Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01575

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01575

 

 

Ц.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/01938 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Мын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Ү, Ж ХХК-д холбогдох 111 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ч.Үын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Баянжаргал, хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж ХХК-ийн захирал Ч.Ү нь 2012 оны 4 дүгээр сард Баянгол дүүргийн 0 дугаар хорооны Д дээр компанийн нэрээр 4000 м.кв газартай бөгөөд энэ газар дээрээ хоёулаа хамтарч барилга баръя чи хөрөнгө оруулалт хийчих би одоогоор мөнгөгүй байна, эхний ээлжинд хөрсний шинжилгээ хийлгэмээр байна гэсний дагуу Б ХХК-д 2 200 000 төгрөгөөр шинжилгээ хийлгэхэд хариу нь барилга барьж болно гэсэн дүгнэлт гарсан. Ч.Ү нэгэнт барилга барих хариу гарсан учир чи барилгын зураг төслийг хийлгэх мөнгийг гаргаач гэснээр Т ХХК-ийн захирал Д.Птой уулзахад зургийн нийт үнэ 139 121 444 төгрөг болно гэсэн. Энэ талаар Ч.Үтай уулзаж хэлэхэд миний найз яаж ийгээд төлчих цаашид гарах зардлыг би хариуцаад явна гэсэн. Ингээд миний бие Т ХХК-ийн захирал Д.Пид 109 000 000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр бэлэн баримтаар болон дансаар шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 30 000 000 төгрөгийг Д.П нэхэж өгөөгүй тохиолдолд цагдаад хандана гэх болсон. Энэ талаар Ч.Үад хэлэхэд чи яаж ийгээд тэр төслийг аваад өгөөч гэж гуйсны дагуу Т ХХК-ийн захирал Д.Птой уулзаж нөхцөл байдлаа учирлаж гуйсаар барилгын зураг төслийг Ч.Үад авч өгсөн. Ч.Ү нь Ц.Мын өгсөн мөнгөний баталгаа болгож 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр компанийн кадастрын зурагт байгаа 15х20 хэмжээтэй зоорьтой 4 давхар үйлчилгээний барилгыг иргэн Ц.М барихад татгалзах зүйлгүй бөгөөд ашиглалтад ороход үл хөдлөх болон тус барилгыг газрын хамт шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэсэн компанийн тамга, өөрийн гарын үсэг бүхий 45 тоот тодорхойлолт гаргаж өгч байсан. Ч.Ү нь сүүлдээ төлбөр гаргаж өгөхгүй зугтаах болсон тул цагдаагийн байгууллагад хандсан. Энэ хугацаанд Ч.Ү, Ц.М хоёрын хооронд ийм яриа болоогүй, би мэдэхгүй гэх зан авир гаргаж улмаар өөрийгөө хэрэг хариуцах чадваргүй этгээд мэтээр мэдүүлж эхэлсэн тул шинжээч томилоход хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт гарч байсан. Прокурор хэрэгсэхгүй болгосон тогтоолдоо 111 200 000 төгрөгийн төлбөрийг Ч.Үын өмнөөс Т ХХК-д төлсөн болох нь тогтоогдсон, иргэд хоорондын маргаан байна гэж шийдвэрлэсэн. Ц.М, Ч.Ү нарын дунд ямар нэгэн гэрээ байхгүй гэж хариуцагч нар ярьж байгаа боловч энэ үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа тодорхой тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар нэхэмжлэл гаргасан. Ч.Ү нь Т ХХК-ийн захиралтай зураг төслийн ажлаар удаа дараа уулзаж байсан, дээр нь барилгын зураг төслийг аваад ашиглаад явж байгаа. Ц.М бусдын өмнөөс өр төлбөрийг төлсөн тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар хариуцагч Ж ХХК, Ч.Ү нараас 111 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Үын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Баянжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М, Ч.Ү нарын хооронд Баянгол дүүрэг 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4000 м.кв газар дээр баригдах орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг барих асуудлаар хамтран ажиллах талаар ямар нэгэн яриа тохиролцоо хийгдээгүй. Ц.Мт Ж ХХК-ийг төлөөлөн Т ХХК-тай Барилгын зураг төслийг хийлгэх гэрээ байгуулах ямар нэгэн эрх олгогдоогүй. Мөн Т ХХК, Ж ХХК-ийн захирал Ч.Ү нарын хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй, байгуулагдсан гэрээ огт байхгүй. Харин Ж ХХК-ийн захирал Ч.Ү өөрийн компанийн эзэмшил газраас 15х20 хэмжээтэй газарт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө барих, газар эзэмших эрхийг салгаж, үйлчилгээний барилгын хэмжээгээр шилжүүлэх зорилгоор Ц.Мын харилцан хамаарал бүхий Х.Цэцэгээ гэх хүнтэй Бусдын газар дээр барилга барих тухай гэрээг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Энэхүү тохиролцоо нь Ж ХХК-ийн эзэмшлийн нийт талбай буюу 4000 м.кв газарт бүхэлд нь хамааралгүй бөгөөд тохиролцсон тухайн хэсэгтээ л хамааралтай юм. Барилгын тухай хуулийн /2008 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан шаардлагын дагуу Ж ХХК нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүрэг 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 4000 м.кв газрын хууль ёсны эзэмшилд байдаг газар дээр 13 давхар орон сууцны зориулалттай барилга барихаар барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Э ХХК-тай Зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ байгуулсан. Ж ХХК-ийн хувьд нэгэнт зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээг байгуулсан байсан тул Т ХХК-тай гэрээ байгуулах шаардлага байгаагүй. Ц.М нь Т ХХК-ийн захирал Д.Пид 109 000 000 төгрөгийг гардуулж өгсөн гэх үйл баримт нь бодит байдалд нийцээгүй. Тухайлбал Ц.Маас Т ХХК-ийн захирал Д.Пид 109 000 000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн гэх баримтууд болон тэдгээрийн хооронд хийгдсэн мөнгө хүлээн авсан, өгсөн гэх баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн боловч энэхүү баримтуудыг энэ хоёр хүн тохиролцож, хэдийд ч үйлдэх боломжтой тул тэдгээр баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймээс огт байхгүй байгуулагдаагүй гэрээ, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Ц.Маас Т ХХК-д төлсөн гэх мөнгийг Ч.Ү хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбартаа: Ж ХХК-ийн зүгээс Ц.Мт компанийг төлөөлөн Т ХХК-тай Барилгын зураг төслийг хийлгэх гэрээ байгуулах ямар нэгэн эрх олгоогүй. Т ХХК, Ж ХХК-ийн хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй, байгуулагдсан гэрээ байхгүй. Харин Ж ХХК нь өөрийн эзэмшлийн Баянгол дүүрэг 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4000 м.кв газрын хууль ёсны эзэмшилд байдаг газар дээр 13 давхар орон сууцны зориулалттай барилга барихаар барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Э ХХК-тай зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ байгуулсан. Ж ХХК-ийн хувьд нэгэнт зураг төсөл боловсруулах эрх бүхий этгээд болох Э ХХК-тай зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээг байгуулсан байсан тул Т ХХК-тай гэрээ байгуулах шаардлага байхгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс огт байхгүй, байгуулагдаагүй гэрээ, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр Ц.Маас Т ХХК-д төлсөн гэх мөнгийг Ж ХХК-ийг хамтран хариуцах ёстой гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч Ж ХХК, Ч.Ү нарт холбогдох 111 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ц.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 713 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ц.М, Ч.Ү нар дээрх 4000 м.кв газарт эхлүүлэх барилгын ажлын зургын төлбөрийг гүйцэд төлөөгүйгээс Барилгын хөгжлийн төвөөр магадлан баталгаажуулагдаагүй, барилгыг ажил эхлээгүй, Ч.Ү нь иргэн X.Цэцэгээтэй 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн гэрээ 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Н.А, Ч.Б нартай хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч хэрэгжээгүй (хх-104-109,113-115). Хариуцагч Ч.Ү нь Ц.М, X.Цэцэгээ, Н.А, Ч.Б нартай дээрх гэрээнүүдийг байгуулсан боловч Т ХХК-аар гүйцэтгүүлсэн барилгын зураг төслийн мөнгө гүйцэд төлөгдөөгүй, экспертизээр оруулж батлаагүйгээс дээрх гэрээнүүд хэрэгжээгүй байна. Шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.П Ж ХХК-ийн захиалгаар 139 121 444 төгрөгөөр уг зураг төслийг хийсэн. Ж ХХК нь Э ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээг 37 000 000 төгрөгөөр буюу бага үнээр магадлангаар оруулах гэж сүүлд нөхөж хийсэн гэрээ, ЗЗТ ХХК-ийн захирал Д.Ц нь миний багш бөгөөд бид хамтарч ажилладаг. Д.Ц багш нь Э ХХК-тай дээрх гэрээг нөхөн байгуулж манай Т ХХК нь зургыг хийж гүйцэтгэсэн юм. Манай гаргаж өгсөн эскиз зураг төсөл нь 13 давхар 2-р барилга 3 давхар 1 барилгын зураг гэж мэдүүлсэн болно.

Нэхэмжлэгч нь Ж ХХК-иас орон сууц үйлчилгээний төвийн барилгын зураг төслийн үнийг төлөх байсныг Ц.М өрийг нь төлснөөр Ч.Ү үүргээр чөлөөлөгдсөн гэж тайлбарлан зардлаа Ж ХХК, захирал Ч.Ү нараас шаардсан нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж ХХК, Ч.Ү нарт холбогдох 111 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ц.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б миний бие шүүх шийдвэртээ үйл баримтуудыг тогтоогдсон гэж үзсэн боловч нэхэмжилж байгаа хууль зүйн үндэслэл, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй, шүүх хууль зүйн үндэслэлийг зөвтгөн шийдвэр гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой байсан гэж үзэн гомдол гаргаж байгаа болно. Иймд давж заалдах шатны шүүхээс нэгэнт үйл баримт тогтоогдож байгаа учир уг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийг зөвтгөн нэхэмжлэлийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Ч.Ү, Ж ХХК-д холбогдуулан 111 200 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.М, хариуцагч Ж ХХК-ийн захирал Ч.Ү нар компанийн эзэмшлийн Баянгол дүүргийн 0 дугаар хороонд байрлах 4000 м.кв талбай бүхий газарт үйлчилгээтэй 13 давхар 2 орон сууц, 3 давхар 1 барилга барих, үүний 3 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг Ц.М өөрийн хөрөнгөөр барихаар тохиролцсон байна.

 

Улмаар 2012 оны 3 дугар сарын 19-ний өдөр Ж ХХК нь Б ХХК-тай Баянгол дүүрэг 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээтэй орон сууцны барилгын талбайн байр зүйн зураг ба инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Ц.М Б ХХК-д хөрсний шинжилгээний төлбөр 2 200 000 төгрөг, Т ХХК-аар барилгын зураг төсөл хийлгэх ажлын хөлсөнд 109 000 000 төгрөг төлсөн болох нь хэргийн 5-7, 9-12, 70-71, 75-80, 92-93, 116-117, 160 дах талд авагдсан Т ХХК-ийн захирал Д.Пид зураг төслийн төлбөр хүлээлцсэн баримт, Ж ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны зураг төслийн үнэ гэж төлсөн баримт, Т ХХК-ийн захирал Д.Пийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт, Т ХХК-аас Ж ХХК-д 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 12/08 дугаартай барилгын зураг төслийн үнийн санал хүргүүлсэн албан бичиг, Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст Н.А, Ч.Ү, Д.П, Г.Тунгалаг нарын өгсөн гэрчийн мэдүүлэг, 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн байр зүйн зураг ба инженер геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Ц.М, Ч.Ү нар дээрх 4000 м.кв газарт эхлүүлэх барилгын ажлын зургийн төлбөрийг гүйцэт төлөөгүйгээс Барилгын хөгжлийн төвөөр магадлан баталгаажуулагдаагүй, барилгын ажил эхлээгүй, Ч.Ү тус газарт үргэлжлүүлэн барилгын ажлыг Т ХХК-ийн хийж гүйцэтгэсэн зураг төслөөр хийж гүйцэтгэхээр 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Х.Цэцэгээтэй бусдын газар дээр барилга барих тухай гэрээг байгуулж, Х.Цэцэгээ нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьж газар эзэмших эрхийг салгаж үйлчилгээний барилгын хэмжээгээр шилжүүлэхээр тохиролцсон боловч гэрээ хэрэгжээгүй, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Н.А, Ч.Б нартай хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ байгуулсан үйл баримт хэргийн 104-109, 113-115 дах талд авагдсан бусдын газар дээр барилга барих тухай гэрээ, хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээгээр тогтоогдсон байна.

 

Ж ХХК нь Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4000 м.кв газар Н.А, Ч.Б нар орон сууцны зориулалттай 13 давхар /зоорьтой/ барилгыг барих нийт санхүүжилтийг мөнгөн болон эд хөрөнгийн хэлбэрээр оруулах, гэрээг хэрэгжүүлэх зорилгоор Ж ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж Н.А 25 хувь, Ч.Б 25 хувь тус тус эзэмшиж байхаар хувьцааг шилжүүлэх ба төсөл амжилттай хэрэгжиж дууссанаар энэхүү шилжүүлсэн хувьцааг Ч.Үад буцаан шилжүүлэх, Ж ХХК нь газар эзэмших эрх, техникийн нөхцөлүүд, эрх бүхий байгууллагаас авах эскиз ажлын зургийг экспиртизээр батлуулж барилга барихад бэлэн болгохоор тохиролцож, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хувьцаа эзэмшигчээр Н.А, Ч.Б нар нэмж бүртгэгдсэн үйл баримт хэргийн 218-221 дах талд авагдсан Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрмээр тогтоогджээ.

 

Гэтэл хариуцагч Ч.Ү нь Ц.М, Х.Цэцэгээ, Н.А, Ч.Б нартай Ж ХХК-ийн эзэмшлийн 4000 м.кв газарт орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барихаар дээрх гэрээг байгуулж байсан боловч Т ХХК-аар гүйцэтгүүлсэн барилгын зураг төслийн мөнгө гүйцэт төлөгдөөгүй, зургийг экспиртизээр оруулж батлуулаагүйгээс дээрх гэрээнүүд хэрэгжээгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.М нь нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдлын үндэслэлээ Ж ХХК, Ч.Ү нарын бусад этгээдийн өмнө төлөх байсан өр төлбөрт 109 000 000 төгрөг төлөгдсөн тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар 109 000 000 төгрөгийг хариуцагч Ж ХХК, Ч.Ү нараас гаргуулна гэж тайлбарласан байна.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалт нь хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг өмнөөс нь төлсөн байх урьдчилсан нөхцөл хангагдсан үед хэрэглэгдэх тул Ж ХХК, Ч.Ү нар нь бусад этгээдэд төлөх өр төлбөртэй байсан гэх нөхцөл байдлыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох шаардлагатай.

 

Хэрэгт гэрээ авагдсан гэрээнүүдээс үзэхэд 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээнд Ж ХХК-ийг төлөөлж Д.М гарын үсэг зурсан бөгөөд гэрээ нь барилгын зураг төсөл хийлгэх ажлын хөлсөнд 109 000 000 төгрөг төлөгдсөн гэрээтэй хамааралтай гэрээ мөн эсэх нь тодорхой бус байх тул 109 000 000 төгрөгийн өр төлбөрийг Ж ХХК, Ч.Ү нарын бусдын өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэж нэхэмжлэгч Д.Мыг төлсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дах хэсэгт нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг тогтоосон.

 

Хариуцагч Ж ХХК-ийн бусад этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр төлбөл зохих төлбөр болох хөрсний шинжилгээний төлбөрт 2 200 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.М төлсөн үйл баримт хэргийн 11, 116-117 дах талд авагдсан 2012 оны 3 дугар сарын 19-ний өдрийн байр зүйн зураг ба инженер-геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ авагдсан гэрээ, Д.М нь 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2 200 000 төгрөг төлсөн Б ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр тогтоогдсон. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3 дах хэсэгт заасан нэхэмжлэгчийн уг шаардах эрхийг үгүйсгэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Иймд хариуцагч Ж ХХК-аас 2 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 109 000 000 төгрөг болон хариуцагч Ч.Үад холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2021/01938 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж ХХК-аас 2 200 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 109 000 000 төгрөг болон хариуцагч Ч.Үад холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Ж ХХК-аас 50 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мт олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 713 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ