| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лутбатын Хэрлэнчимэг |
| Хэргийн индекс | 128/2025/0664/З |
| Дугаар | 128/ШШ2025/0741 |
| Огноо | 2025-10-23 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2025/0741
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Ө******* /*******/
Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 25 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01-05/******* дугаар актыг хууль бус болохыг тогтоон, газрын байршил өөрчлөн олгохыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Н.Ө*******гаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 25 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01-05/******* дугаар актыг хууль бус болохыг тогтоон, газрын байршил өөрчлөн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Н******* дүүргийн Засаг даргын 13 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Н*******, Хөх д*******ны э******* 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаар бүхий 11,000 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай иргэн Н.Ө*******д эзэмшүүлж гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.
2.2. Н******* дүүргийн Засаг даргын 13 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/ дугаар захирамжаар Н*******, Хөх д*******ны э******* 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаар бүхий 15,000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай иргэн Н.Ө*******д эзэмшүүлж гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.
2.3. 25 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад газрын байршил өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасанд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 25 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01-05/******* дугаар албан бичгээр байршил шилжүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг Н.Ө*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х*******д хүрүүлсэн байна.
2.4. Дээрх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10, 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсгийг үндэслэжээ.
2.5. Нэхэмжлэгчийн зүгээс: ...Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. , Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.8 хууль ёсны итгэлийг хамгаалах., Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10 Эзэмшил газрын хэмжээ, байршлыг дараах тохиолдолд өөрчилж болно, 29.10.3 хууль, тогтоомжоор тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас газартай давхацсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ, мөн хуулийн 106.3.4 захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасныг үндэслэн газар эзэмших хууль ёсны эрхийг хамгаалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү" гэх агуулгаар маргасан.
2.6. Хариуцагчаас ...Нэхэмжлэгчийн эзэмшлийн 15,000 м.кв болон 11000 м.кв хоёр газар нь Н******* дүүргийн 1 дүгээр хороо, Б дүүргийн дугаар хорооны хилийн цэсийн хил хязгаарт аль алинд дамнасан. Туул голын 2 салаа хэсгийн дунд байрлалтай бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 24 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэл хотын усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын болон энгийн хамгаалалтын бүс-тэй маргаан бүхий хоёр газар нь бүхэлдээ давхцалтай...Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10 дах хэсэгт Эзэмшил газрын хэмжээ, байршлыг дараах тохиолдолд өөрчилж болно гэж заасан бөгөөд
тус хуулийн зохицуулалтад нэхэмжлэгчийн байршил шилжүүлэх тухай хүсэлт хамраахгүй байх тул тус албан бичгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэх агуулгаар тайлбарласан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх 12 онд олгогдсон тус газрыг иргэн Н.Ө*******д 13 онд шилжүүлэн авснаар зуслангийн болон сувиллын зориулалтаар 25 га газар олж авсан. Уг газраа 13 оноос хойш 21 он хүртэл ямар нэг асуудалгүй газрын төлбөр төлж, холбогдох шаардлагатай бичиг баримтыг гаргуулах гэсэн боловч 22 оны Нийслэлийн Засаг даргын ажлын хэсгийн дүгнэлтээр тухайн газар нь дүүргийн хилийн цэс дамнан байршсан байна гэх үндэслэл шалтгаанаар Н******* дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон Б дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хилийн цэс өөрчлөгдсөн, дахин бүртгэлжүүлэхтэй холбоотой маргаан эхэлсэн. Уг маргаантай холбоотой нэхэмжлэгч дахин хүсэлтээ өгөхөд шүүхэд маргаан үүсэж 25 онд Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Уг маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шатны шүүхийн шийдвэрийг Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, Улсын дээд шүүх хэлэлцүүлэхээс татгалзаж, шийдвэр хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүх шийдвэртээ уг газартай холбоотой дахин хүсэлт гаргахад энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлалт болохгүй гэж тусгасан. Мөн тухайн шийдвэрт Нийслэлийн ажлын хэсгийн дүгнэлтийг тайлбарлахдаа Давж заалдах шатны шүүхийн магадлалд ажлын хэсгийн дүгнэлтээр Усан сан бүхий газрын хамгаалалтад багтаж байгаа хэсгийг хасаж өөр тийш шилжүүлэх замаар шийдвэрлэх боломжийг судлах агуулгатай гэж дүгнэсэн. Үүнийг нь үндэслэл бүхий болсон гэж Давж заалдах шатны шүүхээс онцгойлж тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэсэн иргэн, хуулийн этгээдийн итгэлийг хамгаалах буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд тусгасан тусгай зарчмын шаардлагын хүрээнд тухайн захиргааны дээд шатны байгууллага болох хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэж иргэн Н.Ө*******гийн Б дүүрэгт холбогдох үлдсэн газарт газрын байршлыг шилжүүлэх талаар хүсэлт гаргасан. Гэтэл уг хүсэлттэй холбоотой хариуцагч этгээд нэхэмжлэгчид газар шилжүүлэх боломжгүй. 25 онд шүүхийн шийдвэрээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна гэж тайлбарладаг. Мөн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10-д заасан газрын хэмжээ, байршлыг шилжүүлэх хуулийн шаардлагад огт нийцэхгүй байна. Гэтэл Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10-д зааснаар хамаарал бүхий газрын хамгаалалт, хязгаарлалтай холбоотой газруудыг гэж онцгойлон нэр томьёонд бүрэн нийцдэг. Үүнийг нь үндэслэж өнөөдөр шүүхээр явж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц******* шүүх хуралдааны үеэр болон шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, татгалзалдаа: Н******* дүүргийн Засаг даргын 13 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Н*******, Хөх д*******ны э******* 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын
дугаар бүхий 11000 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай иргэн Н.Ө*******д эзэмшүүлж гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Мөн Н******* дүүргийн Засаг даргын 13 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/ дугаар захирамжаар Н*******, Хөх д*******ны э******* 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаар бүхий 15000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай иргэн Н.Ө*******д эзэмшүүлж гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.
Нэхэмжлэгчийн эзэмшлийн 15,000 м.кв болон 11000 м.кв хоёр газар нь Н******* дүүргийн 1 дүгээр хороо, Б дүүргийн дугаар хорооны хилийн цэсийн хил хязгаарт аль алинд дамнасан. Туул голын 2 салаа хэсгийн дунд байрлалтай бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 24 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэл хотын усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын болон энгийн хамгаалалтын бүс-тэй маргаан бүхий хоёр газар нь бүхэлдээ давхцалтай байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 128/ШШ24/0884 дүгээр шийдвэрээр Н******* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 24 оны 14/329, Б дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 24 оны 01/1665 дугаартай захиргааны актуудыг хүчингүй болгуулах, гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Мөн 25 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА25/0021 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Үүний дараа нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад 25 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргасан. Тус гомдлыг хянан үзээд 25 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01-05/******* тоот Хариу хүргүүлэх тухай, 25 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 05-02/4085 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр тус тус хариуг хүргүүлсэн.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10 дахь хэсэгт Эзэмшил газрын хэмжээ, байршлыг дараах тохиолдолд өөрчилж болно гэж заасан бөгөөд тус хуулийн зохицуулалтад нэхэмжлэгчийн байршил шилжүүлэх тухай хүсэлт хамраахгүй байх тул тус албан бичгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Н.Ө*******гаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 25 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01-05/******* тоот актыг хууль бус болохыг тогтоож, газрын байршил өөрчлөн олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлагын хүрээнд хариуцагчаас өгсөн хариу нь үндэслэл бүхий эсэх буюу нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар нь анхнаасаа усан бүхий газар байсан эсэх, тухайн тохиолдолд газрын байршил өөрчлөн олгох боломжтой эсэхэд шүүхээс дүгнэлт өгнө.
1. Маргааны үйл баримтын тухайд:
1.1. Нэхэмжлэгч Н.Ө******* Н******* дүүргийн Засаг даргын 13 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/******* дугаар захирамжаар Хөх д*******ны э*******т 11,000 м.кв газрыг зуслангийн зориулалтаар, мөн Засаг даргын 13 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/ дугаар захирамжаар Хөх д*******ны э*******т 15,000 м.кв газрыг сувиллын зориулалтаар тус тус эзэмших эрхтэй болжээ.
1.2. Нэхэмжлэгчээс газрын кадастрын нэгдсэн бүртгэл шинэчлэгдэж, цахим бүртгэл хийгдэх, мөн Нийслэлийн зарим дүүргийн хилийн цэс тодорхойлох ажлын хүрээнд түүний эзэмших эрх бүхий газрын хаяг өөрчлөгдсөнтэй холбогдуулан газраа баталгаажуулан шинэчилсэн гэрчилгээ авч, гэрээ байгуулах агуулгаар Н******* болон Б дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргасан байна.
1.3. Н******* дүүргийн газар зохион байгуулалтын албаны 24 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14/329 дугаар албан бичгээр ..тус дүүргийн хилийн цэсэд хамаарч буй 5,000 м.кв газар нь ...усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүсэд байх тул дүүргийн Засаг даргын захирамжаар баталгаажуулан олгох боломжгүй гэж, Б дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 24 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 06/1665 дугаар албан бичгээр ...газар эзэмших эрхийн гэрчилгээ шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдөл ирүүлсэн байна...дээрх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул ... хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг тус тус өгснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган маргажээ.
1.4. Харин нэхэмжлэгчийн газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24 оны 69 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхацсан болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 24 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 884 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 25 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн магадлалаар дүгнэжээ.
1.5 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн Н******* дүүргийн Засаг даргын 13 оны захирамжуудаар эзэмших эрх үүссэн газар нь Усны тухай хуулиар эзэмшүүлэхийг хориглосон онцгой хамгаалалтын бүстэй давхацсан учир хамгаалалтын дэглэм зөрчиж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг баталгаажуулан, гэрчилгээг шинэчлэн олгох боломжгүй талаарх Б дүүрэг, Н******* дүүргийн газар зохион байгуулалтын албаны хариу албан бичгүүдийг үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
1.6. Нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Н******* дүүргийн Засаг даргын 13 оны А/*******, А/ дугаар захирамжууд хүчин төгөлдөр байна. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс Б дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах 21,000 м.кв газрын байршил өөрчлүүлэх тухай хүсэлт Нийслэлийн Засаг даргад гаргасанд Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 25 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01-05/******* дугаар албан бичгээр ...Газар эзэмших шийдвэр гаргахдаа Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг зөрчсөн.. байршил шилжүүлэх хүсэлт нь Газрын тухай 29 дүгээр зүйлийн 29.10-д нийцэхгүй байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгснийг эс зөвшөөрч энэ маргаан үүссэн болно.
2. Хууль хэрэглээний тухайд:
2.1. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно. 22.4-д Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно, 22.6-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэж тус тус заажээ.
2.2. Нэхэмжлэгчийн Н******* дүүргийн Засаг даргын 13 оны захирамжуудаар эзэмших эрхтэй болсон газар нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д заасан онцгой хамгаалалтын бүс тогтоох газарт хамаарч байсан боловч нэхэмжлэгчийг газар эзэмших үед тухайн газрыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор хамгаалалтад авсан шийдвэр гараагүй байсан, мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д эзэмшүүлэхийг хориглосон энэ заалт нь 19 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулиар нэмэгджээ.
2.3. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэх үед газрыг эзэмшүүлж болохгүй буюу хориглоогүй байсан гэж үзэхээр байхад газрын албанаас анх газар олгохдоо усан сан бүхий хориглосон газарт газар олгосон гэж татгалзсан нь үндэслэлгүй болно.
2.4. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10-д Эзэмшил газрын хэмжээ, байршлыг дараах тохиолдолд өөрчилж болно 29.10.3-д хууль, тогтоомжоор тогтоосон хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас газартай давхацсан гэж зааснаар хуульд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд газрын хэмжээ болон байршлыг өөрчилж болохоор байна.
2.5. Нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24 оны 69 дүгээр тогтоолоор баталсан Нийслэл хотын усан сан бүхий онцгой хамгаалалтын болон энгийн хамгаалалтын бүс-тэй давхацсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон,
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д зааснаар хориглосон газарт газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй учир газрын байршлаа өөрчлөн эзэмшихээр хүсэлт гаргасан, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг өнөөдрийн байдлаар эрх бүхий байгууллагаас хүчингүй болгоогүй, газар эзэмших эрх нь дуусгавар болоогүй тохиолдолд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хамгаалах зүй ёсны шаардлагатай болно.
2.6 Гэтэл нэхэмжлэгчийн газар нь усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхацсан буюу дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10.3-д заасан урьдчилсан нөхцөл үүссэн байхад хариуцагчаас газрын байршлыг өөрчилж олгох боломжгүй гэсэн нь мөн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.
2.7. Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй тул түүний газрын байршлаа өөрчлүүлэх хүсэлт гаргах эрх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцнэ.
2.8. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.11-д Энэ хуулийн 29.10-т заасан шийдвэрийг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон эдэлбэр газрын бүсчлэлд нийцүүлэн аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана гэжээ.
2.9. Иймд нэхэмжлэгчийн газрын байршлыг өөрчлүүлэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, газрын байршлыг өөрчлөн олгохыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.10. Харин газрын хэмжээтэй холбоотой талууд маргаагүй, шүүхээс газрын хэмжээтэй холбогдуулан дүгнэлт хийгээгүй ба Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.11-д зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга газрын байршлыг өөрчлөн газар олгохдоо газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон эдэлбэр газрын бүсчлэлд нийцүүлэн гаргахыг энэ шүүхийн шийдвэрээр хязгаарлаагүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10 дахь хэсэг, 29.10.3 дахь заалт, 29.11 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Ө*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 25 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01-05/******* дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, газрын байршил өөрчлөн олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл бичгээр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ