Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01430

 

 

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01430

 

У.Э, Д.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00898 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У.Э, Д.Д нарын нэхэмжлэлтэй хариуцагч БХЗХТБАА-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрт ногдох төлбөрийг бүрэн гүйцэд биелүүлсэн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Э, Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 ны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолоор Ц.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.12, 91.2.17, 148 дугаар зүйлийн 148.3 дах хэсэгт зааснаар У.Э,, Д.Д, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 зүйлийн 3 дах хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож ял оногдуулан хохиролд 11 630 989 549 төгрөгийг 4 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулж 1875 хохирогчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Ц.Т-д оногдуулсан цаазаар авах ялыг гүйцэтгэсэн болно. Тус шийтгэх тогтоолын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхээс 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 308 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд 11 630 989 549 төгрөгийг 4 хүнээс хувь тэнцүүлэн гаргуулахаар заасан. Энэ нь 1 шүүгдэгчээс төлбөл зохих төлбөр нь 2 907 747 387 төгрөг болох бөгөөд У.Э,, Д.Д, С.Б нар нь шүүхийн шийтгэх тогтоолд заасны дагуу одоогоор нийт 11.0 тэрбум төгрөгийг төлж 630 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Дээрх шийтгэх тогтоолд зааснаар У.Э,, Д.Д, С.Б нар нь тус бүр өөрт ногдох төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл төлбөр болох 630 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл одоо үлдсэн төлбөрийн үлдэгдэл нь шийтгэх тогтоолд зааснаар Ц.Т-д ногдох төлбөр болно. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Банк, хадгаламж, ззэлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь өөрт ногдох төлбөрүүдээ бүрэн төлж барагдуулаад байгаа У.Э,, Д.Д, С.Б нараас дахин төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байна. У.Э,, Д.Д, С.Б нар Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолын дагуу төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэж байгаа учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтэй байгаа болно. Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №6/1215 дугаар хариу мэдэгдэх хуудаст дурдагдсан "...Гэр хороолол барилгажилт хадгаламж зээлийн хоршоотой холбоотой хохирол барагдуулах ажиллагаа 83 хувьтай явагдаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна. Өөрөөр хэлбэл шүүхийн тогтоод зааснаар хувь тэнцүүлэн төлөх ёстой 3 төлбөр төлөгчийн хохирол төлөгдсөн байна гэсэн хариу өгч хувийг шийдвэрт гүйцэтгэх байгууллагад хүргүүлснээр У.Э, нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй юм. Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №6/2352 дугаар Өргөдлийн хариу гэх албан бичигт дурдсанаар ....Уг хэргийг шалгах явцад битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар судалж үзвэл 2006 оны 6 дугаар сард үйлдэгдсэн гэмт хэргээс урьд буюу 2005 оны 7 дугаар сарын 25-ны өдөр У.Э, М ХХК-тай орон cууц захиалах гэрээ байгуулж, 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр У.Э,, Т.М, Т.М нарын 3 хүний өмчлөгчөөр бүртгэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000072719 дугаар гэрчилгээтэй Жаргалант хотхон Стадион Оргил (17010), Махатма Гандигийн гудамж 49А дугаар байрны 16 тоот 6 өрөө орон cууц... гэсэн нь уг хөрөнгө нь талийгаач Ц.Т (талийгаач)-ийн өмчлөлийн хөрөнгө гэж үзэх үндэслэл байхгүй байх ба харин дээрх 3 иргэний дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болно гэснээс үзэхэд уг эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжгүй, ялангуяа Т.М , Т.М нарын хувьд уг эд хөрөнгөнөөс оногдох хэсгээр төлбөр гаргуулан шийдвэрлэх боломжгүй байна. У.Э,, Т.М , Т.М нарын гэр бүлийн харилцаа дуусгавар болно. Ийнхүү дуусгавар болсон харилцааны хувьд 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр У.Э,, Т.М , Т.М нарын 3 хүний өмчлөгчөөр бүртгэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000072719 дугаар гэрчилгээтэй Жаргалант хотхон Стадион Оргил (17010), Махатма Гандигийн гудамж 49А дугаар байрны 16 тоот 6 өрөө орон сууц нь тухайн нэр бүхий /Ц.Т ээс бусад/ 3 иргэний гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзнэ. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Т (талийгаач)-д цаазаар авах ял оноосон бөгөөд уг ялыг гүйцэтгэж шүүхийн шийдвэр бүрэн гүйцэт биелэгдсэн ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д заасны дагуу талийгаачид оногдох хэсгийг бусад 3 шүүгдэгчээс гаргуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж, хүний эрхэнд халдаж байгаа үйлдэл юм. Дээр дурдсаны дагуу нэгэнт төлбөр төлөгч Ц.Т /талийгаач/ нас барснаар түүнд холбогдох төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гүйцэтгэх ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулах боломжгүй бөгөөд харин мөн ажиллагааг дуусгавар болгох эрх зүйн үндэслэл болж байна. Мөн өнөөдрийг хүртэл хугацаанд талийгаачийн эрх залгамжлагч, өв хүлээн авагчийг шүүхийн болон бусад журмаар тогтоогоогүй байгаа болохыг давхар дурдах нь зүйтэй юм. Иймд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 308 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу явагдаж буй төлбөр төлөгч У.Э,, Д.Д, С.Б нарт холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү. У.Э,, Д.Д нар нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоол, мөн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 308 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрт ногдох төлбөрийг бүрэн гүйцэд биелүүлсэн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолын 13-д шүүгдэгч Ц.Т , У.Э,, Д.Д, С.Б нараас хувь тэнцүүлэн 11 606 804 538 төгрөгийг гаргуулж Гэр хороолол барилгажилт ХЗХ-ны нэр бүхий хохирогчдод олгохоор, шийтгэх тогтоолын 17-д энэ хэрэгт холбогдуулан битүүмжлэгдсэн хөрөнгүүдийг худалдан борлуулж төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолд дурдсан хөрөнгүүдийг хураан авч албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шийтгэх тогтоолын 17.1.56-д дурдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 4 дүгээр байрны 16 тоот У.Э,, Т.М , Т.М нарын өмчлөлийн 6 өрөө орон сууц, Төв аймгийн Борнуур суманд байрлах Манай гэр нэртэй зам буудал дагалдах хөрөнгө, газар эзэмших эрхийн хамт 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тус албанаас зохион байгуулсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар 6 өрөө орон сууцыг худалдан борлуулсан боловч өмчлөгч нараас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Шийтгэх тогтоолоор битүүмжлээд ирчихсэн байтал лицензийн хугацаа дуусах дөхчихсөн байсан болохоор ашигт малтмалын хуулиар лицензийн хугацаа хүчингүй болчих гээд байсан болохоор манай байгууллага 97 сая төгрөг лицензийн төлбөр гэж төлсөн уг төлбөрийг хасаж тооцсон. Гэр хороолол барилгажилттай холбоотой нийт орсон орлогоор нь гаргаад өгчихсөн. Миний санал болохоор нэгэнт л 765 саяас 97 сая төгрөгийг ашигт малтмалын газар луу ашиглалтын төлбөр гээд шилжүүлчихсэн энийг болохоор 115 саяас нэмж тооцуулна, үлдэгдэл мөнгөө аваагүй байгаа хүмүүс байгаа учраас үнэ нэмж тооцуулна гэсэн утгаар өнөөдрийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар нэхэмжлэгч У.Э,, Д.Д нар нь 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолоор тогтоосон төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагч БХЗХТБАА-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У.Э, Д.Д нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6419 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолоор "Гэр хороолол барилгажилт" хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч Д.Т , Д.Д, С.Б , У.Э, нараас хувь тэнцүүлэн 11 630 989 549 төгрөгийг гаргуулж тус хоршооны нэр бүхий 1875 хохирогчдод олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийтгэх тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж шийтгэх тогтоолын 17-д энэ хэрэгт холбогдуулан битүүмжлэгдсэн хөрөнгүүдийг худалдан борлуулж, төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолд дурдсан хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авч, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, төлбөр барагдуулах ажиллагаа явуулж байна. Шийтгэх тогтоолын 17.1.15-д дурдсан Төв аймгийн Борнуур сум "Манай гэр" замын буудал, 205 нэр төрлийн тоног төхөөрөмж, газрын хамт, 17.5.56-д дурдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхоны 4 дүгээр байр, 16 тоот, 6 өрөө, 212 м.кв талбайтай орон сууцыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тус албанаас зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар дээрх 6 өрөө орон сууцыг худалдан борлуулсан боловч өмчлөгч нараас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Шийтгэх тогтоолын 17.1.2-д дурдсан Ховд аймгийн Алтай сум, Эргийн ус нэртэй газарт 596 гектар талбайд хайгуул хийх эрхийн 7729Х тоот лицензтэй, 1151А тоот ашиглах лицензтэй Гялтгануурын уурхай, тоног төхөөрөмжийн хамт 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус албанаас зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар 766 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан. Дээрх албадан дуудлага худалдааны орлогоос Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20, 32 дугаар зүйлийн 32.1 дах хэсэгт заасны дагуу 2013 оноос 2019 он хүртэлх ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөл зохих төлбөр болох 90 766 882,5 төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасны дагуу 7 000 000 төгрөг, нийт 97 766 882,5 төгрөгийг Төрийн сангийн дансанд төлсөн байна. Дээрх төлбөр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.3-т "Тухайн хөрөнгөтэй холбогдох тогтмол төлөгдөх төлбөр" гэж ойлгохоор байна. Өнөөдрийн байдлаар тус хоршооны хохирлын үлдэгдэл нийт 188 808 320,45 төгрөг бөгөөд шийтгэх тогтоолын 17-д заасан үлдэгдэл эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, төлбөрийг бүрэн төлүүлэх боломжтой байна. Иймд У.Э,, Д.Д нарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч У.Э,, Д.Д нар нь хариуцагч БХЗХТБАА-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрт ногдох төлбөрийг бүрэн гүйцэд төлсөн болохыг тогтоолгохоор шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 ны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 123 тоот шийтгэх тогтоолоор Ц.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.12, 91.2.17, 148 дугаар зүйлийн 148.3 дах хэсэгт зааснаар У.Э,, Д.Д, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож ял оногдуулан хохиролд 11 630 989 549 төгрөгийг 4 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргуулж 1875 хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байна. /1хх7-48 дах тал/ шүүхийн шийтгэх тогтоолд 11 630 989 549 төгрөгийг 4 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн нэг шүүгдэгч 2 907 747 387 төгрөг төлөхөөр заажээ.

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 308 тоот гүйцэтгэх хуудас олгогдсоноор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 01 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэн эд хөрөнгө битүүмжилж, эд хөрөнгийг хөрөнгө үнэлгээний компианиар үнэлүүлэх, албадан дуудлага худалдааны журмаар худалдах-худалдан авах гэрээ байгуулах, хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах жагсаалт гаргах, эд зүйлийн үнэлгээ хийлгэх зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байна. /1хх88-94 дэх тал/

 

Ц.Т-д оногдуулсан цаазаар авах ялыг гүйцэтгэж, Ц.Т нь 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нас барсан болох нь хэргийн 100, 117 дах талд авагдсан 2008 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 123 тоот Ц.Т ийн нас барсны гэрчилгээ, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/007342 тоот нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон бөгөөд Ц.Т нь 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдөр нас барснаар У.Э,, Ц.Т нарын гэрлэлт дуусгавар болсон нь Гэр бүлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т Төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн, 29.1.8-д Төлбөр төлөгч-иргэн нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон, эсхүл төлбөр төлөгч, төлбөр авагч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй бол иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох-оор зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч У.Э,, Д.Д нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх төлбөрөөс 11 515 304 088 төгрөг төлж одоогоор 115 685 461 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэргийн 4 дүгээр хавтасны 185-186 дах талд авагдсан Гэр хорооллын барилгажилт ХЗХ-ны төлбөрт дансанд төвлөрүүлсэн мөнгөний хүснэгт, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч У.Э,, Д.Д нар нь 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан төлбөр болох 11 630 989 549 төгрөгөөс 11 515 304 088 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагч БХЗХТБАА-д даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Ашигт малтмалын газарт лицензийн төлбөрт 97 000 000 төгрөг төлсөн нь дээрх 115 685 461 төгрөгт нэмэгдэх ёстой гэсэн тайлбарыг хариуцагч шүүх хуралдаанд гаргасан боловч дээрх лицензийн төлбөрт төлсөн 97 000 000 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал гэж үзэх боломжгүй, хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгахгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/00898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ