Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01472

 

 

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01472

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/02412 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч Н.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8 566 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М , хариуцагч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А бид хоёр 2020 оны 01 дүгээр сард танилцсан, сүлжээний бизнес эрхэлдэг хамтарч ажиллах санал тавьж энэ бизнест хамтарч ажиллахаар болсон. Ийнхүү хамтран ажиллаж байхдаа Н.А надаас хүүтэй болон хүүгүй мөнгө зээлж авдаг байсан бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр цолоо ахиулж Алтан захирал цол хамгаалахад борлуулалтын цэг нээгээдхэе, шагналд нь 5 000 000 төгрөг ирдэг учир мөнгийг хүүний хамт бүгдийг нь төлнө гэж 7 дугаар сард 400 000 төгрөг бэлнээр авсан, 7 дугаар сарын 19-ний өдөр дансаар 750 000 төгрөг, 8 дугаар сарын 12-нд дансаар 500 000 төгрөг, 8 дугаар сарын 26-ны өдөр 2 350 00 төгрөг, дансаар хүлээн авч нийт 4 000 000 төгрөг болгож, сарын 7 хувийн хүү төлөхөөр тохиролцсон. Ийнхүү явсаар 9 сард хүүний төлбөр 280 000 төгрөгөөс 200 000 төгрөг төлсөн ба 9 дүгээр сарын 20-ны өдөр дансаар 1 000 000 төгрөгийн бараа захиалахад 600 000 төгрөгийн бараа надад ирсэн ба үлдэгдэл 400 000 төгрөг дээр хүүний дутуу төлбөр 80 000 төгрөг, нийт 480 000 төгрөгийн өр үүссэн байсан дээрээ 10 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн байранд амьдрахаа болиод өөрийн гэсэн гэр авах гэсэн юм гээд 520 000 төгрөгийг нэмж аваад 1 000 000 төгрөг болгон 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн төлбөрөө төлөөч гэхэд оны эцэс болоход найз залуугийн цалингийн зээл аваад төлчихнө гэсээр 2021 он гартал төлөөгүй. 2021 он гарсаар би хуулийн байгууллагад хандана, мөнгөө төлөөч гэхэд Н.А одоо цагаан сараас эхлээд борлуулалт сайжирдаг учир зээлсэн мөнгөө хүүний хамт хэсэгчлэн төлнө гээд зээл, хүүний төлбөр дээр багийн гишүүнд зарж өгнө гээд авсан барааны төлбөр болох нийт 6 230 000 төгрөгийг хүүний хамт төлнө гэж баталгаа бичиж өгсөн. Үүнд 8 дугаар сарын 27-ны өдөр 4 000 000 төгрөг болгон тооцсон мөнгөний 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх /9 дугаар сараас эхэлсэн/ 3 сарын хүүгийн төлбөр 280 000х33=940 000 төгрөг, 10 дугаар сарын 01-ний өдөр авсан 1 000 000 төгрөгийн 4 сарын хүүд 400 000 төгрөг, өөр бусад фаберликийн бараанууд авсан гээд тооцоо нийлж 6 230 000 төгрөгөөр тохиролцсон. Ийнхүү Н.А нь 6 230 000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш сарын 7.5 хувийн 67 250 хамт үндсэн төлбөрөө 6 сарын хугацаанд төлж барагдуулга гэдэг баталгаа бичиж өгсөн ч төлбөрөө төлөхгүй байгаа тул 6 230 000х7.5%=467 250х5 сар= 2 336 250, үндсэн төлбөр 6 230 000 төгрөг, нийт 8 566 250 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бүх өрөө нэгтгээд баталгаа бичсэн, хэрэв энэ хүн ингэж баталгаа бичиж өгөөгүй байсан бол би өвөл шүүхэд хандах байсан. Өөрөө 6 сарын хугацаанд төлнө гэсэн баталгаа бичиж өгчихөөд үүнийгээ биелүүлээгүй одоо хүү төлөхгүй гэж байгааг зөвшөөрөхгүй. Эвлэрэн хэлцэлцэх санал хүсэлт байхгүй, би сүлжээний бараа зарж амьдралаа залгуулдаг гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дансаар 1 000 000 төгрөгийн бараа захиалаад 600 000 төгрөг бараа ирээд 400 000 төгрөгийн бараа ирээгүй гэж байна. Үүнийг би мэдэхгүй байна. Бид хоёр байнгын бараа захиалаад түүнийгээ аваад борлуулаад явж байсан. 07 сард бэлнээр 400 000 төгрөг өгсөн гэсэн байсан, би авсан мөнгөө бүгдийг нь дансаар авсан. Энэ зүйлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ковидын улмаас надад төлөх боломж байхгүй байна, хүүгээ зогсоож өгөөч гэхэд байнга дарамталж машинаа өг, эсвэл гэрт чинь очиж хэвтэнэ, хамт ажилладаг хүмүүст чинь хэлж тэд нараас нэхнэ гэж дарамталж байсан учир би аргагүй эрхэнд гараар 6 230 000 төгрөгийг өгье гэж ямар ч нотариатын тамга тэмдэггүйгээр бичиж өгсөн. Одоо хүлээн зөвшөөрөхгүй байна, бид хоёр ямар ч хүү тооцоогүй. Миний тооцоогоор 3 600 000 төгрөг авсан. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хүүгээ зогсоочих тэгвэл ямар нэгэн байдлаар өгье гэхэд хүүгээ зогсоохгүй, зогсооно гэвэл чи мөнгөө бүтнээр нь аваад ир гэсэн. Бүтнээр нь авч очих ямар ч боломжгүй байна хүүгээ зогсоочихвол боломжоороо хувааж төлье гэж гуйсан боловч зогсоогоогүй. Одоо бол хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би сарын 200 000 төгрөгийн цалинтай, 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Үндсэн төлбөрийг хуваагаад төлөхөд бэлэн байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.Ааас 4 230 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 336 250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 152 010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ааас 82 630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М д олгож, шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг дахин шийдвэрлэх ёстой. Шүүх иргэд хоорондын асуудлыг үнэн шударгаар шийдвэрлээгүй, хэт хариуцагчийн эрх ашгийг хамгаалж шийдвэрлэсэн. Хариуцагч Н.А нь 2020 оны 7, 8 сард 4 000 000 төгрөг, 10 сард 520 000 төгрөг тус бүрд нь хүүтэйгээр амаар тохиролцож зээлж авсан ба яаралтай хэрэг байна, дараа нотариатаар орно гэж хэлээд 4 100 000 төгрөгийг дансаар, 420 000 төгрөгийг бэлнээр авсан боловч уг авсан мөнгөнүүдээ хүүгийн хамт огт төлөхгүй байсан тул 2021 оны 02 дугаар сарын 01-нд би шүүхэд хандах уу гэхэд надтай биечлэн уулзаад 1930 цагт ажлын гадаа ирээд иргэний үнэмлэхний хуулбартай цаасан дээрээ 4 520 000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрөн цаашид сарын 7,5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэж тохиролцсон гэрээг бичгээр хийж гарын үсэг зурсан. Гэвч 6 сар өнгөрөхөд огт төлөхгүй хариуцлагагүй хандаж байна. Н.А-д итгэж мөнгөө өгөхдөө гэрээ байгуулаагүй. Н.А 2021 оны 02 дугаар сарын 01-нд 6 230 000 төгрөгийн өртэй байгаагаа хүлээн зөвшөөрч цаашид 6 сарын хүү төлнө гэж гэрээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байхад шүүгч дансаар шилжүүлсэн 4 100 000 төгрөгийг төл гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ардчилсан нийгэмд сэтгэл гарган итгэж өгсөн нь хохирогч болно. Хуурч мэхлээд авч чадсан нь азтан болдог шударга бус байх ёсгүй тул хэргийг дахин шүүх хэлэлцэж шударгаар шийдвэрлэж өгнө үү. Н.А нь 4 520 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч баримт бичиж өгсөн тул 7,5 хувийн хүү сард 339 000 төгрөг, 6 сард*339 000=2 034 000 төгрөг, бараагаар нь эргүүлэн төлнө гэсэн 130 000 төгрөгийг нэгтгээд 6 684 000 төгрөг эсвэл 2021 оны 02 дугаар сарын 01-нд 6 230 000 төгрөгийг зөвшөөрсөн байгаа тул энэ хэмжээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 566 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.М нь 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 750 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 500 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2 350 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 500 000 төгрөг, нийт 4 100 000 төгрөгийг Н.Аын Хаанбанк дах 5064526613 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэргийн 7-11 дэх талд авагдсан Б.М-ын Хаан банк дах 5006259418 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

Талууд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тооцоо нийлж хэргийн 6 дах талд авагдсан Н.А миний бие 2020 оны 8 дугаар сарын 27-нд 4 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 01-нд хүүний төлбөр дээр нэмж 520 000 төгрөгийг тус тус сарын 7 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн болно. 2021 оны 02 дугаар сарын 01-нд нийт дүн хүүгийн хамт 6 230 000 төгрөг тооцоо нэгтгэлээр цаашид 6 сарын хугацаанд сар бүрийн 01-нд 7,5 хувийн хүү төлөх үндсэн мөнгөнөөс хасуулна, 8 дугаар сарын 01-нд төлж барагдуулна гэх агуулгатай баримтыг үйлджээ.

 

Дээрх баримт болон талуудын тайлбар, дансны хуулга зэрэг баримтыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Б.М нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 4 000 000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 520 000 төгрөг, нийт 4 520 000 төгрөгийг хариуцагч Н.А-д зээлдүүлсэн гэж үзнэ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэнээс талуудын хооронд маргаан үүссэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд үйлдсэн дээрх баримтын агуулгаас үзэхэд 2020 оны 8 дугаар сарын 27-нд 4 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 01-нд 520 000 төгрөг тус тус зээлдэн авсан гэж дүгнэхээр байна. Харин хүүг ямар дүнгээс хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй байна.

 

Түүнчлэн уг баримтад 2021 оны 02 дугаар сарын 01-нд нийт дүн хүүний хамт 6 230 000 төгрөгийн тооцоо нэгтгээд цаашид 6 сарын хугацаанд сар бүрийн 1-нд 7.5 хувийн хүү төлөх гэсэн байх боловч хуульд хүүгээс хүү тооцох талаар зохицуулагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Н.Ааас 4 100 000 төгрөг, барааны үнэ 130 000 төгрөг, нийт 4 230 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М д олгож шийдвэрлэснийг залруулж хариуцагч Н.Ааас 4 520 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М д олгож, үлдэх 4 046 250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хавтаст хэргийн 6 дах талд авагдсан баримтыг үндэслэдэг боловч уг баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчид зээлийн хүү гаргуулах үндэслэлгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/02412 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ааас 4 520 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М д олгож, үлдэх 4 046 250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын 82 630 гэснийг 87 270 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ