| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00462/И |
| Дугаар | 304/ШШ2025/00404 |
| Огноо | 2025-07-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 304/ШШ2025/00404
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: П.А*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00462/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч П.А*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч П.А******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Би 1994 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 10 жилийн дунд сургуульд ажиллаж байсан ба энэ байдлыг маань бичсэн хөдөлмөрийн дэвтэр 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэр маань шатахад шатсан. Архиваас лавлагаа авахад 1 сарын бичилт гарч ирсэн
Иймд 4 сар 10 хоног ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаар цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/
-Булган аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11/150 дугаар актын хуулбар /хэргийн 4-р хуудас/.
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Р.М*******, Д.М******* нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч П.А*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хүсэлт гаргагч П.А******* нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургуульд 1994 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. П.А******* нь тул Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургуульд 1994 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 13 дугаар цалингийн цэсийн лавлагаа, Булган аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11/150 дугаар актын хуулбар болон гэрч Р.М*******гийн ...П.А******* нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 10 жилийн сургуульд 1994-1996 оны хичээлийн жилүүдэд бага ангийн багшаар ажиллаж байсан. Тэгээд Хутаг-Өндөр сумын Уньт багийн бага сургууль руу шилжсэн. Одоог хүртэл уг сургуульдаа ажиллаж байгаа гэх мэдүүлэг, гэрч Д.М*******ын ...А******* нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 10 жилийн сургуульд 1994-1995 оны хичээлийн жилүүдэд бага ангийн багшаар ажиллаж байсан. Тэгээд Хутаг-Өндөр сумын Уньт багийн бага сургууль руу шилжсэн. Одоог хүртэл уг сургуульдаа ажиллаж байгаа гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч П.А*******ийг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургуульд 1994 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Пүрэвсүрэнгийн А*******ийг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургуульд 1994 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ