Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/473

 

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оргилболд,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Бүдханд,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ийн  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2309000002731 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б .... тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 4-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Д дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 0000 дугаар байрны гаднах авто зам дээр тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа хохирогч И.Гыг “Араас сигнал дарсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар цохиж зодон эрүүл мэндэд нь “...зүүн 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн чихэнд шарх, дух, хацар, хамар, уруул, эрүү, бугуй, сарвуунд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, духанд зөөлөн эдийн няцрал...” гэсэн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Б-ийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа, өөрчлөх, зорчин явахыг хориглож, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдвэл шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бэс нийт 637,572 төгрөг гаргуулан хохирогч И.Г /РД: 0000000/-т олгож, хохирогч И.Г нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD /сиди/-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь шийтгэх тогтоол гарсанаас хойш 637,572 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байсан. Хувийн байдлын хувьд гэр бүл зохиож, аав болох гэж байгаа, найз охин маань жирэмсэн тул төрөх хүртэл нь ажил хийж гэр бүлээ тэжээж, эцэг хүний үүргээ биелүүлэхэд Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахгүй байх боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Цаашид дахин болчимгүй үйлдэл хийхгүй, нэг удаагийн уур омгоо дарж, гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй, өөрийн үйлдлээ ухамсарлан хянаж амьдрахаа ухаарч ойлгож байгаа бөгөөд хохирогчоос дахин дахин уучлалт гуйж байна. Иймээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх зохицуулалтуудыг хэрэглэж, шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч Б.Б-ийн  өмгөөлөгч А.Бүдханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, өөртөө дүгнэлт хийсэн. Хэрэгт авагдсан хохирогчийн 637,572 төгрөгийн баримтаар тогтоогдсон эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Б.Б хэрэгт шалгагдаж байхдаа хохирол төлөх гэхэд хохирогч дансны дугаараа өгөөгүй, шүүх хуралдааны үед хохирлын мөнгөө бэлнээр авчирсан бөгөөд хохирогч уг мөнгийг авах хүсэлтэй байсан боловч хохирогчийн гэр бүлийн хүн тухайн мөнгийг авахгүй гэсэн учир шийтгэх тогтоол гарахаас өмнө хохирлоо төлж барагдуулж чадаагүй. Харин дараа нь хохирол төлбөрийг хохирогчийн данс руу шилжүүлсэн. Хавтаст хэргийн 71-76 дахь тал болон өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн 7 хуудас баримтын 4-7 дахь хуудаст миний үйлчлүүлэгчийн санхүүгийн боломжтой, орлоготой болохыг нотолсон санхүүгийн хуулга бүхий дансны орлогыг тодорхойлсон баримтууд авагдсан. Б.Б онлайн худалдаа эрхэлдэг бөгөөд өөрөө захиалгаа авч, түгээлтээ хийдэг учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчлүүлэхээр гомдол гаргасан. ...Эхнэр нь жирэмсэн байсан боловч энэ үйл явдлын дараа үр хүүхдээ алдсан, сэтгэцийн хувьд хямралтай, эмчилгээнд авч явах шаардлагатай байгаа. Эхнэрийнх нь хувийн байдалтай холбоотой баримтуудыг хэрэгт гаргаж өгөхөөр хүсэлт гаргасан боловч одоогоор ирүүлсэн хариу байхгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэдийгээр үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулах ёстой ч шүүгдэгчийг нийгэмшүүлэх нь Эрүүгийн хуулийн гол зорилго байдаг тул нэг удаа боломж олгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Оргилболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзэж байх тул шийтгэх тогтоол үндэслэлтэй. Хаягийн мэдээллийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө тодруулахад шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй учраас бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаг гэж үзэх нөхцөл байдал үүссэн. Давж заалдах гомдолдоо найз охин жирэмсэн, төрөх хүртэл нь ажил хийж, гэр бүлээ тэжээх шаардлагатай талаар дурдсан байх боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөс гэр бүлийн хүн нь хүүхдээ алдсан гэж зөрүүтэй зүйл ярьж байна. Шүүх Эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн ял шийтгэл оногдуулсан байхад худал, үнэн зүйл ярьж ялаас зайлсхийж байгаа нь үндэслэлгүй. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Бд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

            Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Д дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 0000 дугаар байрны гаднах авто зам дээр  тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа хохирогч И.Гыг “Араас сигнал дарсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

            хохирогч И.Гын “...байрны зогсоол руу орж явах үед машины урд нэг залуу, эмэгтэй хоёр явж байхаар нь сэрэмжлүүлэх үүднээс би нэг удаа сигналдсан. Тэгтэл тэр залуу гэнэт жирэмсэн хүн явж байхад чи сигналдлаа, чи дүрэм ээ мэддэг юм уу гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би түр тормоз гишгээд зогсож байхад тэр залуу машины цонхоор намайг заамдаад авсан. Би машинаа байрлуулаад байр руугаа алхаж байтал тэр залуу намайг боож газраар чирээд, зодож эхэлсэн. Намайг газар унагааж байгаад дээрээс олон дэвссэн. Мөн толгой, хавирга руу олон удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13551 дугаартай “...И.Гын биед зүүн 4, 5, 6-р хавирганы хугарал, зүүн чихэнд шарх, дух, хацар, хамар, уруул, эрүү, бугуй, сарвуунд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-27/,

тухайн үйл явдал болсон цаг хугацаанд шүүдэгч Б.Б-ийн  машины цонхоор хохирогчтой харьцаж буйг, хэсэг хугацааны дараа орцны үүднээс хохирогчийн машин явсан хэсэг рүү очсон, эргээд орц руу орж буйг харуулж буй камерийн бичлэг /хэрэгт хавсаргасан/ зэрэг хэрэгт цугларч, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Б-ийг  хохирогч И.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

            Давж заалдах гомдолд дурдсан “...аав болох гэж байгаа, ажил хийж гэр бүлээ тэжээх үүргээ биелүүлэхэд Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахгүй байх нөхцөл байдал хүндрэлтэй...” гэсэн үндэслэлээр Б.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон хөнгөрүүлэх үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.  

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг шүүх тал бүрээс нь харгалзан үзэж, хууль зүйн дүгнэлтийг хийж тухайн зүйл хэсэгт заасан ялыг оногдуулдаг.

Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, ялын бүсчлэлийг түүний оршин суудаг бүртгэлтэй газар болох Улаанбаатар хотын Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ буюу хохирогчийн 3 хавиргыг хугалсан гэмтлийг зодож учруулсан хохирол, түүний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, гэм буруу, хувийн байдалд тохирсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Б.Б нь давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирогч И.Гт 637,752 төгрөгийг төлсөн болох нь мөнгө шилжүүлгийн баримт /хх 101-102/-аар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/126 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шийтгэх тогтоолоор заасан 637,572 төгрөгийн хохирлыг хохирогч И.Гт төлсөн болохыг дурьдсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

                

                

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ