| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2018/0033/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/37 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2018/ШЦТ/37
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,
улсын яллагч Э.Нэргүй,
Насанд хүрээгүй хохирогч Н.О, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Н,
шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.С-д холбогдох эрүүгийн 18170003300024 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн сэлбэгийн нярав мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, .............. гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
Урьд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Б.С /РД:............../,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.С нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Сүмбэр сумын 2 дугаар баг, Баянбулагийн гудамжинд иргэн Н.О-ын нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.С нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Баянбулагийн гудамжинд насанд хүрээгүй хохирогч Н.О-ын нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2018 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Уулзварын эгнээнд байдаг найзынхаа гэрээс гараад найзындаа очиж хонохоор явсан. Замдаа хоёр найзтайгаа таараад тамхи асуухад байхгүй гэсэн. Тэгээд эгнээний үзүүрт явж байхад худаг дээр хоёр залуу тамхи татаад зогсож байхаар нь очоод ганц тамхи өгөөч гэж гуйхад О тамхи гаргаж өгсөн. Доошоо хараад тамхи асаагаад татаад зогсож байтал Отгонболд намайг мөрлөсөн. Мөрлөхөөр нь намайг цохих гэж байна гэж бодоод цохисон. Цохисны дараа О зугтаад явсан. Би найз Г нь юм яриад зогсож байхад цагдаа ирээд авч явсан гэв.
1.2. Насанд хүрээгүй хохирогч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Шинийн нэгний орой манай найз Г уулзъя гэхээр нь гэрээсээ гараад найзтайгаа уулзсан. Бид хоёрыг худаг дээр тамхи татаад зогсож байхад хажуу эгнээнээс хоёр ах ирээд тамхи асуусан. Би нэг ширхэг тамхи өгөөд зогсож байтал цаанаас нь хэдэн ах нар чанга, чанга дуугараад гарч ирсэн. Би тэгээд зодох байх гэж бодоод хажуу тийшээ зугтаах гэж байгаад С-ыг мөрлөсөн байж магадгүй. Тэгтэл С намайг араас бариад цохисон. Тэгээд зугтаж гэртээ ирээд цагдаа дуудсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
1.3. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Намайг 2018 оны 02 дугаар сарын 17-ны шөнө найз Д хамт Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Ханангийн гудамжинд байдаг ээж Н-ын төрсөн эгч болох Тоогий гэдэг эгчийнд очиж золгочихоод шөнө гараад гэрлүүгээ явж байгаад худгийн наад талд Б.С-тай таарсан. Б.С ганцаараа явж байсан. Худгийн урд талд 2 залуу тамхи татаад зогсож байхыг нь хараад С Д бид хоёрт тийшээ очоод ганц тамхи татчихаад явья гээд худаг руу очиход 2 банди тамхи татаад зогсож байхаар нь С нөгөө 2 бандид нэг тамхилчих гэсэн чинь нэг банди нь С 1 ширхэг янжуур тамхи өгөөд С тамхиа асаагаад татаад зогсож байснаа С өөрт нь тамхи өгсөн залуугийн эрүү хэсэг рүү нь цохитол цохиулсан банди нь худгийн ар талын гудамж руу гүйчихсэн, хамт байсан бандитай хамт С бид хэд зогсож байхад эрүү рүүгээ цохиулсан залуу нь ээж эгч, ах нараа дагуулаад ирсэн. Ээж нь гэх эмэгтэй С бид хоёрт та нар шүд муутай хүүхэд зодчихлоо гээд С-ын цамцны захнаас барьж автал эгч нь гэх эмэгтэй боль боль ээж цагдаа дуудсан байгаа гэж ярьж байсан. Б.С Д бид хоёртой таарахдаа ганцаараа явсан. Худаг дээр байсан 2 залуу Сэргэлэнбаатарт тамхи гаргаж өгсөн, би Д найзтайгаа юм яриад зогсож байхад гэнэтхэн л Б.С тамхи өгсөн залуугийн эрүү рүү цохисон юунаас болж цохисон талаар би мэдэхгүй… гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
1.4. Гэрч Ц.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Миний хүү Н.О нь зодуулсны улмаас баруун дээд талын 2 дугаар шүд хугарсан тул 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр суудлын вагоноор Улаанбаатар хот орж Оргил-Дент гэх шүдний хувийн эмнэлэгт үзүүлээд ирсэн. Нийтдээ 2 удаа Улаанбаатар хот руу вагоноор ирж очсон тул 23.200 төгрөгний зардал гарсан. Оргил-Дент шүдний эмнэлэгт үзүүлэхэд чиний хугарсан шүдийг өрөмдөж аваад дахин хиймэл шүд хийлгэхэд эмчилгээний зардал 7.000.000 төгрөгний зардал гарна гэж хэлсэн. Бас Оргил-Дент шүдний эмнэлэгт хугарсан шүдний рентген зураг авахуулахад 20.000 төгрөгний зардал гарсан. Би дээрх зардлуудыг С гэх хүнээс нэхэмжилж байна. Оргил-Дент шүдний эмнэлэгээс баримт өгөөгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/
1.5. Насанд хүрээгүй гэрч Х.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2018 оны 02 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед хөдөөнөөс Сүмбэр сумын төв рүү орж ирээд Цагаан-Усны 2-9 тоотод байх нагац эгч О гэрт байхдаа өөрийн гар утаснаас Н.О-ын гар утас руу залгаж, бид 2 дэнжийн Хэрлэнгийн эгнээний худаг дээр уулзахаар ярьж тэгээд би худаг руу очиж Н.О-той уулзсан. Тэгээд О хайрцагтай тамхи гаргаад бид хоёр нэг нэг тамхи татаад дуусч байтал Б-ын дэлгүүртэй гудамжнаас 3 залуу гарч явснаа бид 2 дээр ирээд нэг залуу нь бид хоёроос ганц тамхи байвал өгөөч гэж гуйхаар нь О тэр залууд нэг ширхэг тамхи өгөөд нөгөө залуу тамхиа татаад зогсож байсан. Гурван залуугийн нэг нь намайг харж байснаа чи Монхоогийн дүү юу гэж асуухаар нь би тиймээ гэж хэлсэн чинь нөгөө нэг залуу нь миний энгэр, цээж хэсэг рүү цохих гээд хальт түлхэх шиг болохоор нь би нөгөө залуугаас хойшоо холдоод зогстол нөгөө залуу нь О-ын нүүр шанаа рүү нь цохитол О худгийн булангаар тойроод гэр лүүгээ гүйсэн. О-ыг цохисон залуу нь арай эрүүл нэг залуутайгаа худгийн дэргэд зогсож байсан. Би гэр лүүгээ явах гээд эргээд алхтал О гэрээсээ ах эгч нараа дагуулж ирээд нөгөө худгийн дэргэд зогсож байсан 2 залуутай уулзаад зогсож байхад нь цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
1.6. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 69 дугаартай дүгнэлтэд:
- Н.О-ын биед баруун дээд 2-р шүдний хугарал, 3-р шүдний сэлтрэлт, баруун нүдний доод зовхины орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Баруун дээд 2-р шүдний хугарал гэмтэл цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 21 дүгээр хуудас/
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.С-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.С болон түүний өмгөөлөгч Б.Б нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Б.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:
2.1. Гэрч А.А. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Миний хувьд хүргэн болох Б.С-тай энгийн харьцаатай байдаг. Б.С нь хөдөө манай ээжийн хажууд нэг бууцан дээр эхнэр Э.М-ийн хамт амьдарч байгаа. Б.С нь даруу зан ааштай, янз бүрийн зан араншингүй хүний үгнээс гардаггүй хүүхэд шиг санагддаг. Би С-ыг архи уугаад явж байхыг нь хараагүй. Эхнэр Э.Мө-өө харьцаа халамж сайтай хүн гэж боддог... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
2.2. Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
С нь миний дүү Б 2 дахь хүүхэд нь юм. С дээрээ У гэдэг нэг ахтай. Доороо Б гэх 7 дугаар ангийн нэг дүүтэй. Миний төрсөн дүү Д.Б нь 3 жилийн өмнөөс С-ын ээжээс салаад одоо БНХАУ-н Эрээн хотод байдаг гэсэн. С-ын ээж нь Өмнөговь аймгийн Оюутолгой, Таван толгойд ажил хийдэг гэсэн. С нь дөлгөөн ааштай, дуу муутай хүний өөдөөс юм яриад байдаггүй, хүний үг сайн сонсдог хүүхэд. Би С-рыг архи дарс уугаад явж байхыг хараагүй. Чойрын Политехникийн коллеж төгссөн. Тодорхой эрхэлсэн ажилгүй, мал гээд байх юм байхгүй, хадам тал нь С-т цөөхөн хэдэн мал тасалж өгсөн байх… гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-40 дүгээр хуудас/
2.4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-49 дугаар хуудас/
2.5. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн захиргааны хяналтын хувийн хэргийн хуулбар /хх-ийн 50-55 дугаар хуудас/
2.6. УБТЗ-ын зорчих эрхийн тасалбар /хх-ийн 28 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Б.Батчимэг “...Б.С-ын хувьд 21 нас хүрээгүй, тодорхой хуулийн зохицуулалт үйлчлэх боломжтой гэж үзэж байна. Б.Сэргэлэнбаатар 1996 оны 09 дүгээр сарын 06-нд төрсөн. Одоо 20 настай хүн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүн энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж заасан байна...” гэх дүгнэлтийг гаргасан боловч шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Шүүгдэгч Б.С нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.С нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр буюу 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаандаа дахин гэмт хэрэг үйлджээ.
Хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдвэл уг ялыг сэргээн эдлүүлэх журмыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ойлгох бөгөөд мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан дагуу ялыг нэмж оногдуулаар хуульчилсан байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүн энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан боловч энэ бие бялдарын хувьд насанд хүрээгүй болох нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд хэрэглэхээр зохицуулсан заалт юм.
Иймд шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуу ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан 480 /дөрвөн зуу ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялаар солив.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сольсон 60 /жар/ хоногийн хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.
Насанд хүрээгүй хохирогч Н.О нь хохиролын талаар шүүгдэгч Б.С-тай 1 000 000 /нэг сая/ төгрөг авахаар тохиролцсон 500 000 /таван зуу мянга/ төгрөг авсан үлдсэн 500 000 /таван зуу мянга/ төгрөгийг шүүх хуралдааны дараа авахаар ярьсан байгаа гэх боловч энэ талаар хийсэн гэрээ байхгүй байх тул цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуу ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан 480 /дөрвөн зуу ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сольсон 60 /жар/ хоногийн хорих ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Насанд хүрээгүй хохирогч Н.О нь цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.