Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДМШ/392

 

 

 

 

 

 

  2024           03             28                                       2024/ДМШ/392

 

 

П.У , Б.Ө нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Б  даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

           прокурор К.Чимгээ,

           шүүгдэгч П.У  /цахимаар/

           хохирогч Б.Ө ,

           нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны 2024/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.У ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2106 03442 2164 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч П.У  нь 2021 оны 9 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Очир төвийн 2 дугаар давхарт 205 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Г-н эзэмшлийн “Реалми-7” загварын гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 949.050 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 28 дугаар сургуулийн урд байрлах зочид буудлын гадна такси нь дотор хохирогч Д.Б-н эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А50” загварын гар утас болон Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, улмаар түүний Хаан банкны *** тоот данснаас нь 1.180.000 төгрөгийг авсан,

2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б ” пабаас хохирогч Б. З-н өмчлөлийн “Ай фоне 13 про макс” загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “VIP” караокед үйлчлүүлж байсан хохирогч Б.Т-н эзэмшлийн 4.750.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне 14 про макс” загварын утас, түүний охин насанд хүрээгүй хохирогч Б.Ө гийн эзэмшлийн 2.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг зип фолд” загварын гар утас зэргийг зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 7.550.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2022 оны 02 дугаар сарын 25-ны орой Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Т-н 1.100.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 11” загварын гар утас, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Мөн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Теди төв”-ийн засварын газарт 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Д.Г-н засуулахаар өгсөн 700.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А52” загварын гар утас болон засварын хөлсөнд өгсөн 35.000 төгрөгийг буюу андуурагдсан эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

2. Шүүгдэгч Б.Ө нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М ” гэх нэртэй гар  утас худалдааны төвийн А заалны 17 тоот лангуунд ажиллаж байхдаа 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр П.У аас “Айфоне 14 про макс” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 1.300.000 төгрөгөөр худалдаж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

Баянзүрх дүүргийн прокуророос: П.У ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Ө-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У-г нийт 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн андуурагдсан эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ө-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч П.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Ө г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар  тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан П.У т шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 /найм/ цагийг 1/нэг/ хоногт тооцон нийт 3 /гурав/ сарын хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.У ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 172 /нэг зуун далан хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.У т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.У аас 14.315.000 /арван дөрвөн сая гурван зуун арван таван мянган/ төгрөгийг гаргуулан, хохирогч Д.Б-д 1.430.000 /нэг сая дөрвөн зуун гучин мянган/ төгрөг, Д.Г -д 35.000 /гучин таван мянган/ төгрөг, Б. З-д 3.000.000 /гурван сая/ төгрөг, Б.Т -д 4.750.000 /дөрвөн сая долоон зуун зуун тавин мянган/ төгрөг, Б.Ө-д 2.800.000/хоёр сая найман зуун мянган/ төгрөг, Б.Т-д 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Б-д 420.000 /дөрвөн зуун хорин мянган/ төгрөг, Ө.О-д 680.000 /зургаан зуун наян мянган/ төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт заасныг журамлан Б.Ө гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.300.000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 3 ширхэг, мөрдөгчийн тэмдэглэл дурдсан сиди 2 ширхгийг хэрэгт үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч П.У  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь хийсэн хэрэгтээ маргаж байгаа зүйл огт байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Энэ хуулийн заалтад хэргээ хүлээсэн нөхцөлд 2-ны 1-ээс дээш ял өгнө гэж заасан байтал надад 3 жилийн хорих ял оногдуулсанд маш их харамсаж байна. Иймд миний эрх зүйн байдлыг дээрдүүлж надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн цагдан хорих ялаас 30 хоногийн эдлэх ял хасагдаагүй байна. Энэ нь 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 203 хоног байхыг тогтоол дээр 172 хоног гэж бичсэн байна. Энийг дахин нягталж харж өгнө үү. Иймд миний хэргээ үнэн зөвөөр хүлээсэн мөн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа зэрэг байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг минь хөнгөлж өгнө үү...” гэв.

            Хохирогч Б.Ө  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлыг минь хэзээ төлж барагдуулах боломжтой эсэхийг мэдмээр байна...” гэв

            Прокурор К.Чимгээ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос шүүгдэгч П.У ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан П.У т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт тооцон нийт 3 сарын хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоосон. Анхан шатны шүүх шүүгдэгч П.У ын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч П.У  “миний цагдан хоригдсон хоногийг дутуу тооцсон” гэж гомдол гаргасан. 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр түдгэлзүүлсэн хэргийг сэргээж П.У т яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Анхан шатны шүүх хуралдаан 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр болсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч П.У  нийт 202 хоног цагдан хоригдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтад шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг “172 хоног” гэж буруу тооцсон байх тул уг заалтыг зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Харин шүүгдэгчийн анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:                 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч П.У ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч П.У  нь 2021 оны 9 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө 00 цагийн орчимд хаягт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Г-н эзэмшлийн “Реалми-7” загварын гар утсыг буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 949.050 төгрөгийн хохирол учруулсан болох нь 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 11 тал/, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Дамно” ХХК-ийн БЗД2-21-860 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 29-30 тал/, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн эд зүйл баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 35 тал/, 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “О” барьцаат зээлийн үйлчилгээний гэрээ /1-р хх-ийн 50 тал/, хохирогч Б.Г-н “...гэрт үлдсэн Е , М  нар гараад явчихсан байсан. Миний орон дээр байсан Реалми-7 загварын гар утас болоод халаасанд байсан 50.000 төгрөг алга болсон байсан. ...тэр хоёр залууг огт танихгүй бөгөөд манай найз охины найзууд гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15 тал/, иргэний хариуцагч Н.Б-н “...би 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Од” нэртэй ломбардад сууж байтал Пүрэвсүрэнгийн Ууганбаяр гэх залуу орж ирээд Реалми-7 загварын гар утас барьцаанд тавьсан. ...420.000 төгрөгт барьцаанд тавиад гэрээгээ байгуулаад гарын үсэг зураад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47 тал/,

2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 28 дугаар сургуулийн урд байрлах зочид буудлын гадна такси нь дотор хохирогч Д.Б-н эзэмшлийн 250.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А50” загварын гар утас болон Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, улмаар түүний Хаан банкны *** тоот данснаас нь 1.180.000 төгрөгийг авсан болох нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 129 тал/, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Кости Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 156-158 тал/, Д.Б-н *** тоот Хаан банкны дансны хуулга /1-р хх-ийн 162-162 тал/, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн таньж оруулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 164-167 тал/, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 180-185 тал/, хохирогч Д.Б-н “...маргааш өглөө нь гар утас, картаа хулгайд алдсанаа мэдээд Хаан банк руу залгаж картаа хаалгахад шөнийн 04 цагийн үед миний картаас 1.180.000 төгрөгийг АТМ-ээс авсан байсан. ...алдагдсан гар утас маань Самсунг А50 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141 тал/,

2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б ” пабаас хохирогч Б. З-н өмчлөлийн “Ай фоне 13 про макс” загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 74 тал/, 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 83-86 тал/, 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 110-111 тал/, хохирогч Б. З-н “...би касс нь дээр тооцоо хийх гээд очиход масктай үл таних залуу надтай маргаан хийсэн, тэгтэл Е гэх залуу салгах нэрийдлээр миний өмдний халаасыг ухаад байх шиг байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул утсаа алдсаныг мэдээгүй...” гэх, гэрч С.Л-ын “...манай найз Е  гаднаас ийм гар утас оллоо гээд том камертай гар утас харуулаад байсан...” гэх, гэрч Г.Б-н “...гарах гээд гадаа хаалганы хажууд зогсож байтал Загарзүсэм нь миний гар утас алга болчихлоо гэсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх, гэрч Г.М-н “...таксинд явж байтал Е  гэх залуу гар өргөж таараад Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны хуучин эцсийн 888 нэртэй баарны гадаа хүргүүлсэн...” гэх мэдүүлгүүд /2-р хх-ийн 92-94, 101-102, 106, 108 тал/,

2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “VIP” караокед үйлчлүүлж байсан хохирогч Б.Т-н эзэмшлийн 4.750.000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне 14 про макс” загварын утас, түүний охин насанд хүрээгүй хохирогч Б.Ө гийн эзэмшлийн 2.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг зип фолд” загварын гар утас зэргийг зөвшөөрөлгүй, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 7.550.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 151 тал/, 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн эд зүйл баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 166 тал/, 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 184-187 тал/, 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хатуу дискт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 172-174 тал/, хохирогч Б.Т-н “...бид нар дуулаад согтолттой байсан ба нэг үл таних залуу орж гараад байсан. Караокеноос гарахад миний “Аяфоне 14 про макс” загварын гар утас алга болсон байсан. Тухайн утас нь манай охины утас бөгөөд манай нөхөр барьж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 157-158 тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Ө гийн “...найзуудтайгаа уулзчихаад орой ирэхдээ миний гар утсыг алга болгочихсон байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 166-167 тал/,

2022 оны 02 дугаар сарын 25-ны орой Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Т-н 1.100.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 11” загварын гар утас, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 220 тал/, 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 10-14 тал/, 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3-р хх-ийн 94-102 тал/, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 239-241 тал/, хохирогч Б.Т-н “...Е  машины түлхүүр аваад гарсан. Тэгээд машин холдуулчхаад орж ирсэн. ...тэгээд Бадмаагийн машинаас цүнхээ аваад гэртээ ороод утсаа үзэхэд байхгүй байсан, мөн түрийвчинд байсан 150.000 төгрөг байхгүй байсан. ...миний утас Аяфоне-11 загварын гар утас байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 227-229 тал/, гэрч Э.Бадамцэцэгийн “...тэгээд ороод байж байтал Түвшээ цүнхээ ухаж үзээд миний гар утас байхгүй байна гэсэн. ...миний машинд утсаа хайсан чинь утас нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 236-238 тал/,

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Теди төв”-ийн засварын газарт 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Д.Г-н засуулахаар өгсөн 700.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А52” загварын гар утас болон засварын хөлсөнд өгсөн 35.000 төгрөгийг буюу андуурагдсан эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан болох нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 236 тал/, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 238-239 тал/, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-622/3793 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 14-17 тал/, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэр утас зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ /2-р хх-ийн 43 тал/, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 4/5821 дугаартай “Мобиком” ХХК-ийн утсанд үүрэн холбооны оператор компаниудын дугаар ашигласан эзэмшигчдийн мэдээлэл /2-р хх-ийн 46 тал/, хохирогч Д.Г-н “...Тэди дээр очоод гар утсаа засварчнаас авах гэхэд тантай хамт явж байсан хүн ирээд өөр засварчинд өгнө гээд аваад явсан гэсэн. Би Ууганбаяр руу ярихад эхлээд аваагүй гэж байснаа дараа нь авснаа хүлээн зөвшөөрөөд яг адилхан гар утас аваад өгөөд явуулъя гэсэн. Тэгээд өдийг хүртэл өгөхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 242 тал/, гэрч Т.Ш-н “...гар утсыг нь аваад явсан ба би нөхөр нь гэж бодоод утсыг нь өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11 тал/, иргэний нэхэмжлэгч Ө.О-н “...миний хэрэглэж байсан Самсунг А-21 загварын гар утсыг аваад зөрүүнд нь 130.000 төгрөг авсан. Надад гар утас зарсан хүнийг урьд нь харж байгаагүй. ...У гэх хүн мөн байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 246 тал/,

мөн шүүгдэгч Б.Ө нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М ” гэх нэртэй гар  утас худалдааны төвийн А заалны 17 тоот лангуунд ажиллаж байхдаа 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр П.У аас “Айфоне 14 про макс” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 1.300.000 төгрөгөөр худалдаж авсан болох нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б.Ө-н 5007672129 тоот Хаан банкны дансны хуулга /3-р хх-ийн 135-145 тал/,

Яллагдагч Б.Ө-н “...би тухайн гар утсыг хулгайн утас гэдгийг мэдэж байсан. Цагдаагийн байгууллагад хулгайн гар утас гэдгийг мэдэгдсэн бол Ууганбаярт өгсөн мөнгөө авч чадахгүй гэж бодсон...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 132-133 тал/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч П.У ыг нийт 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн алдагдсан эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Ө г бусдын эд хөрөнгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч П.У  нь “...хийсэн хэрэгтээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү, мөн миний цагдан хоригдсон хоногийг 203 хоног байхыг 172 хоног гэж буруу тооцсон тул тус цагдан хоригдсон хоногийг зөвтгөж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Анхан шатны шүүхээс П.У  гэм буруу дээр маргаагүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 3 жилийн хорих ялаар шийтгэжээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж хуульчилсан ба шүүгдэгч П.У  нь хохирогч нарт хохирол төлбөр төлөөгүй нь дээрх хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч П.У т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн, шүүгдэгч Б.Ө д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  үйл баримт, зүйлчлэлийн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба шүүгдэгч П.У т оногдуулсан хорих ял, шүүгдэгч Б.Ө д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь тэдний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй...” гэж хуульчилсан ба давж заалдах шатны шүүх хуралдаанд П.У  нь өмгөөлөгчгүйгээр өөрийгөө өмгөөлөн оролцоно гэснийг дурдав.

Харин П.У  нь 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд нийт 202 хоног цагдан хоригдсон байх ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...нийт 172 хоног цагдан хоригдсон...” гэж алдаатай тооцсоныг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй.  

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны 2024/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч П.У ын гаргасан давж заалдах гомдлын “цагдан хорих хоногийг буруу шийдвэрлэсэн” гэх хэсгийг хүлээн авч, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны 2024/ШЦТ/62 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.У ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 172 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.У ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 202 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч П.У ын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.Б  

 

                         ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ 

 

                                     ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ