Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 304/шш2025/00456

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ц.Б*******гийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00471/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1.Хүсэлт гаргагч Ц.Б******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие 2003 оны 05 дугаар сараас Сэлэнгэ суманд үйл ажиллагаа явуулдаг И*******-А******* хоршоонд тракорчноор орж ажиллаад 2007 оны 01 дүгээр сард өөр орон нутагт шилжих болсон тул чөлөөлөгдсөн. Дараа нь 2016 оны 01 дүгээр сараас буцан Сэлэнгэ сумандаа ирж И*******-А******* хоршоондоо 2024 оны 12 дугаар сар хүртэл трактор комбайнчаар ажилласан.

Ингээд хүнд хортой нөхцөлд ажилласнаар өндөр насны тэтгэврээ тогтоолгох гээд материалаа бүрдүүлээд өгтөл трактор комбайнчаар ажиллаж байсан нь тодорхойгүй гэсэн тул трактор комбайнчаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Миний ажиллаж байсан И*******-А******* хоршоо нь 2 трактор комбайнч, нэг тогоочтойгоор үйл ажиллагаа явуулдаг байсан.

Иймд Ц.Б******* намайг 2003 оны 05 дугаар сараас 2007 он хүртэл, 2016 оны 01 дүгээр сараас 2025 он хүртэл И******* А******* хоршоонд трактор комбайнчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийг 2003 оны 03 дугаар сарын 01-ний өдөр И******* а******* хоршоонд трактор комбайнчаар томилсон, 2007 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлсөн, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр И******* а******* хоршоонд трактор комбайнчаар томилсон бичилттэй нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 4-5-р хуудас/,

-Эрх ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаартай И******* а******* хоршоонд ирүүлсэн Тооцоо нийлэх тухай ...трактор комбайнч Ц.Б******* ...нарын ажил гүйцэтгэсэн ажлын хөлсийг ургац хураалтын ажил дууссаны дараа ...шилжүүлнэ гэх албан бичгийн хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-Булган аймаг Сэлэнгэ сум дахь И******* А******* хоршооны даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Т/08 дугаар ажилд томилох болон ажлаас чөлөөлөх тухай нөхөн тушаал, тушаалын хавсралт /хэргийн 7-8-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн ургац хураалтын үеийн гэрэл зураг /хэргийн 9-10-р хуудас/,

-Булган аймаг Сэлэнгэ сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 16-өдрийн 122 дугаар Ц.Б******* нь 2003-2007он, 2016 оноос одоог хүртэл И******* а******* хоршоонд тасралтгүй ажиллаж байгаа нь үнэн гэх тодорхойлолт /хэргийн 14-р хуудас/,

-Итгэт А******* хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 12-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн 2003-2006 он, 2016-2024 оны нийгмийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 16-22-р хуудас/.

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр У.О*******, Д.С******* нарын мэдүүлгийг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Ц.Б*******гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Хүсэлт гаргагч Ц.Б******* нь трактор комбайнчаар ажиллаж байсан эсэх нь тодорхойгүй байна гэсэн тул Булган аймгийн Сэлэнгэ сумын И******* А******* хоршоонд 2003 оны 05 дугаар сараас 2007 он хүртэл, 2016 оны 01 дүгээр сараас 2025 он хүртэл трактор комбайнчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Ц.Б******* нь Булган аймгийн Сэлэнгэ сумын И******* А******* хоршоонд 2003 оны 05 дугаар сараас 2007 он хүртэл, 2016 оны 01 дүгээр сараас 2025 он хүртэл трактор комбайнчаар ажиллаж байсан болох нь 2003 оны 03 дугаар сарын 01-ний өдөр И******* а******* хоршоонд трактор комбайнчаар томилсон, 2007 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлсөн, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр И******* а******* хоршоонд трактор комбайнчаар томилсон бичилттэй нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Эрх ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаартай И******* а******* хоршоонд ирүүлсэн Тооцоо нийлэх тухай ...трактор комбайнч Ц.Б******* ...нарын ажил гүйцэтгэсэн ажлын хөлсийг ургац хураалтын ажил дууссаны дараа ...шилжүүлнэ гэх албан бичгийн хуулбар, Булган аймаг Сэлэнгэ сум дахь И******* А******* хоршооны даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Т/08 дугаар ажилд томилох болон ажлаас чөлөөлөх тухай нөхөн тушаал, Ц.Б******* ажилд томилсон 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдөр, ажлаас чөлөөлсөн 2006 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэсэн тушаалын хавсралт, ургац хураалтын үеийн гэрэл зургууд, Булган аймаг, Сэлэнгэ сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар Ц.Б******* нь 2003-2007он, 2016 оноос одоог хүртэл И******* а******* хоршоонд тасралтгүй ажиллаж байгаа нь үнэн гэх тодорхойлолт, И******* А******* хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хүсэлт гаргагчийн 2003-2006 он, 2016-2024 оны нийгмийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт болон гэрч У.О*******ы Намайг ажиллаж бай хугацаанд буюу 2016 онд И******* а******* хоршоонд трактор, комбайны жолоочоор ажилд орж одоог хүртэл ажиллаж байгаа. Миний бие 2024 оны 05 дугаар сард шилжин явахад ажиллаад үлдсэн гэх, гэрч Д.С*******ийн Ц.Б******* И******* а******* хоршоог анх байгуулагдахад трактор комбайны жолоочоор ажиллаж байсан. Намайг 2000 онд анх ажилд ороход ажиллаж байсан. Одоог хүртэл ажиллаж байгаа гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Ц.Б*******г Булган аймгийн Сэлэнгэ сумын И******* А******* хоршоонд 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл трактор комбайнчаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З******* овогт Ц*******ы Б*******г Булган аймгийн Сэлэнгэ сумын И******* А******* хоршоонд 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл трактор, комбайнчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ