| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2018/0045/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2018-04-30 |
| Зүйл хэсэг | 19.14.2.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Э.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харьяат, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороонд оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Нийслэлийн Багануурын дүүргийн 2001 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 201А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 04 сарын 19-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан, бие эрүүл Б овогт О.Ц,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Өргөн сумын харьяат, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдаж байсан, бие эрүүл Р овогт Н.Г нарт холбогдох эрүүгийн 1820000530036 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь О.Ц-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор УАЗ-31512 маркын автомашиныг нуувч болгон ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,
шүүгдэгч О.Ц нь урьдчилан амлан Н.Г-тэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор УАЗ-31512 маркын автомашиныг нуувч болгон ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би 2017 оны 07 сарын 21-нд үл хөдлөх хөрөнгө борлуулж, хөрөнгө оруулалт хийх ажлаар БНХАУ-ын Хөх хотод очсон юм. Тэнд Т гэдэг найзтайгаа уулзаад Бээжин явсан. Тэнд ажил төрлөө ярьж 4 хоносон. Ингээд миний ажил болсон учраас Т буцаж би Н-г хотоос ирэхийг хүлээсэн ба Н 30-нд Бээжинд ирж бид 2 Чиндаогоор дайрч Вэнхай хотод ирсэн. Тэндээ байж байгаад 2017 оны 08 сарын 04-нд цагдаад баригдсан... Н нь урьд нь хятад дэлгүүрээс хулгай хийдэг байсан юм билээ, тэр асуудлаас нь болж баригдсан. Ингээд шалгагдаж байгаад нутаг явъя гээд Эрээнд ирсэн. Эрээнд бид муудалцаад тусдаа байхдаа Н Монгол руу явсан байсан бөгөөд машинд нуугдаад Монгол руу орсон гэж Ви чатаар надад хэлсэн. Тэгээд би ерөөсөө Монгол руу буцъя гэж бодоод зогсоол дээр очоод УАЗ-469 машины жолооч дээр очоод учир байдлаа бүгдийг нь хэлсэн чинь ер нь хэцүү л дээ, чи өөрөө болно гэвэл ачаа ачих хэрэгтэй гэж хэлсэн. Ингээд 3000 юанийн ачаа ачиж, жолооч намайг ачааны голд нуусан. Уг нь би хятадын хил гараад буух ёстой байсан боловч тэр чигтээ яваад Замын-Үүдийн хажуу талын ногоон байрны гадаа буусан. Би хөлсөнд нь жолоочид 3000 юань төлсөн, мөн 3000 юанийн ачаагаа тэр чигт нь өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх учир холбогдлыг ойлгосон байгаа ” гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2018 оны 02 сарын 12-ны өдөр Эрээн гарсан юм. Цагаан сар болох гэж байсан учраас гэрийнхээ болон хүмүүсийн захисан чихэр жимсийг авчихаад нэг хүн авчих санаатай машин дотроо хоол идээд байж байтал өөрийгөө Ц гэж танилцуулаад 7 сараас хойш энд байлаа, Монгол руу явах гэсэн юм, машинаар чинь оръё гэж гуйсан, би эхлээд юу яриад байгаа юм бэ гээд зөвшөөрөөгүй, өнчин өссөн, 2 хөгшинтэйгөө золгох гэсэн юм гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч, ачаа ачихдаа ачааны голд нууж хилээр нэвтрүүлсэн, Замын-Үүдэд ирээд 72 дугаар байрны хажууд буулгасан. Надад 3000 юань өгсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх учир холбогдлыг ойлгосон байгаа. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машиныг би 2016 онд Г гэх хүнээс худалдан авсан, ихэнх мөнгөө төлсөн, нэрээ шилжүүлж амжаагүй байсан” гэсэн мэдүүлэг
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хях-ийн 3-5/
Шүүгдэгч Н.Г-р Замын-Үүд боомтын хяналт шалгалтын талбайд суурилуулсан камерын 2018 оны 02 сарын 12-ны өдрийн бичлэгээс хил зөрчигчийг нууж оруулж ирсэн тээврийн хэрэгслийг тань олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг /хх-ийн 6-8/
УАЗ-31512 маркын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл/ хх-ийн 9-12/
2018 оны 2 сарын 12-ны өдрийн Замын-Үүд авто шалган нэвтрүүлэх боомтын жижиг тэрэгний орох талын камерийн 11 минут 44 секундын бичлэгт үзлэг хийж, СД дээр хуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 19-20/
Шүүгдэгч О.Ц 2017 оны 07 сарын 21-ны өдөр Замын-Үүд боомтоор хилээр гарсан тухай Хил хамгаалах Ерөнхий газрын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн албан тоот /хх-ийн 27-28/
УАЗ-31512 дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Х.Г гэсэн Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 54/
Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний бие Урт цагаан худалдааны төвд түлхүүр олшруулдаг, гутал, цаг засварын ажлыг хийдэг байсан. Энэ ажлаа болиод гэр бүлээ тэжээх хэрэг гарч 2017 оны 07 дугаар сарын сүүлээр Замын-Үүд боомтоор гарч замаараа БНХАУ-ын Эрээн, Бээжин, Чиндао гэдэг хотоор явж байгаад 2017 оны 08 дугаар сарын 04-нд Шан Дун мужийн Вэй хот руу очоод буусан өдрөө үдээс хойш 15 цаг өнгөрч байхад Zara брэндийн дэлгүүр ороод нийт мөнгөн дүнгээр 8,000 гаруй юанийн хувцас хулгай хийсэн. Тэгээд орой нь зочид буудалд буугаад байж байтал Хятадын цагдаа нарт баригдсан. Хятадын цагдаад шалгагдаж байхдаа 12 хоног саатуулагдаж гараад, гадуур шалгагдаж байгаад 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед Замын-Үүд боомтоор саарал өнгийн Хятад жийпэнд нуугдаж орж ирсэн. Машины дугаар загварыг нь анзаараагүй.Би өмнө нь нэг удаа явж ирсэн, гэхдээ хулгай хийгээгүй, судалчихаад ирсэн тэнд Ц гэдэг залуутай хамт баригдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92/
Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Ноднин жил О.Ц намайг хамт Хятад явах уу? Тийшээ очиж хүмүүстэй уулзаж бизнестээ хөрөнгө оруулалт хийлгэх гэж байгаа юм, ер нь очоод ойр ойрхон уулзаад нүдэнд нь харагдаад байж байх хэрэгтэй байна хань болооч гэсэн. Тэгээд би саналыг нь хүлээж аваад бид хоёр 2017 оны 07 дугаар сарын 21-нд Замын-Үүд боомтын авто замын шалганаар урагшаа гарсан. Хятад руу ороод Хөх хотод 2-3 хоносон, цаашаа Бээжин ороод 3,4 хоночихоод наашаа Эрээнд ганцаараа ирээд 4,5 хоносон нийтдээ арван хэд хоног урд байсан. ...би Ц-той Бээжин хүртэл хамт явчихаад тэндээсээ нутаг буцахаар болоод ганцаараа ирсэн. Ц нь найз ирж байгаа гээд үлдсэн. Энэ оны 2 сард уулзсан чинь 69 машинд суугаад нуугдаад хил зөрчөөд ороод ирсэн гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 96/
Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Шалгагчийн хувьд ачааг задлах эрх бол байхгүй, баримт бичгийн шалгагч орж ирэнгүүт нь жолоочийн паспорт дээр штамп дарна, харин тээврийн хэрэгслийн шалгагч дарсан штампыг шалгаад дараа нь тээврийн хэрэгслийг шалгадаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100/
Гэрч Ч.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 09 дүгээр сарын хавьцаа над руу Ц WE чатаар ярихдаа “...Найз нь гадаад паспортаа алдчихсан, Хятадад байна, хүний нутагт ядарч явна, миний хөгшин зав зайтай бол гэрлүү очоод цахим үнэмлэх, гадаад паспортны зураг 2 хувь байгаа, хөөцөлдөөд найздаа гадаад паспорт гаргуулаад явуулахыг бодооч ээ, тэгэхгүй бол Монгол руу орж чадах аа болилоо...” гэсэн. Би гэрээс нь очиж иргэний үнэмлэх, гадаад паспортны зургийг нь аваад 100 айлд байдаг Улсын бүртгэлийн газар очоод гадаад паспортын байцаагч бас тэнд ажилладаг янз бүрийн хүмүүсээс асуусан чинь өөрийн биеэр ирэхгүй бол бүтэхгүй гэж хэлсэн. Би Улсын бүртгэлийн гадаа нь яадаг юм билээ байз гээд тамхи татаад зогсож байсан чинь нэг 50 орчим насны эгч гадаад паспорт яаралтай гаргаж өгнө шүү гээд амандаа бувтнахаар нь би дөхөж очоод тэр хүнд “...Хүн нь гадаадад байгаа юм аа ямар ч асуудал байхгүй надад иргэний үнэмлэх нь байна, зураг нь байна...” гэсэн чинь гадаад паспорт яаралтай захиалах 42500 төгрөг, бас нэг юмны мөнгө хэлээд нийтдээ надаас 80 гаруй мянган төгрөг авсан. Тэгээд надад нэг утасны дугаар хэлээд миний дугаарлуу яриад маргааш үдээс хойш ирж аваарай гээд нэг утасны дугаар өгсөн би танд яаж итгэх юм бэ? Та надаас мөнгө авчихсан гэсэн чинь эгч нь энүүгээр байнга байж байдаг юм өөрөө мэд гэсэн. Тэгээд би маргааш өдөр 3 цагийн үед тэр эгч рүү залгаад юу болсон талаар асуухад ирээд авчих гэсэн. Би тэр эгчтэй Улсын бүртгэлийн гадаа очоод залгаж уулзаад Ц-н гадаад паспортыг нь аваад Улаанбаатар Замын-Үүд хооронд явдаг тендерийн машинд Ц-н утасны дугаарыг бичээд өгөөд явуулсан. Замын-Үүдээс Ц өөрөө таньдаг хүнээрээ зохицуулаад авчихна гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105/
Гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр УАЗ 31512 маркын машинаа зарах санаатай Да хүрээ зах руу ороход захын үүдэнд одоо энэ Г гээд байгаа залуутай тааралдаад намайг машинаа зарах уу? гэхээр нь тохироо таарвал өгье гэсэн чинь хэд вэ? гэхээр нь 6500000 төгрөг гэсэн…Г надад яг 5500000 төгрөг байна намайг ойлгооч ахаа би хотод ирээд шоудаад мөнгө муутай байна гээд шалаад байсан. ...Би тэгээд эхнэрийн дансаар хүлээж авсан. Би одоо Г-с 400,000-500,000 төгрөг авна гэж бодож байна. ...Би өөрт нь чи маргааш нэрээ шилжүүлж аваад явахгүй юу даа гэсэн чинь өө ах дараа болъё би авгайдаа авчихсан гээд хэлчихсэн юм гэсэн. Би зарснаас хойш 6 сарын дараа ярьсан, тэрнээс хойш зөндөө нэрээ шилжүүлье гэж ярьсан, эхлээд утсаа авахгүй байсан, дараа нь худлаа үнэн юм яриад хилээр орж гардаг Хятадад бүртгэлтэй дугаар, энэ тэр гээд яриад байсан. Бичгээр хийсэн гэрээ бол байхгүй, аман гэрээ хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 106/
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 5/10 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 113-116/
Шинжээч С.Э 2018 оны 04 сарын 13-ны өдрийн “ УАЗ-31512 маркын авто машин 2001 онд МУ-д орж ирсэн. чанар байдал, өнгө үзэмж муу, 1 ширхэг 500,000 төгрөгийн үнэтэй” гэсэн 57 тоот дүгнэлт /хх-ийн 119/
Ф ХХК, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, О.Цг захирлаар томилсныг бүртгэв гэсэн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 198/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч О.Ц нь 2017 оны 07 сарын 21-ний өдөр Монгол Улсын хилээр Замын-Үүд боомтоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот руу нэвтэрч, Хятад улсад түр оршин сууж байгаад Монгол Улс руу нэвтрэхдээ 2018 оны 02 сарын 12-ны өдөр шүүгдэгч Н.Г-г Эрээн хотын автомашины зогсоолд УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгсэлдээ сууж байхад нь очиж машинд нь нуугдаж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх талаар ярилцаж, хөлсөнд нь 3000 юань өгөхөөр тохиролцон уг машины арын хэсэгт ачаан дунд нуугдаж Монгол Улсын хилээр Замын-Үүд боомтоор нэвтэрсэн,
шүүгдэгч Н.Г нь 2018 оны 02 сарын 12-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотын автомашины зогсоолд УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байхдаа шүүгдэгч О.Ц-н гуйлтыг хүлээн зөвшөөрч, түүнийг тээврийн хэрэгслийнхээ ар хэсэгт ачааны голд нууж Монгол Улсын хилээр Замын-Үүд боомтоор нэвтрүүлж, хөлсөнд нь 3000 юань авсан байна.
Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хилээр орох, гарах, нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эрхгүй юм.
Гэтэл шүүгдэгч О.Ц нь 2018 оны 02 сарын 12-ны өдөр хилийн боомтоор хилээр нэвтрэх эрхийн баримт, бичиггүйгээр Монгол Улс руу орж ирсэн буюу нэвтэрсэн идэвхтэй үйлдэл хийсэн, мөн шүүгдэгч Н.Г нь О.Ц-с хөлс авч, тээврийн хэрэгсэлд нууж түүнийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-т заасан бүлэглэж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул тэднийг уг гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Ц, Н.Г нарын бүлэглэж, дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас шинжлэн судалсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/, шүүгдэгч Н.Г-р Замын-Үүд боомтын хяналт шалгалтын талбайд суурилуулсан камерын 2018 оны 02 сарын 12-ны өдрийн бичлэгээс хил зөрчигчийг нууж оруулж ирсэн тээврийн хэрэгслийг тань олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зураг /хх-ийн 6-8/, УАЗ-31512 маркын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл/ хх-ийн 9-12/, шүүгдэгч О.Ц 2017 оны 07 сарын 21-ны өдөр Замын-Үүд боомтоор хилээр гарсан тухай Хил хамгаалах Ерөнхий газрын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн албан тоот /хх-ийн 27-28/, гэрч А.Н,М.Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Харин шүүгдэгч О.Ц-н дээрх үйлдлийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, энэ гэмт хэрэгт хажигчаар оролцсон гэж,
шүүгдэгч Н.Г-н дээрх үйлдлийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, энэ гэмт хэрэгт хатгагчаар оролцсон гэж тус тус зүйлчилж ирүүлсэн байгаа нь шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг буруу тодорхойлсон байна гэж шүүх үзэв. Учир нь:
Шүүгдэгч О.Ц нь шүүгдэгч Н.Г-тэй Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх талаар ярихдаа “ өнчин өссөн, 2 хөгшин дээр өссөн, сар шинээр 2 хөгшинтэйгөө золгомоор байна “ гэх мэтчилэн гуйж, 3000 юань өгөхөөр санал болгож, түүний гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хөлсөлсөн
шүүгдэгч Н.Г нь шүүгдэгч О.Ц-г Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхдээ өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн арын хэсэгт ачаан дунд нууж, хөлсөнд нь 3000 юань авч хилээр хууль бусаар нэвтрүүлэх үйлдлийг өөрөө гүйцэтгэсэн байна.
Дээрхээс үзэхэд шүүгдэгч О.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д заасан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг шүүгдэгч Н.Г-тэй бүлэглэж үйлдэхдээ энэ гэмт хэргийн хатгагчаар оролцсон байна гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, шүүгдэгч Н.Г-г тухай гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ энэ гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан өөрчлөн зүйлчлэх зүйтэй байна.
Шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл, хэсгүүдийг өөрчилсөн нь тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүй юм.
Иймд шүүгдэгч О.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар, шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар тус тус зүйчилж ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-т заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд тэдэнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх тухай шүүгдэгч нарын өмгөөлөгчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байх ба уг тээврийн хэрэгсэл нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар /хх-ийн 54/ Х.Г гэх хүний өмчлөлийнх байх боловч шүүгдэгч Н.Г нь Х.Г гэх хүнээс 2016 оны 11 сард худалдан авч, өмчлөлөө шилжүүлээгүй байгаа, Х.Г гэгч нь Х.Г-н эгч болох талаар гэрч Х.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-т зааснаар уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Н.Г-н өмчлөлд шилжсэн гэж үзэх боломжтой байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Г-н өмчлөлийн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох зүйтэй байна.
Дээрх тээврийн хэрэгслийг шинжээчийн 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 57 тоот дүгнэлтээр /хх-ийн 119/ 500,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 5/10 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, хадгалах, хамгаалах үүргийг шүүгдэгч Н.Г-д хүлээлгэсэн байна.
Түүнчлэн энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 2018 оны 2 сарын 12-ны өдрийн Замын-Үүд авто шалган нэвтрүүлэх боомтын жижиг тэрэгний орох талын камерийн 11 минут 44 секундын бичлэгийг хуулсан СД-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 заасныг баримтлан Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч О.Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар,
-шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар тус тус өөрчилж зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт О.Ц, Р овогт Н.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д заасан бүлэглэж, Монгол Улсад нэвтрэх эрхийн бичиг баримтгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар О.Ц-г 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Г-г 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч О.Ц-д оногдуулсан 5,500,000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч Н.Г-д оногдуулсан 5,500,000 төгрөгийн хорих ялыг 1 /нэг / жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч О.Ц, Н.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Н.Г-н өмчлөлийн УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 2018 оны 2 сарын 12-ны өдрийн Замын-Үүд авто шалган нэвтрүүлэх боомтын жижиг тэрэгний орох талын камерийн 11 минут 44 секундын бичлэгийг хуулсан СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч О.Ц, Н.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч нар, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.Ц