Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/417

 

 

 

 

 

 2024             04           04                                            2024/ДШМ/417

 

С.Ц т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Лхагваа,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/84 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Лхагваагийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай эсэргүүцлээр С.Ц т холбогдох эрүүгийн 2407 00000 0012 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.Ц  нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр согтуурсан үедээ Хаягт Б.Т тай “чиний ээж арчаагүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, бор өнгийн модон иштэй хутгаар 5 удаагийн үйлдлээр халдаж, хутгалан хохирогч Б.Т ын эрүүл мэндэд баруун, зүүн мөр, нуруунд цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх, Багануур дүүргийн прокуророос: С.Ц ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Хохирогчийн биед нийт 5 удаагийн шарх гэмтэл үүссэн талаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан байх бөгөөд хохирогч Б.Т  нь уг гэмтлийн улмаас Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн эх сурвалж болох амбулаториор эмчлүүлэгсдийн карт дахь эмчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байхад хавтас хэрэгт яаралтай тусламжийн хуудас, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх зэрэг баримтууд авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Б.Т ын биед нийт 5 удаагийн хутгалагдсан шарх гэмтэл үүссэн байх тул дээрх баримтуудыг хэрэгт хавсаргах нь хэргийг нэг мөр, эргэлзээгүй шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

            Хохирогч Б.Т ын биед бусдын буруутай үйл ажиллагааны улмаас гэмтэл учирсан байх тул иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээдийг тогтоож, Эрүүл мэндийн даатгалын сангаас хэдэн төгрөгийн эмчилгээний зардал гарсан эсэх асуудлыг тодруулах шаардлагатай байна.

            Мөрдөгч 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох” тухай тогтоолоор ажлын хэсэг 5 см урт, нийт 11 см урттай бор өнгийн модон иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцсон атал үзүүр хэсэгтээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан ажлын хэсэг 8.8 см урт, нийт 19 см урттай цэнхэр өнгийн хуванцар иштэй хутгыг яллагдагч С.Ц т хүлээлгэн өгсөн болох нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл”-д тусгагджээ.

            Өөрөөр хэлбэл цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр иштэй хуванцар хутгыг ямар үндэслэлээр хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж буцаан өгсөн болох нь ойлгомжгүй, тодорхойгүй байх тул уг асуудлыг тодруулах шаардлагатай гэж Ц-д холбогдох эрүүгийн 2407 0000 0012 дугаартай хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Ц т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Прокурор А.Лхагваа давж заалдах шатны шүүхэд бичсэн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №49 дугаартай шинжээчийн дүгнэлтэд үзүүлэгчийн биед 5 удаагийн шарх гэмтэл үүссэн талаар дурдсан бөгөөд хохирогч Б.Т  нь уг гэмтлийн улмаас Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байхад хавтас хэрэгт яаралтай тусламжийн хуудас, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх зэрэг баримтууд авагдаагүй байх тул дээрх баримтуудыг хэрэгт хавсаргах нь хэргийг нэг мөр, эргэлзээгүй шийдвэрлэхэд ач холбогдолтой байна гэжээ.

            Мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу шинжээч хохирогч Б.Т ын биед биечлэн үзэг хийж, учирсан гэмтлийг шинжээчийн дүгнэлтийн хэсэг газрын үзлэг хэсэгт нэг бүрчлэн тэмдэглэсэн.

            Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлт нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Гэмтлийн зэрэг тогтоох журам, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаж гарсан байх тул яаралтай тусламжийн хуудас, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргах шаардлагагүй болно.

            Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу хохирогч Б.Т ын биед бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх тул иргэний нэхэмжлэгчээр тогтоовол зохих этгээдийг тогтоож, Эрүүл мэндийн даатгалын сангаас хэдэн төгрөгийн эмчилгээний зардал гарсан эсэх асуудлыг тодруулах шаардлагатай гэжээ.

            Гэмт хэрэг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдэж хохирогч Б.Т  нь Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эмнэлгээс гарсан болох нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан.

            Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж хуульчилсны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Б.Т ыг гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ  хохирч эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан эсэхийг тодруулах зорилгоор холбогдох лавлагааг авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гараагүй болох нь тогтоогдсон тул холбогдох этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагаа явуулаагүй. /хх-ийн 58 дугаар хуудас/

            Захирамжид мөрдөгч нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох” тухай тогтоолоор ажлын хэсэг 5 см урт, нийт 11 см урттай бор өнгийн модон иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцсон атал үзүүр хэсэгтээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсан ажлын хэсэг 8,8 см урт, нийт 19 см урттай цэнхэр өнгийн хуванцар иштэй хутгыг яллагдагч С.Ц т хүлээлгэн өгсөн болох нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл”-д тусгасан бөгөөд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн хуванцар иштэй хутгыг ямар үндэслэлээр хэрэгт ач холбогдолгүй гэж буцаан өгсөн болох нь ойлгомжгүй, тодорхойгүй байх тул уг асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзжээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар яллагдагч С.Ц  нь хохирогч Б.Т ыг ажлын хэсэг 5 см урт, нийт 11 см урттай бор өнгийн модон иштэй хутгаар хутгалж гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно гэж хуульчилсан.

            Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 8.8 см урт, нийт 19 см урттай цэнхэр өнгийн хуванцар иштэй хутгыг эд мөрийн баримт мөн гэж үзэж, шүүхээр шийдвэрлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул мөрдөгчөөс өмчлөгч, эзэмшигчид буцаан олгосон нь хууль үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй асуудлыг дурдаж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна.

            Иймд Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/84 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Ц т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн С.Ц ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/84 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч С.Ц т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН 

 

                         ШҮҮГЧ                                      Б.БАТЗОРИГ 

 

                                     ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ