Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/36

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Л.Мөнхсан,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч, шүүгдэгч Г.Т,

хохирогч, шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Т, Н.Б нарт холбогдох эрүүгийн 1817000470029 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 20-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өртөөний жижүүр-найруулагч мэргэжилтэй, Төмөр замын Чойр зангилааны Шивээ-Овоо өртөөнд туслах найруулагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, ............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Г.Т /РД:.........../

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 31-нд Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Улаанбаатар хотын “Увидаст мутар” бариа заслын сургалтын төвд багш ажилтай, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, ....... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Н.Б /РД:Р........../

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.Т нь согтуугаар 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 04 цаг 30 минутын орчим Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны гадаа иргэн Н.Б-тай маргалдан түүнийг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Яллагдагч Н.Б нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 04 цаг 30 минутын орчим Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны гадаа иргэн Г.Т-тэй маргалдан түүнийг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Г.Т нь согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 04 цаг 30 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны гадаа хохирогч Н.Б-тай маргалдан улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай,

 Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 04 цаг 30 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 4 дүгээр байрны гадаа хохирогч Г.Т-тэй маргалдан улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.1. Шүүгдэгч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Такси барьж Хонхорын 4 дүгээр байр орох гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд мөнгө байхгүй байна гэрт ороод авчих гэж хэлсэн. Энэ зүйлээс болж маргасан өмдний кармандаа гараа хийхэд 3000 төгрөг байхаар нь жолооч руу шидсэн тэгээд гэр лүүгээ орох гэтэл цагдаа дуудсан байж бай гээд араас татаад байхаар нь өшиглөсөн, миний хамар луу цохисон зодолдсон гэв.

1.2. Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Надад хэлэх зүйл байхгүй, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1.3. Хохирогч Г.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 03 дугаар сарын 05-нд  04 цагт 101 дүгээр байрны хажуугаар такси барьсан. Мөнгө байхгүй болохоор дагаж ороод ав гээд хэлсэн. Тэгэхэд чадахгүй гэж хэлсэн би таксины жолооч нар ороод авчихдаг гэж хэлэхэд чадахгүй гэж хэлсэн. Кармандаа гараа хийхэд 3000 төгрөг байсан би цонхоор нь шидсэн. Тэгээд бууж ирээд заамдалцаж би хоёр удаа мөргөсөн гэр лүүгээ орох гэтэл цагдаа дуудсан гээд араас татаад байхаар нь эргэж хараад өшиглөсөн, миний нүүрэнд нэг удаа цохисон. Эхнэр гарч ирээд намайг авсан. Эхнэр чиний хамар мурийсан байна гэж хэлсэн эргэж гараад муудалцсан цагдаа ирээд эмнэлэг явсан гэв.

1.4. Хохирогч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Чойрт ирсэн. Аав намайг тоссон, аавын хэвлийгээр хатгаж өвдөөд байхаар нь би машиныг барьсан. Замд хоёр залуу таарч нэг нь төмөр замд бууж нэг нь хонхорт ирсэн. Хэд болсон бэ гэхээр нь хоёр мянга гэж хэлэхэд ороод ав гэж хэлсэн. Тэгээд кармагаа ухаж байснаа 3000 төгрөг цонхоор шидсэн би буугаад чи мөнгө шиддэг хэн бэ гээд муудалцсан араас нь зулгаагаад цагдаа дуудсан байж байгаа гэж хэлээд удалгүй цагдаа ирсэн гэв.

1.5. Гэрч М.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Шивээговь сумаас танил дүү О-ой хамт шөнийн 02 цагийн галт тэргээр Чойрт ирээд аймгийн Хөдөлмөр халамжийн газар очтол хаалгаа тайлж өгөөгүй. Тэгэхээр нь Хонхорын 4-р байрны 1-р орцонд ороод дулаацаад зогсож байгаад 04 цаг 18 минутын үед гарч ирэхэд такси явахаар нь бид 2 гараа өргөтөл хажуугаар гарч яваад “Амазон” ломбардны урд зогсохоор нь очоод таксинд суутал таксины жолооч гэх залуу нэг өндөр залуутай хоорондоо маргалдаад байсан. Таксины жолооч тэр залуугаас мөнгөө нэхээд байсан тэгтэл нөгөө согтуу залуу “ Намайг танихгүй байна уу, би Хонхорын атамаан Т байна, намайг танихгүй хүн байхгүй, би ахыг чинь танина” гэж хэлээд мөнгө гаргаж ирээд жолоочийн өөдөөс 3000 төгрөг шидсэн чинь жолооч машинаасаа гарч ирээд тэр 2 нэг нэгийгээ заамдаад авсан. Өндөр залуу нь жолооч залууг 4-5 удаа мөргөсөн. Тэгтэл жолоочийн аав нь тэр 2-г салгах гэхэд салахгүй байсан. Тэгээд жолооч залуу цагдаад дуудлага өгсөн. Гэтэл Т нь орц руугаа явсан. Араас нь жолооч залуу цагдаа дуудсан байж бай гээд нөгөө залуугийн араас явж байгаа харагдсан. Би тухайн үед машин дотор сууж байсан. Тэмүүлэн нь удалгүй орцноосоо гарч ирээд жолооч залууг дэгээдээд, унагаагаад дээрээс нь хөл болон гараараа цохиод байсан. Тэр үед Т- гийн эхнэр гэх хүн тэр 2-г салгаад Т гэдэг залууг аваад орц руугаа орсон. Жолооч машинд суугаад надаас нойтон сальфетка аваад шүднээсээ гарч байсан цусаа арчаад байсан. Би машинд сууж байсан учраас тухайн үед Т-ийн хамраас цус гарсан үгүйг хараагүй… гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

1.6. Гэрч Х.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би Шивээговь сумаас танил болох З-тай хамт шөнийн 02 цагийн галт тэргээр Чойрт ирээд аймгийн Хөдөлмөр халамжийн газар очтол хаалгаа тайлж өгөөгүй. Тэгэхээр нь Хонхорын 4-р байрны 1-р орцонд ороод дулаацааж зогсож байгаад 04 цаг 18 минутын үед гарч ирэхэд такси явахаар нь бид 2 гараа өргөтөл хажуугаар гарч яваад “Амазон” ломбардны урд зогсохоор нь очоод таксинд суутал таксины жолооч гэх залуу нэг өндөр залуутай хоорондоо маргалдаад байсан. Таксины жолооч тэр залуугаас мөнгөө нэхээд байсан тэгтэл нөгөө согтуу залуу “ Намайг танихгүй байна уу, би Хонхорын атамаан Т байна, намайг танихгүй хүн байхгүй, би ахыг чинь танина” гэж хэлээд мөнгө гаргаж ирээд жолоочийн өөдөөс 3000 төгрөг шидсэн чинь жолооч машинаасаа гарч ирээд тэр 2 нэг нэгийгээ заамдаад авсан. Өндөр залуу нь жолооч залууг 4-5 удаа мөргөсөн. Тэгтэл жолоочийн аав нь тэр 2-г салгах гэхэд салахгүй байсан. Тэгээд жолооч залуу цагдаад дуудлага өгсөн чи байж бай гээд нөгөө залуугийн хувцас болон гараас нь зуураад байсан. Тэгээд тэр 2 орц руу орсноо жолооч залуу нь буцаад гараад ирсэн. Тэгтэл удалгүй Т гэх залуу нь гарч ирсэн. Мөн эхнэр нь араас нь гарч ирсэн. Тэгтэл Т чи миний хамрыг цохьчихлоо гээд жолоочийг машиныхаа хажууд зогсож байхад нь  хүрч ирээд дэгээдэж унагаагаад дээрээс нь хөл гараараа цохиод байсан. Тэгээд Т-ийн эхнэр нь тэр 2-г салгаад Т-г аваад гэрлүүгээ орсон… гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

1.7. Гэрч Н.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Миний хүү Н.Б Дорноговь аймгийн Замын -Үүд суманд хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцчихоод 03 дугаар сарын 05-ны өдрийн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр 04 цагт ирсэн. Тэгээд би өөрийнхөө Соната-6 маркийн 14-45 ГСА улсын дугаартай автомашинаар тосож авсан. Тэгтэл миний хэвлийгээр гэнэт хатгаж өвдөхөөр нь  машинаа Б-аар жолоодуулаад Хонхор луу явж байтал Хас дэлгүүрийн орчимд 2 хүн гар өргөхөөр нь нөгөө 2-г машиндаа суулгасан. Тэгээд нэг залуу Төмөр замын гал унтраах ангийн цаад талын байшинд буусан. Нөгөө залууг Хонхорт 4-р байрны 5-р орцны гадаа хүргэж өгсөн. Тэгээд манай хүү нөгөө хүнд таксиныхаа мөнгийг өгөөрэй гэж хэлэхэд нөгөө залуу манай гэрээс ороод авчих гэсэн чинь манай хүү одоо мөнгөө өгчих би танайх руу орохгүй гэсэн чинь нөгөө залуу чам шиг юманд 3000 төгрөг өгчихье за юу гээд хүүгийн өөдөөс мөнгө шидэхээр нь манай хүү машинаасаа буугаад нөгөө залуутай маргалдаад байсан. Тэгтэл нөгөө залуу манай хүүгийн нүүр лүү 2-3 удаа мөргөхөөр нь би машинаас буугаад салгасан. Тэгээд тэр 2 салаад нөгөө залуу гэр лүүгээ явсан. Б цагдаад дуудлага өгчихөөд нөгөө залуугийн араас нь очоод би цагдаа дуудчихсан байж бай гээд нөгөө залуугийн хувцаснаас нь татаад байсан. Тэгээд тэр 2 орц руу орцгоосон. Би араас нь яваад очтол нөгөө залуу Б-ыг өшиглөөд шатны уруу унагаасан. Б босч ирээд нөгөө залуугийн нүүр лүү нэг удаа цохисон. Тэгтэл нөгөө залуугийн эхнэр гарч ирээд нөхрөө аваад орсон. Тэгээд би машиндаа суугаад Б машиныхаа хажууд зогсож байсан чинь  нөгөө залуу орцноосоо удалгүй гарч ирээд би миний хамрыг мурийлгачихсан байна. Нөгөө талаас нь цохиод өгчих гээд Б-тай барилцаж аваад газар унагаж байсан. Жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан өшиглөсөн эсэхийг нь би хараагүй. Жолооч талын толийг хойш нь гэдийлгэсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/

1.8. Гэрч С.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 03 дугаар сарын 04-ний орой Т найзуудтайгаа уулзна гээд гэрээсээ гарсан. Тэгээд над руу шөнө утсаар залгаад би одоо харилаа, такси барих гээд зам дээр зогсож байна гэж ярьсан. Тэр үед цаг хэд болж байсныг санахгүй байна. Тэгээд түүнээс хойш хаалга тогшоод байхаар нь босоод хаалгаа нээсэн чинь  т-ийн хамар амнаас нь цус гарчихсан зогсож байсан. Т гэртээ орох гэсэн чинь цаанаас нь нэг залуу оруулахгүй куртикнээс нь татаад байсан. Тэгээд Т нөгөө залууг цааш нь түлхсэн. Дараа нь би нөгөө залууг загнаад хаалгаа хаагаад цоожилсон. Тэгээд оруулаад харахад хамраас нь цус гарчихсан, хамар мурийчихсан байсан. Нөгөө залуу хаалга нүдээд байхаар нь Тэмүүлэн гэрээсээ гарсан. Би хувцасаа өмсөөд араас нь гараад очиход тэр 2 машины хажууд маргалдаад түлхэлцээд байж байсан. Нөгөө залуу нь машиныхаа цонхыг тохойгоороо цохиод чамайг хагалсан гэж хэлнэ гээд байсан. Тэгээд намайг яваад очиход Т надад энийг хараа энэ ингээд байна гэж байсан. Тэгээд би тэр 2-г салгаад Т түлхэж холдуулсан. Нөгөө залуу урд нь гүйж ирээд байсан. Тэгээд би Т аваад гэр лүүгээ орсон. Гэрт орсон хойноо Т толгой өвдөөд байна гэхээр нь би эмнэлэг болон цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

1.9. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаартай дүгнэлтэд: 

- Н.Б-ын баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1-р шүдний ганхалт, дээд уруулын дотор салстын цус хуралт  гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр 2018.03.05-нд үүссэн байх боломжтой.

- Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 24 дүгээр хуудас/

1.10. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн  87 дугаартай дүгнэлтэд: 

- Г.Т-ийн биед хамрын таславчийн мурийлт, цуурал, толгойн оройн цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Уг гэмтлүүд нь 2018.03.05-нд үүссэн байх боломжтой.

- Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 27 дугаар хуудас/

Иймд шүүгдэгч Г.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Г.Т, Н.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            2.1. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-66 дугаар хуудас/

            2.2. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 63 дугаар хуудас/

            2.3. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 64-р хуудас/

Шүүгдэгч Г.Т, Н.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Иймд шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар,

            шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  700 000 /долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг,

шүүгдэгч Н.Б-ад оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга/  төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоов.

Шүүгдэгч Г.Т, Н.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Г.Т, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Г.Т- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар,

            шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг,

шүүгдэгч Н.Б-ад оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга/  төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Т, Н.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

            5. Шүүгдэгч Г.Т, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т, Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.