Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар   2024/ДШМ/365

 

    

 

 

Б.Г-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Отгонбаярын бичсэн 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 14 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Гад холбогдох 2308019182191 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б

.... тоотод оршин суух, урьд:  

1998 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

2000 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 16 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

2000 оны таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 2003 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, 2003 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, 2009 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2016 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар нийт 4 жилийн хорих ялаар, 2020 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дүгээр сарын 19-ний өдрийн 746 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн;  

Холбогдсон хэргийн талаар:

Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Д дүүргийн 000 дугаар хороо, 000 дугаар гудамжны 000 тоот гэртээ хамтран амьдрагч Н.Мтай таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 746 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Прокурор Д.Отгонбаяр эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримталж, нэг төрлийн ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Г нь энэ шийтгэх тогтоол гарахын өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүхээс 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ял бүрэн биелээгүй болох нь баримтаар тогтоогддог бөгөөд шүүх шүүгдэгчийн энэ гэмт хэрэгт мөн адил нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нэг төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр заасан нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалт нь шүүх шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулахад хэрэглэхээр зохицуулалт болохоос, шүүх нэг төрлийн ял оногдуулахдаа баримтлах зохицуулалт биш юм. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “нийтэд тустай ажил хийлгэх ялыг ...нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно” гэж заасан нь тухайн төрлийн ялын дээд хэмжээг хуулиар тогтоосон байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гад хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэлгүйгээр, тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, мөн нэг төрлийн ялыг хуулиар тогтоосон хэмжээнээс хэтрүүлж оногдуулсан нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэхүү шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэх, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчиж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.   

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч Б.Гад холбогдох 2308019182191 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Д дүүргийн 000 дугаар хороо, 000 дугаар гудамжны 000 тоот гэртээ хамтран амьдрагч Н.М-тай таарамжгүй харилцааны улмаас маргаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.М-ын мэдүүлэг /хх-ийн 15, 18/, Н.М-ын биед “...зүүн зулайд шарх, зүүн хөх, хэвлийд цус хуралт...” гэсэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 7426 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/, гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн хүчирхийллийн зэрэг өндөр болох талаарх аюулын зэргийн үнэлгээ /хх-80/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Шүүгдэгч Б.Гын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаатай, хамтран амьдрагч Н.М-ыг зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүхээс Б.Гын үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж зүйлчилсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялын төрлөөс шүүх Б.Гад нийтэд тустай ажил хийлгэх ял сонгон, 500 цагийн хугацаагаар оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.  

Харин шүүгдэгч Б.Гын Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дүгээр сарын 19-ний өдрийн 746 дугаар шийтгэх тогтоолоор “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, цагдан хоригдсон 14 хоногийг тус ялаас хасаж 608 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэх...”-ээр шийдвэрлэсэн 608 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх ба энэ үндэслэлээр бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл агуулгын хувьд хууль зүйн үндэслэлтэй байна.

 Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байхад анхан шатны шүүх өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял гэсэн нэг төрлийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зааснаар шүүгдэгч Б.Гын 746 дугаар шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн эдлээгүй 608 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.” гэж зааснаар Б.Гын биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно.” гэж зааснаар дээд хэмжээ болох 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Ингэж давж заалдах шатны шүүх анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь шүүгдэгч Б.Гын эрх зүйн байдлыг дордуулахгүй.

Иймд прокурор Д.Отгонбаярын бичсэн 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох агуулга бүхий дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээр дурдсан байдлаар өөрчлөлтийг оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/212 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 746 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 746 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар биечлэн эдлүүлэхээр тогтоосон 608 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын биечлэн эдлэх ялын хэмжээг 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Д.Отгонбаярын бичсэн 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 14 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                        Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ