Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2025/00427

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: С.Х*******д хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох тухай 304/2025/00450/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч С.Х*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч С.Х******* нь М.Д*******той хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие өөрийн нөхөр М.Д*******той 2004 онд танилцаж, хайр сэтгэлтэй болж 2004 оны 02 дугаар сараас хойш 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хамтран амьдарсан. 2004 оны 02 дугаар сараас хамтран амьдарч, 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдөр том охин Д.Д*******, 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүү Д.Б*******, 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр охин Д.О*******, 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүү Д.Б******* нар төрсөн. Миний нөхөр М.Д******* нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өвчний улмаас нас барсан.

Нийгмийн даатгалын хэлтсээс гэр бүлийн хүнийг нас барсан тохиолдолд тодорхой хувь нь надад өвлөгдөх ёстой. Гэхдээ 2004-2006 оны хооронд хамтран амьдарч байснаа тогтоолгох шаардлагатай гэсэн тул С.Х******* намайг нөхөр М.Д*******той хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-2005 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Д*******ийн Д*******гийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Д*******ийн Б*******ын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Д.Оюун-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/,

-2015 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Д.Б*******ын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 8-р хуудас/,

-2006 оны 06 дугаар сарын 05-ны өдөр С.Х*******, М.Д******* нарыг гэр бүл болсныг бүртгэсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хэргийн 9-р хуудас/,

-Булган аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 39 дугаар албан тоот /хэргийн 10-р хуудас/,

-М.Д*******ийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 11-р хуудас/.

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр М.Э*******, Б.А******* нарын мэдүүлгийг авсан.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч С.Х*******гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Хүсэлт гаргагч С.Х******* нь нөхөр М.Д*******той 2004 оны 02 дугаар сараас хамтран амьдарч байгаад 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Нөхөр маань 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өвчний учир нас барсан. Бид хоёрыг 2004 оны 02 дугаар сараас хамтран амьдарч байгаад 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч С.Х******* нь 2004 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Д*******ийн Д*******гийн төрсний гэрчилгээний хуулбар, 2007 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү Д*******ийн Б*******ын төрсний гэрчилгээний хуулбар, 2006 оны 06 дугаар сарын 05-ны өдөр С.Х*******, М.Д******* нарыг гэр бүл болсныг бүртгэсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Булган аймгийн Рашаант сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 39 дугаартай М.Д******* нь Сансар хороолол 3-315 тоотод эхнэр С.Х******* болон 6 хүүхдийн хамт амьдарч байсан үнэн болохыг тодорхойлсон дугаар албан тоот, М.Д*******ийн нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон гэрч нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Г******* овогт Сын Х******* /........./, Уб овогт Мийн Д******* ........./ нарыг 2004 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    О.ОДОНЧИМЭГ