Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 532

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох,

  Нэхэмжлэлийн шаардлага: 

“Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 801 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох; 

-“Х*******” ХХК-ийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц*******, хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б******* нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн захирал Д.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “Манай компани нь Ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтанд оролцож, Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг дахь “Галт” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, өргөдөл гаргасныг тус газрын Кадастрын хэлтсээс өргөдлийн NE-0******* // дугаарт бүртгэн авсан атлаа Ашигт малтмалын газрын Кадастрын газрын дарга Н.Ч*******ын ирүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 6/7596 дугаар албан бичгээр танай өргөдлийн талбайг бүхэлд нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10/01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 801 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдсэн.

 Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13-т “улсын төсвийн  хөрөнгөөр илрүүлсэн эрдсийн хуримтлал бүхий талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон  шалгаруулалт зохион явуулах, бичил уурхайн болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар талбай олгох дүгнэлт гаргах” гэж заасныг зөрчиж, зохих журмын дагуу холбогдох баримт бичиг, талбайн зураг зэргийг боловсруулан хуульд нийцүүлэн өгч, манай компанийг сонгон шалгаруулалтад оролцуулсан хэрнээ төрийн захиргааны байгууллагаас таны өргөдөл гаргасан талбай нь тусгай хэрэгцээнд авагдсан гэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон байна. 

 Өргөдөл хүлээн авахаас өмнө хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай мөн гэж үзэн сонгон шалгаруулалт явуулж, манай компаниас цаг хугацаа, хөрөнгө мөнгөний зардал гаргасны дараа өргөдлийг хүлээн авч бүртгэчихээд дээрх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль зөрчсөн, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, ажлын зохион байгуулалтын улмаас иргэн, хуулийн этгээд хохирч үлдэх ёсгүй юм. 

 Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдлийн сонгон шалгаруулалт зарлаж байгаа бол тус талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газарт хамаарч байгаа эсэхийг тухайн сонгон шалгаруулалт зохион байгуулж буй захиргааны байгууллага өөрөө нарийн шалгаж тогтоох ёстой бөгөөд үүнийг нь Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаартай “Журам батлах тухай” тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1-т “Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасны дагуу сонгон шалгаруулалтын талбайг ялган багцалж нийтэд зарлана”, 3.2-т “Кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ журмын 3.1 дэх хэсэгт заасан талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион явуулах бэлтгэлийг хангана”, 3.3-т “Төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалт явуулах талаар тухайн талбайн байрших аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 24.3-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”, 3.4-т “Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасны дагуу хариуг төрийн захиргааны байгууллагад өгнө”, 3.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дэмжсэн хариу өгсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаас бусад үндэслэлээр татгалзсан, Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан хугацаанд хариу өгөөгүй бол тухайн талбайд төрийн захиргааны байгууллагын дарга сонгон шалгаруулалт явуулах тушаал гаргаж, сонгон шалгаруулалт явуулна” гэж тус тус зохицуулан журамласныг зөрчиж, энэ үүргээ биелүүлээгүй атлаа тавьсан шаардлага, журмын дагуу гаргасан өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь өөрийн буруутай үйлдлээ бусдад нялзаасан хууль бус шийдвэр болсон.

  Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 801 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж өгнө үү.” гэжээ. 

         Хоёр. Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

         “...Х*******” ХХК нь 2015 оны 3 сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт “Галт” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, NE-0******* дугаартай өргөдөл гаргасан байна. 

Өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг даргаас санал авахаар Кадастрын хэлтсээс 2015 оны 3 сарын 06-ны өдөр 6/1317 тоот мэдэгдлийг Өмнөговь аймгийн Засаг даргад хүргүүлжээ.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10/01 тоот тогтоолоор дээрх газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бөгөөд аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/671 дүгээр албан бичгээр “Х*******” ХХК-ийн NE-0******* дугаартай өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал ирүүлсэн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т өргөдөлд дурдсан хайгуулын талбай ямар шаардлагыг хангасан байх талаар тодорхойлсон бөгөөд “Х*******” ХХК-ийн 0******* дугаартай өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2 дахь хэсэгт зааснаар ... тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй ... байх” гэсэн хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

“Х*******” ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл  хүссэн өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2 дахь заалтад заасан шаардлага хангаагүй байсан тул мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтад зааснаар Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 801 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд “Х*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

         Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 801 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, “Х*******” ХХК-ийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. 

2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж тайлбар өгсөн. Тус тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбараа хэлье.

         Манай компани нь Ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцож, Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг дахь “Галт” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, өргөдөл гаргасныг Кадастрын хэлтсээс өргөдлийн NE-0******* /*******/ дугаарт бүртгэн, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан бөгөөд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу Өмнөговь аймгийн Засаг даргад бичгээр 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 6/1316 дугаар албан бичгээр мэдэгдэж, мөн хуулийн 19.4-т зааснаар 30 хоногийн дотор хариу өгөх, өгөхгүй бол зөвшөөрсөнд тооцох талаар мэдэгдсэн. 

Гэтэл Ашигт малтмалын газрын уг мэдэгдлийн дагуу Өмнөговь аймгийн Засаг даргаас дээрх хуульд заасан хугацаанд хариу өгөхгүй байж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1-671 дүгээр албан бичгээр Өмнөговь аймгийн Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 10/01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байгаагаа мэдэгдсэн байна. Засаг даргын дээрх албан бичиг нь Ашигт малтмалын газарт 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ирсэн байна.

         Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбицлыг тогтоохдоо Монгол Улсын аймаг, сум бүрийн удирдлагаас тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбицлыг авсны үндсэн дээр тогтоолоороо боломжтой талбайг тогтоосон. 

         Гэвч нэгэнт хуульд Засаг даргын саналыг авахаар заасныг Ашигт малтмалын газар нь хэрэгжүүлэх үүднээс Өмнөговь аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан. Харин Өмнөговь аймгийн Засаг даргаас хуульд заасан 30 хоногийн дотор хариу мэдэгдээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т зааснаар зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 19.5-д зааснаар нэхэмжлэгч “Х*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, төлбөрөө төлөхийг мэдэгдэх ёстой байсан.

        Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгийн хариу Өмнөговь аймгийн Засаг даргаас 30 хоногийн дотор буюу мөн оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн дотор өгөх ёстой байтал 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн байна. 

Тиймээс маргаж байгаа талбайг 4 дүгээр сарын 01-ний өдөр орон нутгийн тусгай хэрэгцээнд авсныг 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл албан ёсоор мэдэгдээгүй байсан байна. Иймд Засаг даргаас хариу ирүүлэх ёстой 4 дүгээр сарын 06-15-ны өдрийг хүртэл Ашигт малтмалын тухай хуулийн 19.6-д зааснаар тусгай зөвшөөрөл олгох боломжтой байсан. 

         Ашигт малтмалын газраас өргөдлөөр олгох боломжтой талбайн зураг болон солбицлыг нийтэд зарлаж, иргэн, хуулийн этгээдийг зохих журмын дагуу холбогдох баримт бичиг, талбайн зураг зэргийг боловсруулан хуульд нийцүүлэн өгч, манай компанийг оролцуулж, цаг хугацаа, хөрөнгө мөнгөний зардал гаргасны дараа өргөдлийг хүлээн авч бүртгэчихээд дээрх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль зөрчсөн, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, ажлын зохион байгуулалтын улмаас иргэн, хуулийн этгээд хохирч үлдэх ёсгүй бөгөөд хуульд заасан нөхцөл бүрдсэн байхад төрийн захиргааны байгууллагаас хуульд заасан үүргээ биелүүлээгүй атлаа тавьсан шаардлага, журмын дагуу гаргасан өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж хууль бус шийдвэр болсон байна.  Мөн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 1.2, 1.3, 1.4, 4.1, 4.2, 4.4, 4.5, 4.11-т тус тус заасныг зөрчсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан байхад Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлээс харахад иргэдээс тусгай зөвшөөрөл, лиценз олгохгүй байхыг хүссэн иргэдийнхээ саналыг хүндэтгэх үүднээс л орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн нь харагдаж байх бөгөөд үүнийг хуульд заасан үндэслэлээр татгалзсан гэж үзэх боломжгүй юм. 

         Нэхэмжлэгч компани нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр өргөдөл гаргахад энэ талбай ямар нэгэн компанийн талбайтай давхцалгүй байсан. Үүнийг Ашигт малтмалын газраас зураг зүйн шүүлт хийгээд давхацал байхгүй гэдгийг тогтоогоод хуульд зааснаар Засаг даргын саналыг авахаар явуулсан. Тэгэхэд гэнэт энэ чинь юу болж байна гэсэн янзтай гэнэт орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй юм. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан байдаг. Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлээс нь харахад иргэдээс тусгай зөвшөөрөл олгохгүй байхыг хүссэн иргэдийн саналыг хүндэтгэх үүднээс тусгай хэрэгцээнд авсан гэсэн үндэслэл нь хуульд нийцэхгүй байгаа юм. Түүнээс биш өргөдөл гаргах үед тухайн талбай нь ямар нэгэн талбайтай давхцалгүй байсан. Тийм болохоор давхацсан гэж үзэх үндэслэл байхгүй юм.

         Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

         Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

         “Тус компани нь 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Галт” нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж ******* дугаартай өргөдөл гаргасан. Өргөдлийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар аймгийн Засаг даргаас санал авахаар кадастрын хэлтсээс 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 6/1317 тоот мэдэгдлийг Өмнөговь аймгийн Засаг даргад хүргүүлсэн. 

         Өмнөговь аймгийн Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10/01 тоот тогтоолоор дээрх газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бөгөөд, аймгийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/671 тоот албан бичгээр “Х*******” ХХК-ийн NE-0******* дугаартай өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн. 

         Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу өргөдөлд дурдсан хайгуулын талбай ямар шаардлагыг хангасан байх талаар тодорхойлсон, мөн “Х*******” ХХК-ийн NE-0******* дугаартай өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасны дагуу “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй” байх гэсэн хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах тусгай зөвшөөрлийг хангаагүй байна.

         “Х*******” ХХК-ийн гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасан шаардлага хангаагүй байсан тул мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т зааснаар Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 801 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдлийг аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасан байдаг. 

         Иймд “Х*******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 801 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, “Х*******” ХХК-ийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан  тул энэ хүрээнд маргааныг хянан хэлэлцлээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

         Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 Нэг. “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 801 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь:

нэгд, хариуцагч нь “...Өмнөговь аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэж ирүүлсэн “хууль зүйн үндэслэлгүй” саналыг болон; 

хоёрт, “...NE-0******* /*******/ дугаартай өргөдлийн талбайг бүхэлд нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 10/01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул нэхэмжлэгчийн Кадастрын хэлтэст гаргасан өргөдлийн талбай нь “орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай” гэх үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлж, улмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хариуцагчийн 2015 оны 801 дүгээр шийдвэр хууль бус” гэж; 

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь: 

нэгд, “...“Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10/01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай байх тул “дэмжихгүй” гэсэн Өмнөговь аймгийн Засаг даргаас ирүүлсэн уг саналд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх эрх хариуцагчид хуулиар олгогдоогүй тул уг санал нь хууль ёсны санал мөн бөгөөд хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлд тооцогдоно.”; 

хоёрт, “нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайг Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 10/01 дүгээр тогтоолоор бүхэлд нь сумын тусгай хэрэгцээнд авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2 дахь заалтад заасны дагуу “тусгай хэрэгцээний газартай ямар нэг байдлаар давхцаагүй” байх гэсэн шаардлагыг хангаагүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.3-т зааснаар “Х*******” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг мэдэгдэж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэр гаргасан хариуцагчийн 2015 оны 801 дүгээр шийдвэр хууль ёсны шийдвэр мөн.” гэж маргажээ.

I. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 2015 оны 801 дүгээр шийдвэр  нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх заалтын “Үндсэн хуульд ...хууль, ...төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага ...үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтын “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах;” 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:” гэсэн заалтыг тус тус зөрчиж гарсан болох нь дараах эрх зүйн үр дагаврыг үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Үүнд: 

1.1. Маргаан бүхий хариуцагчийн 2015 оны 801 дүгээр шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн Кадастрын хэлтэст гаргасан өргөдлийн талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэжээ. 

Тодруулбал, хариуцагчаас 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Өмнөговь аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлэх тухай 6/1317 дугаар албан бичгийг  хүргүүлсэн байх бөгөөд аймгийн Засаг даргаас хариуцагчид хүргүүлсэн 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1-671 тоот албан бичиг  болон нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх саналд  “...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахаар заасан. Уг саналд “дэмжээгүй” мэдэгдэл ирсэн учир уг талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй.” гэсэн саналыг хүргүүлсэн байна.  

Иймд хариуцагчийн 2015 оны 801 дүгээр шийдвэр нь Засаг даргын “дэмжихгүй” санал ирсэн тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байх боловч тус 801 дүгээр шийдвэр нь “хууль зүйн үндэслэлгүй” дэмжээгүй саналыг үндэслэж гарсан шийдвэр байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн “Аймаг, ...Засаг дарга энэ хуулийн 19.2.2-т заасан саналыг “дэмжсэн” хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...мэдэгдэнэ.” гэсэн заалтаас үзэхэд: 

хэрэв Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасан “...зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгөх” бол энэ хуулийн 19.2.2-т заасан саналыг “дэмжээгүй” хариу өгсөн нөхцөлд төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж болно гэсэн дүгнэлт гарч байна. 

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасан “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно.” гэсэн заалтын “татгалзсан хариу өгч болно.” гэдгийг “энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно” гэж Улсын Дээд шүүхийн 2010 оны “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолд тайлбарлажээ.

Тэгэхлээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан буюу “Х*******” ХХК-ийн хүсэлтэд дурдсан талбай нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасан тусгай хэрэгцээний газартай ямар нэг байдлаар давхцаагүй, 19.2.3-т заасан тусгай хэрэгцээнд авсан талбайтай давхцаагүй, түүнчлэн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй болох нь: 

нэгд, хариуцагчийн “нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэж Өмнөговь аймгийн Засаг даргад хүргүүлсэн 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 6/1317 дугаар албан бичгээр болон дээр дурдсан үндэслэлүүдээр; 

хоёрт, Өмнөговь аймгийн Засаг даргаас нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн хүсэлтэд дурдсан талбай байрших Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Санал авах тухай” 1-445 дугаар албан бичгийг  хүргүүлсэн байна. 

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 26 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэх журам” -ын 2.1.4.г/-д “...улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцаж байгаа эсэхэд дүгнэлт гаргаж, аймгийн Засаг даргад хүргүүлнэ.” гэж заасан байхад: 

Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаан зарлаж, тус хуралдаанаар нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн хүсэлтэд дурдсан талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан гэх “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 10/01 дүгээр тогтоолыг  шууд баталсан нь хэрэгт авагдсан  нотлох баримтаар тогтоогдож байна. 

Тодруулбал, Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд  “...Яаралтай хуралдах шалтгаан нь  ...“Х*******” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох дүгнэлт гарсныг 3 дугаар сарын 12-нд  аймгийн Засаг дарга хэлэлцэж хариу өгөх тухай албан тоотоор ирүүлсэн.” , “...Нилээн том талбай байгаа, морины уралдах барианы талбай орж байгаа. Чимээгүй байвал шууд олгогдчих юм байна. Лицензгүй сум болох талаар ярьж байгаа.” , “...Сумын бүх иргэдийг төлөөлж хуралд сууж байгаа учир иргэдийнхээ саналыг дэмжих нь зүйтэй, ...иргэдийнхээ саналыг хүндэтгэн хамгаалалтад авъя гэж бодож байна.” , “...Хайгуулын лиценз олгохгүй гээд орхихгүй заавал хуульд нийцсэн хариу өгөх ёстой. ...Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрынхаа шийдвэрийг 10 хоногийн дотор Ашигт малтмалын газарт бүртгүүлэх ёстой юм байна.”  гэсэн хуралдааны төлөөлөгч нарын хэлсэн санал, шийдвэр тусгагдсан уг тэмдэглэлээр нотлогдож байна. 

Гэтэл хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга маргаан бүхий 2015 оны 801 дүгээр шийдвэрийг гаргахдаа Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 10/01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай бүхэлдээ давхацсан тул тухайн газар нутагт тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн мэдэгдлийг  нэхэмжлэгчид хүргүүлж, татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус байна. 

Дээр дурдсан нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн хүсэлтэд дурдсан талбай Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасан тусгай хэрэгцээний газартай ямар нэг байдлаар давхцаагүй болох нь тогтоогдож байна. 

Гэтэл Өмнөговь аймгийн Засаг дарга Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт заасан “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно.” гэсэн заалтыг тус тус зөрчиж:

Ашигт малтмалын газарт “Х*******” ХХК-ийн хүсэлтэд дурдсан талбайг “...Сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахаар заасан. Уг саналд дэмжээгүй мэдэгдэл ирсэн” гэх үндэслэлээр хариуцагчид 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “хууль зүйн үндэслэлгүй” дэмжихгүй гэсэн саналыг өгсөн болох нь хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

1.2. Хариуцагчаас “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 801 дүгээр шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэдгийг нотлохын тулд Өмнөговь аймгийн Засаг даргаас гаргасан 2015 оны 1 дугаар “дэмжихгүй” гэсэн саналд  хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх эрх Кадастрын хэлтсийн даргад хуулиар олгогдоогүй тул “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэж татгалзсан шийдвэр гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч: 

нэгд, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т “тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг;” гэж ойлгохоор, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасны дагуу “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах.” гэсэн бүрэн эрхийг нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага хэрэгжүүлэхээр байна. 

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан эрхийг Өмнөговь аймгийн Засаг дарга болон Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан “Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг: 

-тусгай хэрэгцээнд авсан газар байрших аймаг, сумын нэр; 

-тусгай хэрэгцээнд авсан газрын бүх булангийн цэгийн солбицлууд;

-тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго; 

-тухайн газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацааг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.” гэсэн хууль зүйн үүргийг биелүүлнэ. 

Гэтэл Өмнөговь аймгийн Засаг даргын “хууль зүйн үндэслэлгүй” дэмжихгүй санал гарах үндэслэл болсон Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10/01 дүгээр тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. 

Учир нь нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн хүсэлтэд дурдсан талбайг Өмнөговь аймгийн Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10/01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэх боловч тус газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр авагдсан  болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. 

Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын “...Сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахаар заасан. Уг саналд дэмжээгүй мэдэгдэл ирсэн” гэх “хууль зүйн үндэслэлгүй” дэмжихгүй саналыг үндэслэж “Х*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан маргаан бүхий хариуцагчийн 2015 оны 801 дүгээр шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

Хоёрт, Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, ...энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, мөн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын “Нийтлэг үндэслэл” гэсэн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Төрийн захиргааны байгууллагад аж ахуйн нэгжээс гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах, бүртгэх, хянан шийдвэрлэх, хариу өгөх ажиллагаанд Ашигт малтмалын тухай хууль, бусад хууль тогтоомж болон энэхүү зааврыг мөрдлөг болгоно.” гэжээ. 

Тэгэхлээр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4 дэх хэсгийн 4.5-д “Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. Дээрх шийдвэрийн талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ.” гэсэн заалтыг хариуцагч хэрэгжүүлэх ёстой байна. 

 Гэтэл “Х*******” ХХК-ийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудас”-т  бичигдсэн эрх зүйн шүүлт хийсэн дүгнэлтээс үзэхэд: 

 нэгдүгээрт, Засаг даргын санал авахаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргад явуулсан /хяналтын хуудасны 8 дугаарт тэмдэглэгдсэн байна/;

хоёрдугаарт, Засаг даргаас хариуг 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон  байхад хариуцагчаас 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсан гэж тэмдэглэж, “ОНТХ-тэй давхцалтай тул АМТХ-ийн 19.2.3-т үндэслэн шийдвэр, мэдэгдлийн төсөл боловсруулав.” /хяналтын хуудасны 9 дугаарт тэмдэглэгдсэн байна/ гэж, мөн Засаг даргын санал хууль зүйн үндэслэлгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 801 дүгээр хууль бус шийдвэрийг гаргасан нь төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа хууль ёсны байх, гаргасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

II. Хариуцагчаас нэхэмжлэгч “Х*******” ХХК-д “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн бөгөөд тус 6/7596 дугаар мэдэгдэлд “...Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 10/01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасныг үндэслэн ...801 дүгээр шийдвэрээр хайгуулын тсгай зөвшөөрөл олгохоос татгалзсан болохыг мэдэгдье.”  гэжээ. 

Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 3 дугаар сарын 03-нд гаргасан , хариуцагчаас Кадастрын хэлтсийн зураг зүйн болон мэдээллийн бүртгэлд шүүлт хийж  үзэхэд нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна гэж үзэж Өмнөговь аймгийн Засаг даргад 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 6/1317 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн , Засаг даргаас уг мэдэгдлийн хариуг 2015 оны 4 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчид албан бичгээр  хүргүүлсэн, 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчийн ирсэн бичгийн бүртгэлийн картад  тэмдэглэгдсэн үйл баримтууд нотлох баримтаар тогтоогдож байхад хариуцагч “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4 дэх хэсгийн 4.5-д заасны дагуу “...ажлын 3 өдөрт багтааж” хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх шийдвэрийн төслийг боловсруулж, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгөх үүрэгтэй байхад тус заалтыг зөрчиж 6 сарын дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сэврэй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дугаар сарын 01-ний өдөр 10/01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна. 

Тодруулбал, нэхэмжлэгч “Х*******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах эрх бүхий хуулийн этгээд, нөгөө талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтад заасан “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргаж хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэх “үндсэн эрх”-ийг эдлэх хууль ёсны этгээд” мөн. 

Харин хариуцагч мөн хуулийн 12 дахь заалтын “...Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй.”, мөн нэхэмжлэгчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.3-т заасан заалтыг үндэслэл болгосон бол мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:” гэсэн заалтыг зөрчиж маргаан бүхий 2015 оны 801 дүгээр шийдвэрийг ажлын 125 өдрийн дараа буюу 6 сарын дараа гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

Иймд хариуцагч нь Өмнөговь аймгийн Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” гэсэн санал нь бодит байдалд “хууль зүйн үндэслэлгүй” санал болохыг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4, 19.2.2-т заасан ажиллагаагаар тогтоосон, түүнчлэн Үндэслэх хэсгийн I, II-т дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр “Х*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай 2015 оны 801 дүгээр шийдвэрийг хариуцагч гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх заалтын “Үндсэн хуульд ...хууль, ...төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага ...үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад заасан “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй”, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасны дагуу “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, мөн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4.5-д заасан “Аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа кадастрын асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. Дээрх шийдвэрийн талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 801 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Хоёр. “Х*******” ХХК-ийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“Х*******” ХХК-иас “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах” бус гагцхүү “...хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул энэ хүрээнд маргааныг хянаж, Үндэслэх хэсгийн I, II-т дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн эрхийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

Иймд нэхэмжлэгчийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 801 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох; Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт “Галт” нэртэй 20877.78 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 17 дугаар зүйлийн 17.2.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.5 дахь хэсэгт заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 801 дүгээр шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Х*******” ХХК-ийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Л.ӨЛЗИЙСАЙХАН