Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/483

 

 

 

 

 

 

    2024           4             24                                        2024/ДШМ/483           

 

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор О.Нандинцэцэг,

           хохирогч Б.Э өмгөөлөгч Х.Билгүүн,  

           шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

           нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Э өмгөөлөгч Х.Билгүүн, О.Анхбаяр, шүүгдэгч Б.М нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 2311020181721 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.М, 1998 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт .................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Ялалтын талбай дээр хүнсний ногоо худалдан борлуулж байсан Б.Этай “..жоохон лангуугаа цааш нь шахчих, явган хүний гарц хаагаад байна гэсэн" үгнээс шалтгаалан маргалдаж түүнийг зодож духны зүүн хажуу хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хацар, уруулын баруун дээд хэсэгт зулгаралт, хүзүүний баруун, зүүн бугуйны гадна хэсэгт цус хуралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Мг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мгаас 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э олгуулж, хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Х.Билгүүн нараас нэхэмжилсэн 7.690.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хохирогч Б.Эөмгөөлөгч Х.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 7.690.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг болох 4.400.000 төгрөгийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хавтаст хэргийн 79 дүгээр талд байгаа нотлох баримтыг ямар үндэслэлээр үнэлээгүй болохоо дүгнээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дэслэгч Б.Өлзийсайхан нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 2.1.1 дэх хэсэг, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг үндэслэн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 4.400.000 төгрөгөөр тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөн байцаагчийн тогтоосон сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан маягтын загвар дээр хохирогч Б.Э нь гарын үсэг зурсан байх тул энэ баримт нь шинжээчийн дүгнэлтийн нэгэн адил үнэлэгдэх нотлох баримтын шаардлага хангасан баримт юм. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгана”, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ. Иймд нотлох баримт болон хуулийн дээрх заалтыг үндэслэн шүүгдэгчээс 4.400.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Эад олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, мөн шүүхийн шийдвэрийн 4 дэх талд “хавтаст хэргийн 85-92 дахь талд байх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбаргэжээ. Хохирогч Б.Э нь Серина бюти эмнэлэгт сорви арилгах эмчилгээг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, 10 дугаар сарын 20-ны өдөр, 11 дүгээр сарын 28-ны өдөр тус тус хийлгэж, эмчилгээний нэг оролт 1.050.000 төгрөг, нийт 3 удаагийн эмчилгээний төлбөрт 3.150.000 төгрөг төлсөн. Энэ төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжлэнСерина бюти эмнэлгээс олгосон и-баримтыг шүүхэд эх хувиар нь гарган өгсөн юм. Хавтаст хэргийн 92 дугаар талд авагдсан эдгээр и-баримтууд нь Татварын нэгдсэн системд ашиглах төлбөрийн баримтын mns-2015 стандартын 7.2-т заасан Албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийн нэр, төлбөрийн дугаар, огноо, ажил үйлчилгээний нэр, үнэ, сугалааны дугаар, нууцлалын QR /quick response code/ код зэрэг мэдээллийг тусгасан дахин давтагдашгүй баримтын дугаар бүхий нотлох баримтын шаардлага хангасан баримт байтал анхан шатны шүүхээс баримтыг хуулбар баримт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг болон эмчилгээний зардалд нэхэмжилсэн 7.550.000 төгрөгийг шүүгдэгч Б.Мгаас гаргуулж, хохирогч Б.Эад олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Б.Эөмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Б.Эзүгээс нийт 7.690.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлээс тархины зураг авахуулсан 140.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, харин бусад 7.550.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад хохирогчоос нэхэмжилсэн 7.690.000 төгрөгийг бүхэлд хэрэгсэхгүй болгож хэмээн бичжээ. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх өөрийн хангаж шийдвэрлэсэн 140.000 төгрөгийг ч мөн адил бусад нэхэмжлэлтэй хамтад нь хэрэгсэхгүй болгож алдаатай шийдвэр гаргасан. Өмгөөлөгч Х.Билгүүний зүгээс эмчилгээний зардалд төлсөн 5 ширхэг эх хувьд баримтыг гаргаж өгсөөр байхад шүүхээс хуулбар хэмээн дүгнэсэн үндэслэлгүй юм. Хавтаст хэргийн 88 дугаар талд эмчлэгч эмч нь гоо сайхны эмчилгээнд сорви арилгах гурван төрлийн эмчилгээг хийхээр бичсэн байх бөгөөд гурван төрлийн эмчилгээний нэг удаагийн төлбөрийг хооронд нь нэмбэл 300.000+300.000+450.000=1.050.000 төгрөг болно. Эмчилгээг бүхэлд нь хийлгэвэл зардал нь 5.400.000 төгрөг төлөх шаардлагатай болох нь тодорхой байдаг. Үүнээс анхан шатны хурал болох үед хохирогч Б.Э нь эмчилгээг 3 удаа хийлгэсэн буюу 3.150.000 төгрөг төлсөн болохыг нотолсон баримт 92 дугаар талд авагдсан байсан. Гэтэл шүүх шийдвэрийнхээ 4 дүгээр нүүрт “88 талд авагдсан эмчилгээний төлбөр гэх 92 дугаар талд байх “эрүүл мэндийн үйлчилгээ” гэж төлсөн төлбөрөөс зөрүүтэй байна.” хэмээн хохирогчийн нэг удаад төлсөн 1.050.000 төгрөг гэх тоо хэрхэн бүрэлдсэн зүй тогтлыг огт судлалгүй буруу шийдвэр гаргасан байдаг.

Хохирогч нь өөрийн Хаан банкны 5056073171 дугаарын данснаас “Серина бюти” эмнэлгийн 5219205223 дугаартай данс руу 2023 оны 10 дугаар сарын 11, 20-ны өдрүүд, 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус “эмчилгээ Б.Э” гэх утгаар нийт 3.150.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Иймд хохирогч нь энэхүү эмчилгээний зардлаа шүүгдэгчээс гаргуулах бүрэн эрхтэй юм. Анхан шатны шүүхээс хохирогч Б.Эаас нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг шийтгэх тогтоолын 4 дэх нүүрний төгсгөл хэсэгт “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан “хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг буюу дөрвөн долоо хоног дотор эдгэрэх гэмтлээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал байдаг.” хэмээн бичээд хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэхүү дүгнэлтээс харвал анхан шатны шүүх нь хөнгөн гэмтлийг дөрвөн долоо хоног дотор харьцангуй хурдан эдгэх гэмтэл тул сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэх эрхгүй хэмээн дүгнэж, тухайн гэмтлийн эдгэрэлтийн явц, хурдыг чухалчилжээ. Гэтэл Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтад сэтгэцэд учирсан хор уршиг гэдгийг тодорхойлсон байдаг. Үүнээс дүгнэвэл сэтгэцэд учирсан хор уршиг гэдэг бол махан бодийн эдгэрэх хугацаатай огт хамааралгүй ойлголт болох нь тодорхой байна. Харин эсрэгээрээ нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй хохирогчийн мэдэрч буй мэдрэмж болох өвдөлт, зовуурь, сэтгэлийн зовлон шаналал бол сэтгэцэд учирсан хохирол юм. Хохирогч нь зөвхөн бие махбодид учирсан хохирлоо гэмт этгээдээр нөхөн төлүүлээд, харин сэтгэл санааны хохирлоо тооцуулж чадалгүй үлддэг байсан. Энэхүү тал асуудлыг бүтэн болгохын тулд сэтгэцэд учирсан хор уршгийг тооцдог болсон. Гэтэл анхан шатны шүүх бие махбодын эдгэрэлтээр нь нөгөө тал болох сэтгэл санааны хохирлыг няцааж байгаа нь ямар ч үндэслэлгүй бөгөөд маш буруу жишиг юм. Хохирогч нь олон нийтийн газар, хамт ногоо зардаг бусдын нүдэн дээр шүүгдэгчид зодуулж гэмтсэн. Хохирогчид тогтоогдсон хөнгөн зэргийн гэмтэл нь түүнд ямар ч өвдөлтгүйгээр учирсан байх ямар ч боломжгүй. Түүнчлэн, хохирогчийн нэхэмжилж буй сэтгэцэд учирсан хор уршгийг хэрэгсэхгүй болгосон явдал нь шүүгдэгчийн гэмт үйлдлийг өөгшүүлснээс ялгаагүй хэрэг юм. Эрүүгийн хариуцлага гэдгийг зөвхөн ял шийтгэлээр хязгаарлан ойлгож болохгүй. Эрүүгийн хариуцлага гэдэг бол ял шийтгэлээс гадна шүүгдэгчид үүсэх эдийн засгийн сөрөг үр дагавар байдаг. Эдийн засгийн сөрөг үр дагавар гэдэгт хохирогчид нөхөн төлөх хохирол, хор уршиг зайлшгүй багтана. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, хохирогч нь хохирол, хор уршигт нийт 7.690.000 төгрөгийг шүүгдэгч Б.Мгаас гаргуулах эрхтэй хэмээн өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хувиараа бизнес эрхэлж Барс захад лангуу түрээсэлж жимс, нарийн ногоо зардаг. Би тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа энэ хэргийг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруу болон хэргийн зүйлчлэл талаар маргахгүй. Энэ хэргийг үйлдсэнээсээ хойш би өөртөө маш их дүгнэлт хийж ухаарч, хохирогчоос уучлалт гуйж буруу зүйл хийсэндээ маш их харамсаж байгаа болно. Иймд анхан шатны шүүхээс 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 3.150.000 төгрөгийг “Серина бюти эмнэлэгт төлсөн гэдэг. Гэтэл хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтыг хавсаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан. Сэтгэл санааны хохирол гэж ярьж байна. Хохирогч Б.Эбиед шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар цус хуралт, зулгаралт гэмтлүүд үүссэн байдаг. Эдгээр нь Шүүх шинжилгээний тухай хуульд зааснаар хөнгөн гэмтэл учруулсан буюу 7-14 хоногийн хугацаанд эдгэрэх бүрэн боломжтой гэмтэл байдаг. Тийм учраас заавал “Серина бюти гэх гоо сайхны эмнэлэгт хандаад өндөр үнэтэй эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлага байсан уу, үгүй юу. Энэ нь нотлогдохгүй байдаг. Сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 4.400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирогч Б.Эсэтгэцэд хямрал үүссэн талаар сэтгэл заслын эмнэлэг болон эмчид хандаж эмчилгээ үйлчилгээ авсан талаар баримт хэрэгт авагдаагүй. Иймд сэтгэцэд учирсан гэмт хорын хохирол болох 4.400.000 төгрөг, эмчилгээний зардал гээд нийт 7.690.000 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэсэн нь үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, мөн шүүгдэгч Б.Мгийн хувийн байдалтай холбоотой нийт 21 хуудас баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгч байна. Уг нотлох баримтад иргэний үнэмлэхийн хуулбар, төрөл садны лавлагаа, “Барс” захад лангуу түрээсэлж жимс, ногоо зардаг талаарх баримтууд байгаа. Шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 450.000 төгрөгөөр торгох ял болгож өөрчилж өгнө үү. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгчийн биеийн байцаалтад эрэгтэй гэж буруу бичсэн байсан. Үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж өгнө үү. ...” гэв.

            Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал хэлэлцэгдээгүй байдаг. Хохирогч талын өмгөөлөгчөөс эмчилгээний зардал 3.150.000 төгрөг, сэтгэл санааны хохирол болох 4.400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Прокуророос 3.150.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт хангалттай байна. Сэтгэл санаанд учирсан хохирлыг 4.400.000 төгрөг гэж тогтоосон. Аргачлалын дагуу тогтоосон сэтгэл санааны хохирлыг үндэслэлтэй юу, үгүй юу гэдгийг шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Тийм ч учраас анхан шатны шүүхээс сэтгэл санааны хохирол болох 4.400.000 төгрөгийг хангаж шийдвэрлээгүй нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд эмчилгээний төлбөр болох 3.150.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, сэтгэл санааны хохирол болох 4.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчилж өгнө үү. Шүүгдэгч Б.Мгийн гаргасан давж заалдах гомдлын тухайд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон хор уршгийг нөхөн төлсөн байдал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхээс үндэслэлтэй шийдвэр гаргасан байна. Тухайн гэмт хэрэгт оновчтой тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

  Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-7/,

   хохирогч Б.Э“...Би Тэнгисийн талбай дээр зохион байгуулж байгаа намрын ногоочдын үзэсгэлэн худалдаанд лангуу аваад зогсож байтал эсрэг талын лангууны эмэгтэй 2 лангуу ажиллуулж байгаа бараагаа тавих гэж 7 ширхэг подоноо миний лангуунд ойртуулаад мөн явган хүний зам дээр тавьсан байхаар нь би өөрийнхөө лангууныхаа ард зогсож байгаад подоноо миний дүү жоохон цаашлуулчих гэсэн чинь над руу ирснээ бүдүүн гичий минь чамд ямар хамаатай юм гээд орилоод над руу өөрөө ирээд гар утсаараа толгой руу чичээд байсан. Би чи болиоч гэсэн тарган бүдүүнээр хэл амаар доромжлоод, гар утсаараа 2 удаа толгой руу цохиод авсан. Тэгэхээр нь би үснээс нь доошоо дарсан чинь тухайн эмэгтэй намайг түлхээд газар унагаасан, ер нь бол хамт газар унасан юм. Намайг унасны дараа дахин миний нүүр рүү өшиглөсөн, мөн цээж хэсэг рүү утсаараа цохисон. Над руу дахин ирээд утсаараа цохисон хэл амаар доромжилсон, би яаж байгаа юм бэ гэхэд дахин өшиглөөд миний нүүрийг хумсаараа  маажсан.  ...над руу дайрсан болохоор нь би үснээс нь татаад доошоо дарсан, тэгэхэд ямар нэгэн зүйл мөргөөгүй, би гар хүрээгүй, цохиж зодсон асуудал байхгүй. ...” /хх 10/,

гэрч Т.А“...Тухайн өдөр лангууны өөдөөс жимс зарж байсан эмэгтэй лангуунаасаа урагшлуулан подон байрлуулаад бараагаа дэлгэж байхаар нь би явган хүний замд саад болох гээд байна подоноо холдуулчих гэж хэлэхэд уурлангуй байсан. Манай хажуу талын лангууны эмэгтэй тийм шдээ гэж хэлээд надтай адилхан подоноо холдуулчих гэж хэлээд тэр хоёрын хооронд маргаан болсон. Б.М нь хохирогчийг хэл амаар доромжлоод тэр эмэгтэйг гар утсаараа түрүүлж толгой хэсэг рүү нь цохиод, нүүрийг нь маажсан. Тэгсэн хохирогч эмэгтэй Б.Мг болиулах гээд үснээс нь зулгаагаад доош нь дараад байсан. ...” /хх 14-15/,

            шүүгдэгч Б.Мгийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Би Ялалтын талбай дээр өөрийн бизнес болох тарвас, бүдүүн ногоо зараад зогсож байсан чинь миний өөдөөс харсан нарийн ногоо зардаг эмэгтэй надад “чи наад лангуугаа жоохон цаашлуулчих явган хүний гарц хаагаад байна” гэх зэргээр хэрүүлийн чанартай хэлтэл хажуу талаас нь зөгийн бал зардаг эмэгтэй “чи одоо наад лангуугаа хойшлуулаач яадаг гичий вэ” гэх зэргээр доромжилсон шууд лангуунаасаа гарч ирээд намайг үсдээд цээжээрээ түлхсэн намайг үсдэж аваад газраар чирээд байхаар нь хүмүүс салгасан юм. Миний толгой руу 4-5 удаа цохисон, миний үснээс 200 грамм үс унасан. Би утсаараа нүүр ам руу нэг ч цохиогүй, тэр эгч намайг үсдээд дагуулаад аваад чирээд аваад явсан асуудал байгаа. Тухайн эмэгтэй намайг цагдаад дуудлаа гээд миний утсыг аваад газар шидсэн, тэгээд цагдаа ирээд тухайн эмэгтэйн гэр бүлийнхэн ирээд намайг мөн гэр бүлийнхэн нь намайг үг хэл амаар доромжлоод байсан. Тэнд нарийн ногоо зардаг нэг эмэгтэй байгаа Амараа гээд байсан байхаа тэр эмэгтэй харсан тэр эмэгтэй анх хэрүүл гаргаад, мөн бид хоёрыг салгасан хүн юм. Нэмж хэлэхэд би тухайн үед бусдад зодуулчихлаа гэх дуудлага мэдээлэл би өөрөө түрүүлж өгсөн. ...” /хх 69/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 12365 дугаар “...Б.Эбиед духны зүүн хажуу хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хацар, уруулын баруун дээд хэсэгт зулгаралт, хүзүүний баруун, зүүн бугуйн гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх 32-33/, дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх 41/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх 79/, “Серина бюти” эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ авсан талаарх баримт /хх 92/, “Med trauma” эмнэлгийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дүрс оношилгооны /хх 93/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

            Шүүгдэгч Б.М нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Ялалтын талбай дээр хүнсний ногоо худалдан борлуулж байсан Б.Этай “лангуугаа цааш нь жоохон шахчих, явган хүний гарц хаагаад байна гэсэн" үгнээс шалтгаалан маргалдаж түүнийг зодож духны зүүн хажуу хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун хацар, уруулын баруун дээд хэсэгт зулгаралт, хүзүүний баруун, зүүн бугуйны гадна хэсэгт цус хуралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан.

Шүүхээс Б.Мд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх тул шүүгдэгчийн “торгох ял оногдуулж” өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Харин хохирогчийн өмгөөлөгч Х.Билгүүн “хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг болон эмчилгээний зардалд нэхэмжилсэн 7.550.000 төгрөгийг шүүгдэгч Б.Мгаас гаргуулж, хохирогч Б.Эад олгохоор”,

Хохирогчийн өмгөөлөгч О.Анхбаяр “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, хохирогч Б.Э нь хохирол, хор уршигт нийт 7.690.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах эрхтэй хэмээн өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.

Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан.  

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэжээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3.300.000 төгрөгөөр сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

 Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогддог.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад, хохирогч Б.Э зүгээс эмчилгээний төлбөр 2023 оны 10 дугаар сарын 11, 10 дугаар сарын 20, 11 дүгээр сарын 28-ны өдрүүдэд тус бүр 1.050.000 төгрөгийн буюу нийт 3.150.000 төгрөгийг нэхэмжилсэн байхад шүүх тус баримтыг үнэлэлгүйгээр шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Тиймээс хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үнэлж, эмчилгээний төлбөр 3.150.000 төгрөг, тархины зураг авахуулсан 140.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3.300.000 төгрөг нийт 6.590.000 төгрөгийг шүүгдэгч Б.Мгаас гаргуулж, хохирогч Б.Эад олгох нь хуульд нийцнэ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээн хохирогчийн өмгөөлөгч Х.Билгүүн, О.Анхбаяр нарын давж заалдах гомдлыг тус тус хангаж, шүүгдэгч Б.Мгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн биеийн байцаалтад түүнийг “эрэгтэй” гэж алдаатай бичсэнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолын:

Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “…Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мгаас 140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э олгуулж, хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч О.Анхбаяр, Х.Билгүүн нараас нэхэмжилсэн 7.690.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Мгаас 6.590.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Эад олгосугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Х.Билгүүн, О.Анхбаяр нарын давж заалдах гомдлыг тус тус хангаж, шүүгдэгч Б.Мгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ   

                               ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                               ШҮҮГЧ                                                       Н.БАТСАЙХАН