Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДМШ/418

 

 

 

 

 

  2024           04             04                                       2024/ДМШ/418

 

 

Х.Ц , Д.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор С.Батгэрэл,

           шүүгдэгч Х.Ц , түүний өмгөөлөгч А.Очбадрал /цахимаар/,

шүүгдэгч Д.А түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

           нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 01-ний 2024/ШЗ/0349 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэлийн 2024 оны 02 дугаар сарын  23-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр Х.Ц , Д.А нарт холбогдох эрүүгийн 2308 00296 2198 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишиг илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Д.А Х.Ц  нар нь бүлэглэж 2022 оны 12 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Хаягт иргэн З.З тай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад унтсан үед нь гэрээс эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.325.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокуророос: Х.Ц , Д.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Х.Ц  хохирогчийн эд зүйлийг авахын тулд хохирогчийг ямар нэгэн байдлаар сэрээхгүй, сэрээхгүй байх зорилгоор хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хохирогчийн эд зүйлээ хамгаалах ухамсар, чадварыг санаатайгаар сулруулж, цээж хэсэгт нь сүхний ишээр 2 удаа цохиж, эд зүйлийг авч явсан үйлдлийг хүч хэрэглэхгүйгээр эд зүйлийг авч явсан гэж дүгнэх үндэслэлгүй байна. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхыг шаардах ба хохирогч З.З  нь согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэн тасарч, болсон үйл явдлыг огт санахгүй, эсхүл унтаад сэрэхэд нь л эд зүйл алдагдсан байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдохгүйгээс гадна прокурор нь Х.Ц , Д.А нарт холбогдох хэргийн яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулахдаа хохирогчид хүч хэрэглэснийг нотолсон дээрх нотлох баримтыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр зүйлчлэлийг хөнгөрүүлсэн хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.

            Яллагдагч Х.Ц , Д.А нар нь эд зүйлийг ломбардад тавьж мөнгийг хувааж авсан талаар мэдүүлсэн бөгөөд хаана, хэдэн төгрөгөөр ломбардад тавьж, хэн, хэн нь хэдэн төгрөг авч ашигласан талаар нарийн шалгаж тодорхойлох нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг зөв тогтооход чухал ач холбогдолтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоох шаардлагатай ба хохирогч З.З ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал гарсан эсэхийг шалгаж тодруулах ажиллагааг орхигдуулсан тул  яллагдагч Х.Ц , Д.А нарт холбогдох 2308 00296 2198 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Х.Ц , Д.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь  хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж зааснаар шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан.

            Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан 17 асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж тодорхой заасан байхад шүүгч хэлэлцүүлэгт тухайн хэргийн үйл баримт, яллагдагч нарын үйлдсэн гэм буруутай тохирч байгаа эсэх, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолоор сонсгосон ял үндэслэлтэй эсэх, прокурорын хэргийн зүйлчлэл зөв хийгдсэн эсэхийг хэлэлцэж, шүүхээс хэргийн зүйлчлэл тохироогүй, прокуророос сонсгосон ялыг хүндрүүлэн зүйлчлэх шаардлагатай гэж буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр зарим холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14 дэх хэсэгт заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэсэн заалт шинээр нэмэгдсэн.

            Энэ хуулийн заалтыг тухайн хэргийн зүйлчлэл тохироогүй, сонсгосон ял, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол шүүх дээр 60 хүртэл хоногоор хойшлуулж, прокурорт даалгаж шийдвэрлэхээр зохицуулсан нь дээрх хэлэлцсэн асуудлаар хэргийг прокурорт буцаахгүй гэсэн үзэл санаа гэж ойлгож байна.

            Гэтэл шүүгч дээрх хуулийн зохицуулалтыг “шүүх хуралдааны өмнөх шатанд зүйлчлэл хүндрүүлэх нөхцөл байдал илрээгүй, илрэх, мэдэх боломжгүй байсаар шүүх хуралдааны явцад илэрсэн зайлшгүй тохиолдолд хэрэглэх нь зүйтэй бөгөөд шүүх хуралдааны өмнө илэрсэн зүйлчлэл хүндрүүлэх тохиолдолд хэрэглэх нь зохисгүй” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж байна.

            Өөрөөр хэлбэл, шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хүлээн авснаас хойш хуульд заасан үндэслэлээр л урьдчилан хэлэлцүүлэг явуулж, уг хуралдаанаар хуульд заасан хэлэлцэх асуудлуудыг л хэлэлцэж шийдвэрлэхээс гадна, шүүхийн хэргийн зүйлчлэл хүндрүүлэхээр буцааж байгаа заалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцах үндэслэлд хамаарахгүй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар яллагдагч Х.Ц , Д.А нарт холбогдох хэргийг бодит хохирол, хор уршгийг нэг мөр тогтоосон. Хэдийгээр мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулах үүрэгтэй субъект боловч нэгэнтээ хэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид хэдэн төгрөгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн нэхэмжлэх эрх бүхий байгууллагаас нэхэмжлэл гаргаж нэхэмжлээгүй нь хэргийн зүйлчлэл, яллагдагч нарын гэм буруу, эрүүгийн хариуцлага болон хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй атал шүүхээс тухайн ажиллагааг заавал хийхийг даалгаж буцаах үндэслэлээ болгосон нь үндэслэлгүй, түүнчлэн анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэх хуулийн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна.

            Нэхэмжлэх эрх бүхий этгээд болох Эрүүл мэндийн даатгалын сан нотлох баримтаа бүрдүүлэн Эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан гэж үзвэл иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх бүрэн боломжтой.

            Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь  заалтыг тус тус зөрчсөн нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болно.

            Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/0349 дугаартай шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Х.Ц  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа...” гэв.

            Шүүгдэгч Х.Ц ын өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр гэм бурууг хэлэлцэх хуулийн заалтыг зөрчсөн нь тодорхой байна. Хэргийн нөхцөл байдалд дээрэмдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага оноох гэдэг. Гэтэл нөхцөл байдлыг харахаар хохирогчийн цээжинд цохичхоод хэсэг хугацаа өнгөрсний дараа үүрээр 4, 5 цагийн үед эд зүйлсийг аваад гараад явсан нөхцөл байдал тогтоогддог. 4, 5 цагийн дараа дээрэмдэх гэмт хэрэг гарна гэдэг боломжгүй, гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлтэй холбоотой асуудал хөндөгдөж байна. Прокурор н.Энхмаа хянаж байгаад сүүлд прокурор С.Батгэрэл дээр очсон. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Үнэхээр хохирогчид хохирол учирсан байвал иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрх нь хохирогчид ч байгаа, Эрүүл мэндийн даатгалын санд ч байгаа. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээж аваад гэм буруугийн шүүх хуралдааныг зарлах байдлаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

            Шүүгдэгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа...” гэв.

 Шүүгдэгч Д.Алтанжаргалын өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт 17-н үндэслэл болон гомдол, хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-т “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт” гэсэн байдаг. Энэ нь хэргийн оролцогч буюу улсын яллагчийн зүгээс болон яллагдагч эсхүл хохирогч, өмгөөлөгчийн зүгээс нэмж мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны эцэст урьдчилсан хэлэлцүүлэг зарладаг...” гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:                 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Х.Ц , Д.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн Х.Ц , Д.А нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Түүнчлэн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор  шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний 2024/ШЗ/0349 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Х.Ц , Д.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                              Б.АРИУНХИШИГ