Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01421

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01421

 

 

 

 

 

                                       Ж.Сын нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/01381 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Сын хариуцагч И ББСБХК-д холбогдуулан гаргасан Фидуцийн гэрээгээр шилжүүлсэн .... УБЯ улсын дугаартай Audi А6 маркийн автомашиныг зах зээлийн үнээр худалдан борлуулах зөрүү үнэ 56 265 100 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Пүрэвдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжин, О.Майцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: И ББСБХК-тай 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ...УБЯ улсын дугаартай Audi A6 маркийн автомашиныг 110 000 000 төгрөгөөр худалдан авахаар зээлийн гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлдэн авсан. Үүргийн гүйцэтгэлд Audi A6 маркийн ...УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж И ББСБХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Мөн И ББСБХК болон “ЭСУА повер” ХХК-ууд батлан даалтын гэрээг байгуулсан. “Монгол даатгал” ХК-тай 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, автомашиныг 110 000 000 төгрөгөөр үнэлж даатгуулсан. Ковид-19 цар тахлын улмаас хувийн бизнест хүндрэл учирч зээлийг цаг хугацаанд нь төлөх боломжгүй болж 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлийн хүүд 7 216 000 төгрөг төлсөн. Гэвч зээлийг төлөх боломжгүй болж барьцааны автомашиныг 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр И ББСБХК-д хүлээлгэн өгсөн. Автомашиныг хүлээлгэн өгөхөд автомашины түргэн борлуулах үнийг 80 000 000 төгрөгөөр тогтоосон. 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр И ББСБХК-аас автомашиныг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дотор худалдан борлуулах, заасан хугацаанд борлуулахгүй бол түр борлуулах үнээр худалдахыг мэдэгдсэн. Нэхэмжлэгч автомашиныг 80 000 000 төгрөгөөр иргэн Т.Мд худалдах талаар И ББСБХК-д мэдэгдсэн. Т.М нь зээлийн үлдэгдэл 53 734 900 төгрөгийг эхний ээлжид төлж автомашиныг чөлөөлөх, 10 дугаар сарын 12-ны өдрийн дотор мөнгө бэлэн болно гэснийг И ББСБХК-д дамжуулсан. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Т.М зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж автомашиныг авах гэхэд автомашиныг худалдсан байсан тул зээлийн үлдэгдлийг суутгаж үлдсэн 2 000 000 орчим төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлнэ гэхэд нь хүлээн зөвшөөрөөгүй. И ББСБХК автомашиныг 80 000 000 төгрөгөөр Т.Мд худалдах боломжтой байхад худалдаагүй, бусдад илт бага үнээр худалдаж хохирол учруулсан. Хариуцагч фидуцийн зүйлийг биет байдлаар өөрийн хадгалалт хамгаалалтад шилжүүлэн авснаар түүнийг захиран зарцуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй болсон. Зээлдүүлэгч нь автомашиныг зах зээлийн үнээр 110 000 000 төгрөгөөр худалдан борлуулах үүргээ шударгаар хэрэгжүүлээгүй, илт бага үнээр худалдсаны улмаас 56 265 100 төгрөгийг хохирлыг нэхэмжлэгчид учруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Ж.С, хамтран зээлдэгч Г.Анар 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 50 000 000 төгрөг зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд .... УБЯ улсын дугаартай Audi A6 маркийн автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нь үүргээ зөрчиж 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 7 216 000 төгрөгийн нэг удаагийн төлөлтөөс өөр төлөлт хийгээгүй. 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зээлийн хүүд 15 000 000 төгрөг төлж зээлийн төлөлтийг хэвийн болгоно, хэрэв төлөлт хийгээгүй тохиолдолд автомашиныг хүлээлгэн өгөх талаар бичгээр хүсэлтээ гаргасан боловч тогтсон хугацаанд төлөлт хийгээгүй. Нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгө болох автомашиныг хураах ажиллагаанд саад учруулж, автомашиныг нуух, холбоо барихгүй байх зэргээр гэрээний үүргийг зөрчсөн. Зээлийг төлж барагдуулах хугацаа хүсэх, автомашиныг худалдан борлуулах ажиллагаанд саад учруулах зэргээр хугацаа алдсан. Зээлдэгчээс автомашиныг худалдан борлуулахыг зөвшөөрсөн тул 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хураан авсан. Худалдан борлуулсан зөрүү төлбөрийг Б.Энхбаатарын 5025349807 тоот дансанд шилжүүлж, зээлийг хаах хүсэлтийг бичгээр гаргасан. Т.Маас Ж.Сын зээлийг шилжүүлэн авч, өөр дээрээ зээл гаргуулах хүсэлт гаргаагүй, зээл хүссэн боловч анхны шатны зээлийн судалгаа нь буцсан. Иймд 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зээлдүүлэгчид фидуцийн зүйл болох автомашиныг түргэн борлогдох үнээр худалдах талаар мэдэгдсэн. Audi A6 маркийн автомашин нь дизель түлшээр ажилладаг. Монгол улсад унахад тохиромжгүй, сэлбэг, эд ангийн хөдөлгүүрийн сэлбэг, хэрэгслүүд ховор, үнэтэй байдаг зэрэг шалтгаануудаар зах зээлийн үнэ нь унаж худалдан авах сонирхолтой иргэд маш бага байдаг. Иймд автомашины түргэн борлогдох үнээр ...олорцэцэгт 55 123 000 төгрөгөөр борлуулсан. Зээлийг хаах үеийн зээлийн үлдэгдэл дүн 53 734 900 төгрөгөөс автомашин борлуулсан дүнгийн зөрүү 1 388 246 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүрэг үүссэн. Гэвч нэхэмжлэгч нь зөрүү дүнг хүлээн зөвшөөрөөгүй тул хариуцагч өглөгийн дансандаа бүртгэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1 388 246 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч И ББСБХК-аас 26 265 100 /хорин зургаан сая хоёр зуун жаран таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ст олгож, нэхэмжлэлээс үлдэх 30 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439 276 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч И ББСБХК-аас 289 275 /хоёр зуун наян есөн мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг гаргуулж Ж.Ст олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Сын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хариуцагч И ББСБХК-ийг фидуцийн зүйлийг зах зээлд түргэн борлогдох үнэ 80 000 000 төгрөгөөр худалдах үүрэгтэй байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн фидуцийн гэрээний зохицуулалтад үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэх үүргийг тодорхой зохицуулаагүй боловч Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийг төсөөтэй хэрэглэх тул үүрэг гүйцэтгүүлэгч И ББСБХК нь фидуцийн зүйлийг худалдан борлуулахдаа зардал багатай, шударгаар борлуулах үүрэгтэй. Мөн түүнчлэн фидуцийн гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон эд хөрөнгийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлдэг. Нэг талаас үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчид итгэж хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлдэг. Үүрэг гүйцэтгүүлэгчид абсолют эрх олгож байгаа хэрэг боловч нөгөө талаас үүрэг гүйцэтгэгчийн эрх, ашиг сонирхол зайлшгүй хамгаалагдах ёстой. Иймд хариуцагч И ББСБХК нь фидуцийн зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа нэхэмжлэгч Ж.Сын эрх, ашиг сонирхлыг харгалзан үзэх үүрэгтэй болно. Нэхэмжлэгч Ж.С нь .... УБЯ улсын дугаартай автомашиныг 110 000 000 төгрөгөөр худалдан авсан, Монгол даатгал ХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 02-р тогтоолын 6-р хавсралтаар батлагдсан "Даатгалын үнэлгээ хийх аргачлал"-ын 2.1-т заасны дагуу даатгалын үнэлгээг тухайн эд хөрөнгийн өөрийн өртөг, зах зээлийн үнийг баримтлан автомашиныг 110 000 000 төгрөгөөр үнэлж даатгасан. Иймд И ББСБХК тус автомашиныг зах зээлийн үнэ болох 110 000 000 төгрөгөөр эсхүл нэхэмжлэгч Ж.С хохирол багатай үнээр худалдан борлуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч нь И ББСБХК-аас 50 000 000 төгрөгийн зээл авсны үр дагаварт автомашиныг 80 000 000 төгрөгөөр үнэлүүлж 30 000 000 төгрөгийн хохирол хүлээж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжингийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ тухайн харилцаанд хамааралгүй хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон. Талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ байгуулагдсан бөгөөд энэ нь хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ биш тул Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулиар уг харилцааг зохицуулахгүй. Шүүх хамааралгүй хуулийг үндэслэн илт нэхэмжлэгчийн эрх, ашгийг хамгаалсан дүгнэлт гаргасан. Мөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг бөгөөд уг гэрээний онцлог нь үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлдэг. Гэрээний талуудын хэн аль нь фидуцийн зүйлийн үнэлгээ буурах эрсдэлийг харилцан хүлээж, үүрэг гүйцэтгэгч нь автомашинаа алдах, үүрэг гүйцэтгүүлэгч автомашины үнэ зээлийн гэрээний үүргийг бүрэн хангаж чадахгүй тохиолдолд хохирол хүлээх зэрэг эрсдэлүүдийг хүлээдэг. Шүүх талуудын хоорондын харилцааг хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаатай адилтган үзсэн. Хууль, эсхүл гэрээгээр хариуцагч нь автомашиныг 110 000 000 төгрөгөөр худалдах үүрэг хүлээсэн байх ёстой. Гэтэл Иргэний хуулийн 235 дугаар зүйл болон талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээгээр хариуцагчид гэрээний зүйлийг худалдах үүрэг хүлээлгээгүй байхад шүүх фидуцийн гэрээний 3.1.6 дах хэсгийг дүгнэсэн нь гэрээний заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Гэрээний 1.2 дахь хэсэгт фидуцийн зүйлийг тодорхойлон, фидуцийн зүйлийн үнэ ханшийг талууд 50 000 000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Энэ нь үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авч, худалдан борлуулахад баримтлах суурь үнэлгээ бөгөөд уг үнэлгээг өөрчлөх боломжийг гэрээний 3.1.6-д заасан боловч энэ талаар талууд тохиролцоогүй. Шүүх гэрээний 1.2, 3.1.6 дах заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 189.1 дэх хэсэгт заасан талуудын чөлөөт байдлын зарчимд нийцээгүй. Автомашин хүлээлцэх актад автомашиныг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр бодитоор гаргуулан авсан бөгөөд актад автомашины үнэлгээг өөрчлөн тогтоосон талаар талуудын тохиролцоо тусгагдаагүй байдаг. Хариуцагчийн зүгээс автомашиныг гуравдагч этгээдэд 55 123 200 төгрөгөөр худалдаж, уг үнийн дүнгээс зээл хаах дүн буюу 53 734 900 төгрөгийг суутган үлдэх 1 388 300 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 235.1, гэрээний 1.2, 1.6, 2.2.5, 3.1.4, 3.2.5 дах хэсэгт тус тус нийцнэ.

Нэхэмжлэгчийн хариуцагч компанид гаргасан 2020.09.09-ний өдрийн хүсэлтийг шүүх нотлох баримтаар үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсгийг зөрчсөн. Шүүх уг хүсэлтийг үндэслэн талуудын тохиролцсон автомашиныг борлуулах үнэ 80 000 000 төгрөг гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн автомашин хүлээлцэх актын 1.10 талууд түргэн борлогдох үнийг харилцан тохиролцсон тохиолдолд тэмдэглэдэг. Үүрэг гүйцэтгэгч автомашинаа хулээлгэж өгөхөөс дургүйцсэн, автомашиныг хэт өндрөөр үнэлүүлэх гэсэн ашиг сонирхолтой байдаг учраас талууд харилцан тохиролцох боломжгүй байдалд хүрдэг. Харин харилцан тохиролцоогүй тохиолдолд актад түргэн борлогдох үнийг тусгадаггүй. Энэ нь талууд фидуцийн зүйлийн түргэн борлогдох үнийг харилцан тохиролцож чадаагүй болохыг харуулах бөгөөд энэ нь үүрэг гүйцэтгэгч талд түргэн борлогдох үнийг дангаараа тодорхойлох эрх олгосон үйл баримт биш. Харин энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь фидуцийн гэрээнд заасан суурь үнэлгээг үндэслэл болгон автомашиныг худалдан борлуулах эрхтэй байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрч үүрэг гүйцэтгэгч нь фидуцийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд гэрээ байгуулсан эсэх талаар маргадаггүй. Үүрэг гүйцэтгэгч фидуцийн зүйлийн түргэн борлогдох үнийг зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлж, тухайн үнэлгээг үүрэг гүйцэтгүүлэгч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул Ж.С 80 000 000 төгрөгийн үнэлгээг бичгээр гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл анхан шатны шүүхээс автомашины түргэн борлогдох үнийг 80 000 000 төгрөг гэж үзсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн. Хариуцагч фидуцийн зүйлийг худалдан борлуулахдаа гэрээний 1.2 дахь хэсэгт заасан суурь үнэлгээг баримталж, зах зээлийн үнэлгээтэй уялдуулан худалдан борлуулсан. Гэрчийн мэдүүлгийг үндэслэн автомашиныг түргэн борлогдох үнийг 80 000 000 төгрөгөөр тохиролцсон байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Гэрчийн мэдүүлэгт дурдсан үйл баримт үнэн эсэх талаар тодруулахаар И ББСБХК-ийн Дүнжингарав салбарын захирал Э.Эг гэрчээр асуулгахад тэрээр “Т.М мөнгөөр биш, зээлээр худалдан авах саналтай ирсэн. Тухайн иргэний зээлийн мэдээллийн сан муу зээлийн түүхтэй байсан учир зээл гарах боломжгүйг тайлбарлаж өгсөн, түүнээс хойш дахин холбогдоогүй гэж мэдүүлсэн. Үүгээр Т.Мын мэдүлэг үнэн зөв, эргэлзээгүй эсэх нь үгүйсгэгдэх бөгөөд хэрэгт гэрчийн
мэдүүлгийг баталгаажуулах өөр нотлох баримт авагдаагүй байхад анхан шатны шүүхээс
зөвхөн Т.Мын гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хэт
нэг талыг барьсан дүгнэлт
хийсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хууль зүйн үндэслэл ач холбогдлын талаар огт заагаагүй, хэт нэг талыг барьсан үндэслэлүүдийг дурдсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 1 388 300 төгрөгийг хангаж, 24 876 822 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж.С хариуцагч И ББСБХК-д холбогдуулан фидуцийн гэрээгээр шилжүүлсэн ...УБЯ улсын дугаартай Audi А6 маркийн автомашиныг зах зээлийн үнээр худалдан борлуулахад гарах зөрүү үнэ 56 265 100 төгрөгийг нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ “хариуцагч фидуцийн зүйл болох автомашиныг 110 000 000 төгрөгөөр худалдан борлуулах үүргээ биелүүлээгүй, илт бага үнээр худалдаж хохирол учруулсан” гэж тайлбарласан бол хариуцагч “автомашиныг гэрээнд заасан түргэн борлогдох үнээр худалдсан. Зээл хаах үеийн зээлийн үлдэгдэл төлбөр 53 734 900 төгрөгийг хасч үлдэгдэл 1 388 246 төгрөгийг өгөхөд татгалзахгүй” гэж үгүйсгэж байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч И ББСБХК-аас автомашин худалдан авах зориулалтаар 50 000 000 төгрөгийг сарын 2,90 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ...УБЯ улсын дугаартай Audi А6 маркийн суудлын автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлжээ. /хх5-9/

 

Зээлдэгч нь гэрээний хугацаанд төлөгдөх нийт 64 949 025 төгрөгийн үүргээс 7 216 000 төлж, үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас автомашиныг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчид хүлээлгэн өгчээ. Улмаар хариуцагч 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий автомашиныг ... 55 123 200 төгрөгөөр худалдаж, уг дүнгээс нэхэмжлэгчийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 53 734 900 төгрөгийг суутган авсан нь   автомашин хүлээлцэх акт, суудлын автомашин худалдах, худалдан авах гэрээ, дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон. /хх53, 78-80/

 

Зохигчид фидуцийн зүйлийг худалдан борлуулах үнийн талаар маргаж байна. Шүүх автомашины түргэн борлогдох үнийг талууд автомашиныг хүлээлцэх үедээ 80 000 000 төгрөг гэж тодорхойлсон гэж дүгнээд зөрүүг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ.

 

          Зохигчид фидуцийн гэрээний 1.2, 1.6-д фидуцийн зүйлийн үнэ 50 000 000 төгрөг байх, уг үнийг фидуцийн зүйлээр үүргийг хангуулахдаа суурь үнэлгээ болгох, шаардлагатай гэж үзвэл зах зээлийн үнэлгээнээс шалтгаалан өөрчилж болохоор тохиролцжээ. /хх8/

 

Мөн гэрээний 5.1-д үүрэг гүйцэтгэгч фидуцийн зүйлийг зах зээлийн бодит үнээр даатгуулна гэж зааснаар нэхэмжлэгч нь 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр автомашиныг “Монгол даатгал” ХХК-д 110 000 000 төгрөгөөр даатгуулсан байна.  /хх26-34/

 

            Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчид “... уг автомашины зах зээл дээр түргэн борлогдох үнийг тохиролцон 80 000 000 төгрөгт тооцон шилжүүлж өгч байгаа бөгөөд зээл болон хүүг 2020.09.09-ний өдрөөр бүрэн зогсоож зөрүү төлбөрийг автомашин худалдан борлогдсоны дараа Банзрагч овогтой Энхбаатарын дансанд шилжүүлж төлбөр тооцоог бүрэн дуусгахыг хүлээн зөвшөөрч байна ...” гэх хүсэлт гаргажээ. /хх52/

 

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч нь автомашиныг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 110 000 000 төгрөгөөр худалдан авч, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Монгол даатгал” ХХК-д уг үнийн  дүнгээр даатгуулсан бөгөөд үүргийн зөрчлийн улмаас 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр түргэн борлогдох үнийг 80 000 000  төгрөг гэж тодорхойлон хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн ...олорцэцэгт 55 123 200 төгрөгөөр худалдан борлуулсан.

 

Автомашиныг худалдан авснаас хойш 9 сар гаруй хугацаанд буюу богино хугацаанд зах зээлийн үнэ нь 50 хувиар буурсан гэж үзэхэд эргэлзээтэй, суурь үнэлгээг өөрчилж болохгүй ямар шалтгаан нөхцөл байсан нь тодорхойгүй байна. Unegui.mn сайтын автомашины зах зээлийн мэдээллийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, уг баримтаас зард тавигдсан автомашин хэдэн онд үйлдвэрлэгдэж, хэдэн онд Монгол улсад орж ирсэн, эдэлгээний нөхцөл зэрэг нь харагдахгүй байна. /хх58-89/

 

Маргааны зүйл болох уг автомашиныг Т.М 80 000 000 төгрөгөөр худалдан авах хүсэлтээ илэрхийлж  байсан талаар Т.Маас гадна, гэрч Э.Г, Э.Э нар мэдүүлсэн байдаг. Гэрч Э.Э нь хариуцагч байгуулагын Дүнжингарав салбарын захирал бөгөөд автомашиныг Т.М бэлэн мөнгөөр биш зээлээр авахаар ярьж байсан, муу зээлийн түүхтэй гэж мэдүүлсний зэрэгцээ хариуцагч энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй болно. /хх97-99, 118-121/

Иймд хариуцагч нь автомашины зах зээлд түргэн борлогдох үнэ 80 000 000 төгрөгөөр худалдан борлуулах үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байх тул тэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийг тухайн харилцаанд төсөөтэй байдлаар хэрэглэсэн нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй. 

 

Нэхэмжлэгч өөрөө автомашины түргэн борлогдох үнийг 80 000 000 төгрөг гэж тодорхойлон хариуцагчид автомашиныг хүлээлгэн өгсөн байх тул автомашиныг зах зээлийн үнэ болох 110 000 000 төгрөгөөр эсхүл нэхэмжлэгчид хохирол багатай үнээр худалдан борлуулах байсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2021/01381 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 334 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНХАНД

                                        ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                          А.МӨНХЗУЛ