Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/490

 

  

 

 

 

 

    2024            4             25                                       2024/ДШМ/490           

 

 

П.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Д.Итгэл,

           иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Арж капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

           шүүгдэгч П.Дгийн өмгөөлөгч Г.Энхжавхлан,

           нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

           Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Арж капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бы гаргасан давж заалдах гомдлоор П.Дд холбогдох эрүүгийн 2303007430002 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шилүүстэй овгийн Пүрвээгийн Д, 1980 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Арж капитал” ХХК-д жолооч ажилтай, ам бүл, эхийн хамт ........................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................./;

            Шүүгдэгч П.Д нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Милая рестораны урд замд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цаг 25 минутын орчим toyota crown маркийн 53-26 УАВ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 15.1-т жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гөрч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Оыг мөргөж эрүүл мэндэд нь бүсэлхийн 5 дугаар нугалам, ууц 1 дүгээр нугалмын жийргэвчийн фиброзон цагаригийн урагдал, жийргэвчний цүлхийлт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: П.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.        

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Дг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч П.Дд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Арж капитал” ХХК-иас 7.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Од олгож,  хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

           Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Арж капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тогтоож, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг арван гурав дахин нэмэгдүүлэн тооцож 7.150.000 төгрөгийн хохирлыг “Арж капитал” ХХК нь хариуцан төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шат болон шүүхийн шатанд “Арж капитал” ХХК-иас ямар нэгэн байдлаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс зөвхөн эмчилгээний зардал нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл, “Арж капитал” ХХК-иас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлээгүй байхад шүүх өөрийн санаачлаагаар төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Дгийн өмгөөлөгч Г.Энхжавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Арж капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баас гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. П.Д шүүх хуралдааны үед хохирогчид өгсөн 1,000,000 төгрөг, түүний өмнө өгсөн хохирлын мөнгө зэргийг компаниасаа авсан. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон хохирлын төлбөрийг давуулж төлсөн. Хохирогч сэтгэцэд учирсан гэм хорын огт нэхэмжлээгүй. Сэтгэцэд учирсан хохирлыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байсан. Гэхдээ нэхэмжлээгүй. Хохирогч сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжлээгүй байхад шүүхээс олгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Төлбөр авах, авахгүй эсэхийг хүний өмнөөс шийдэж байна. Мөн шийтгэх тогтоолын 6 дугаар талд шүүгдэгчийн нэрийг н.Нурлан гэж бичсэн байна. Үүнийг засч өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Иргэний хариуцагчийн зүгээс нэхэмжлээгүй хохирлыг шүүх гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж тайлбарлаж байна. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ” гэж заасан байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүхээс тогтоож байна. Хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэж илэрхийлсэн тохиолдолд шийтгэх тогтоолд дурдахгүй байж болох байх. Хуульд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүхээс тогтооно гэж заасан учир шүүхээс холбогдох журмын дагуу хохирлын зэрэглэл тогтоож, төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг хууль бус гэж үзэхгүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу “Арж капитал” ХХК -г иргэний хариуцагчаар татсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт иргэний хариуцагч гэх ойлголтыг “эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж тодорхойлсон байдаг. Шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг тогтоон “Арж капитал” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогч Ө.Оы “2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагт  гэртээ харихаар явсан. Тухайн үед түгжрэл ихтэй байхаар нь явган явахаар шийдээд Энхтайваны гүүрний баруун талын явган хүний замаар хойноосоо урагшаа даваад явганаар явж байгаад Милая рестораны урд замын явган хүний явахад зориулагдсан хэсгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явганаар алхаад явж байх үед хойноосоо ирээд баруун гар тийш эргэж байсан автомашин миний хойд хэсгээс буюу нуруу орчим руу ирж мөргөсөн. Осол гарах үед цагийн баримжаа 17 цаг 47 минутын орчим болж байсан байх. Тэгээд нөгөө автомашины жолооч бууж ирээд намайг газраас босгосон. Би тухайн үед ганцаараа явж байсан. Гэмтлээс болж нурууны жийргэвчийн тодрол буурч намссан. Осол гарснаас хойш жолооч талаас миний эмчилгээний зардлыг хариуцаж байгаа боловч MRI шинжилгээнд орсон зардлыг өгөөгүй байгаа. Эмнэлгээр явсан эмчилгээний төлбөрөө нэхэмжилнэ. ...”  /хх 15/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Арж капитал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бы “...манай байгууллага нь Toyota crown 53-26 УАВ улсын дугаартай автомашиныг 2022 оны 01 дүгээр сард худалдан аваад “Арж капитал” ХХК-ийн албан ажилд унаж хэрэглэдэг. Байгууллагын автомашин болохоор албан ажилд унаж хэрэглэдэг.  Уг автомашиныг манай захирлын жолооч П.Дгээс өөр хүн жолооддоггүй юм. Тээврийн цагдаагийн албан бичиг байгууллага дээр очих үед мэдсэн. Уг ослоос  манай байгууллагын эзэмшлийн Toyota crown 53-26 УАВ улсын дугаартай автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. Үнэлгээгээр оруулж үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /хх 21, 25/,

шүүгдэгч П.Дгийн яллагдагчаар өгсөн: “...Энхтайваны гүүрийг даваад Милая рестораны урд замд баруун гар тийш эргэх гэж байсан. Энэ үед цаг 19 цаг 10 минутын орчим болж байсан байх. Энэ үед би эргэх үедээ явган хүний гарц дээр хүн байхгүй байна гэсэн итгэлтэйгээр баруун гар тийш эргэх үйлдэл хийж байх үед гэнэт би өөрийн жолоодож явсан автомашины урд хэсгээрээ нэг явган зорчигч мөргөсөн. Тухайн үед цас орж байсан тэр хүний өмссөн хувцастай холбоотойгоор би тэр хүнийг хараагүй байх. Хүнгүй байна гэж хараад явах явах гэтэл гэнэт тэр хүн гарч ирээд мөргөгдсөн.  Тэр хүн миний машины урд хэсэгт мөргөгдөөд тэр доороо газарт унасан. Би өөрийн автомашиныг зогсоогоод бууж очоод нөгөө явган зорчигчоос биеийн байдлыг асуухад намайг түшээд босгоодох гэхээр нь түшээд босгосон.  Toyota crown 53-26 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Арж капитал” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм.  Тухайн үйлдэл нь миний санамсар болгоомжгүй үйлдлээс болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Баримтын дагуу хохирлыг бүрэн төлж барагдуулна. ...” /хх 30, 80/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.11.7-ны өдрийн 13989 дугаар “...Ө.Оы биед бүсэлхийн 5 дугаар нугалам, ууц 1 дүгээр нугалмын жийргэвчийн  фиброзон цагаригийн  урагдал, жийргэвчийн цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /хх 42-43/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023.11.6-ны өдрийн 1139889583 дугаар “уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдэл болон тоормос стандартын шаардлага хангаж байна. /хх 54/ гэсэн дүгнэлтүүд,

Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “...Toyota crown 53-26 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. мөн дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө. гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ө.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна. ...” /хх 44-46/ гэсэн магадалгаа зэргийг тус тус харьцуулан шинжлэн судлахад,

Шүүгдэгч П.Д нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Милая рестораны урд замд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цаг 25 минутын орчим toyota crown маркийн 53-26 УАВ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 15.1-т жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гөрч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Оыг мөргөж эрүүл мэндэд нь бүсэлхийн 5 дугаар нугалам, ууц 1 дүгээр нугалмын жийргэвчийн фиброзон цагаригийн урагдал, жийргэвчний цүлхийлт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч П.Дг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс тухайн зүйл заалтад заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, хуульд нийцүүлэн тогтоосон байх ба шүүгдэгч П.Дгийн гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Арж капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б “...Арж капитал” ХХК-иас сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлээгүй байхад шүүх өөрийн санаачлаагаар төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Ө.Оы анхан шатны шүүх хуралдаанд “...би сэтгэл санаагаар маш их унасан. 21 хоног хичээлдээ явж чадахгүй, хэвтрийн байдалтай байсан. 21 хоногийн хичээл тасарсан. Нурууны гэмтэл авсан учраас 3 кг жингээс дээш зүйлийг өргөж болохгүй гэж хэлсэн. Залуу гэр бүлийн хувьд 3 жил дотроо жирэмслэх боломжгүй гэж хэлсэн. Б.Чинзориг 4.593.000 төгрөгийн талаар сонсоогүй гэж байна. Би энэ байтугай төлбөр гарах талаар хэлж байсан.  Миний хувьд дахин сэргээн засах эмчилгээнд орох шаардлагатай. ...” /хх 132/ гэж мэдүүлсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед Ө.О нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 3 дугаар зэрэглэлээр тогтоосны хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нөхцөл байдал тогтоогдож байна. /хх 73/

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсны дагуу Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг гаргасан байна.

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

Дээрх жишиг аргачлалын 3.6-д “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэжээ.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 6.600.000 төгрөгөөр тооцож сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. …” гэж заасан бөгөөд шүүгдэгч П.Д нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр  “Арж капитал” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан талаарх баримтууд авагдсан байх тул хохирогч Ө.Од учирсан хохирлыг “Арж капитал” ХХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд хохирогч Ө.Оы сэтгэцэд учирсан хор уршигт 6.600.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Арж капитал” ХХК-иас гаргуулж шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээн иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Арж капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн шийтгэх тогтоолын 6 дугаар хуудсанд шүүгдэгч П.Дгийн нэрийг А.Нурланд гэж алдаатай бичсэн байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолын:

Тогтоох хэсгийн 5 дахь заалтын “…Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Арж капитал” ХХК-иас 7.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Од болгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Арж капитал” ХХК-иас 6.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Од олгосугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Арж капитал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ             

                               ШҮҮГЧ                                                      Б.АРИУНХИШИГ

                   ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ