Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 304/ШШ2025/00463

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Р.Б*******ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00490/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Р.Б*******ь,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1.Хүсэлт гаргагч Р.Б*******ь нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие 1993 оны 05 дугаар сараас 1996 оны 12 дугаар сар хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Дархан ХК, Төлүүжин ХК-нд тасралтгүй ажиллаж байсан боловч цалингийн цэс тасалдаж гарсан тул шүүхээр орох шаардлагатай болсон

Иймд дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 44 дугаартай цалингийн цэсийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/.

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Д.Ч*******, Д.Г******* нарын мэдүүлгийг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Р.Б*******ийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Хүсэлт гаргагч Р.Б*******ь нь цалингийн цэсийн лавлагаа зарим сар нь гараагүй тул Бүрэгхангай сумын Дархан ХК, Төлүүжин ХК-нд 1993 оны 05 дугаар сараас 1996 оны 12 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Р.Б*******ь нь Булган аймгийн Бүрэгхангай сумын Дархан ХК, Төлүүжин ХК-нд 1993 оны 05 дугаар сараас 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үтрэмийн эрхлэгчээр ажиллаж байсан болох нь Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 44 дугаартай цалингийн цэсийн 1993-1994, 1996 онд ажиллаж байсан талаарх лавлагаа, 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Улсын бүртгэгчийн хуулийн этгээдийн өөрчлөн байгуулалтын талаарх тодорхойлолт, гэрч Д.Ч*******ын Р.Б*******ь намайг 1993 оноос 1996 оныг дуустал Дархан ХК болон Төлүүжин ХК-нд үтрэмээр эрхлэгчээр ажиллаж байсан гэх, Л.Г*******ын .Б*******ь 1993 оноос 1996 оныг дуустал Дархан ХК болон Төлүүжин ХК-нд үтрэмээр эрхлэгчээр ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Р.Б*******ийг Булган аймгийн Бүрэгхангай сумын Дархан ХК-нд 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, Төлүүжин ХК-нд 1996 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үтрэмийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.

5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х******* овогт Р*******гийн Б*******ь /........./-ийг Булган аймгийн Бүрэгхангай сумын Дархан ХК-нд 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, Төлүүжин ХК-нд 1996 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үтрэмийн эрхлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ