Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/465

 

 

З.Б, Х.О,

Д.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Шагдар,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир,

шүүгдэгч Х.О, түүний өмгөөлөгч А.Золжаргал,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, Ц.Оргил, 

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 2024/ШЦТ/51 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Шагдарын бичсэн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Г.Нацагдорж, Ц.Оргил нарын гаргасан давж заалдах гомдлоор З.Б, Х.О, Д.Д нарт холбогдох 2302000000037 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. З.Б ;

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2.915.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан,

2. Х.О тоотод оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 689 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, ялыг бүрэн биелүүлсэн, /РД:   /;

3. Д.Д н тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:   /;

Шүүгдэгч 3.Б нь үргэлжилсэн үйлдлээр:

1. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар тушаалаар байгуулагдсан “Азийн хөгжлийн банк”-ны МОН-0000 дугаар бүхий зээлийн гэрээний хөрөнгөөр хэрэгжиж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад туслан гүйцэтгэгчээр ажиллах нөхцөлийг бүрдүүлсний хариуд тус үнэлгээний хорооны дарга Х.Од 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 12:30 цагаас 13:30 цагийн хооронд өөрийн оффис болох Сүхбаатар дүүргийн 00 дугаар багт байрлах, БТауэрын 9 давхрын ариун цэврийн өрөөнд бэлэн 3,000,000 төгрөгийг, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 60,000,000 төгрөгийн үнэлгээтэй, 00-00 БББ улсын дугаар бүхий “Лексус Ар Икс” 350 загварын тээврийн хэрэгслийг түүний хамаарал бүхий этгээд болох найз Б.С-ийн нэр дээр шилжүүлэн өгөх хэлбэрээр хахууль өгсөн,

2. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгчийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тавьсан хилийн хоригийг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1981 дугаар тогтоолоор 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар түр сэргээлгэх нөхцөлийг бүрдүүлсэн буюу Шийдвэр гүйцэтгэх албанд “хилийн хориг түр хугацаагаар цуцлуулах тухай” албан бичиг хүргүүлсний хариуд шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Дд 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр өөрийн жолооч З.М-оор дамжуулан Сүхбаатар дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт 600,000 төгрөгийн хахуулийг бэлнээр өгсөн,

3. Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Ж.Б-д түүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн “Д” ХХК-д хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл авах гэсэн ашиг сонирхлын үүднээс Зам, тээврийн яамнаас хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл олгоход шаардагдах дүгнэлтийг “Авто замчдын холбоо” төрийн бус байгууллагаас гаргуулахад дэмжлэг үзүүлж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд худалдан авсан адууны төлбөр болох 55,000,000 төгрөгийг Н.Дд төлөх хэлбэрээр, 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 20-21 цагийн хооронд Ж.Б-ийн  оршин суудаг орон сууц болох Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 000-000 тоотод бэлнээр 15,000,000 төгрөгийг түүнд өгч, нийт 70 сая төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт,

шүүгдэгч Х.О нь “Азийн хөгжлийн банк”-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа Авлигын эсрэг хуулийг зөрчиж, хахууль өгөгч З.Бийн туслан гүйцэтгэгчээр ажиллах нөхцөлийг бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс З.Бээс 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөгийн хахууль, мөн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 00-00 БББ улсын дугаартай “Лексус Ар Икс” 350 загварын тээврийн хэрэгслийг өөрийн найз болох Б.С-ийн нэр дээр шилжүүлэх хэлбэрээр хахууль авсан гэмт хэрэгт;

шүүгдэгч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч буюу нийтийн албан тушаалтан Д.Д нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 7.1.7 дахь заалтууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3, 37.1.13 дахь заалтууд, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх, бүртгэл хөтлөх журмын 3.1, 3.2.2, 3.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж буй “Ж” ХХК, “А” ХХК, “А” ХХК-ийн захирал З.Бийн гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагыг нотолсон эрх бүхий эмнэлгийн мэргэжлийн комиссын дүгнэлт ирүүлээгүй байхад З.Бийн гадаад зорчих эрхээ сэргээлгэх гэсэн ашиг сонирхлын төлөө “Гадаад зорчих эрх сэргээх тухай санал”-ыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, дэд хурандаа Б.Бөд танилцуулж, Б.Бөөр Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний хэлтэст уламжлуулан Монгол Улсын хилээр саадгүй зорчих боломжийг бүрдүүлж буюу гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Д.Д нь 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт З.Бийн жолооч З.М-оор дамжуулан бэлнээр 600,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: З.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Оргил-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Д.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч З.Бийн Ж.Бд түүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “...Х.Од өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн...” үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон 15 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 225.000 төгрөгийг торгох ялаас хасаж, нийт эдлэх торгох ялыг 13.775.000 төгрөгөөр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 45.000.000 төгрөгийг түүнээс гаргуулж Авлигатай тэмцэх газарт олгож,

шүүгдэгч Х.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон 55 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 825.000 төгрөгийг торгох ялаас хасаж, нийт эдлэх ялыг 19.175.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 10090ххххххх тоот дансанд байршуулсан гэмт хэрэг үйлдэж олсон орлого 33.000.000 төгрөгийг хурааж улсын орлого болгож,

шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 10090ххххххх тоот дансанд байршуулсан гэмт хэрэг үйлдэж олсон орлого 600.000 төгрөгийг хурааж улсын орлого болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж оногдуулсан нэмэгдэл ялыг торгох ялыг оногдуулсан үеэс хугацааг тоолж,

хөрөнгийн шилжих хөдөлгөөнийг хязгаарласан тухай прокурорын 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 986 дугаартай зөвшөөрөл, мөн прокурорын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1195 дугаар зөвшөөрлүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц цуцалж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Шагдар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч З.Бийн Ж.Б-ийн  албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүйн дээр хуулийн хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шийдвэрийг иш татан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлийг бий болгосон байна. Тодруулбал, хуулийн хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шийдвэрийг иш татсан тухайд 2023 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн “Хөгжлийн банкны” гэх тодотголтой эрүүгийн 1741000380228 дугаар хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр мэтээр дүгнэн шүүгдэгч Ж.Бд холбогдох шүүхийн шийдвэрийг хэсгийг үндэслэж, хахууль авагчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж шүүхээс дүгнэсэн нь хахууль өгөгчийн үйлдлийг мөн үгүйсгэх нөхцөл болно гэж шийдвэрлэсэн. Ингэж дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүхийн шийдвэр дараах тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно”, 1.1-д “талууд, оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц” гэсэн хуулийн зохицуулалтыг анхаарч үзээгүй байна. Түүнчлэн, хэрэгт тусгагдсан яллагдагч З.Бийн 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр өгсөн мэдүүлэг /1-р хх 44-46/, гэрч Н.Ды мэдүүлэг /2-р хх 241, 3-р хх 1/, З.И-ийн мэдүүлэг /2-р хх 237-238/, Т.Б-ийн мэдүүлэг /2-р хх 247-248/, Б.Г-ийн мэдүүлэг /3-р хх 23-24/, У.П-ын мэдүүлэг /3-р хх 29-30/, А.У-ийн мэдүүлэг /3-р хх 42-44/, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.Мөнхсүлд “Монголын авто замчдын холбоо” ТББ-аас гаргаж өгсөн болон бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /5-р хх 121-171/, яллагдагч З.Б иргэн Я.С-аас 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 150.000.000 төгрөг зээлсэн тухай зээлийн гэрээ /6-р хх 167/, яллагдагч З.Бийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 51-60/ зэрэг нотлох баримтуудыг нягт нямбай бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэлгүй шүүгдэгч З.Бийг Ж.Бд хахууль өгснийг шууд нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй буюу хангалттай нотолж чадаагүй, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагч З.Б нь өөрийн “Д” ХХК-д хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл авахаар “Авто замчдын холбоо” төрийн бус байгууллагад удаа дараа хүсэлт гаргасан боловч тусгай зөвшөөрөл олгогдохгүй байсан тул өөрийн танил ах болох харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Ж.Бд хандан, түүний дэмжлэгтэйгээр “Д” ХХК-д хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрлийг “Авто замчдын холбоо” төрийн бус байгууллагаас гаргуулан авсан, улмаар дээрх тусгай зөвшөөрлийг гаргуулан авахад дэмжлэг үзүүлсний хариуд Ж.Б-ийн  хэлсний дагуу түүний үеэл дүү Б.Б-тэй хамт иргэн Н.Даас худалдан авсан “В” нэртэй адууны төлбөр болох 70 сая төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 20.000.000 төгрөгийг, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 15.000.000 төгрөгийг, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөгийг тус тус Н.Дд төлсөн, 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 20-21 цагийн хооронд Ж.Б-ийн  оршин суудаг орон сууц болох Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 000-000 тоотод бэлнээр 15.000.000 төгрөгийг түүнд өгч нийт 70 сая төгрөгийн хахууль өгсөн талаар шүүгдэгч З.Б нь маш ойлгомжтой тодорхой мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Н.Ды “В” нэртэй адууг Ж.Б болон түүний үеэл болох Б.Б-д худалдсан, мөн Ж.Бтэй “В” нэртэй адууны үлдэгдэл төлбөрийг авах талаар уулзаж байсан гэх мэдүүлгээр болон холбогдох дансны хуулга, “Авто замчдын холбоо” төрийн бус байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг анхаарч үзэлгүйгээр шүүгдэгч З.Бийн Ж.Б-ийн  албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд шүүх хэрэгт авагдсан баримтуудыг нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэлгүй, хэргийн бодит байдлаас зөрүүтэй шийдвэрлэсэн байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 2024/ШЦТ/51 дүгээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд “...үнэхээр хахууль аваагүй бол ...өөрөө өөрийгөө хахууль авсан гэж хэлэх ямар ч шаардлагагүй” хэмээн шүүх дүгнэж байгааг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй ба уг эрхийг нь эдлүүлээгүй. 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын дуу-дүрсний бичлэгийг гаруулахаар өмгөөлөгч миний бие удаа дараа хүсэлт болон гомдол гаргасан ч хүлээн аваагүй.

Шийтгэх тогтоолын 15-18 дугаар талд гэрчүүдийн мэдүүлгийг эш татсан байх ба тэдгээрт хууль зүйн талаас ямар нэг дүгнэлт өгөөгүй байна. Жишээ нь: гэрч З.М- нь цаг хугацаа болон байршлыг гэрчлээгүйгээс гадна А4 дугтуйтай бичиг хүргэсэн /3-р хх 161/ гэж хэлээд байхад 8 сарын 11-ний өдөр 600.000 төгрөг байсан хэмээн дүгнэх боломжгүй. З.Б нь мөрдөгчийн 600.000 төгрөг өгсөн асуудал чинь тогтоогдсон шүү гэж хэлсний дараа л уг мөнгөн дүнг хүлээн зөвшөөрсөн нь түүний 2022 оны 9 дүгээр сарын 28-ны мэдүүлгээс тодорхой харагдана шууд харагдаж байгаа. З.М-ын мөнгө өгсөн гэх газар нь мөнгө авсан гэх анхны мэдүүлэг буй газраас зөрж байгаа. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан гэх газар нь хөдөлбөргүй тогтоогдоогүйгээс гадна цаг хугацааны хувьд ч зөрж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд Д.Д хэргийн газарт байгаагүй болох нь баримтаар нотлогдож байхад цаг хугацааны хувьд илэрхий зөрүүтэй түүний анхны мэдүүлгийг үнэлж байгаа иь буруу юм. Д.Д нь хэрэг гарсан гэх 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод байгаагүй. Өөр байршилд байсан тухай баримтыг хэрхэн яаж үгүйсгэж байгаагаа шүүх тайлбарласангүй. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан баталгаатай эдлэх эрхийг нь эдлүүлэхгүйгээр авсан 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн мэдүүлгийг үнэлэх нь хууль бус бөгөөд хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлдэг улс орнуудад нэгэнт тогтсон “Миранда” зарчмыг энэ хэрэг дээр хэрэглэх боломжтойг дурдаж байна.

Шийтгэх тогтоол /15 дугаар тал/-д “шүүгдэгч Д.Дгээс мэдүүлэг авахдаа мөрдөгчөөс хүнлэг бус, хэрцгий хандсан, нэр төрийг нь доромжилсон эсхүл өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг албадан авсан, түүнчлэн бусад хэлбэрээр мэдүүлэг гаргуулахаар шаардсан, шахалт үзүүлсэн, хүч хэрэглэн гэм буруугаа хүлээхийг тулган шаардсан, хууран мэхэлж, хууль бус хөнгөлөлт амласан зэрэг үйлдлийг гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэснийг дараах байдлаар зөвшөөрөхгүй. З.Бийн жолооч нь Оргил гэж хүн байдаг болохыг огт мэдэхгүй тул мөрдөгчийн чиглүүлсэн өгүүлбэрийн хүрээнд мэдүүлгийг өгсөн. Мөнгө авснаа хэлчихвэл, уг мөнгийг төлчихвөл эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэх мөрдөгчийн тайлбарт хууртсан. Дээрх нь мөрдөн байцаалтын дуу-дүрсний бичлэгээр нотлогдох учраас мөрдөн байцаалтын үеийн дуу-дүрсний бичлэгийг хэрэгт хавсаргуулах хүсэлтийг Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүхэд гаргасан ч хангаагүй. Хэрэв уг дуу-дүрсний бичлэг байсан бол дээрх нь хангалттай нотлогдох байсан ба эсрэгээрээ буюу дээрх үйлдлийг гаргаагүй гэдгээ мөрдөгч нотолж чадаагүй болно. З.Бийн жолоочийг танихгүй тул мөнгө авсан гэх 8 дугаар сарын 6, 7-ны өдөр болон өөр бусад ямар ч байдлаар утсаар яриагүй тул уулзаагүй. З.М-той утсаар огт ярилцаагүй болох нь ярианы дэлгэрэнгүй хуулгаар нотлогдох учраас Д.Дгийн мөнгө авсан гэх үеийн буюу 8 дугаар сарын эхний 10 хоногийн гар утасны ярианы дэлгэрэнгүй хуулгыг Юнител ХХК-аас гаргуулан авч хэрэгт хавсаргуулах хүсэлтийг мөн л шат шатанд гаргасан ч хүлээн аваагүй. Шүүх хуралдааны явцад З.М-оос “тухайн өдөр Д.Дгийн утас салгаатай байхад яаж ярьсан юм бэ” гэхэд сандраад хариулж чадаагүйгээс гадна “гэрчийн мэдүүлэг дээр бичигдсэн дугаараас чинь дуудлага орж ирээгүй болох нь ярианы дэлгэрэнгүй хулгаас харагдаж байна” гэхэд “би өөр дугаараас залгасан” хэмээн хариулсан нь мөн л эргэлзээ төрүүлж байгаа болно. Тэгэхээр нотлох ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүйгээс гэмт хэрэг үйлдэгдсэн нь хөтөлбөргүй нотлогдож чадахгүй буюу эргэлзээ бүхий байдлыг бий болгож байна. Иймд шийтгэх тогтоолын Д.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Ц.Оргил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Д өөрөө өөрийнхөө эсрэг “хахууль авсан” гэж зохиож мэдүүлэх тодорхой үндэслэлтэй байсан талаар Д.Дгийн шүүхэд өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн, гэрчийн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас дүгнэлт хийх боломжтой. Мөрдөгч нэгэнт хууль, журам зөрчиж хилийн хориг цуцалсан асуудалд Д.Дг буруутгаж мэдүүлэг авч байхдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргатай холбоотой том хэрэг шалгаж байгаа, чиний хэрэг жижигхэн асуудал, гэм буруугаа хүлээчихвэл асуудалгүй сална гэх зэргээр айлган сүрдүүлэх, хуурч мэхэлсэн талаар Д.Д мэдүүлдэг. Энэ байдал нь Д.Дгийн мэдүүлэг өгөхдөө уйлж байсан талаар туссан байдлаас харагддаг. Тодруулбал, сэжиглэгдэж байгаа этгээдээс хууль сануулан албадаж, хэрэг тулган хүлээлгэж буй үйлдэл юм. З.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улмаар хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан. Энэ зорилгодоо нийцүүлэхийн тулд мөрдөгчийн тулгасан, зүйлийг хүлээж хурдан хэргээ шийдвэрлүүлэх санаа зорилго агуулагдаж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нэг талаар сул талтай бөгөөд хийгээгүй хэргийг үүрэх замаар өөрийн бусад хэргийг хөнгөн шийдвэрлэх арга зам болдог. Энэ нь Д.Дгийн эсрэг ашиглагдсан, Д.Дгийн эсрэг мэдүүлэх өгөх бодит шалтгаан болсон. Хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох, яллах, цагаатгах нотлох баримтыг илүү дэлгэрэнгүй бүрдүүлэх боломж байсан. Гэрч З.М- мэдүүлэхдээ дугтуйг хүргэж өгөхдөө Д.Дгийн утсаар холбогдож очоод өгсөн гэдэг. Гэтэл тэдний хэрэглэж байгаа гар утасны дугаарын талаар лавлагаа, мэдээлэл авч болох байсныг аваагүй. Тухайн үед Д.Дтэй яг хаана, ямар цаг хугацаанд уулзсан, ямар хувцастай байсан, өөрөө ямар хувцастай байсан, цаг аргаар ямар байсан, ямар дугтуйтай байсан, дугтуйг хаана ямар байдалтай хүлээж авсан гэх зэрэг хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоох ажлыг хийлгэхгүйгээр зөвхөн өгсөн, авсан гэх мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагаагаар яагаад энэ нотолгооны ач холбогдолтой ажиллагааг хийхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэрч З.М-, шүүгдэгч З.Б нарын мэдүүлэг зөрүүтэй байгааг шүүх онцын зөрүүгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Д.Дгийн мэдүүлгээр Багшийн дээдийн голын далангийн хажууд явж байсан байдлаар тайлбарласан байхад гэрч мэдүүлэхдээ “Багшийн дээдийн уулзвар буюу “UBH” центрийн зам дагуу явж байхад өгсөн” гэх байдлаар мэдүүлсэн. З.Б тайлбарлахдаа цагаан өнгийн дугтуйтай гэсэн. Гэтэл гэрч мэдүүлэхдээ “бор өнгийн дугтуйтай” гэж мэдүүлдэг. “Дугтуйг үдээс хойш хүлээж авсан” гэж гэрч мэдүүлсэн байхад 3.Б үдээс өмнө 10-11 цагийн үед өгсөн гэж мэдүүлсэн. З.Б өмнөх мэдүүлэгтээ хүүхдийн цэцэрлэгтэй холбоотойгоор 600.000 төгрөг өгсөн гэдэг. Шүүхэд Д.Д чөлөө авах гэж байсан, хүүхэд рүүгээ хөдөө явах болохоор амжихгүй гэхэд нь сайн яваарай гээд 600.000 төгрөг өгсөн гэж тайлбарласан. Энэ байдлаас харахад З.М-, З.Б нарын мэдүүлэг илт зөрүүтэй байна. Д.Д 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гараад Дархан-Уул аймгийн Орхон суманд хүүхдээ эмчид үзүүлэх гээд явж байсан талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын рапортын тэмдэглэлд “Д.Д чөлөөтэй” гэж тэмдэглэгдсэн. Мөн эмчлүүлэгчийн карт дээр тухайн өдөр хүүхдээ Дархан-Уул аймгийн Орхон суманд эмчлүүлсэн талаар тэмдэглэгдсэн зэрэг ач холбогдолтой нотлох баримтуудад огт дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн тогтоолд заасан Д.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.О-ийн өмгөөлөгч А.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.   

Шүүгдэгч З.Бийн өмгөөлөгч Л.Ган-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дараах тайлбарыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох 3 үндэслэл байдаг. Эдгээр үндэслэлд прокурорын бичсэн эсэргүүцэл нийцэхгүй гэж үзэж байгаа. Учир нь анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн асуудал байхгүй. Миний үйлчлүүлэгч З.Бийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхэд эрүүл мэндийн асуудалтайгаа холбоотой баримтуудаа гаргаж өгсөн. Учир нь шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч нар эрх ашгийнхаа төлөө ийм зүйл хийсэн гэж ярьж байна. Гэтэл миний үйлчлүүлэгч 2012 оноос хойш тархины хорт хавдартайгаа тэмцэж, хагалгаанд орсон шууд хэлэхэд ургамал шиг амьдарч байгаа буюу байнгын тариа хийлгэдэг. 2022 оны 8 дугаар сард Авлигатай тэмцэх газраас түүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа хийж байхад гадаад улсад хагалгаанд орж байсан. Тэгээд гадаад улсаас ирээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж эхэлсэн. Тэгэхээр хувь хүнийхээ зүгээс санаа, сэдэл зорилгын хувьд улсын яллагч болон шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч нарын дурдсанаар хялбаршуулсан журмаар өөр сэдэлтээр хэргийг шийдвэрлүүлэх санаа сэдэлт байхгүй. Ийм үйл баримт хэрэгт нэг ч байхгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Дгийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...09 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлэг авахад мөрдөгч З.Бийг хорьсон, одоо чамайг хорино, яагаад гэхээр З.Б гадаад улс руу зорчсон гэж хэлсэн. Учир нь З.Б нь манай байгууллага дээр өр төлбөртэй байсан, гадаад улс руу зорчих эрхийг нь дарга нар сэргээ гээд сэргээлгэсэн. Тухайн үед би хүүхэд асрах чөлөөтэй байж ажилдаа ороод 3 сар болж байсан. Өмнө нь гадаад улс руу зорчих эрхийг 5 удаа сэргээж байсан баримтыг шүүх гаргаж өгсөн. Миний бие хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаандаа З.Бийн өр төлбөрөөс нийт 4 тэрбум орчим төгрөг мөн ажилдаа орсны дараа нийт 6 тэрбум орчим төгрөгийг төлүүлсэн. Мэдүүлэг авч байсан мөрдөгч чи юу ч хэлэхгүй бол чамайг хорино гэхэд 1 нас, 5 сартай хүүхдээ би өөрөө хардаг учраас би хоригдчихвол миний хүүхдийг хэн харах юм бэ гэдэг бодол орж ирсэн. Тэгээд шууд дарга гээд хэлчих гэхээр би энэ байгууллагад ажилладаг учраас айсан. Мөрдөгчийн зүгээс хүүхэд, цэцэрлэг гээд юу ч хамаагүй хэлчих, яагаад гэхээр дарга нартай чинь холбоотой хэрэг, дарга нарыг чинь шалгаж байгаа, тэгээд төлчих асуудалгүй шийдэгдэнэ гэхэд тухайн үед хөхүүл, ажилдаа ороод удаагүй байсан болохоор шууд дарга гэж хэлэхээс айсан, нээрээ л намайг хорьчихвол би хүүхдэдээ очиж чадахгүй гэдэг зүйл нөлөөлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өвчтэй хүний гадаад улсад зорчих эрхийг сэргээх эрх байдаг. Гэхдээ газрын даргын туслах нь мессеж бичсэн. Би үнэхээр айгаад юу ч хамаагүй хэлье, яаж хурдан гарах уу, намайг хорьчих юм байхдаа гэсэн бодолтой байсан. Би төрснийхөө дараа Дархан-Уул аймагт байсан бөгөөд манай ээж миний хүүхдийг хардаг учраас 08 дугаар сарын 11-ний өдөр миний хүүхэд өвдөөд би хүүхдээ харах гээд явсан. Тухайн үед “Ковид-19” цар тахал гарсан байсан бөгөөд 08 дугаар сарын 15-ны өдөр би шинжилгээ өгөхөд коронавирусын халдвар авсан байсан. Энэ талаарх баримтаа хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Яллагдагч гэж яллуулаад байж байхад хэцүү байна. ...” гэв. 

Шүүгдэгч З.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт төлбөр төлөгчөөр бүртгүүлснээс хойш 6 сар тутам хилийн хориг нээлгэх хүсэлт гаргаж, Тайланд улсын Бумрунград олон улсын эмнэлэг рүү эмчилгээнд явж байсан. 2012-2016 онд Ховд аймагт зам барьж байхад улс надад мөнгө өгөөгүй. Тухайн үед нефтийн компаниудын нэхэмжлэлтэй, иргэний шүүхийн 14 дугаартай шийдвэр гарч, түүнээс 2022 он гэхэд би 9 компанийн төлбөрийг барагдуулсан. Энэ хугацаанд өвчний улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 7-14 хоногийн хугацаатай хилийн хориг нээлгэх хүсэлт гаргаж, би яваад ирдэг байсан. Түүнээс ганцхан 08 дугаар сарын 22-ны өдөр хилийн хориг нээлгэх гэсэн зүйл байхгүй. ...” гэв.    

Шүүгдэгч Х.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Авлигатай тэмцэх газарт шалгагдаж эхэлснээс эхлэн гэм буруугаа хүлээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч 3.Б-ийг:

- Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн даргаар ажиллаж байсан Х.Од түүний албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр бэлэн гурван сая төгрөгийг, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 60.000.000 /жаран сая/ төгрөгийн үнэлгээтэй, 00-00 БББ улсын дугаар бүхий “Лексус Ар Икс” 350 загварын тээврийн хэрэгслийг түүний хамаарал бүхий этгээд болох найз Б.С-ийн нэр дээр шилжүүлэн өгөх хэлбэрээр хахууль өгсөн,

- иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албанаас тавьсан хилийн хоригийг түр сэргээлгэх нөхцөлийг бүрдүүлсэний хариуд шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Дд түүний албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр өөрийн жолооч З.М-оор дамжуулан Сүхбаатар дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт 600,000 төгрөгийн хахуулийг бэлнээр өгсөн,

- харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүн Ж.Бд түүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөрийн “Д” ХХК-д хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл авах гэсэн ашиг сонирхлын үүднээс дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд Ж.Б-ийн  адууны төлбөр болох 55 сая төгрөгийг Н.Дд төлөх хэлбэрээр, 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 20-21 цагийн хооронд Ж.Б-ийн  оршин суудаг орон сууцанд бэлнээр 15.000.000 төгрөгийг түүнд өгч, нийт 70 сая төгрөгийн хахууль өгөх гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч З.Бийн “Ж.Бд хахууль өгсөн” гэх үйлдлийг хангалттай нотолж чадаагүй гэж дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх ба анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Учир нь, шүүгдэгч З.Бийн “Ж.Бд түүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн” гэх үйлдлийг нотолж буй улсыг яллагчийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй байна.

Анхан шатны шүүхийн Ж.Бд холбогдох тус үйлдлийн нотлох баримтуудыг дурдсан атлаа, уг нотлох баримтуудыг няцааж буй үндэслэлээ заагаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцсэнгүй.

Мөн хахууль авсан гэх Ж.Б-ийн  үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хахууль өгсөн үйлдэл ч мөн адил үгүйсгэгдэнэ гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Ийм хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр байхгүй.

Анхан шатны шүүхийн дээрх хууль зүйн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, мөн хуулийн 37.1 дүгээр зүйл “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох”-ийн 1 дэх хэсгийн 1.1-т “талууд, оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц;” гэж заасныг тус тус ноцтой зөрчжээ. 

Түүнчлэн, хахууль авсан Ж.Бд холбогдох үйлдлийг З.Бэд холбогдох хэргээс тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно. ...” гэсэн хуульд нийцээгүй болох нь хахууль өгсөн, авсан үйлдлийг холбон дүгнэж шийдвэрлэж байгаа байдал, оролцогчдын “...хахууль авсан гэх үйлдэл нь тусдаа хэлэлцэгдэж цагаатгагдсан...” гэсэн тайлбаруудтай шууд холбогдож байна.

Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч З.Бийн “Ж.Б-ийн  албан тушаалын байдалтай нь холбогдуулан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн” гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Түүнчлэн, шүүгдэгч З.Бэд холбогдуулан яллагдагчаар татсан 3 удаагийн “Хахууль өгөх” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн ба З.Бийн үйлдлээс Ж.Бд хахууль өгсөн үйлдлийг Х.О, Д.Д нарт хахууль өгсөн гэх үйлдлээс тусгаарлан шийдвэрлэх нь З.Бийн эрх зүйн байдлыг дордуулах тул З.Бийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт холбогдсон нэг зүйлчлэлтэй үйлдлүүдийг тусгаарлаж шийдвэрлэх боломжгүй.

Тухайн тохиолдолд З.Б, Д.Б, Ж.Б нарт холбогдох гэмт хэргүүдийг нэг мөр шалгаж, хянан шийдвэрлэхэд шалтгаант хамаарал, бодит байдлыг бүрэн тогтоох үүрэг мөрдөгч, прокурорт үүсч буйг тэмдэглэх нь зүйтэй байна.     

Дээр дурдсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 2024/ШЦТ/51 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Д.Д-гийн өмгөөлөгч Г.Нацагдорж, Ц.Оргил нарын гаргасан “...гэмт хэрэг үйлдээгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудад давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 2024/ШЦТ/51 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч З.Б-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Ж.Б, Х.О, Д.Д, З.Б, Э.Ж, Д.Б, Д.Д нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.О-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ