Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/419        

 

 

 

Ч.Год холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Болортуяа, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батцэцэг,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 2024/ШЗ/25 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ш.Баасандоржийн бичсэн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцлээр Ч.Год холбогдох эрүүгийн 2404000120011 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч.Г  ....тоотод оршин суух, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Ч.Г нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 16:30 цагийн үед Ө дүүргийн 000 дүгээр хороо, 000 дугаар байрны 000 тоотод хамтран амьдрагч Б.Оийг хэрүүл маргааны явцад зүүн чих болон зүүн гуя хэсэгт нь цохиж, улмаар эрүүл мэндэд нь “хэнгэргэн хальсны цооролт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Багануур дүүргийн прокурорын газраас: Ч.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Год холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж тогтоогдож байгаа эсэхийг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаагаар дахин шалгаж тодруулах шаардлагатай гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Баасандорж нь бичсэн дээд шатны эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс Ч.Год холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэхдээ, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-ээс 4.6 дахь заалтад заасан нөхцөл байдлууд бүхэлдээ болон аль нэгийг нь хангагдаагүй гэж үзэж байгаа үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагааг хэрэгт нэмж хийлгүүлэх талаар тодорхойлж дүгнээгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Год холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзсэн бол прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтэд тодорхойлсон буюу “...Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1 дэх зүйлийн 5.1.1 дэх заалтад Тэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж заасан бөгөөд хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн тухайд, яллагдагч хохирогч нарын хооронд бий болсон үл ойлголцол, маргаан нь тохиолдлын шинжтэй байх бөгөөд гэр бүлийн харилцаанд хэн нэг нь давуу эрх эдэлж, нөгөөгөө дорд үзсэн, тэгш бус харилцаанаас шалтгаалсан зэрэг нөхцөл байдал нотлогдоогүй тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн... хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлтийг үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй болохыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн няцаан үгүйсгээгүй, ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хэт ерөнхий дүгнэж, хэргийг прокурорт буцаасан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Тэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэдгийг хууль тогтоогчоос Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүдийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг дарамтад суурилсан харилцааг ойлгохоор, мөн гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, эсхүл гэр бүлийн харилцаанд эрх тэгш байхыг үгүйсгэсэн буюу аль нэг нь давуу эрх эдлэх ёстой мэт нөгөөгөө дорд үзсэн үзэл санаанаас шалтгаалсан, дарангуйллын хэлбэрээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.

Хохирогч Б.О, шүүгдэгч Ч.Г нарын хооронд үүссэн хэрүүл, маргаан, түүнээс улбаалж нэгнийхээ биед хүч хэрэглэж халдсан хэргийн үйл баримтыг тэдний 4 настай хүү Г.И-тээс өөр харсан хөндлөнгийн гэрчгүй боловч хэргийн бодит байдлыг тогтоох, мөн гэмт хэргийн шинж, яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох зорилгоор Б.Оээс зөрчлийн хэрэгт болон эрүүгийн хэрэгт тус тус хохирогчоор, шүүгдэгч Ч.Гоос зөрчлийн холбогдогч болон эрүүгийн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар тус тус мэдүүлэг авсан, гэмт хэрэг гарсны дараа болсон хэргийг дамжмал байдлаар сонссон, мэдсэн хохирогчийн эцэг Х.Б, эх Ж.Б нараас Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг сануулж гэрчийн мэдүүлэг авсан зэргээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах, хохирогч, шүүгдэгч нарын хувийн байдал, Ч.Гын зүгээс урьд өөрийн хамтран амьдрагч Б.Оийн эрх чөлөөнд халдаж, хүчирхийлэл үйлдсэн, зодсон асуудал байдаг эсэхийг тодруулах, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байсан эсэхийг шалгах зэргээр хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг тал бүрээс нь бүрэн бодитой явуулжээ. Шүүгдэгч Ч.Г нь өөрийн хамтран амьдрагч, хохирогч Б.От халдаж. түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлгүүдээр бүрэн тодорхойлогдсон байна. Тодруулбал, хохирогч Б.Оийн “...Би гэртээ ороод ажил дээр бухимдаж, ар гэртээ санаа зовоод нэг өдөр хүүхэд харах болохоор араас сэтгэл зовуурьтай байлгаад байна гэж бухимдалтай хэлсэн. Тэгээд байж байхад манай нөхөр нь нөгөө өрөөнөөс босож ирээд “гөлөг минь, даварчихсан авгай минь, чи ер нь давраад байгаа шүү” гэж хэлсэн. Тэгээд би өрөөндөө хувцсаа солих гээд ороход манай нөхөр Ч.Г нь миний араас хүүхдийнхээ гутлыг аваад шидсэн, миний нуруун дээр оносон. Би буцаж очоод нөхөртөө хандаж “чи намайг шинэ жилд маргааш явна гэхээр явуулахгүй ингэж аашиллаа” гэж хэлсэн. Тэгсэн Г-д “миний зүүн талын чих хэсэгт баруун гараараа нэг удаа алгадсан. ...” /хх 15-16/

Шүүгдэгч Ч.Г яллагдагчаар мэдүүлсэн “...О нь гаднаас ууртай орж ирээд гал тогооны өрөөнөөс надад хандаж арчаагүй, араас утасдаж гоншигнолоо гэх зэргээр хэл амаар хэрүүл өдөж эхэлсэн. Тэгээд би нөгөө өрөөнөөс “хуцаад байгаарай п***** минь” гэж хэлээд хоорондоо маргалдаж муудсан. Тэгээд О нь миний нүүр рүү тулж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би нүүр хэсэгт нь шүлсээрээ нулимсан. Манай эхнэр О нь миний нүүр рүү шүлсээрээ нулимаад миний дух хэсэгт хэд хэдэн удаа гараараа маажсан. Тэгээд Оийг эргээд харахад нь өгзөг хэсэгт нь би хөл нүцгэн нэг удаа өшиглөсөн. Тэгээд О нь уурлаж ирээд миний дух нуруу хэсэгт хумсаараа маажсан. Тэгээд би уурлаад Оийн хацар хэсэгт нь нэг удаа алгадсан.., утасны цэнэглэгчээр Оийн зүүн талын гуя хэсэгт нь 1 удаа ороолгосон...” гэсэн мэдүүлэг (хх 61) зэрэг нотлох баримтуудаар Ч.Г нь тухайн өдөр хүүхдээ хараад гэртээ байхад нь түүний хамтран амьдрагч Б.О ажлаасаа тарж ирэхдээ бухимдсан байдалтай орж ирсэн, тэрээр Ч.Год бухимдлаа илэрхийлснээс эхлэлтэй тэдгээрийн хооронд хэрүүл, маргаан үүссэн, улмаар нэгнийхээ зан авирыг тэвчихгүй, харилцан нэгэндээ хүч хэрэглэсэн зэргээр тухайн үед үүссэн нэг удаагийн хувийн таарамжгүй харилцаанаас буюу гэнэт үүссэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдэн гарсан хэргийн үйл баримт тогтоогджээ. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ч.Г нь урьд, байнгын шинжтэй буюу олон удаа хохирогчид бие махбодид халдаж, хүч хэрэглэдэг байсан, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад байлгадаг зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй, гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдсэн байх тул прокуророос Ч.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн хэргийн зүйлчлэл нь тохирсон байна. Прокуророос Ч.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан шийдвэртээ “яллагдагч, хохирогч нар нь 4 настай төрсөн хүү Г.И-ийн дэргэд харилцан маргалдаж, зодолдсон үйлдэл нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн. хүүхдийг үл хайхарсан зөрчлийн шинжийг агуулсан байна” гэж дүгнэн хэргээс холбогдох нотлох баримтуудыг хуулбарлан зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг мөрдөгчид даалгасны дагуу Б.От холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагджээ. Улмаар шүүхээс Б.Оийг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон” зөрчил үйлдсэн болох нь нотлогдсон гэж дүгнэн шийтгэл оногдуулсан байх бөгөөд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаартай шийтгэврийг шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс нотлох баримтаар гаргаж өгсөн анхан шатны шүүх үндэслэн шүүгдэгч Ч.Год холбогдох хэргийн зүйлчлэлтэй адилтган жишин, гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан зүйлчлэх ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байхын зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй байгаа нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.  Иймд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/25 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхэд хялбаршуулсан журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Б.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэг анх зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэж байгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд мөрдөн хяналт дээр ирсэн. Миний зүгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх рүү өгсөн. Гэтэл, шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурор дээр яригдаж байсан нөхцөл байдлын дагуу шүүх шийдчихсэн. Хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн эсэхийг шийдвэрлүүлэх гэтэл зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудаас Б.Оийг гэр бүлийн хүчирхийлэл гээд шийдвэрлүүлчихсэн. Шүүх хуралд орохын өмнө мөрдөгч шийтгэврийг нь авчирч өгөхөөр нь би шүүхэд шинэ нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл шүүх үүнийг үнэлчихсэн. Үүнээс үзвэл хохирогч Б.О ч бас гэр бүлийн хүчирхийлэгч болчихоод байгаа. Шүүхээс Г-ыг бас гэр бүлийн хүчирхийлэгч байна хүндрүүлж үзлээ гээд хэргийг буцаагаад байгаа нь үндэслэлгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоолгохоор мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах  шаардлагагүй гэж дүгнэв. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн ба мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил байхгүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн 2024/ШЗ/25 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.  

2. Шүүгдэгч Ч.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                       С.БОЛОРТУЯА

            ШҮҮГЧ                                                       Д.ОЧМАНДАХ