| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0113/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/113 |
| Огноо | 2018-05-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндсэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д-д холбогдох эрүүгийн 1838001980138 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х.Днь 2018 оны 02 дугаар сарын 08-ны орой Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвд иргэн Б.Бтой маргалдаж түүнийг цохиж биед нь “зүүн нүдний алимны цус хуралт, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Д нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны орой Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвд иргэн Б.Бтой маргалдаж түүнийг цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Д мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Б-той гараад хашааны булангаар тойрохоос залхуураад айлын хашаагаар нэвт хойшоогоо гарахаар Бын хашааны хаалга онгорхой байхаар нь орсон. Тэгэхэд нойлд тус айлын гэрийн эзэн Б хөөе юун хулгайч нар вэ гэж хэлэхэд бантсандаа Чук гэдэг айл сурсан. Тэгсэн Батболд очсон. Тэр хоёрын хооронд юу болсныг мэдэхгүй надруу хүрээд ирэхээр нь нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиод хашааны хойд талаар даваад яваад өгсөн. Би нэг удаа цохисоноо хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Хашаан дотор Д, нэгийг нь танихгүй хоёр залуу орж ирээд Д надаас Хөгхий эмгэнийх хаана вэ гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хариулсан...Д тэр өдөр манай хашаанд орж ирээд миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Эмчилгээний зардал 1.000.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 7-10 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нутгийн дууддаг нэр нь Маамаа буюу Даваажаргалтай хамт Чука руу очих гэж явах замдаа товчлоод айлын хашаа даваад явчий гэж бодоод айлын хашаа руу урд хаалгаар нь ороод хойд хашаагаар нь давах гэхэд байшингийн ойролцоо нохой байх шиг болохоор нь хөөе гэж дуудахад нойл дотор байсан хүн өөв гэсэн нойл руу очоод Чука гэдэг айл хаана уу гэсэн. Хашаан дундуур гардаг ямар том пизда вэ гэсэн. Тэгэхээр нь би айл асууж болдоггүй юмуу гэхэд тэр залуу намайг цээж рүү гараараа цохиод би унасан. Миний хажууд зогсож байсан Маамаа тэр залууг цохичихсон. Тэгээд хашааруу ар талаар нь даваад явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-15 дугаар хуудас/,
Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б гэрээс 21 цаг өнгөрч байхад гарсан. Гараад 20 минут болсон байх эргэж орж ирэхдээ хүнд зодууллаа гэсээр орж ирсэн. Хамраас нь цус гарсан, дээлний энгэр хэсэг, хормой хэсэгт цус болсон байсан. Баруун талын нүд нь хавдсан байдалтай орж ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-18 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 140 тоот
1. Б.Б ын биед нүдний алимны цус хуралт, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /ХХ-ийн 20 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838001980138 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Х.Д нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 30 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Днь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардал 1.000.000 төгрөг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул эмчилгээний зардал 1.000.000 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Х.Д-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1838001980138 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х. Д-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838001980138 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Б нь эмчилгээний зардал 1.000.000 /нэг сая/ төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Х.Д-аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР