Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2025/00424

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  Л.Оюун-Эрдэнийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00483/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Л.О******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие Булган аймгийн Бугат сумын 8-н жилийн дунд сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байгаад 1994 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. 1994 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нярай хүүхдээ асрахаар хүсэлтээ гаргасан учир 1996 оны 09 дүгээр сарын 09-ний хүртэл хууль ёсны эрхийн дагуу жилийн хүүхэд асрах чөлөөг 1994 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тушаалаар олгосон.

Уг тушаал архивт байхгүй байгаа боловч хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Л.О******* нь миний хамгийн том төрсөн эгч. Л.О******* нь 1992 онд Соёлын гэгээрлийн дээд сургуулийг төгсөж, Булган аймгийн Бугат сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын тушаалаар Булган аймгийн Бугат сумын 8-н жилийн дунд сургуулийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад 1994 оны 09 дүгээр сард жирэмсний амралтаа авч 1996 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эргэн ажилдаа орж ажиллаж байгаад 1997 оны 05 дугаар сарын Булган аймгийн Бугат сумын соёлын төвийн эрхлэгчээр ажилласан. 1997-2003 онуудад Булган аймгийн Бугат сумын соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байгаад Улаанбаатар хотод цэцэрлэгийн дуу хөгжмийн багшаар шилжин явсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул ажилласан жил буюу жирэмсний амралттай байсан хугацаагаа шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна. Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн байгаа боловч 1993 онд цалин нэмэгдсэн тушаал байгаад 1992 онд орсон, гарсан тушаал архиваас шүүхэд гарч ирээгүй гэв.

3.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-Итгэмжлэл /хэргийн 4-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн 1994 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Ч.Н*******ы төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 6-р хуудас/.

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр С.Э*******, С.Ж*******нарын мэдүүлгийг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Л.Оюун-Эрдэнийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Хүсэлт гаргагч Л.О******* нь хүүхэд асрах чөлөөний олгосон тушаал олдохгүй байх тул Булган аймгийн Бугат сумын 8-н жилийн дунд сургуульд хөгжмийн багшаар 1994 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 09-ний хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Л.О******* нь Булган аймгийн Бугат сумын 8-н жилийн дунд сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хүртэл дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан болох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон гэрч С.Э*******, С.Ж*******нарын хамт ажиллаж байсныг гэрчилсэн мэдүүлгүүд зэрэг баримтаар нотлогдож байна.

3.2. Хүсэлт гаргагч нь дуу хөгжмийн багшаар 1994 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүүхэд төрүүлэх хүртэл ажилласан байх бөгөөд хүүхэд асрах 2 жилийн хугацаагаа дуусгаж ажилдаа ороод Бугат сумын Соёлын төвийн эрхлэгчээр томилогдон ажилласан болох хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

3.3. Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1994 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл нярай хүүхдээ асрах чөлөө олгосон тэмдэглэл бичигджээ.

3.4. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан, 1991 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд амаржсаны дараа 56 хоногийн амралт олгох, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүүхдээ асрахад зориулж хүүхдийг хоёр настай болтол зохих тэтгэмжтэй чөлөө олгож, ажил албан тушаалыг нь хэвээр хадгалахаар тус тус заасны дагуу хүсэлт гаргагч 1994 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл амаржсаны дараах амралт, 1994 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө авах, түүний ажил албан тушаалыг хэвээр хадгалах үндэслэлтэй байх тул төрүүлсэн хүүхдийг 2 нас хүрсэн өдөр хүртэл хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг тогтоох хуулийн үндэслэлтэй байна.

Иймд хүсэлт гаргагч Булган аймгийн Бугат сумын 8-н жилийн дунд сургуульд 1994 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хөгжмийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Лхагважавын Оюун-Эрдэнийг Булган аймгийн Бугат сумын 8-н жилийн дунд сургуульд 1994 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 1996 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хөгжмийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ