Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0838

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т ХХК /РД:/,

Хариуцагч: Баянгол дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э

Маргааны төрөл: Татварын маргаан

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ц.А, Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т ХХК-иас Баянгол дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарт холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн НА-2624 дугаар актын тэмдэглэх хэсгийн 2, 4 дахь хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа актын 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах-аар нэмэгдүүлсэн, эдгээр шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

2. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2******* тоот томилолтын дагуу Т ХХК-ийн 2020-2022 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нар эрсдэлд суурилсан бүрэн хяналт шалгалт хийж 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА-2624 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актаар 775,127,894.10 төгрөгийн зөрчилд нийт 101,978,661.54 төгрөгийн төлбөр ногдуулсан.

3. Нэхэмжлэгчээс уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдолд гаргасныг тус зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолоор улсын байцаагчийн НА-2624 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн байна.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Татварын улсын байцаагчийн актаар нийт 4 зөрчил гэх зүйлийг илрүүлж акт тогтоосон, актын тэмдэглэх хэсгийн 1-д 2021 онд Баянгол дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Нийслэлийн Засаг даргын 2018.04.20-ны өдрийн А/343 тоот шийдвэртэй, нэгж талбарын дугаар бүхий аж ахуйн зориулалттай 2 га газрын эзэмших эрхийг шилжүүлэхдээ гэрээний үнээр тооцон 648,120,320.00 хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж, төсөвт төлөөгүй гэх үндэслэлээр 48,212,032.00 төгрөгийн нөхөн татвар, 14,463,609.60 төгрөгийн торгууль, 21,114,459.41 төгрөгийн алданги нийт 83,790,101.01 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Т ХХК нь 2021 онд Баянгол дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Нийслэлийн Засаг даргын 2018.04.20-ны өдрийн А/343 тоот шийдвэртэй, нэгж талбарын дугаар бүхий аж ахуйн зориулалттай 2 га газрын эзэмших эрхийг Б ХХК-д 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21/02 дугаар худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Газрын эрх шилжүүлэх гэрээний үнэ 1,200,000.00 (нэг тэрбум хоёр зуун сая) төгрөг байсан бөгөөд татварын улсын байцаагч нар Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.5-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалын дагуу тооцсон дуудлага худалдааны анхны үнээс багагүй байна гэж заасныг үндэслэн нөхөн татвар ногдуулсан.

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 303 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалын 2.1-д Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогын дүн Газрын тухай хуулийн 19.1.5- д заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал-ын дагуу тооцсон дуудлага худалдааны анхны үнээс багагүй байна гэж заасан. Т ХХК-ийн хувьд газрын эрхийг анх дуудлага худалдаанд оролцож 180,000,000 (нэг зуун наян сая) төгрөгөөр худалдаж авсан.

Гэтэл татварын улсын байцаагч нар дээрх аргачлалын 2.2-т Энэ аргачлалын 2.2, 2.3 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд тухайн газрыг дуудлага худалдаагаар авахад шалгарсан үнэ болон татвар төлөгчөөс мэдүүлсэн газрын эрх худалдах, худалдан авах гэрээний үнийн аль өндөр үнээр газрын эрхийн үнэлгээг тодорхойлно гэсний дагуу худалдах-худалдан авах гэрээний үнийг үл харгалзаж үндэслэлгүйгээр татвар ногдуулсан.

Актын тэмдэглэх хэсгийн 2-т 2020 онд 4,810,607.94 төгрөг, 2021 онд 46,043,929.07 төгрөг, 2022 онд 8,388,436.82 төгрөг, нийт 59,242,973.83 төгрөгийн үйл ажиллагаатай холбогдолгүй хувийн хэрэглээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийж, төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил гаргасан гэжээ.

Манай компани 59,242,973.83 төгрөгийг хувийн хэрэглээндээ зарцуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дэх хэсэгт зааснаар (албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх) гэж заасан байх бөгөөд уг зардлыг бизнесийн үйл ажиллагаанд зориулж гаргасан.

Татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсгийн 4-т 2020 онд 7,589,317,80 төгрөг, 2021 онд 27,349,357,43 төгрөг, 2022 онд 18,972,470.48 төргөг, нийт 53,911,145.71 төгрөгийн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтгүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдох орлогыг бууруулсан гэжээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д 3.1.3.анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог; гэж мөн хуулийн 13.1-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно мөн зүйлийн 13.5-д "Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна гэж заасан.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэх заалтын дагуу борлуулагчаас төлбөрийн баримт гэж шаарддаг боловч уг хуулийн хэрэгжилт хангалтгүйгээс болж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан... зардлыг хасаж тооцох боломжгүй нөхцөл байдлыг татварын улсын байцаагчийн актаар бий болгож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасны дагуу дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна, иймд нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Газрын тухай хуулийн 38.6-д Газрын эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно гэсэн зохицуулалттай.

Сангийн сайдын 2019 оны 303 дугаар тушаалын 1-р хавсралтаар баталсан аргачлалд мөн гэрээний үнэ, дуудлага худалдааны анхны үнийг аль өндөр дүнгээр газрын эрхийн үнэлгээг тогтооно (2.4 дэх заалт) гэж заасан.

Т******* ХХК-н борлуулсан нэгж талбарын дугаар бүхий 2 га газар эзэмших эрхтэй газрын дуудлага худалдааны анхны үнэ 1 843 120 320 төгрөг (дундын мэдээллийн сан egazar.gov.mn) байгаа бөгөөд Нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан дүн хууль, журам, аргачлалын дагуу үндэслэлтэй тогтоогдсон.

Бид хяналт шалгалт хийх явцдаа 2020-2022 оны системийн ебаримт, импортын гаалийн мэдээг татан авч, худалдан авалтын баримтыг нэг бүрчлэн тулган тооцоолол хийснээр 2020 онд 4,810,607.94 төгрөг, 2021 онд 46,043,929.07 төгрөг, 2022 онд 8,388,436.82 төгрөг, нийт 59,242,973.83 төгрөгийн үйл ажиллагаатай холбогдолгүй хувийн хэрэглээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж хасалт хийсэн болохыг илрүүлсэн.

Татвар төлөгчийн гомдолд дурьдсан дээрх 59,242,973.83 төгрөгийн зардлыг бизнесийн үйл ажиллагаанд зориулж гаргасан гэж тайлбарласан байна. Тус компани нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түрээслүүлэх үйл ажиллагаатай холбогдолгүй хөдөө орон нутагт хийгдсэн хувийн худалдан авалт, мөн Х******* ХХК, ******* ХК, Т******* ХХК, К******* ХХК, Н******* ХХК, Х******* ХХК, Х ХХК, Ж ХХК, М ХХК, Т******* ******* ХХК, М ХХК гэх зэрэг 50 компаниудаас хоол, хүнсний бүтээгдэхүүн, гутал хувцас худалдан авсан худалдан авалт, гэр бүлийн хэрэгцээнд зориулагдсан ном хэвлүүлсний худалдан авалт байсан.

Иймд энэхүү зөрчил нь 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 6-д 14.6. Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:... 14.6.2.хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ;... гэж заасан заалтыг зөрчсөн нь үндэслэлтэй байх тул татвар төлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. /худалдан авалтын тооцооллыг захиралд танилцуулсан/

Мөн 2020-2022 оны татварын удирдлагын нэгдсэн системийн ибаримтын мэдээг татан авч, баримтыг зардлын зүйл нэг бүрээр тулган тооцоолол хийхэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хавсралт ХМ-02(3Б) хасагдах зардлын мэдээнд тусгасан зардлууд нь Ибаримтын мэдээтэй зөрүүтэй тайлагнаснаар 2020 онд уур ус, цахилгааны төлбөр 4,250,474.17 төгрөг, Холбоо, бичиг хэрэг, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардал 3,338,843.63 төгрөг, нийт 7,589,317.80 төгрөг, 2021 онд уур, ус, цахилгааны төлбөр 5,049,192.11 төгрөг, түүхий эд материал 3,815,400.00 төгрөг, хөдөлмөр хамгааллын зардал 5,727,200.00 төгрөг, холбоо, бичиг хэрэг, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардал 11,637,700.45 төгрөг, бусад зардал 1,119,864.86 төгрөг, нийт 27,349,357.43 төгрөг, 2022 онд уур, ус, цахилгааны төлбөр 7,879,933.29 төгрөг, урсгал засварын зардал 6,408,455.53 төгрөг, холбоо, бичиг хэрэг, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардал 3,224,181.83 төгрөг, бусад зардал 1,459,899.83 төгрөг, нийт 18,972,470.48 төгрөг, 2020-2022 онуудад 53,911,145.71 төгрөгийн зөрчлийг илрүүлсэн. /зардлын баримт нэг бүрийн тооцооллыг захиралд танилцуулсан/

Иймд тус зөрчлийн дүнгээр дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтгүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдуулах орлогоо бууруулсан нь 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд: 13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно.... 13.1.4. доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт....-аар баталгаажсан байх: 13.1.4.а.энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал;...., 16 дугаар зүйлд: 16.1. Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй: 16.1.1.энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал;... заасан заалтыг зөрчсөн.

Нотлох баримтын тухайд дээрх худалдан авалт, зардлын тооцооллыг нэгэнт захиралд танилцуулсан, ирүүлсэн баримтын хүрээнд татварын удирдлагын нэгдсэн сангаас татан авсан хөндлөнгийн мэдээлэлд тулгуурлан татвар төлөгчийн тайлагнасан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлантай тулган тооцоолол хийсэн, мөн Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 7.7-д заасны дагуу баталгаажуулсан маягтуудыг хавсарган хүргүүлсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Т ХХК-иас Баянгол дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарт холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн НА-2624 дугаар актын тэмдэглэх хэсгийн 1, 2, 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Татварын байгууллагаас газрын эрх шилжүүлсний орлогоос татвар төлөөгүй, дутуу төлсөн татвар төлөгчид эрсдэл тооцож татварын хяналт шалгалтанд хамруулахаар шийдвэрлэсний дагуу хяналт шалгалт хийх 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2******* дугаар томилолтоор Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нар нь Т ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны эрсдэлд суурилсан бүрэн хяналт шалгалтыг хийхээр томилогдсон, хариуцагч нар нэхэмжлэгч байгууллагыг 4 зөрчил гаргасан гэж дүгнэж тухайн нөхөн ногдуулалтын актыг гаргасан ба нэхэмжлэгч нь актын 2 болон 4 дэх хэсгийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн байна.

Маргаан бүхий, 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн НА-2624 дугаар актын тэмдэглэх хэсгийн 1-д 2021 онд Баянгол дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, Нийслэлийн Засаг даргын 2018.04.20-ны өдрийн А/343 тоот шийдвэртэй, нэгж талбарын дугаар бүхий аж ахуйн зориулалттай 2 га газрын эзэмших эрхийг шилжүүлэхдээ гэрээний үнээр тооцон 648,120,320.00 төгрөгийн хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй, актын 2-т 2020 онд 4,810,607.94 төгрөг, 2021 онд 46,043,929.07 төгрөг, 2022 онд 8,388,436.82 төгрөг, нийт 59,242,973.83 төгрөгийн үйл ажиллагаатай холбогдолгүй хувийн хэрэглээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийж, төсөвт төлөх татварыг бууруулсан, 4-т 2020 онд 7,589,317.80 төгрөг, 2021 онд 27,349,357.43 төгрөг, 2022 онд 18,972,470.48 төгрөг, нийт 53,911,145.71 төгрөгийн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтгүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдуулах орлогоо бууруулсан гэж тус тус дүгнэн нийт 58,522,228.46 төгрөгийн нөхөн татвар, 17,830,162.11 төгрөгийн торгууль, 25,626,270.97 төгрөгийн алданги, нийт 101,978,661.54 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсгийн тухайд, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор Т ХХК болон Б ХХК нарын хооронд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 21/02 дугаар Худалдах худалдан авах гэрээ-г шүүхэд ирүүлсэн ба уг гэрээний 1.1-д Т ХХК нь Нийслэлийн Баянгол дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, аж ахуйн хашаа байршиж буй Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/343 тоот захирамж шийдвэртэй, 15 жилийн хугацаатай олгосон 2 га газрыг эзэмших эрхийн хамт Б ХХК-д шилжүүлэх-ээр, 4.1-д талуудын худалдах, худалдан авах гэрээний нийт төлбөр нь 1,200,000,000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөг байна гэж тохиролцсон, уг гэрээний төлбөрийг нэхэмжлэгч нь 5116006722 дугаар дансаар хүлээн авсан нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Энэ хуулийн 5.3-т заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдоно, 7.4-т Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно, 7.4.1-д үйл ажиллагааны орлого, 7.4.3-т хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна:, 10.1.2-т төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого гэж, 18 дугаар зүйлийн 18.7-д Энэ хуулийн 10.1.2-т заасан эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо тухайн эрхийн үнэлгээнээс доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж тодорхойлно, 18.7.1-д төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж гэж, 20 дугаар зүйлийн 20.2-т Албан татвар төлөгчийн дараах албан татвар ногдуулах орлогод доор дурдсан хувиар тооцож албан татвар ногдуулна, 20.2.1-д энэ хуулийн 18.6.1, 18.6.2, 18.6.3, 18.6.7, 18.7-д заасан орлогод 10 хувиар гэж, 30.5-д Газар ашиглах, эзэмших эрхийн үнэлгээг Газрын тухай хуулийн 38.6-д заасан үнийн шаардлагыг үндэслэн тодорхойлно, 30.6-д Энэ хуулийн 30.4-т заасан орлогод албан татвар ногдуулах журам, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасан.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно гэж, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 303 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал-ын 2.1-д Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогын дүн Газрын тухай хуулийн 19.1.5-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал-ын дагуу тооцсон дуудлага худалдааны анхны үнээс багагүй байна гэж 2.2-т Энэ аргачлалын 2.2, 2.3 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд тухайн газрыг дуудлага худалдаагаар авахад шалгарсан үнэ болон татвар төлөгчөөс мэдүүлсэн газрын эрх худалдах, худалдан авах гэрээний үнийн аль өндөр үнээр газрын эрхийн үнэлгээг тодорхойлно гэж нарийвчлан зохицуулсан байна.

Дээрхи хууль болон аргачлалын заалтуудаас үзвэл нэхэмжлэгч компанийн бусдад худалдсан газар нь Баянгол дүүргийн 5 дугаар бүсэд /үнэлгээний бүсийн/ хамаарч, тухайн газрын суурь үнэ 1 га нь 1,088,000,000 төгрөг, м2-ын үнэ 108 800 төг, итгэлцүүр 1,73-аар тооцоход 1 848 120 320 төгрөг болохоор байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч компани нь ...бид газрын эрхээ бодитоор, 1,2 тэрбум төгрөгөөр худалдсан, тайлангаа үнэн зөв хүргүүлсэн, уг эрхийн шилжилт хөдөлгөөн 2021 оны 5 дугаар сард хийгдсэн нөхцөл байдлыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээний худалдан авагч талтай тохиролцон үнийг 1 200 000 000 төгрөгөөр тогтоосон байх боловч газрын эрхийн хувьд тухайлан тогтоосон аргачлалаар тооцох, Газрын тухай хуулийн 38.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийг 648 120 320,00 төгрөгийн газрын эрх борлуулсны орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь хууль бус болохыг тогтоосон нөхөн ногдуулалтын акт хуульд нийцсэн байна.

Актын 2 дахь хэсгийн тухайд, үйл ажиллагаатай холбогдолгүй хувийн хэрэглээний худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд хасалт хийж төсөвт төлөх татварыг бууруулсан нь тогтоогдсон, энэ үндэслэлээр хариуцагч нар нөхөн ногдуулалтын акт үйлдэж төлбөр тогтоосныг буруутгах хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв. Учир нь:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойшх хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно, 14.1.2-т худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор бараанд төлсөн, 14.6-д Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй, 14.6.2-т хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ гэж заасан.

Нэхэмжлэгч нь ...гарсан зардлын хувьд бүхэлдээ бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж тайлбарласан боловч энэ талаархи нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, хяналт шалгалт хийх явцад ч гаргаж өгөөгүй болохыг хариуцагч нар тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Нөхөн ногдуулалтын актын 4-т 2020 онд 7,589,317.80 төгрөг, 2021 онд 27.349.357.43 төгрөг, 2022 онд 18.972.470.48 төгрөг, нийт 53,911,145.71 төгрөгийн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтгүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд оруулан тооцож татвар ногдуулах орлогоо бууруулсан гэж тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх дүгнэв. Учир нь:

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.4-т доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх, 13.1.4.а-д энэ хуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал, 16 дугаар зүйлийн 16.1-д Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй, 16.1.1-д энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал, 18 дугаар зүйлийн 18.2-т Энэ хуулийн 8.1.1, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 9.1.1, 11.1.1, 11.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс энэ хуульд заасан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж, уг орлогоос энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан шилжүүлэн тооцох алдагдлыг хасаж тухайн жилийн албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно гэж тус тус заасан.

Хариуцагч нар нэхэмжлэгчийн, 2020-2022 оны татварын удирдлагын нэгдсэн системийн ибаримтын мэдээг татан авч, баримтыг зардлын зүйл нэг бүрээр тулган тооцоолол хийж нэхэмжлэгч компанийн зардлууд нь ибаримтын мэдээтэй зөрүүтэй тайлагнасан буюу 2020 онд уур ус, цахилгааны төлбөр 4,250,474.17 төгрөг, холбоо, бичиг хэрэг, цэвэрлэгээ, харуул, хамгаалалтын зардал 3,338,843.63 төгрөг, нийт 7,589,317.80 төгрөг, 2021 онд уур, ус, цахилгааны төлбөр 5,049,192.11 төгрөг, түүхий эд материал 3,815,400.00 төгрөг, хөдөлмөр хамгааллын зардал 5,727,200.00 төгрөг, холбоо, бичиг хэрэг, цэвэрлэгээ, харуул, хамгаалалтын зардал 11,637,700.45 төгрөг, бусад зардал 1,119,864.86 төгрөг нийт 27,349,357.43 төгрөг, 2022 онд уур, ус, цахилгааны төлбөр 7,879,933.29 төгрөг, урсгал засварын зардал 6,408,455.53 төгрөг, холбоо, бичиг хэрэг, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардал 3,224,181.83 төгрөг, бусад зардал 1,459,899.83 төгрөг, нийт 18,972,470.48 төгрөг, 2020-2022 онуудад 53,911,145.71 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзсэн, нэхэмжлэгч үүнийг ...борлуулагчаас төлбөрийн баримт гэж шаарддаг боловч уг хуулийн хэрэгжилт хангалтгүйгээс болж зардлыг хасах боломжгүй байдаг гэх тайлбар гаргасан нь бодит байдалд нийцэхгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно, 82 дугаар зүйлийн 82.1.1-д төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар, 82.1.2-т төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар, 82.1-д Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно, 82.1.1-д төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар, 82.1.2-т төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар, 82.2-т Өмнө нь татварын албаны хяналт шалгалтаар илрүүлж нөхөн ногдуулалтын актаар тогтоосон энэ зүйлд заасан зөрчлийг давтан үйлдвэл, тухайн зөрчилд ногдох нөхөн төлбөл зохих татварын дүнгийн 50 хувиар торгоно гэж тус тус заасан.

Иймд хариуцагч нарын гаргасан нөхөн ногдуулалтын акт хууль зүйн үндэслэлтэй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн боломжгүй тул дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 16 дугаар зүйлийн 16.1.1, 18 дугаар зүйлийн 18.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14 1.2, 14.6, 14.6.2 дах хэсгийг тус тус баримтлан Т ХХК-иас Баянгол дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарын 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн НА-2624 дугаар актын тэмдэглэх хэсгийн 1, 2, 4 дахь хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН