| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0112/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/111 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-д холбогдох эрүүгийн 1838002550141 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” дэлгүүр гэх газраас иргэн Б.М нь 319.000 төгрөгтэй байсан түрүүвчээ гээсэн байсныг авч гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрхэс” дэлгүүр гэх газраас иргэн Б.М нь 319.000 төгрөгтэй байсан түрүүвчээ гээсэн байсныг авч гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би Эрхэс дэлгүүрт ганцаараа орсон. Бараа авахдаа хэрэглэдэг тэргэнцэр авахад тэргэнцэрийн бариулны орчимд улаан өнгийн урт түрүүвч байсан. Би тэр түрүүвчийг аваад халаасандаа хийсэн...Захын хүнс барааны захаар орж юм аваад урд захын узелийн дэргэд очиход нөгөө миний авч халаасандаа хийсэн түрүүвч алга болсон байсан. Би яарч сандарсандаа энэ талаар цагдаад мэдэгдэлгүй Арбулаг сумруу буцсан...Би хохирлыг бүрэн барагдуулсан. Бид харилцан эвлэрсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эрхэс худалдааны төв ороод үүдэнд цүнхээ хадгалах саванд хийхээсээ өмнө цүнхнээсээ өөрийнхөө түрүүвчийг гаргаж бараа хийж түрдэг тэргэн дээр тавиад цүнхээ хадгалах сав руу хийгээд өөрийн тэрэгэнцэр дээр тавьсан түрүүвчээ мартаад дэлгүүрийн барааны заал руу орсон. Тэгээд бараа бүтээгдэхүүн худалдаж аваад тооцоогоо хийх гэсэн чинь түрүүвчээ үүдэнд тэргэнцэр дээр тавьснаа гэнэт санаад очсон чинь миний түрүүвч алга болсон байсан. Дэлгүүрийн камер шүүлгэсэн чинь хойнооос орж ирсэн эмэгтэй миний түрүүвчийг авсан байсан. Тэр эмэгтэй уул нь надтай хамт бараагаа авах гээд кассанд дээр байсан боловч ямар нэгэн зүйл олсон талаар дэлгүүрт байгаа ажилчид болон бусад үйлчлүүлж байгаа хүмүүст хэлэлгүй шууд гарсан...Д.Э миний хохирлыг бүрэн барагдуулсан тул уг асуудлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдэж өгнө үү. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-18 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /ХХ-ийн 07 дугаар хуудас/,
Хохирогч Д.М нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 33 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838002550141 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.Э нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 32 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Д.М нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838002550141 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Э ыг гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838002550141 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР