Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0888

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Н.Дуламсүрэн би, Ө.Б*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б*******оос 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ...Иргэн Ө.Б******* миний бие тус шүүхэд Б******* дүүрэгт саалийн үнээний фермийн үйл ажиллагаа явуулж буй 2 га газрын эзэмших эрх шилжүүлж авах асуудлаар нэхэмжлэл гаргаж давж заалдах шатны шүүхээс анхан шат руу дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд уг нэхэмжлэлээ татан авч байна. Анх нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг надад буцаан олгож өгнө үү? Иймд асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б*******оос 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд хандаж Б******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Н******* гэх газарт сүүний үхрийн фермийн зориулалтаар 2 га газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан.

Шүүх уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ...Иргэн Ө.Б******* миний бие тус шүүхэд Б******* дүүрэгт саалийн үнээний фермийн үйл ажиллагаа явуулж буй 2 га газрын эзэмших эрх шилжүүлж авах асуудлаар нэхэмжлэл гаргаж давж заалдах шатны шүүхээс анхан шат руу дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд уг нэхэмжлэлээ татан авч байна. Анх нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн мөнгийг надад буцаан олгож өгнө үү? Иймд асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье хүсэлт ирүүлж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан байна.

Энэхүү хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн заалтад нийцэж байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгч Ө.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгч Ө.Б*******од Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тус тус тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Ө.Б*******оос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Б******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Н******* гэх газарт сүүний үхрийн фермийн зориулалтаар 2 га газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, 128/2024/0470/З индекстэй захиргааны хэргийн нэхэмжлэгч Ө.Б******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ө.Б*******оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН