| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00495/И |
| Дугаар | 304/ШШ2025/00460 |
| Огноо | 2025-08-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2025/00460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б.О*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00495/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.О*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.О******* нь мал маллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна
Миний бие Б.О******* Булган аймгийн Бугат суманд 18 настайгаасаа хойш мал маллан амьдарч байна. Мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор эрх бүхий байгууллагад хандахад 1993-1999 оны малын А дансны бүртгэл дээр овог дээр зөрүүтэй бичигдсэн учир шүүхээр тогтоолго гэсэн хариуг өгсөн. Миний хувьд өөрийн төрсөн ах Б*******оор овоглодог бөгөөд тухайн үед малын А дансыг бүртгэхдээ ээж М*******аар овоглодог гэж ойлгож М.О******* гэж бичсэн байна. 1993-1999 оны хооронд мал маллаж байсан талаарх Булган аймгийн Бугат сумын архиваас малын А дансны лавлагааг шүүж үзэхэд бүгд М.О******* гэж бичигдсэн байна.
Дээрх байдлаас шалтгаалан Булган аймгийн Бугат сумын 3 дугаар багт 1993-1999 онуудад мал маллаж байсан болохыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Б.О******* намайг 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаар тогтоол /хэргийн 4-р хуудас/,
-Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 32/47 дугаар албан бичиг /хэргийн 5-р хуудас/,
-Төрөл садны лавлагаа /хэргийн 6, 8, 37-р хуудас/,
-Төрсний бүртгэлгүйн лавлагаа /хэргийн 7-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Б.О*******гийн малын А дансны лавлагаа /хэргийн 9-23-р хуудас/,
-Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 304/ШШ2025/00215 дугаар шүүхийн шийдвэр /хэргийн 24-26-р хуудас/.
4.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр А.Оюун, М.Оюумаа нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.О*******гийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хүсэлт гаргагч нь 1993-1999 оны малын А данс овгийн зөрүүтэй гарсан. Иймд Булган аймгийн Бугат суманд 1993-1999 оныг дуустал мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандсан байх ба шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Булган аймгийн Бугат сумын архиваас Б.О******* /.........../ малын А дансны архивын 1993-1994, 2010-2011, 2013-2014, 1995-2000, 2015, 2016, 2020-2023 оны лавлагааг шүүхэд ирүүлсэн бөгөөд Б*******ын О******* гэж гарчээ
5.1 Харин 1993 оноос 1999 оны малын дансны бүртгэлийн дэвтэрт М.О******* гэж бичигджээ.
6. Б.О******* нь Булган аймгийн Бугат суманд 1993-1999 оныг дуустал мал маллаж байсан болох нь:
6.1. Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаар тогтоол, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 32/47 дугаар албан бичиг, Төрөл садны лавлагаа, Төрсний бүртгэлгүйн лавлагаа, хүсэлт гаргагч Б.О*******гийн малын А дансны лавлагаа, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 304/ШШ2025/00215 дугаар шүүхийн шийдвэр, гэрч А.Оюуны Б.О******* миний төрсөн дүү. Бид эхээс 12-лаа боловч одоо 7-лаа үлдсэн. Миний аавыг Аюур гэдэг бөгөөд Аюурын Б*******, Аюурын Бямба гэж миний эгч, ах хоёр байсан бөгөөд одоо бурхан болсон. Бид гурав нэг эцгийн хүүхдүүд байгаа юм. Аав маань бурхан болоод ганц бие эмэгтэй байж байгаад манай дүү нар гарч ээж өөрөөрөө буюу М*******аар хүүхдүүдээ овоглосон юм билээ. Анх Б.О******* нь сургуульд орохдоо ахаараа овоглож хэлээд түүнээс хойш Б*******ын О******* гэж явдаг болсон. Цанаар хичээллэдэг, спортын хүүхэд байсан бөгөөд тэмцээн уралдаанд их явдаг байсан. Тэгээд л тэр чигээрээ ахаар буюу Б*******оор овоглох болсон. Харин О*******гийн малын А дансыг бүртгэхдээ ээжээрээ овоглодог гэж ойлгоод М.О******* гэж бичигдсэн нь зөрүүтэй болчхоод байгаа байна. Б.О******* нь 10 дугаар ангиа төгсөөд цэргийн албанд явсан. Цэргийн албанаас 1990 онд халагдан ирээд Бугат сумын нэгдэлд малчнаар ажилд орж нэгдэл тарснаас хойш хувийн мал аж ахуйтай болж одоон хүртэл эхнэр Гантуяатай мал маллан Бугат сумын 2 дугаар багт амьдарч байна. Манай төрсөн дүү нараас О*******гаас өөр мал маллан амьдарч байгаа хүн байхгүй гэх, М.Оюунмаагийн Манай хамгийн том ахыг Б******* гэдэг бөгөөд манай дүү О******* нь сургуульд орохдоо ахаар овоглож өөрийгөө хэлээд түүнээс хойш Б*******ын О******* гэх болсон. Тэгээд иргэний үнэмлэх авахдаа тэр чигээрээ ахаар овоглосон. Анх бол ээж М*******аар овоглож байсан санагдаж байна. Мал тооллогын хүмүүс А дансыг хөтлөхдөө М*******ийн гэж ээжээр овоглож явсан нь бичиг баримтын зөрүү үүсгээд байгаа юм билээ. Спортоор хичээллэдэг ийш тийшээ их явдаг байсан тэгж явахдаа төрсний гэрчилгээгээ гээгдүүлж алга болгосон байх. Тэгээд л иргэний үнэмлэхээ өөрийгөө Б*******ын О******* гэж хэлээд авчихсан байсан. Б.О******* нь 10 дугаар ангиа төгсөөд цэргийн албанд явсан. Цэргийн албанаас халагдан ирээд Бугат сумын нэгдэлд малчнаар ажилд орж нэгдэл тарснаас хойш хувиараа эхнэр Гантуяагийн хамт мал маллан Бугат сумын 2 дугаар багт амьдарч байна. Манай төрсөн дүү нараас О*******гаас өөр мал маллан амьдарч байгаа хүн байхгүй гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Булган аймгийн Бугат суманд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
7. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ш******* овогт Б*******ын О******* /ГБ70040713/-г Булган аймгийн Бугат суманд 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ