Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

         Улсын яллагч Б.Батнасан

         Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Болормаа

Шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Н.Х, Э.П, тэдгээрийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.П, Н.Х, Ц.Б, П.Д нарт холбогдох 1816000350028 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.П: Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, Говь-Алтай аймгийн ... сумын харьяат, 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 22 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, ээж, аав хоёрын хамт Говь-Алтай аймгийн ...., төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Э-н П, РД: ....гэв.

Шүүгдэгч Н.Х: Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, Говь-Алтай аймгийн .... сумын харьяат, 1993 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 25 настай, бүрэн дунд боловсролтой, авто фермер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, 3 дүүгийн хамт ... оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь 2016 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял авсан, ялаа биеэр эдэлсэн, Ш овогт Н- Х, РД: .... гэв.

Шүүгдэгч Ц.Б: Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, Говь-Алтай аймгийн .... сумын харьяат, 1983 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 35 настай, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, муухан уншина, бичиж чадахгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт.... багт оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь 2012 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Б овогт Ц-н Б, РД: .... гэв.

Шүүгдэгч П.Д: Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, Говь-Алтай аймгийн ... сумын харьяат, 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 34 настай, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ... оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, сумын сайн малчин болж байсан, одоо мал малладаггүй, А овогт П-н Д, РД: ДП... гэв.

Шүүгдэгч Э.П, П.Д, Ц.Б нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө П.Дын ***АА улсын дугаартай УАЗ пургон маркийн автомашинаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас тус аймгийн Халиун сумын Олонбулаг багруу очиж иргэн З.Уын өмчлөлийн хар зүсмийн 1 тооны атан  тэмээг хулгайгаар төхөөрч, махыг нь уг автомашинд ачиж авчран 2018 оны 02 дугаар сарын 11-ний өглөө махны ченж Б.Л-д худалдсан,

Шүүгдэгч Э.П, Н.Х, П.Д нар бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө П.Дын *** ГАА улсын дугаартай УАЗ пургон маркийн автомашинаар *** аймгийн *** сумаас тус аймгийн*** сумын ***багийн *** гэх газар руу очиж иргэн Д.Эийн өмчлөлийн  хар зүсмийн 1 тооны атан тэмээг хулгайгаар төхөөрч, махыг нь уг автомашинд ачиж авчран 2018 оны 02 дугаар сарын 13-ны өглөө махны ченж Б.Д-т худалдсан гэмт хэрэг тус тус үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Э.П, П.Д, Ц.Б нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө П.Дын ***ГАА улсын дугаартай УАЗ пургон маркийн автомашинаар *** аймгийн *** сумаас тус аймгийн *** сумын *** багруу очиж иргэн З.Уын өмчлөлийн хар зүсмийн 1 тооны атан тэмээг хулгайгаар төхөөрч, махыг нь уг автомашинд ачиж авч ирэн 2018 оны 02 дугаар сарын 11-ний өглөө махны ченж Б.Л-д худалдсан, шүүгдэгч Э.П, Н.Х, П.Д нар бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө П.Дын ***ГАА улсын дугаартай УАЗ пургон маркийн автомашинаар Говь-Алтай аймгийн *** сумаас тус аймгийн *** сумын ***багийн Хашаатын худаг гэх газар руу очиж иргэн Д.Эийн өмчлөлийн  хар зүсмийн 1 тооны атан тэмээг хулгайгаар төхөөрч, махыг нь уг автомашинд ачиж авч ирэн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өглөө махны ченж Б.Д-т худалдсан нөхцөл байдал нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

        Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Э.П, П.Д, Ц.Б, Н.Х нар гэм буруутай болох нь:

        Шүүгдэгч Э.Пын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2018 оны 02 дугаар сарын 10-ны шөнө П.Д, Ц.Б хоёртой *** сумын *** 5 толгой гэх газар руу очоод сайр дотор байсан тэмээнээс нэг тэмээ барьж авч нядлаад 2 дугаар сарын 11-ний өглөө 8 цагийн үед хойд толгойд байдаг Л-д аваачиж өгсөн. 1 килограммыг нь 2000 төгрөгөөр өгөөд нийт 445.000 төгрөг болсон... дараа нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Н.Х, П.Д бид гурав *** сумын *** багт Хашаатын худаг гэдэг газар тэмээнүүд байсан. Тэмээнүүдийг хашаа руу оруулаад нэг тэмээ барьж авч Н.Хийг доош нь хөтлөөд яв гээд Н.Х доош нь хөтөлж яваад бид хэд нядлаад ачиж орж ирээд өглөө 7 цаг өнгөрөөд Д эгчтэй яриад махан дээр аваачиж өгөөд 630.000 төгрөг болоод 210.000 төгрөгөөр хувааж авсан... Хохирогч Э-т Н.Х 400.000 төгрөг, би 900.000 төгрөг нийт 1.300.000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг, 

         Шүүгдэгч П.Дын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2018 оны 02 дугаар сарын 11-ний шөнө Э.П, *** /Б/ бид гурав *** гэдэг газар руу ороод тэнд хэвтэж байсан тэмээнээс нэг тэмээ аваад аймаг руу ачиж орж ирээд Л гэдэг хүнд өгсөн. Хулгайн тэмээ гэдгийг мэдсэн. Мөрдөн байцаалтын шатанд айгаад худлаа хэлсэн. Эхний хулгайлсан тэмээнээс 150.000 төгрөгийг авсан. Хохирол төлж барагдуулсан. Ут 800.000 төгрөг өгсөн. Цаашид хулгай хийхгүй. Гэм буруугаа хүлээж, гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,  

          Шүүгдэгч Ц.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2018 оны 02 дугаар сарын 10-ны шөнө П.Д, Э.П бид гурав *** баг руу явж нэг тэмээ алсан. 2 дугаар сарын 11-ний өглөө ирээд тэмээний махаа хойд толгойд *** гэдэг хүнд өгсөн. Хохиролд нийт 500.000 төгрөгийг Уын эгчид өгсөн. 5 дугаар сарын 01-ний өдөр 300.000 төгрөг, өчигдөр 200.000 төгрөг төлсөн. Цаашид хулгай хийхгүй. Хулгайн тэмээ гэдгийг мэдсэн. Мөрдөн байцаалтын шатанд айгаад мэдээгүй гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,  

          Шүүгдэгч Н.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн Э.П руу залгасан утсаа аваагүй. Байж байтал Э.П залгасан хойд толгойд айлд байна. Чи хүрээд ирэх үү гэхэд ирсэн гараад хоёулаа уулзаатхая гээд гарсан. Нэг юманд яваад ирье жоохон мөнгөний хэрэгтэй байна гэхээр нь би тэгье гээд Д руу залгасан. Д захын ард байна гээд Дтай уулзаад явахаар болсон. Тэгээд Халиун сумын чулуутай газар нэг тэмээ аваад нядалж аваад энд ирээд махны ченж Д гэдэг хүнд өгсөн. Би 210.000 төгрөг гардаж авсан. Миний буруу хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эмээгээсээ 400.000 төгрөг авч хохирогчид төлсөн...” гэсэн мэдүүлэг,  

 Хохирогч З.Уын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...би хөдөөгүүр явж өөрийн тэмээнүүдээ бүртгэхэд нэг тооны хар зүсмийн ат байхгүй байсан. О-н хашаанд байх тэмээний арьсыг үзэхэд манай тэмээ мөн байсан. Содон шинж тэмдэгүүд нь бүгд байсан...”  гэсэн мэдүүлэг /1хх44-45рт/,

Хохирогч Д.Эийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би *** сумын *** багт байх малдаа явж байхад манай багийн иргэдийн төлөөлөгч дарга Х гэх хүн залгаад хэсгийн төлөөлөгч 2 чихэндээ ногоон даавуутай, урд талын бөх зөв талдаа гурил ороосон 1 тооны ат нядлагдсан байна. Уг тэмээний эзнийг нь хайгаад байна. Танай тэмээ мөн үү гэж асуусан. Тэгээд би хэсгийн төлөөлөгчийн зааж өгсөн газар очиж үзэхэд манай тэмээ мөн байсан. Манай хөлөрдөг дээрээ саран дотор дэгээрээтэй, зөв талын чих хойноосооо догол, буруу талын чих урдаасаа догол, 2 чихэндээ ногоон даавуутай, урд бөх нь гурилаар ороосон, том хар ат байсан. Энэ ат нь манай ботгон ат юм...”  гэсэн мэдүүлэг /1хх48-49рт/,

Гэрч Б.Л-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 8 цагийн үед захруу явах гэж байхад хашааны гадаа цагаан өнгийн пургон машин ирсэн... 1 килограмм махыг 2000 төгрөгөөр бодож авсан. П үдээс хойш ирж мөнгөө бэлнээр авья гэсэн. Би махны мөнгө гэж 430.000 төгрөгийг бэлнээр өгсөн...”  гэсэн мэдүүлэг /1хх-64рт/,

Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 02 дугаар сарын 12-нд танихгүй нэг дугаараас залгаад тэмээний мах өгөх гэсэн юм гэсэн... тэмээний махыг нь машинаас буулгаад махаа оруулах гэтэл жолооч нь байхгүй байсан. Тэгээд манай нэг дүү Х ороод ирсэн. Надад мах өгч байгаа залуу би туслуулах гэж авч ирсэн юм гэж хэлсэн. 1 килограмм махыг 1800 төгрөгөөр бодож 300 орчим килограмм махны үнэ 600.000 орчим төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-72рт/,

        Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу  хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.П, Н.Х, П.Д, Ц.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, гэмтт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохиролыг нөхөн төлсөн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй  байна.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Э.П, Н.Х, П.Д, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Э.П, Н.Х, П.Д, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пыг 450 цагийн хугацаагаар, шүүгдэгч П.Дыг 420 цагийн хугацаагаар,  шүүгдэгч Н.Х, Ц.Б нарыг тус бүр 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний нэхэмжлэгч Т.М нь мөрдөн байцаалтын шатанд “...Д нь уулзаад чи пургон автомашинаа надад зарчих. Би мөнгийг нь 6 сарын 1-ний өдөр бэлэн өгье гэхээр нь бид 2 амаар ярьж тохироод би машинаа тэр даруйд нь Дд бичиг баримттай нь тэр чигт нь өгсөн. Авто машин худалдсан мөнгөө Даас гаргуулж авч байж тээврийн хэрэгслийн бүртгэлийг Д дээр шилжүүлж өгье гэж бодоод одоог хүртэл миний нэр дээр явдаг...” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч П.Д нь “машиныг ноднин 3 сард 4.000.000 төгрөгөөр авсан. Мөнгийг нь ерөөсөө төлөөгүй байгаа” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ***ГАА улсын дугаартай УАЗ-2202 пургон маркын автомашиныг эзэмшигч, иргэний нэхэмжлэгч Т.М-т олгож, машины үнийн 3.500.000 төгрөгийг  шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байдлыг харгалзан шүүгдэгч Э.П, П.Д нараас тус бүр 1.000.000 төгрөг, шүүгдэгч Н.Х, Ц.Б нараас тус бүр 750.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Э.П, П.Д нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч Э.П, Н.Х, П.Д, Ц.Б нар нь бүлэглэж үйлдсэн байх тул мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.

Шүүгдэгч нарын үйлдсэн бусдын мал хулгайлах  үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг 2 удаагийн үйлдлээр хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, ял оногдуулах  үндэслэлтэй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт шүүгдэгч Э.П, Н.Х, Ц.Б нар цагдан хоригдоогүй, тэдгээрийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, тэдгээрийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч нарт хохирлыг бүрэн төлсөн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 17.4 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ж овогт Э-н П, Ш овогт Н-н Х, А овогт П-н Д, Б овогт Ц-н Б нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пыг 450 цагийн хугацаагаар, шүүгдэгч П.Дыг 420 цагийн хугацаагаар,  шүүгдэгч Н.Х, Ц.Б нарыг тус бүр 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дын цагдан хоригдсон 2 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 16 цагаар тооцож,шүүгдэгч П.Дын нийт эдлэх ялыг 404 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П, П.Д, Н.Х, Ц.Б нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт танилцуулсугай.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ***ГАА улсын дугаартай УАЗ-2202 пургон маркын автомашиныг эзэмшигч, иргэний нэхэмжлэгч Т.М-т олгож, шүүгдэгч Э.П, П.Д нараас тус бүр 1.000.000 төгрөг, шүүгдэгч Н.Х, Ц.Б нараас тус бүр 750.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт олгох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П, П.Д нараас тус бүр 15.000 төгрөг, шүүгдэгч Н.Х, Ц.Б нараас тус бүр 10.000 төгрөгийг тус тус шинжээчийн зардалд гаргуулж хөрөнгийн үнэлгээчин Р.Ц-н “***” ХХК-ний *** дугаартай дансанд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөлөрдөг дээрээ 8-н тоо тамгатай, хар зүсмийн тэмээний шир 1 ширхэг, зөв талын чихэн дээрээ даавуу сүвэлж байсан оромтой, ацан буйлтай тэмээний толгой 1 ширхэг, УАЗ-2202 пургон маркын автомашины бензиний савны төмөр таг 1 ширхэг зэргийг устгаж,  бичлэг бүхий 2 CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Э.П, Н.Х, Ц.Б нар цагдан хоригдоогүй,  тэдгээрийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, тэдгээрийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч нарт хохирлыг бүрэн төлсөн зэргийг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.П, Н.Х, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.П, П.Д, Н.Х, Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА