тогтолцоо байхгүй. Эрүүл мэндийн яам гоо сайхны эмч гэж үзэж, гоо сайхны мэс заслаар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгохдоо гадаад улсад тодорхой хугацааны сургалтад хамрагдсан хүмүүсийг гоо сайхнаар мэргэжсэн хүн гэж үзэж, эмнэлэг нээх асуудлыг Эрүүл мэндийн яамтай шалгаж “та гоо сайхны мэс заслын эмнэлэг нээж болно”  гэж эрх олгодог. Ийм байдлаар 2013 онд “Т ” гоо заслын эмнэлэг нь гоо сайхны тусламж үйлчилгээ явуулах эрхийг авсан. Хэрэгт миний батлан гаргасан “Т ” гоо заасны эмнэлгийн тусламж, үйлчилгээ баримтлах жагсаалтууд байгаа. Уг жагсаалтад өөх соруулах, өөх шилжүүлэн суулгах мэс заслыг манай эмнэлэг хийнэ гэж байсан. Уг материалыг бид Эрүүл мэндийн яамд өгсөн. Дараа нь бидэнд зөвшөөрөл олгосон. Энэ гэмт хэрэг гарах хүртэлх 5 жилийн хугацаанд 500 гаруй ижил төстэй өөх соруулах мэс заслыг хийсэн судалгааг хэрэгт хавсаргасан. Д.Т-г мэргэшээгүй эмч гэж үзэх үндэслэл байхгүй. Монголын нөхөн сэргээх, гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгээс гаргасан тодорхойлолттой уншиж танилцана уу гэж хүсэж байна. Д.Т бол энэ салбарыг Монгол Улсад үүсгэн байгуулсан анхдагчдын нэг юм. Монгол Улсад өөх соруулах мэс заслын стандарт байхгүй учраас тухайн нийгэмлэг, албан байгууллагын даргын гаргасан удирдамжийг баримталж тусгай зөвшөөрлийг үзүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, өөх соруулах мэс заслын стандарт байхгүй тул Монголын нөхөн сэргээх, гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгээс гаргасан удирдамжийг дагаж мөрдөнө. Мөн миний батлан гаргасан эмнэлэгтээ мөрдүүлж байсан өөх соруулах мэс заслын удирдамжийг баримталж тухайн хагалгааг хийсэн. Иймд ямар нэгэн удирдамж, стандарт баримтлахгүйгээр өөрөө мэдэж хагалгаа хийсэн асуудал биш юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүгдийг нь толгой дараалан стандартчилах боломжгүй байдаг. Иймд нийгэмлэг болон байгууллага өөрөө удирдамжаа гаргаж явахыг хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, ямар нэгэн стандарт гаргалаа гэж бодоход анагаах ухаан байнга хөгжиж дараа жил нь илүү сайн тариа гарч ирэх бүрт тухайн стандартыг өөрчилнө гэж байхгүй. Мэс заслын практикт түгээмэл үйлдлийн стандарт гэж ерөнхийд нь баталдаг учраас өөх соруулах хагалгаа, давхраа хийх хагалгааг тус тусад нь стандарт тогтоох боломжгүй, шаардлагагүй учраас удирдамж гаргадаг. Удирдамжийг тухайн нийгэмлэг болон байгууллага давхар шинэчилж явдаг...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Т Б.М нарт 3 жил 6 сарын хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Би ганц охиноо алдсан. Энэ хугацаанд зөвхөн хууль шүүхэд итгэж явсан. Охин минь нас бараад 5 жил болж байна. Хэргийг шийдвэрлэх гэж маш удсан. Би “Т ” гоо заслын эмнэлгээс охиныхоо амийг нэхэж байна. Ганц охиноо алдсан эцэг, эх хоёрт дээшээ тэнгэр, доошоо газар хатуу байна. Үхмээр санагдаж байсан үе ч олон байсан. Охиныг минь нас барснаас хойш 1 жилийн дараа нөхөр нь өөр хүнтэй сууж тусдаа амьдарч байгаа. Одоо бид зээ охиноо асран хамгаалж байна. Хүүхдийн тэжээн тэтгэх асуудлаар бид иргэний шүүхэд хандсан байгаа. Би үнэхээр гомдолтой байна. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г гийн өмгөөлөгч Г.Бадамханд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэж гомдол гаргаж байна. Мэргэжлийн эмч мэргэжлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байхад нь эрсдэл үүссэн бол энэ өөр асуудал юм. Энэ гэмт хэргийн хувьд мэргэжлийн бус хүн Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй мэс заслыг хийж, хүний амь насанд хүрсэн асуудал байгаа учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй юм. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс ерөнхий мэс заслын эмч бүгдийг хийх ёстой мэтээр тайлбарлаж байна. Ерөнхий мэс заслын эмч мэдрэлийн мэс заслыг хийх эрхгүй. Үүнтэй адил ерөнхий мэс заслын эмч өөх соруулах мэс заслыг хийх эрхгүй. Монгол Улсын стандартад гоо заслын эмч хийнэ гэж заасан байгаа. Мөн шинжээч эмч Байгалмаагийн талаар тайлбарлаж байна. Хэдийгээр Байгалмаа нь хүүхдийн эмч боловч Шинжилгээний эрх бүхий байгууллагаас томилогдсон шинжээч эмч юм. Урьд мэргэжлийн хяналтын улсын байцаагч байсан. Үүний дагуу тухайн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Эмч Байгалмаа нь “миний дүгнэлт буруу” гэж огт хэлж байгаагүй. Харин дүгнэлт хууль ёсны дагуу гарсан талаар тайлбарлаж байсан. Анхан шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт гаргасан. Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дүгээр зүйлийн 28.4.3-т “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах;” гэж заасан. Үүнийг дагаж мөрдөх ёстой байсан. Мөн Монгол Улсын стандартыг зөрчиж хагалгааг хийсэн. Мөн мэдээгүйжүүлэлтийн эмчийн үйлдэлтэй холбоотой шинжээчийн дүгнэлт маш тодорхой гарсан. Тухайлбал, мэдээгүйжүүлэлтийн эмч нь амь хохирогчоос зохих шинжилгээнүүдийг аваагүй. Төлөвлөсөн мэдээгүйжүүлэлт нь үр дүнгүй болсон. Түүнчлэн төлөвлөсөн мэдээгүйжүүлэлтийг хийгээд бүрэн гүйцэт шалгасны дараа мэс заслыг эхлүүлэх ёстой байсан. Үүнийг бүрэн шалгаагүй. Мэдээгүйжүүлэлтийг мэргэжлийн түвшинд хийж чадаагүй. Амин үзүүлэлтүүдийг бүрэн хянах үүргээ биелүүлээгүй. Мөн тухайн хагалгаанд дадлагажигчаар 2-3 сувилагч орсон. Үүнийг шүүгдэгч талаас бид мэргэжлийн сувилагчтай орсон гэж тайлбарладаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжин оролцож байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар амь хохирогч нь эцэг С.Г гийн гэрт хамт амьдарч байсан болох нь тогтоогддог. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохирлыг гаргана гэж байгаа. Харин анхан шатны шүүхийн хохирлын тооцоог буруу тооцсон нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх зөв тооцож, хянаж өгнө үү...” гэв.

Прокурор Х.Анхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.М нь хүний эх эмчээр суралцаж Анагаахын шинжлэн ухааны их сургуулийг төгссөн. Тэрээр 2019 оны 2 дугаар сард мэдээгүйжүүлэлтийн эмчээр мэргэшиж, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээгээр “Т ” гоо заслын эмнэлэгт ажиллахаар тушаал гарсан байдаг. Үүнээс хойш хэд хэдэн мэс засалд орсон талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарладаг. Шүүгдэгч Б.М нь мэргэшээд удаагүй байсан. Өөх соруулах мэс засал нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдийн 11 цагт хийгдсэн атал тэмдэглэлд энэ хугацааг зөрүүтэй бичсэн бөгөөд мэдээгүйжүүлэлтийн эмчийн урьдчилсан үзлэгийн тэмдэглэлийг хэлбэрийн төдий бүртгэсэн болох нь шинжээч эмч Байгалмаагийн дүгнэлтээр тогтоогддог. Төлөвлөсөн хагалгаа буюу хэсэг газрын мэдээгүйжүүлэлт гэж төлөвлөж орохдоо хэсэг газарт мэдээгүйжүүлэлтийн шинжилгээнүүд хийсэн. Хэсэг газар мэдээгүйжүүлэлт хийсний дараа түвшин хөхний доод хэсэгт очих ёстой байсан. Гэтэл тухайн түвшин нь ахиагүй буюу хүйсээс дээшээ яваагүй.  Энэ тохиолдолд мэдээгүйжүүлэлтийн эмч тухайн түвшин хөхний доор очсон эсэхийг шалгах байсан. Мэдээгүйжүүлэлтийг хийж, тодорхой зүслэг, уусмалуудыг хийх мэс ажилбар эхэлсэн байсан. Хүйсийн доор түвшин хүрэхэд амь хохирогч өвдөлд мэдэрч эхэлсэн. Энэ үед мэдээгүйжүүлэлтийн эмч “би таныг унтуулъя” гэж хэлсэн байдаг. Энэ талаар шүүгдэгч Б.М тайлбарлахдаа “би хагалгааг үргэлжлүүлэх ёстой байсан учраас унтуулсан” гэдэг. Ийм нөхцөл байдал бий болж бүрэн унтуулгад орсон. Үүний улмаас уушиг, тархины судасны бүлэнт бөглөөдөс хүндрэл үүсэж, улмаар Г.О эмчлэгдэж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан. Тухайн мэс засал нь мэдээгүйжүүлэлтийн эмчгүйгээр хийгдэх ямар ч боломжгүй. Мэдээгүйжүүлэлтийн эмч тухайн мэс заслыг үргэлжлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Мэдээгүйжүүлэлтийн эмч мэдээгүйжүүлэлтийн мэргэшсэн сувилагчтай ороогүй. О  сувилагчийг мэдээгүйжүүлэлтээр мэргэшсэн байсан гэж яригддаг. Мэргэжлийн хяналтын байгууллага болон Эрүүл мэндийн байгууллагаас “Т ” гоо заслын эмнэлэгт хийсэн шалгалтын материалд болон ажлын байрны анкетад мэс заслын сувилагч О  гэж байгаа. Түүнийг мэргэшиж, суралцаж байгаа талаар баримт байдаггүй. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад прокурор “яагаад мэргэшсэн сувилагч байгаагүй вэ” гэж асуухад Д.Т  “авахаар судалж байсан” гэж хариулдаг. Бүтэн унтуулгатай хагалгааг үргэлжлүүлэхэд шаардагдах зүрхний цахилгаан бичлэг, өөр шаардлагатай хэд хэдэн шинжилгээнүүд байгаа. Уг шинжилгээнүүдийг амь хохирогчоос аваагүй байсан тул мэс заслыг үргэлжлүүлэхгүйгээр, зогсоох бүрэн боломжтой байсан. Энэ бол мэдээгүйжүүлэлтийн эмчийн хамгийн гол үүрэг юм. Тухайн хүнийг унтуулж, мэс засал хийгдэж дууссаны дараа сэрээх үүрэгтэй. Гэтэл шүүгдэгч Б.М нь “би хагалгааг үргэлжлүүлэх ёстой байсан тул би хурдан унтуулга хийсэн” гэж тайлбарладаг. Мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу Мэргэжлийн хяналтын газрын эрчимт эмчилгээний ахлах байцаагч Байгалмааг томилсон. Тухайн шинжээч эмч  нь хүүхдийн эмчээр ажиллаж байх боловч Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагчаар ажиллаж, мэргэшсэн хүн байсан. Мөн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг огт үнэлээгүй, үгүйсгээгүй гэж тайлбарлаж байна. Гэтэл тухайн 5 шинжээч нь “энэ хүмүүсийн эмчилгээ үйлчилгээ явуулсан үйл ажиллагаанд бид дүгнэлт хийхгүй” гэж мэдэгдсэн. Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын ахлах байцаагч Байгалмаагийн дүгнэлтийг үнэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд оролцогч нараас “бүрэлдэхүүнтэй шинжээч дахин томилж өгнө үү” гэж хүсэлт огт гаргаж байгаагүй. Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас “уушиг, тархины судасны бүлэнт бөглөөдөс үүсэх боломжтой эсэхийг урьдчилан мэдэх боломжгүй” гэж тайлбарладаг. Гэтэл шүүгдэгч нар “амь хохирогч Г.О г гаднаас нь харахад эрүүл саруул 29 настай эмэгтэй байсан. Иймд бид хагалгааг үргэлжлүүлэн хийсэн” гэж тайлбарладаг. Хагалгаа хийхээс өмнө шаардлагатай бүх шинжилгээнүүдийг хийж, зохих ёсны шаардлагаа тавьж, зохис ёсны бүтэц бүрэлдэхүүнтэйгээр тухайн хагалгааг хийсэн тохиолдолд уушиг, тархины судасны бүлэнт бөглөөдөс үүссэн бол шинжээч өөр дүгнэлт гаргах байсан. Шүүгдэгч Б.М үйлдлийг мэдээгүйжүүлэлтийн төвшнийг зөв сонгож, нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүй, мэдээгүйжүүлэх сувилагчгүй мэс засал хийгдэж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн хууль зүйн үндэслэлтэй. Б.М бүрэн унтуулаагүй бол шүүгдэгч Д.Т хагалгаа хийхгүй. Гэтэл шүүгдэгч Б.М өмгөөлөгч “ямар ч шалтгаант холбоогүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь, тухайн үед мэдээгүйжүүлэлтийн эмч Б.М нь амь хохирогчийн биеийн байдлыг хянаагүй бөгөөд хагалгаа хийж байсан эмч амь хохирогчийн зүрх зогссон болохыг мэдсэн. Өөрөөр хэлбэл, тухайн хагалгаа нь зохих бүрэлдэхүүнтэй ороогүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас амь хохирогч нас барсан. Энэ гэмт хэрэг хавтаст хэргийн хүрээнд бүрэн нотлогдсон гэж үзэж байгаа. Харин шүүгдэгч Д.Т түүний өмгөөлөгч нарын зүгээс “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэж гомдол гаргасан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд холбогдуулан эсэргүүцэл бичээгүй тул эрүүгийн хариуцлагатай холбоотой дүгнэлт хийхгүй. Давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Прокурорын зүгээс хохирогчийн анхан шатны шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320.000 төгрөгөөр тооцож гаргасан хохирлыг тооцоог сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт  гаргуулсан төлбөр гэж ойлгож байгаа. Гэхдээ 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр болсон шүүх хуралдаанд тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгөөр тооцох санал гаргасан. Хэдийгээр гэмт хэрэг 2019 онд гарсан боловч энэ гэмт хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй явж байгаа учраас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг учирсаар байна гэж үзсэн. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3-т  “...хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан байдаг. Үүнтэй холбогдуулан давж заалдах шатны шүүх зохих дүгнэлтийг хийж, хохирогчид ашигтайгаар өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байна. Мөн амь хохирогчийн ажиллуулж байсан Солонгос хоолны газар, дэлгүүрийн орлого тодорхой хугацаанд тасалдсан. Өөрөөр хэлбэл, олох ёстой байсан орлого, үр хүүхдээ алдсаны тэтгэмжийг сэтгэл санааны хохирол гэж үзэж байгаа тул иргэний журмаар нэхэмжилж явах боломжтой байсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхэд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргасан боловч шүүхээс дээр дурдсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын сэтгэцэд учирсан хор уршигтай холбогдох заалтад өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баасанжав, шүүгдэгч Д.Т-н өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Б.М өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т ” гоо заслын эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байхдаа 30 настай, эмэгтэй, Г.О-д өөх соруулах хагалгаа хийхдээ “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Эрүүл мэндийн тухай хуулийн 19.13 дугаар заалт, Монгол Улсын эрүүл мэндийг хамгаалах технологи, эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавих шаардлага MNS5604:2006 стандартыг зөрчиж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас уушиг, тархины судасны бүлэнт бөглөөдөс хүндрэл үүсэж, улмаар Г.О эмчлэгдэж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан, шүүгдэгч Б.М нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т ” гоо заслын эмнэлэгт мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллаж байхдаа 30 настай, эмэгтэй, Г.О-д өөх соруулах мэс засал хийхдээ “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “зонхилон тохиолддог өвчний оношилгоо, эмчилгээний удирдамж, орчны мэдээгүйжүүлгийн удирдамж”-ийг баримтлаагүй, “эрүүл мэндийн технологи цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг MNS6260:2010 стандарт”-ын 8.3, 8.4 дэх хэсгийг зөрчиж мэдээгүйжүүлэлтийн төвшнийг зөв сонгож, нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүй, мэдээгүйжүүлэх сувилагчгүй мэс засал хийгдэж, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс уушиг, тархины судасны бүлэнт бөглөөдөс хүндрэл үүсэж, улмаар Г.О эмчлэгдэж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г гийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1-р хх-ийн 10 тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 11-16 тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 17-26 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Амартүвшин, Ж.Ганцэнгэл, Т.Номинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 855 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 56-64 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч Б.Ундармаа, Б.Ариунзул, Г.Энхбаатар, Н.Хүрэл-Очир, Ц.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1341 дугаартай шинжээчийн дүгнэлт /5-р хх-ийн 43-61 тал/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээч Б.Байгалмаагийн гаргасан 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 87-92 тал/, амь хохирогч Г.О-д хийсэн эмчилгээний баримтууд “...мэдээгүйжүүлэгчийн эмчийн үзлэг, мэдээ алдуулалтын явж сэрээх үеийн хяналтын хуудас /1-р хх-ийн190 тал/, үйлчлүүлэгч О-н түүх /1-р хх-ийн 191-193 тал/, эмчийн үзлэгийн журнал /1-р хх-ийн 199 тал/, мэдээгүйжүүлгийн эмчийн тодорхойлолт /1-р хх-ийн 194 тал/, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /1-р хх-ийн 195 тал/, шинжилгээний хариунууд /1-р хх-ийн 196-198 тал/, шүүгдэгч Д.Т нь “Т ” ХХК-тай байгуулсан “... 2013 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тус эмнэлэгт “Мэс заслын эмч"-ээр 10 жилийн хугацаатайгаар байгуулав...” гэх хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 130-135 тал/, шүүгдэгч Б.М нь “Т ” ХХК-тай байгуулсан “... 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай/й “Ажилд томилох тухай” захирлын тушаал: 2013 оны 3 дугаар сарын 01-ний /өдөр тус эмнэлэгт “мэдээгүйжүүлгийн эмч”-ээр туршилтын хугацаагаар 3 сар буюу 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаатайгаар байгуулав...” гэх хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 153-154, 155 тал/, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 05/331 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээч эмч Б.Мөнх-Одын гаргасан шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 66-68 тал/, Монголын нөхөн сэргээх, гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгээс гаргасан Эмнэлзүйн удирдамж /3-р хх-ийн 235-239 тал/, Эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавигдах шаардлага MNS 5604:2006 “...Өөх сорох ажиллагааг Арьс гоо заслын их эмч гүйцэтгэнэ...” гэх стандартад /3-р хх-ийн 240-242 тал/, Арьс, эмчилгээний гоо заслын оношилгоо, эмчилгээний түгээмэл үйлдлүүд MNS 5603:2006 стандарт /3-р хх-ийн 243-250 тал/, Зонхилон тохиолддог өвчний оношилгоо, эмчилгээний удирдамжийн “Орчны мэдүүгүйжүүлгийн удирдамж” /4-р хх-ийн 42-47 тал/, цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг MNS 6206:2010 стандарт /4-р хх-ийн 94-97 тал/, “Т ” ХХК-тай холбоотой баримтууд Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 184, 187 тал/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 186 тал/, мэс засал, мэс ажилбар хийлгэх тусгай зөвшөөрлийн хуудас / 1-р хх-ийн 188-189 тал/, мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт /1-р хх-ийн 211-213 тал/, мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага /1-р хх-ийн 214-215 тал/, шалгалт хийсэн тэмдэглэл, баримтууд /1-р хх-ийн 216-242 тал/, “Т ” гоо сайхны мэс заслын эмнэлгийн захирал Д.Т ын 2015 онд баталсан Өөх соруулах мэс заслын РS-11 удирдамж /2-р хх-ийн 24-31 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /6-р хх-ийн 46-47 тал/, “Т ” гоо сайхны эмнэлгээс хураан авсан амь хохирогч Г.О-н өвчний түүх, бусад баримтууд /1-р хх-ийн 75-86 тал/, амь хохирогч Г.О-н төрсний болон нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 99-100 тал/, амь хохирогч Г.О-н хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 101-107 тал/, “Рөүс оф шарон” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 108 тал/,

 

шинжээч Б.Байгалмаагийн “...”Т ” эмнэлэг нь гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр авсан байна. “Т ” гоо сайхны эмнэлэг дараах тусламж үйлчилгээний нэр төрлийн жагсаалтыг эмнэлгийн даргаар баталгаажуулсан байна. Үүнд дээд, доод зовхи татах, мэс засал, хацар, хонхор үүсгэх мэс засал, хөх томруулах, чихний дэлбээний хэлбэр засах, үс шилжүүлэн суулгах, шанаа яс багасгах, эрүүний буланг нарийсгах, ооч засах, нүүр өргөх эрүүний салаагаар тайрах мэс засал, хамар өндөрлөх, өөх шилжүүлэн суулгах, өөх соруулах мэс засал зэргийг хийж байсан байна. Харин Монгол Улсын Эрүүл мэндийг хамгаалах технологи, эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавих шаардлага MNS56042006 стандартад зааснаар “өөх соруулах ажилбарыг аппаратын тусламжтайгаар арьс гоо заслын эмч хийнэ” гэж заасан байдаг. Үүнээс харахад “Т ” гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлд заасан өөх соруулах мэс ажилбарыг хийхгүй гэдгийг дүгнэлтдээ тусгасан байгаа. .

...Мэс заслын эмч Д.Т нь эмнэлгийн үйлчилгээнд баримтлан ажилладаг анхан шатны маягт бүртгэлийг батлагдсан тушаалын дагуу хөтөлж бүртгээгүй. Биеийн жингийн индекс, өөхлөлтийн байдлыг тодорхойлоогүй, зурж тэмдэглээгүй, шаардлагагүй үйлчлүүлэгчийг өөх соруулах мэс засалд оруулсан. Өөх соруулах мэс заслын эмнэлзүйн заавар Монгол Улсад батлагдаж гараагүй. Энэ мэс заслыг хийх мөрдөж ажиллах эмнэлзүйн зааврыг Монголын нөхөн сэргээх гоо сайхны мэс засалчдын нийгэмлэгийн ерөнхийлөгчийн болон өөрийн эмнэлгийн даргын баталсан эмнэлзүйн заавраар хийгдсэн нь мэс заслын тэмдэглэл дээр бичигдсэн байгаа талаар дүгнэлтдээ тусгасан. Мэдээгүйжүүлгийн их эмч Б.М нь төлөвлөж хийгдэх хагалгаа нь хэвлий, нуруу, гуяны өөх соруулах төлөвлөгөөт хагалгаа гэж төлөвлөсөн мөртлөө мэдээгүйжүүлэлтийн түвшин Т12-д /хүйс, умдаг хоёрын хооронд/ хийгдсэн байгаа нь мэдээгүйжүүлэлтийн түвшинг зөв сонгож хийгээгүй тул өвдөлт мэдрэгдээд нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүйгээс ерөнхий унтуулгын доор өөх соруулах мэс засал хийгдсэн байна. Мэдээгүйжүүлэгийн өмнөх үзлэгийг хагалгаанд орохоос өмнө 1 цаг 50 минутад буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагт үзлэг хийгдэж хоол сойх гэж тэмдэглэсэн. Мэдээгүйжүүлэлтийн явцын тэмдэглэл эмчийн бичсэн мэдээгүйжүүлгийн явцын тэмдэглэл хоёр дээр бичигдсэн цаг, минут нь 5-10 минутын зөрөөтэй бичигдсэн байгаа зэрэг зөрчил илэрсэн. Дээрх алдаанаас зөрчлийг үзэхэд их эмч Д.Т Б.М нар нь Эрүүл мэндийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан тушаал журмын хэрэгжилт хангалтгүй байгаа нь эмнэлгийн мэргэжилтэн хуульд заасан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 тал/,

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2/1657 дугаартай “...Г  овогтой О  нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Яаралтай түргэн тусламжийн тасагт ирж, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл “...Үндсэн онош: Зүрх зогсох, тодорхойгүй /ӨОУА-149.6/, Хүндрэл: Ком, тодорхойгүй /ӨОУА-Я40.2/...” оношоор хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 08 цаг 50 минутад зүрх зогсож нас барсан...” гэх албан бичиг, хавсралт /6-р хх-ийн 225-228 тал/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г гийн “...Миний охин Г.О нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т ” гоо сайхны эмнэлэгт 2019 оны 3 дугаар сарын 26-ны өглөө 11 цагт хоёр гуя болон хэвлий хэсгийн өөх соруулах мэс ажилбарт орсон. Тэгээд мэс ажилбар нь явагдаж байх хугацаанд нь зүрх нь 20 орчим минут зогссон байсан. Уг нь ар гэрийнхнээс нь мэс ажилбарт орж байх үед нь эмнэлгийн гадаа хүлээж байсан боловч ар гэрийнхэнд нь мэдэгдэлгүй цаг хугацаа өнгөрөөсөн байсан. ...Тэгээд тэр өдрөө буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд Улсын нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэн очиж эмчлэгдэж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө 08 цаг 50 минутад нас барсан. Нэгдүгээр эмнэлэгт байх хугацаандаа 6 өдрийн турш ухаан орохгүй байж байгаад нас барсан. ...Миний охин Г.О нь бага байхдаа эцэг эхийнхээ гар дээр БНСУ-д өсөж хүмүүжсэн. Айлын ганц охин бөгөөд сургуульд 8 настайдаа Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 17 дугаар бүрэн дунд сургуульд элсэн орж, 3 дугаар анги хүртлээ суралцаад дараагаар нь Солонгос улсад 4-9 дүгээр анги хүртлээ 4 суралцаад буцаж Монгол Улсад ирээд 10-11 дүгээр ангиа Орхон аймгийн Ийгд сургуульд элсэн орж, тэндээ суралцаж төгссөн. Дараагаар нь Солонгос Улсад дээд сургуулийг олон улсын хууль зүйн мэргэжлээр суралцаж төгссөн. Ингээд сургуулиа төгсөж ирээд Х-тэй  хамтран амьдраад дундаасаа 2013 онд охин Н-г төрүүлж, 2016-2017 онд гэр бүл болсон байсан. Зан байдлын хувьд миний охин их уян, зөөлөн шударга, хөдөлмөрч хүүхэд, өөрийн хийе гэсэн зүйлээ заавал хийдэг, их зорилготой, ажилсаг охин байсан. Маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-34, 5-р хх-ийн 29-30 тал/,

гэрч Н-н  “... Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т ” гоо сайхны эмнэлэгт 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дадлагажигч эмчээр ажиллаж байсан. ...2019 оны 3 дугаар сарын 26-ны өглөө ажил дээрээ ирээд Г.О гэх эмэгтэй өөх соруулах хагалгаа хийгдэх байсан учраас би хагалгааны өрөө болон тоног төхөөрөмжүүдийг бэлдэж тавьсан. ...Өвчтөн бүтэн унтсаны дараагаар Д.Т эмч өөрөө бие даан хариуцаж өөх соруулах мэс заслыг хийж эхэлсэн. Миний хувьд хагалгааны багажийг бэлдэж өгөх, авч өгөх, шаардлагатай зүйлүүдэд тусалж, харах байдлаар оролцдог. Мэс заслыг Д.Т эмч бие даан өвчтөний хэвлийн доод хэсэгт зүслэг хийсэн санагдаж байна. Тэгээд зүслэг хийсний дараагаар өөх задлах уусмалыг хэвлий хэсэг рүү оруулж, өөх задалсны дараагаар өөхийг соруулах ажиллагаа явагдсан. Энэ хугацаанд хагалгаа дууссан. Гэтэл өвчтөн Г.О г Д.Т эмч ажиглаж байгаад гэнэт “зүрх зогсчихсон юм биш үү” гэж хэлээд намайг Т  эмч зүрх сэргээх аппарат буюу “Дефибриляторыг авчир” гэхээр нь эм тариа байрладаг агуулахын өрөөнөөс авчраад түүнийг залгаад цэнэглэтэл намайг “амьсгал өгдөг мишокийг базаж амьсгал өг” гэж хэлсэн. Амьсгалыг өгөөд дараагаар Б.М эмч дефибрилятороор тог цохиулж, зүрхний сэрэлт амжилтыг сэргээхээр 15-20 минут орчим болоход өвчтөн Г.О-н зүрх сэргэж эхэлсэн. Зүрх сэргэсэн боловч өөрөө сэрээгүй учраас дараагаар шууд 103-т дуудлага өгч тэндээсээ Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрчимт эмчилгээнд хүргэгдсэн. ...Өвчтөн Г.О гаас 2,5 литр орчим өөх соруулсан. Тухайн соруулсан өөхийг асгасан гэж байсан. Хэн, хаана асгасан талаар мэдэхгүй. Ер нь бол соруулсан өөхийг асгадаг...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41 тал/,

гэрч Н.Х ын “... Би талийгаач Г.О болон охин Н-н хамт хаягт  6 жил амьдарч байгаа юм. Ингээд амьдарч байх хугацаанд манай эхнэр Г.О нь сүүлийн 1 жилийн орчмоос “жаахан турмаар байна” гэх зүйлийн талаар яриад байдаг болсон. Тэгээд гэнэт нас барахаасаа 20 орчим хоногийн өмнөөс эхлэн “өөх соруулах хагалгаа байдаг юм байна” гэж дурсаж эхэлсэн. Би бодохдоо энэ талаар өөрөө их судалсан юм шиг байна лээ. ...өөрийнх нь судалсан 2-3 эмнэлгээс хамгийн ойр нь “Т ” гоо сайхны эмнэлэг байсан учраас надад хэлэхээр нь “тухайн өөх соруулдаг зүйлийг нь судлаад үзье” гэж хэлээд эхнэрийнхээ хамт 13 цагийн үед уг “Т ” гоо сайхны эмнэлэг рүү ороод Т  гэдэг ерөнхий мэс заслын эмч хүлээн авч, бид хоёрыг өрөөндөө уулзсан. Уулзахад Т  эмчид манай эхнэр өөрийн санаа бодол, хаанаас ямар байдлаар өөх соруулах талаараа ярилцаж асууж үзүүлсэн. Тэгтэл эмч Т  гэдэсний хэсгээс чинь авч болно, мөн эхнэр Г.О-н биеийн жин дээр зогсоож байгаад нэг цаас хэвлэж гаргаад тэр нь хүний өөх тос, илүү дутууг нь хардаг юм шиг байгаа юм, би тэгж ойлгосон. “Нийт жингээс чинь 7 кг өөх байна, энэ чинь бүхий хэсэгт чинь байгаа, харин гэдэсний хэсгээс чинь бол боломжоор авч болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “аюулгүй байдал талаас ямар эрсдэл байна, хүндрэл бэрхшээл байгаа юу” гэж өөрөөс нь асууж тодруулж асуусан. Тэгтэл Т  эмч гэдэсний хэвлий хэсгийг заагаад өндөгний хирээний хоёр зүсэлт хийнэ, тэр хоёр дээр 2/2 оёдол тавина, хүндрэл гэвэл хөхөрч болно, хоёр оёдол задарч болно, өөр ямар ч хүндрэл байхгүй” талаар хэлсэн. Мөн би “ямар мэдээ алдуулалттай орох вэ, норкозтой орох юм уу” гэж асуухад “үгүй ээ, гоо сайхны хагалгаа зөвхөн нугасаар мэдээ алдуулна, норкоз огт хийгдэхгүй” гэж надад хэлж ойлгуулсан. “Үнэ хөлс нь нийт 4,5 сая төгрөг болно, эмчийн мэдлийн 1,0 сая төгрөг хөнгөлөөд нийтдээ 3,500,000 төгрөгөөр хийлгэх”-ээр тохирсон. Тэгээд 1.500.000 төгрөгийг урьдчилгаа болгож өгөөд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 11:00 цагийн үед хагалгаанд орохоор тохирсон. Энэ үед “ямар шинжилгээ өгөх вэ” гэхэд “цусаар ДОХ, Тэмбүү өвчний шинжилгээ өгнө” гээд шинжилгээг авчхаад “хагалгаанд орох өдрөө шээсээ авчраарай” гэж хэлээд явуулсан. Ингээд эмнэлгээс  гараад тэр өдрийнхөө орой нь вагонд сууж Эрээн хот руу яваад бараагаа цуглуулаад тэндээ 2 хоносон, замдаа 2 хоног болсон гэдэг чинь бид хоёр 4 хоног явж байгаад 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буцаж ирээд, ирсэн өдрөө манай эхнэр Г.О өөрөө Т  эмнэлэг рүү яриад “хугацааг нь наашлуулж өнөөдөр болох уу” гэж 3 удаа асуусан гэтэл “хариу хэлнэ” гээд хүлээлгэж байгаад болохгүй талаар хэлсэн. Тэгтэл тэнд байгаа бид хоёрын ажил төрөл хэцүүдээд байхаар нь би түрүүлж явахаар болоод эхнэртээ хандаж “хөнгөн хагалгаа юм чинь гайгүй биз дээ” гэхэд бас өөрөө тэгж хэлээд “чи түрүүлээд ажил төрлөө амжуул” гэж хэлэхээр нь орой 17 цагийн үед Эрдэнэт хот руу яваад эхнэр үлдсэн. ...2019 оны 3 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн үед эхнэр Г.О руу залгаад ярихад “өөрийнхөө нүүрийг будаад, одоо гарахдаа бэлдээд сууж байна” гэж хэлэхээр нь би дэмжээд “зоригтой байгаарай, зүгээр” гэж тайвшруулсан. Гэтэл өөдөөс “би удахгүй 2 хоног болчхоод чам дээр очно” гээд яриад өнгөрсөн. Би ажил төрлөө хийж байгаад 11 цагийн үед залгасан чинь “одоо орох гэж байна” гэсэн дараагаар нь 11:30 залгаад утас нь авахгүй байхаар нь хамт явсан эгч Мөнхжаргал залгахад “сая орчихлоо, би гадаа нь байна” гэж хэлсэн. Тэгээд анх эмчийн хэлснээр 2 цаг орчим болно” гэсэн болохоор 13 цагаас эхлээд эгч рүү утасдаад яаж байгаа талаар нэлээн олон удаагийн давтамжтай залгаж ярихад “болоогүй байна, сураггүй байна, гарч ирээгүй” талаар хэлсэн. Ингэсээр байгаад 15 цагт эмнэлгийн ажлын утас руу залгаад “манай эхнэр өнөөдөр наад эмнэлэгт чинь хагалгаанд орж байгаа, ямар ч сураг алга, юу болсон, яасан талаар асуухад бүх зүйл зүгээр санаа зоволтгүй, наркозыг гарахыг хүлээж байна” гэхээр нь жаахан тайвшраад байж байтал 15:40 минутад эгч Мөнхжаргал над руу залгаад “Хосоо нэг л бишээ эмчтэй нь уулзлаа, эмчтэй нь ярих уу” гэж надад хэлсэн. Тэгээд би уг утсаар нь эмч Т тай ярьсан чинь “надад жижиг хүндрэл гарсан, зүрх нь жаахан зогссон, 1-р эмнэлгээс түргэний машин ирж байгаа аюулгүй байдлын үүднээс 1-р эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг руу авч явна, бид нар арга хэмжээ аваад зүрхийг нь эргээд ажиллуулсан” гэхээр нь сонин санагдаад эгч рүү эргэж утасдаад “яг тэр хагалгааны өрөө рүү очоод шалгаадах” гэж хэлсэн. Тэгтэл эгч хагалгааны өрөө рүү хүчээр ороод хөлийг нь барьж үзээд “ямар ч байсан хөл нь дулаан байна” гэж надад хэлсэн. Тэгээд амьд байгааг нь мэдээд би ч гэсэн жаахан тайвшраад хадам ээж Аюушид хэлээд охинтойгоо шууд машинаараа Улаанбаатар хот руу гараад шууд 1 дүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт иртэл маш хүнд байдалтай сэхээн амьдруулах тасагт байсан. Түүнээс хойш Т  эмч нь сэхээн амьдруулах тасагт өөрөө байхаар нь түүнтэй эхний өдөр нь юм яриагүй. Маргаашаас нь “юу болоод наркоз хийчхэв” гэж ярилцаад эмчилгээг харж 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө 08:19 минутад ухаан орохгүй байсаар байгаад нас барсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 тал/,

 

гэрч М-н “...Би 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гадуур ажил төрөлтэй явж байхад дүү О  нь нөхрийнхөө хамт Эрээнээс ирээд нөхөр Х-г   Эрдэнэт хот руу явуулчхаад өөрөө манай гэрт ирчихсэн байсан. Би ажлаа амжуулчхаад өдөр 3-4 цагийн үед гэртээ ирсэн чинь О  ирчихсэн байсан. Ингээд надад маргааш О  нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Т ” гоо сайхны эмнэлэг орж хагалгаанд орно, биеийнхээ өөх соруулах талаараа хэлсэн. Гэхдээ энэ талаараа өмнө нь надад Эрээн рүү явж байхдаа хэлж л байсан. Ингээд жаахан хоёулаа ойр дотно байдаг учраас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т ” гоо сайхны эмнэлэг дээр анх удаа очсон. Эмнэлэг дээр очоод О  үлдэгдэл төлбөрийг бүрэн тушаагаад эмч Т тай уулзсан. Тэгээд дээшээ 3 давхарт гараад хэвтэх өрөө гаргаж өгөөд тэндээ сууж бэлтгэлээ хангаж байгаад 12 цагийн үед О г хагалгааны өрөө рүү аваад орсон бөгөөд би гадна талд нь суугаад хүлээсэн. Гэтэл 1 цаг орчмын дараагаар би үүдэнд байсан хүнээс нь “одоо хагалгаа нь юу болж байгаа” талаар асуухад “өвчтөндөө бүтэн наркоз хийгээд бид нар унтуулсан байгаа шүү” гэж хэлэхээр нь би “яагаад тэгсэн юм бол наркоз хийхгүй гэж хэлээ биз дээ” гээд асуутал “бага зэргийн өвдөлт мэдрээд байсан учраас бүтэн наркоз хийж унтуулсан” талаар тайлбарлаж байсан. Түүнээс хойш хүлээгээд 3 давхартаа сууж нэлээн удтал намайг “та доошоо 2 давхарт хүлээгээд сууж бай” гэж хэлээд доош нь буулгасан. Тэндээ дахиад 30-40 минут болоод үүдний сувилагчаас асуутал “хагалгаа бол дуусчихсан, бүтэн унтуулга нь гараагүй байна, сэрэхээр нь өрөө рүү нь оруулаад танд хэлнэ” гэж хэлсэн. Энэ хугацаанд өөрийн утсыг цэнэглээд үлдээсэн байсан учраас хартал талийгаачийн нөхөр Х  над руу 2 дуудлага хийгээд намайг авахгүй байсан болохоор шууд эмнэлгийн дугаар руу дуудлага хийгээд үүдний хүнтэй утсаар ярихад үүдний сувилагч нь “хагалгаа дуусчихсан байгаа, наркоз гараагүй байна, та санаа зоволтгүй” талаар тайлбарлаж хэлж байсан. Тэгтэл удаагүй 2 эмч бууж ирээд “таныг өрөөндөө дуудаад уулзъя гэж байна” гэж хэлэхээр нь хамт Т  эмчийн өрөөнд ортол надад Т  эмч “хагалгаа амжилттай болоод дуусахын алдад өвчтөний маань зүрх нь зогсож, бид нар авах ёстой арга хэмжээгээ бүгдийг нь авсан, та санаа зоволтгүй, одоо сэрэхгүй байна, тийм болохоор бид нар 1 дүгээр эмнэлгийн зөвлөх эмч дуудсан, түргэний машинаар 1 дүгээр эмнэлэгт хүргэж өгнө” гээд хүлээж байсан. Энэ талаар сонсоод “би орж хармаар байна” гээд хамт хагалгааны өрөө рүү ороход 1 дүгээр эмнэлгийн зөвлөх эмч, унтуулгын эмч гээд хүмүүс тойроод зогсчихсон, ухаангүй, аппарат залгасан одоо амьсгалж байна, зүгээр санаа зоволтгүй гэж надад тэр талаараа тайлбарлаад хэлж байсан. Тэр хооронд нөхөр нь залгахаар нь хагалгаа хийсэн эмчтэй нь утсаар яриулсан. Ингээд “хэвийн байгаа бид нар сэрэхийг нь хүлээж байна, санаа зовох зүйлгүй” гээд гаргаад гадаа хүлээж байтал 30 орчим минутын дараа түргэн тусламжийн машин ирээд Т  эмч, нойрсуулагчийн эмч нарын хамт би суугаад хамтдаа 1 дүгээр эмнэлэг дээр 16 цагийн үед ирээд шууд эрчимт эмчилгээ рүү аваад орсон. Түүнээс хойш ухаан орохгүй байсаар байгаад 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нас барсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-45 тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Д.Т ын “...”Т ” ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэж байхдаа “Т ” эмнэлэг үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн чиглэлд заагдаагүй тусламж үйлчилгээ үзүүлж, тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд үйл ажиллагаа явуулалгүй Эрүүл мэндийн тухай хуулийн 19.13, 20.2.1 дугаар заалтуудыг зөрчсөний улмаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “Т ” гоо заслын эмнэлэгт 30 настай эмэгтэй Г.О-д өөх соруулах хагалгаа хийгдэж, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр амь насыг болгоомжгүйгээр хохироосон...” гэх үйлдлийг анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Т Б.М нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Т-н хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэх гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баасанжав нь “...сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг шийтгэх тогтоол гарах үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгөөр тогтоож өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч Д.Т-н өмгөөлөгч Э.Ганбат нь “...шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзэлгүйгээр 3 жил 6 сарын хорих ял оноосон. ...тус ялыг 2 жил болгон хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч Б.М өмгөөлөгч Б.Болортуяа нь “...амь хохирогч Г.О нь өөх соруулах хагалгаа хийлгэх явцад уушиг тархины судасны бүлэнт бөглөөдөс үүссэн хүндрэлийн улмаас нас барсан гэж үзсэн. Өмгөөлөгчийн зүгээс дээрх асуудалд мэдээ алдуулалтаас болж өөхөн бөглөөдөс үүсээгүй, өөхөн бөглөөдөс судсанд үүссэнийг шүүх хараагүй, шинжээчийн дүгнэлтүүдэд нойрсуулалттай холбоотой хүний амь хохирсон гэж дүгнэсэн ямар ч дүгнэлт байдаггүй. Ийм учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ хуулийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал үүсэж байгаа талаар өмгөөлөгчийн дүгнэлтийг үгүйсгэсэн дүгнэлтийг шүүх өгөөгүй. Мөн гэм буруугийн зарчмыг хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа тул мөн хуулийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс Д.Т ын үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. 

Түүнчлэн, шүүгдэгч Д.Т Б.М нарт оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба Д.Т Б.М нарт оногдуулсан ял нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолын гэм буруу, ял шийтгэлийн талаарх хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т-н өмгөөлөгч Э.Ганбат “ял шийтгэл хөнгөрүүлж” гэх, шүүгдэгч Б.М өмгөөлөгч Б.Болортуяа “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Харин Д.Т Б.М нарын буруутай үйл ажиллагаанаас 29 настай Г.О нь нас барсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлын хохиролтой холбоотой зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно...” гэж,

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/, Арван тавдугаар бүлэг /Хүний эрүүл мэндийн эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж,

мөн хуулийн 40.2.1-т “...хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх...” гэж,

мөн хуулийн 40.3-т “ Энэ хуулийн 40.1-т заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж,

мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6.1-т “...Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө...” гэж тус тус хуульчилсан ба Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “...энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно...”, тус журмын 2.7 дахь хэсэгт “...энэхүү журмын 2.1-д зааснаас бусад гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох болон энэхүү журмын 2.2, 2.4-т заасан шинжилгээг эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн сэтгэцийн эмчээр ахлуулсан, сэтгэл зүйчээс бүрдсэн шинжээчийн багаар хийлгэнэ...” гэж заажээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г гийн сэтгэцэд учирсан хор уршиг”-ийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоож шийдвэрлүүлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Харин хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгосон шинжээчийн дүгнэлт авагдаагүй боловч давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г  нь сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн ба тус хохирлыг давж заалдах шатны шүүхээс гаргаж шийдвэрлэв.

 

Учир нь амь хохирогч нь айлын ганц охин байсан бөгөөд 29 насандаа /1-р хх-ийн 99-100 тал/ дээрх байдлаар нас барсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирлыг дараах байдлаар тогтоолоо. Үүнд “Үндэсний статистикийн хорооноос 2019 онд Орхон аймагт оршин суудаг эмэгтэй хүний дундаж наслалтыг 82 нас хүртэл наслах боломжтой” гэж тогтоосон ба амь хохирогч нь нас барах үедээ 29 настай байжээ.

Улмаар тухайн насжилтын зөрүү 53 нас гэж гарсан бөгөөд үүнийг 12 сараар үржүүлэхэд 636 сар / 53*12=636 / болох ба Үндэсний статистикийн хорооноос Орхон аймаг дахь амжиргааны баталгаажих түвшинг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 282.500 төгрөг байхаар тогтоосон байна. Иймд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирлыг 179.670.000 төгрөгөөр /636*282.500=179.670.000/ тогтоож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс зарим иргэний нэхэмжлэлтэй холбоотой 21, 49 хоногийн буяны үйлд зарцуулсан 17.040.527 төгрөгийг хасаж тооцсоныг, мөн сэтгэл санааны хохиролд 84.800.000 төгрөг гаргаж тооцсоныг 179.670.000 төгрөгөөр тооцон гаргуулж бусад гэм хорын хохиролтой холбоотой зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болгохыг дурдаж шийдвэрлэв.

Тодруулбал, оршуулгын болон буяны ажилд зарцуулсан 59.591.536 төгрөг, амь хохирогч Г.О-н “Т ” эмнэлэгт төлсөн хагалгааны 3.500.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймгаас Улаанбаатар хот руу ирж, буцсан шатахууны зардал 7.425.607 нийт 250.187.143 төгрөгөөс шүүгдэгч нарын төлсөн гэх 81.277.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл нийт 168.910.143 төгрөгийг иргэний хариуцагч “Т ” ХХК-аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г д олгож, шийтгэх тогтоолын хохирол төлбөр гаргуулахаар заасан тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч нар болон иргэний хариуцагч нараас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Д.Т нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 55 хоног цагдан хоригдсон байх ба түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/116 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

10 дахь заалтыг “...иргэний хариуцагч “Т ” ХХК-аас 57.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г д олгосугай...” гэснийг “...иргэний хариуцагч “Т ” ХХК-аас 168.910.143 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г д олгож мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч нар болон иргэний хариуцагч нараас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баасанжавын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Д.Т-н өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч Б.М өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Т-г 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТСАЙХАН

 

                                       ШҮҮГЧ                                   Д.ОЧМАНДАХ

 

                                       ШҮҮГЧ                                    Б.АРИУНХИШИГ