| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лутбатын Хэрлэнчимэг |
| Хэргийн индекс | 128/2024/0142/З |
| Дугаар | 128/ШШ2025/0806 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0806
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д******* ХХК /РД:*******/.
Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хорооны хоорондын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, зөвшөөрөл олгохыг даалгах, захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг гаргуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*******, Т.Б*******, А.Б******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Д******* ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04/ тоот Тусгай зөвшөөрлийн тухай шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
1.2. Нэхэмжлэгчээс 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн Хууль бус захиргааны актын улмаас учирсан хохиролд 30,625,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Д******* ХХК нь 2019 оны 12 дугаар сард Ц ХХК-д олгосон дулаан түгээх болон дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 6/ дугаар тоотоор Ц ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 454 дүгээр тогтоолоор дулаан түгээх болон дулаанаар зохицуулалттай хангах зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцаа 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болохыг мэдэгдсэн байна.
2.2. Д******* ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр А/ дугаар дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг авах хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасан. Эрчим хүчний зохицуулах хороо нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 04/ дугаартай Тусгай зөвшөөрлийн тухай албан тоотоор тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан мэдэгдлийг Д******* ХХК-д хүргүүлсэн байна.
2.3. Нэхэмжлэгчийн зүгээс: "...Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно гэж заасан бөгөөд хариуцагч нь энэ заалтыг илтэд зөрчиж, тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 тоот Дүрэм батлах тухай тогтоолын хавсралтаар батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12 дахь хэсэгт заасан нөхцөл, шаардлагыг шаардаж, хууль зөрчсөн заалтыг үндэслэж тусгай зөвшөөрөл олгохгүй байна. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04/ тоот шийдвэр нь компанийн тусгай зөвшөөрөл авах эрхийг хязгаарласан, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэвийн явуулах боломжгүй болгосон, үйл ажиллагаагаар дамжуулан ус, дулаанаар хангагддаг хэрэглэгчид буюу нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, хууль зүйн сөрөг үр дагавар үүсгэсэн, захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан, мөн маргааны гол харилцааг зохицуулж байгаа хэм хэмжээ болох Зөвшөөрлийн тухай хууль нь нийтийн эрх зүйн хэм хэмжээ тул захиргааны акт юм." гэх агуулгаар маргасан.
2.4. Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооноос: "...Д******* ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/ албан тоотоор тусгай зөвшөөрөл хүсч холбогдох материалыг ирүүлсэн. Тус материалыг судлан үзэхэд тусгай зөвшөөрөл олгоход тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангаагүй байсан тул Хорооноос 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 05/ дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай хариу өгсөн. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04/ тоот Тусгай зөвшөөрлийн тухай албан бичиг нь хууль бус акт биш тул хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна." гэх агуулгаар тайлбарласан.
Д******* ХХК-аас 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхийн шүүгчийн 128/ШЗ2024/1056 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2024/8168 дугаар захирамжаар хэргийг түдгэлзүүлж, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2025/6627 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: "Д******* ХХК 2015 оноос эхлэн орон сууцны конторын ажил үйлчилгээг Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу Сонгинохайрхан дүүргийн байруудыг хариуцан ажиллаж байсан. Энэ хугацаанд 2018 оноос эхлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос хувийн орон сууцны конторуудад Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах 2 тусгай зөвшөөрлийг олгож эхэлсэн. Шинээр байгуулагдсан орон сууцны хувийн хэвшлүүд Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан тусгай зөвшөөрлийг авахад шаардагдах суурь нөхцөл шаардлагыг хангахгүй байсан учраас 2-3 компанийг нийлж дулааны тусгай зөвшөөрөл авах зохицуулалтыг хийж өгсөн. Улмаар хэд хэдэн компаниуд нийлж нэгнийхээ нэр дээр Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг авсан. Ц ХХК-тай нэгдэж тухайн компанийн нэр дээр тусгай зөвшөөрөл авсан бөгөөд 2023 оны 05 дугаар сард тусгай зөвшөөрөл цуцлагдсан. Үүнтэй холбогдуулан манай байгууллага өөрийн нэр дээр тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хороонд албан бичгээр гаргасан ч 2024 оны 01 дүгээр сараас эхлэн батлагдан улс даяар мөрдөж байгаа Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5.17-д заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх захиргааны хэмж хэмжээ тогтоосон акт хэрэглэхийг хориглоно гэсэн тодорхой заалт байхад Эрчим хүчний зохицуулах хорооноос албан тоотоор захиргааны хэм хэмжээний акт буюу өөрийн баталж гаргасан тусгай зөвшөөрлийн аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12-т заасан үндэслэлийг гаргаж 20гкал/цаг-ийг танайд олгох боломжгүй гэх хариуг өгсөн. Иймээс бид Зөвшөөрлийн тухай хуулийг зөрчиж, тусгай зөвшөөрөл олгохгүй байгааг хуулийн дагуу шийдүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх албан бичигтэй холбогдуулан манай хариуцаж байсан орон сууцуудын тог болон дулааны борлуулалтын үйл ажиллагааг Орон сууцны удирдах газарт шилжүүлсэн. Оршин суугч халаалт дулааны мөнгөө Орон сууцны удирдах газарт, цэвэр бохир усны мөнгийг манайд өгдөг. Түүнтэй холбогдсон дуудлага засвар үйлчилгээний 2 газар үйлчлээд 2 жил гаруй болж байна. Хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны актаас үүдэн манай компанид хохиролтой үйл ажиллагаа явагдсаар байна...Эрчим хүчний зохицуулах хорооны 108 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн 5.2.12-т дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүч хэрэглэгчдийн тооцоот ачаалал 20гкал/цаг-аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэж авсан байна гэх заалтыг илт хууль бус агуулгаар хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Хэлэлцэгдсээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжиж хүчингүй болгосон захирамж гарсан. Энэ хооронд хариуцагч тал дээд шатны шүүхэд гомдол гаргасан...Хууль зүйн сайд О.Алтангэрэлийн 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тогтоол, албан тоотоор үүрэг даалгавар өгч хариуцагч 725 дугаар тогтоолоор 181 дүгээр тогтоолыг шинэчилсэн. Тухайн тогтоолоо Хууль зүйн яамны албан даалгаврын дагуу хүчингүй болгосон. Манайд тусгай зөвшөөрөл олгоход дагаж мөрдөх албан тоотод тусгасан заалт, захиргааны хэм хэмжээний актууд бүгд хүчинтэй болсон. Хариуцагч байгууллага зөвхөн зөвшөөрлийн хуулийг баримталж тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг хийж байгаа гэж бодож байна. Энэ бүгд нь манайхыг чирэгдүүлж, хууль зөрчиж 2, 3 жил дараалан компани болон хэрэглэгчдийг чирэгдүүлсэн үйлдэл боллоо...Дахин тусгай зөвшөөрөл хүсэхэд шүүхээр шийдвэрлүүлж байгаа, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй учраас олгох боломжгүй гэх хариуг дахин өгсөн. Эцсийн байдлаар шүүхийн шийдвэрээр даалгах шийдвэр гаргуулж байж манай компанид хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгогдоно үзэж байна...Өөр олон компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан, түдгэлзүүлсэн. Хариуцагч хэрэглэгчдийг Орон сууцны удирдах газарт тогтоолоор шилжүүлж байгаа нь Өрсөлдөөний тухай хууль, Компанийн тухай хууль, Өмчийн тухай хуулийг зөрчиж байна..." гэв.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б******* шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: "...Татгалзсан хариу өгөхдөө баримталсан эрх зүйн акт хүчингүй, хууль бус учраас гаргасан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Өнөөдрийн байдлаар хариуцагчийн хууль бус эрх зүйн актууд бүгд хүчингүй болсон. Одоо баримталж байгаа эрх зүйн акт нь мөн хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй. Учир нь тухайн үед мөрдөгдөж байсан эрх зүйн хэм хэмжээний актууд бүгд хүчингүй болсон...Хариуцагч тусгай зөвшөөрөл олгоход ямар нэг хэм хэмжээний акт гаргахгүй гэсэн хуулийн зарчмыг зөрчсөн гэх агуулгаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, асуудал шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс бүх эрх зүйн актаа хүчингүй болгосон. Учир нь нэхэмжлэл гаргаснаас хойш 2 удаа эрх зүйн актаа хүчингүй болгож, асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдал үүсгэх байдлаар хэрэг шийдвэрлэгдсэн. Түүнээс биш хууль бус биш гэж шийдэгдээгүй. Өөрсдөө хууль бус гэдгийг мэдээд эрх зүйн актуудаа хүчингүй болгож, бусдын эрхийг зөрчиж байсан асуудлаа таслан зогсоосон асуудал яригдсан. Эрх зүйн актуудыг хүчингүй болгосноос хойш дахин энэ асуудлаар хандахаар тусгай зөвшөөрлийн маргаан шүүхэд хянагдаж байгаа учраас хүлээж авах боломжгүй гэдэг байдлаар хариу өгдөг...Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яаманд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороонд мэдэгдэл хүргүүлэх тухай баримт бичиг байгаа. Энэ албан бичигт хариу албан бичгийг явуулсан. Хариутай албан бичгийг Эрчим хүчний зохицуулах хороо 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ирүүлсэн эсэх талаарх баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Тиймээс...энэ талаарх баримтыг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна." гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д******* шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: "...2023 оны захиргааны акт тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан тусгай харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн дагуу энэ албан бичгийг өгсөн... Д******* ХХК 2019 оны дүрэм батлах тухай 181 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5.2.12 дахь заалттай давж заалдах шатны шүүхэд маргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 2023 онд дахин 725 дугаар тогтоолтой маргасан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0532 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Тус тогтоолд гомдол гаргаж давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 0580 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан татгалзлыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 1437 тоот актад дурдсан 181 дүгээр тогтоолтой холбоотой маргасан боловч шүүх эцэслэн шийдвэрлэсэн...Манай акт хууль ёсны дагуу гарсан. Тухайн акттай холбоотой хохирол нэхэмжилсэн. Акт хууль бус эсэх нь тогтоогдсоны дараа хохирлын асуудал яригдана...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д зааснаар хууль бус байсан нь тогтоогдсоноор хохирлын асуудал нэхэмжлэх нөхцөл байдал үүснэ...Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Маргаан бүхий акт хүчингүй болсон тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх боломжгүй нөхцөл байдал байна...Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийн тухайд, шүүгч хүсэлт хэлэлцэх шатанд асуухад хүсэлт байхгүй гэж хэлсэн. Шүүх хуралдааны дэг, дарааллын дагуу явагдах ёстой...Хэрэг хэлэлцэх дараалалд хүртэл санал оруулж процессыг тохирчхоод хэрэг хэлэлцээд эхэлсэн байхад хүсэлт гаргах нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт, энэ бичиг манайд ирсэн. Өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт гаргаад, Эрчим хүчний яам руу шилжүүлээд, Эрчим хүчний яамнаас, манайхаас тайлбар гаргаж нэгэнт асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн учраас боломжгүй талаарх хариуг өгсөн. Нэхэмжлэгч тал дахин Эдийн засаг, хөгжлийн яаманд хандсан нь манай байгууллагад ирсэн. Бид өмнөх агуулгаар хариуг өгсөн...тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа асуудал нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 181 дүгээр тогтоолын дагуу 20 гкал цагт тооцоот ачаалал хүрэхгүй байсантай холбоотой. Өмнө Ц ХХК-тай хамтарч байсан. Тус компанийн тусгай зөвшөөрлөөс татгалзсан үйл баримттай холбоотой мөн нэхэмжлэгч тал маргасан. Ц ХХК-ийн итгэмжлэлийг хуурамчаар ирүүлсэн учраас нэхэмжлэлээсээ татгалзаж тухайн асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн...181 дүгээр тогтоол Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө гарсан хэм хэмжээний акт...Нэхэмжлэгч Эрчим хүчний зохицуулах хорооны 04/ тоот захиргааны актыг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэхдээ Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1.17-д нийцэхгүй байна гэж тайлбарладаг. Маргаан бүхий акт зөвшөөрөл олгохтой холбоотой асуудал биш...Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл авах нөхцөл шаардлагыг хангахгүй байна. Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу магадлан шалгах ажиллагаа хийх гэсэн боловч нэхэмжлэгчийн асуудал 20 гкал цагийг хангахгүй шалгах боломжгүй гэх агуулгатай акт. Тиймээс Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1.17-г зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д захиргааны акт хууль бус бол хүчингүй болгоно. Гэтэл маргаан бүхий акт тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хэм хэмжээний актын дагуу гарсан. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрчим хүчний тухай хуулийн холбогдох зохицуулалтуудын дагуу хариу өгсөн акт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..." гэв.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б******* шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: "...2 компани нийлээд ч 10 гкал цаг хүрээгүй байсан. 2017 оноос хойш нийт 60 гаруй компанид тусгай зөвшөөрөл олгосон. 8 компани үлдээд үйл ажиллагаа явуулж байсан учраас 10 гкал цаг хүрээгүй ч 2, 3 компани нийлэх боломжийг олгож 2019 онд Ц ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон. 2023 оны 05 дугаар сард хүчингүй болсон. 4 жил үйл ажиллагаа явуулаад хэрэглэгчийн гомдол маргаан маш ихээр нэмэгдсэн. Дээр нь хангагч байгууллага буюу Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК станцуудад очих дулааны төлбөрийг өгөхгүй 200.000.000 гаруй төгрөгийн өр төлбөр үүсэн юм. Жил болгоны нөхцөл шаардлагын үр дүнг үндэслээд тусгай зөвшөөрлийг нь сунгахаас татгалзсан буюу хэрэглэгчийн эрх ашгийг хангаж шийдвэрлэсэн. Энэ асуудлаар шүүхэд гомдол гаргаад шүүхийн шийдвэр гарсан...2025 оны 02 дугаар сард гаргаж өгсөн 20 гкал цагтай холбоотой тооцоолол бүх бичиг баримтыг дүрмийн заалтыг хэлэлцэхэд бид хүргүүлсэн. Үүнийг шүүх хянаж үзээд шийдвэрээ гаргасан. Тусгай зөвшөөрлийн 20 гкал цагийн шаардлага буюу эрх зүйн баримт бичиг гарахаас өмнө 10 гкал цаг байсан...Тусгайлсан хуулиар зохицуулагдаж байгаа бол тухайн хуулиараа зохицуулагдана. Үүний дагуу эрчим хүчний салбар тусгай зөвшөөрлөө олгож байна. Мөн хэрэглэгчийг эрчим хүчээр найдвартай хангах үйл ажиллагаа, тэдгээрийн хоорондох үнийн тарифыг батлаад Монгол Улсын эрчим хүчний үйл ажиллагааг энэ байдлаар хангаж ажиллаж байгаа тусгайлсан зохицуулалттай салбар. Тиймээс эрчим хүчний салбар хуулиа бид баримталж ажиллах нь зүйтэй юм. Мөн нөхцөл шаардлага, ямар эрх зүйн акт тогтоосон гээд тусгай зөвшөөрөл шинээр авах буюу 20 гкал цаг гэсэн шаардлага буюу тусгай зөвшөөрлийн төрөл бүрээр нөхцөл шаардлагыг нь 2025 онд тогтоосон. Эрчим хүчний тухай хуулийн 9.21.7-д энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан санхүүгийн боломжтой эсхүл энэ хуулийн 9.1.3-д заасан нөхцөл шаардлагыг хангасан иргэн, аж ахуй нэгжид тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан. Нэхэмжлэгч компани одоо ч энэ тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй байгаа. Хангагч байгууллагын өр төлбөрийг барагдуулсан хүн ийм асуудалтай байгаа учраас тэр тусгай зөвшөөрлийг нь сунгахаас татгалзсан...Тиймээс энэ хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна."
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбартаа: "...хувийн хэвшлийн 50 гаруй компани тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаад, жил болгон дүгнүүлээд, үйл ажиллагаандаа хяналт шалгалт хийлгэж, үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа...Мөн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага нь дан ганц 20 гкал цаг гэдэг ганц үзүүлэлтээр тогтоогддоггүй. Үүн дээр маш олон нөхцөл шаардлагыг тогтоосон. Бид Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл бүрт нөхцөл шаардлагыг тогтоож өгсөн. Түүнийгээ тухайн компани болгонд жил болгон үнэлж дүгнэдэг. Ц ХХК нь хэрэглэгчийн эрх ашгийг хангаагүй, дээр нь өр төлбөр үүсгэсэн, үйл ажиллагаа цаашид хэвийн явагдах боломжгүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж байсан компани юм." гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Д******* ХХК-аас Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04/ тоот тусгай зөвшөөрлийн тухай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тухай тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохиролд 30,625,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Д******* ХХК нь Ц ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, Ц ХХК-нд олгосон Дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан ч Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 454 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон байна.
3. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчээс дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг авахаар холбогдох баримтыг хавсаргаж, гаргасан хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04/ тоо албан бичгээр ...барилга байгууламжуудын дулааны тооцоот ачаалал 11.34 Гкал/цаг байгаа тул Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм-ийн 5 дугаар зүйлийн 5.2.12-т заасан нөхцөлийг хангахгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг магадлан шалгах боломжгүй талаар хариуг өгчээ.
4. Нэхэмжлэгч болон хариуцагчийн тухайд үйл баримтын маргаан байхгүй буюу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах барилга байгууламжийн тооцоот ачаалал 11.34Гкал/ц гэдэгт маргаангүй болно.
5. Нэхэмжлэгч нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм-ийн 5.2.12 дахь заалтаар тооцоот ачааллыг 20Гкал/ц хэмээн шаардлага тавьсан нь Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно гэснийг зөрчсөн,
Хариуцагчаас зөвшөөрөл олгох нөхцөл шаардлагыг Эрчим хүчний тухай хуулиар эрх олгосны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан дээрх дүрмээр тогтоосныг нэхэмжлэгч хангаагүй гэж маргасан.
6. Энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын үндэслэл болгож буй аль хуулийг хэрэглэж, маргааныг шийдвэрлэхэд дүгнэлт өгнө.
7. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулахад оршино, 1.3 дугаар зүйлийн 1-д Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл /цаашид "зөвшөөрөл" гэх/-тэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно, 3-д Хуулиар зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг эрхлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэж тус тус заасан.
8. Зөвшөөрлийн тухай хуулийн зорилго, дээрх заалтуудаас үзэхэд энгийн болон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэхэд эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой нийтлэг харилцааг зохицуулсан, тухайн зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг тусгайлсан хуулиар зохицуулсан бол нарийвчлан зохицуулсан хуулийг хэрлэхээр хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон ерөнхий хууль байна.
9. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, 9.1.3-д тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах гэж Эрчим хүчний зохицуулах хорооны эрх хэмжээг заасан. Энэ бүрэн эрхийн хүрээнд хариуцагчаас 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр тогтоолоор Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм-ийг баталжээ.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан.
11. Дээрхээс дүгнэхэд Зөвшөөрлийн тухай хууль нь бүх төрлийн зөвшөөрөлтэй холбоотой харилцааг зохицуулсан ерөнхий хууль байх ба нэхэмжлэгчийн хүссэн тусгай зөвшөөрөлтэй холбогдох харилцааг Эрчим хүчний тухай хуулиар илүү нарийвчлан зохицуулсан учир аль хуулийг хэрэглэх талаар маргаж буй энэ тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуулийг биш Эрчим хүчний тухай хуулийг хэрэглэх үндэслэлтэй болно.
12. Харин Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17-д Зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно гэсэн нь уг хуулиар бүх төрлийн зөвшөөрөлтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулсан байхад дахин хэм хэмжээ тогтоосон акт батлахгүй гэсэн агуулгатай байна.
13. Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм-ийг мөн хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 725 дугаар тогтоолоор шинэчлэн баталж, 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэж, мөрдөж эхэлжээ. Иймээс нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзах үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2019 оны 181 дүгээр тогтоолын дагуу дүгнэлт өгнө.
14. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар Эрчим хүчний зохицуулах хороо нь өөрийн эрх хэмжээний хүрээнд тусгай зөвшөөрлийн шаардлага нөхцөлийг тогтоох бүрэн эрхтэй, энэ эрхийн хүрээнд тогтоосон дээрх дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.12-д тусгай зөвшөөрөл хүсэгч нь 20Гкал/ц тооцоот ачаалалтай байх шаардлагыг нэхэмжлэгч нь хангаагүй, 11.34Гкал/ц тооцоот ачаалалд тусгай зөвшөөрөл хүссэн байх тул маргаан бүхий албан бичгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.
15. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсаныг нь хууль бус гэж үзэхгүй учир нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.
16. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж заасан.
16. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг хариуцагчаас шийдвэрлэхдээ хууль зөрчөөгүй, хуулийн дагуу хүсэлтийг татгалзсан нь тогтоогдсон тул хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас 30,625,000 төгрөг хохирол учирсан гэж үзэхгүй.
17. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
18. Харин нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг тусгай зөвшөөрөлгүйн улмаас бусдад ашиглуулсан хохиролтой холбоотой асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэв.
19. Мөн нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолын 5.2.12, 2023 оны 725 дугаар тогтоолын 5.1.12 дахь заалтыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд маргасантай холбогдуулан энэ хэргийг түдгэлзүүлсэн байна.
20. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 532 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардсан Эрчим хүчний зохицуулах хорооны дүрэм нь хүчингүй болж, нийгмийн харилцааг зохицуулах үйлчлэл нэгэнт дуусгавар болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Үүнээс хойших хугацаанд нэхэмжлэгчээс гомдол гаргаж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ХЭГ/******* албан бичгээр гомдолд дурдсан асуудлыг шалгах талаар Эрчим хүчний яаманд шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан боловч, үүний дагуу гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь энэ хэрэгт хамааралгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б*******ы нотлох баримт цуглуулах шаардлагатай гэх шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
21. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О*******гоос шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг дараах үндэслэлээр хүлээн аваагүй болно.
Шүүхээс уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сэргээж, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14.00 цагт шүүх хуралдааныг товлон зарласан урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгч оролцоогүй, мөн өдрийн шүүх хуралдааныг түүний шүүх хуралдаан давхацсан, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааныг эмнэлгийн магадалгаа, зарлагдсан шүүх хуралдааны товыг үндэслэн тус тус хойшлуулж, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16.00 цагт товложээ. Уг шүүх хуралдааны товыг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мэдэгдэхдээ түүний саналыг харгалзан цагийг товлосон учир түүнийг шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрх хөндөгдөхгүй гэж үзсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3-д заасныг тус тус баримтлан Д******* ХХК-ийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04/ тоот тусгай зөвшөөрлийн тухай шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тухай тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, хууль бус захиргааны актын улмаас хохирсон хохиролд 30,625,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгөөс илүү төлсөн 140,600 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж, 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ