Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/083

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Э. Гантулга,

Нарийн бичгийн дарга О. Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000490047 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй,  Харчин овогт Ч.Б

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ч.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-41-11 тоотод 2018 оны 01 дүгээр сарын 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 1. Шүүгдэгч Ч.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа, би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Би яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авахгүй. Одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манайд найз Мандах /Нармандах/ найз охин Б гийн хамт ирсэн, Тэгээд манайд ирээд Мандах 1 шил архи гаргаад манай эхнэр С, Мандах, Б бид 4 хамт уусан. Тэгээд тоглож байгаад унтацгаасан. Мандах, Б 2 манайд хоносон. Тэр 2 хөдөө мал нядалж байгаад ирлээ гэсэн. Тэгээд маргааш нь өглөө нь бид босоод би 2 хүүхдээ аваад эхнэрийн хамт эхнэрийг ажил дээр нь хүргэж өгсөн. Явахдаа Мандах, Б хоёрыг гаднаас нь цоожлоод үлдээсэн юм. Тэгээд эхнэрээ ажил дээрээ хүргэж өгчхөөд буцаад хадмынд очиж машин янзалж байгаад буцаад гэртээ очсон чинь Б танай хүүхдийн чинь цүнхэнд мөнгө хийсэн чинь алга болсон байна гэж байсан. Тэгээд Б манай охин Уранбилэгээс мөнгө асуугаад байсан. Уранбилэг дэвтрийн завсраар хийсэн гэж байсан. Тэгээд тэр 2 цүнх ухаж сандаачсан байсан. Би хүүхдийнхээ цүнхэнд үзэхэд мөнгө байхгүй байсан. Би хэзээ манай хүүхдэд мөнгө өгч хадгалуулсан гэдгийг мэдээгүй. Мөн манай эхнэр болон Мандах ч мэдээгүй байсан. Тэгтэл Б 100.000 төгрөг хадгалуулсан гээд байсан. Тэгээд хүүхдээс асуугаад байсан ба 10000 төгрөг өгье гээд асуугаад байсан. Манай хүүхэд 6 настай охин бөгөөд мэдэхгүй цүнх рүүгээ хийсэн байхгүй байна гээд байсан. Тэгээд тэр өдрөө Мандах Б 2 манайд өнжөөд хоносон. Маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Мандах Б 2 явсан. Тэгэхэд нь би хар өнгийн гар утас Бд өгсөн. Үлдэгдэл 50.000 төгрөгөө хүнд зээлүүлсэн гэж гэрийнхэндээ хэлээрэй хэд хоногоос өгчихье гэж би хэлсэн. Тэгээд тэр 2 манайхаас явсан. Нөгөөдөр нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 1 өдөр би юнителийн шинэ дугаар авч өгөх гээд Бгийн гэрт орой очоод хамт төв рүү орох гэснээ хаасан байх гээд Бг манайд очоод хоол хийгээд өг гээд замаараа Болдоог аваад гэртээ ирсэн. Тэгээд Б Болдоо бид 7 манайд ирж Б хоол хийж өгөөд 2 литрийн пиво хувааж ууцгаасан Тэгээд манай эхнэр ажил дээрээ хонож байсан. Тэгээд хоол идчихээд пиво ууж байгаад Б чи миний мөнгийг гэр бүлээрээ хувааж идсэн гээд байсан. Тэгээд Мандахыг дуудаад учраа олчихъё гэсэн чинь над руу хэл амаар дайраад байхаар авдар руу Б өшиглөсөн. Тэгэхээр нь би босож ирээд нүүр рүү Нэг гараа хагас атгаад цохчихсон чинь Б намайг алаадах гээд над руу дайрсан Тэгэхээр нь би Бг түлхсэн. Бгийн хамраас нь цус гарсан Тэгэхэд Б халсан байсан ба би ч бас жаахан халсан байсан. Тэгтэл айлын Б ах орж ирээд больцгоо гээд Бг аваад гарсан. Болдоо намайг боль боль гээд авч үлдсэн. Тэгээд Б гэр лүүгээ явсан. Түүнээс хойш би Бг дахин цохиж зодоогүй.Би Бг нүүр рүү нь нэг удаа цохисон дахиж цохиогүй Бгийн хамраас цус гоожсон. Өөр газар нь би хүрээгүй. Харин Б над руу дайраад бид 2 зууралдсан. Би Бг одоо больё гэхэд болихгүй чи намайг алаадах гээд дайраад байсан. Бид хоёрыг Б ах салгасан. Бд мөнгө байсан эсэхийг мэдэхгүй. Цалингаа авсан гэж байсан мөнгө гаргаж үзүүлээгүй 100 гаран мянган төгрөг авсан тэгээд 20000-аар чихэр авч ирж өгсөн гэж манайд эхэлж ирсний маргааш өглөө нь мөнгөө хайж байхдаа хэлж байсан. Түүнээс манайд анх ирээд архи ууж хонохдоо мөнгөтэй ирсэн гэдгээ хэлээгүй. Маргааш нь мөнгөө хайхдаа л хэлсэн юм. Би тэгээд би мөнгөтэй байсан юм бол эхнэрт өгчихгүй эсхүл шүүгээд юм уу унинд хавчуулахгүй яасан юм гэхэд Б тэгдэг байж гэж байсан. Манай охинд Б мөнгө хадгалуулсан талаар би болон манай эхнэр бас Мандах ч мэдэхгүй байсан. Харин манай охин эвхээстэй мөнгө байсан л гэж байсан. Тэр мөнгийг нь бид нар маргааш нь хайгаад олоогүй. Би болон эхнэр маань тэр мөнгийг нь аваагүй. Харин манайд байхдаа мөнгөө алга болгосон юм чинь гээд хохирлыг нь барагдуулж өнөөдөр Бтай эвлэрсэн. Өөр хэлэх зүйл алга. гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Би өмгөөлөгч авахгүй. Би ойлгож мэдлээ. Би 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баацагаан сум руу мал нядалгаанд 10-уулаа явсан, тэгээд тус газарт ажиллаж байгаад 5 хоноод аймагт ирсэн. Би болон надтай хамт явсан хүмүүс 1 дэх өдөр ажлынхаа хөлсийг авсан, нэг хүн 120,000 төгрөгийг авсан юм. Намайг ажлын хөлсөө авдаг өдөр манай найз Мандах айлд очъё гэхээр нь түүнтэй хамт Базараа гэх айлд очсон. Айлд очиход Базараа гэх айлын эхнэр нь хүүхдүүдтэйгээ байсан ба тэр айлд дөрвүүлээ архи уусан. Тэгэхэд Базараа, эхнэр хүүхэдтэйгээ, Мандах бид хэд байсан Өөр хүн байгаагүй. Би архи уухаасаа өмнө 1 дүгээр ангийнх нь хүүхдэд 100,000 төгрөгийг өгч хадгалуулсан юм. Би мөнгөө хүүхдийнх нь математикийн дэвтрийн завсарт нь хийгээд сурагчийн цүнхэнд нь хийж өгсөн. Хүүхэд за эгчээ би хадгалж байя гэж байсан. Тэгээд архи ууж байгаад өглөө сэрчхээд байж байхад Базараа эхнэрээ ажилд нь хүргэж өгнө гээд хүүхдүүдийнхээ хамт яваад Мандах бид хоёр үлдсэн. Базараа хүүхдүүдтэйгээ эхнэрээ ажилд нь хүргэж өгчхөөд ирэхэд нь хүүхдээс нь мөнгөө авъя ахын дүү гэхэд аниа алга байна гэж хэлсэн. Тэгээд мөнгөө Базараагийн гэрт хайсан боловч олдоогүй, мөнгөө хадгалуулах үед насанд хүрсэн хүмүүсээс Базараа, Базараагийн эхнэр, Мандах бид дөрөв байсан. Өөр хүн байгаагүй. Тэр өдрөө Базараагийнд өнжөөд хоноод маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Мандах бид хоёр явсан. Базараагийн гэрээс явахын өмнө Базараа надад LG маркийн хар өнгөтэй гар утас өгөөд миний найз эмээ, өвөөдөө 50,000 төгрөгөөр гар утас авлаа гээд үүнийг үзүүл, үлдэгдэл 50,000 төгрөгөө хүнд зээлүүлсэн гээд хэлчих гэж хэлсэн. Базараа өчигдөр надад би чамд шинэ дугаар аваад өгье надад шинэ дугаар авах эрх байгаа гэж хэлсэн. Өчигдөр Базараа манайд ирээд надад юнителийн дугаар авч өгөх гээд хамт явсан. Бид хоёр юнителийн төв орох гэснээ одоо айжуу болсон байна хаасан байж магадгүй гээд больсон. Базараа надад хандан чи манайд очоод хоол хийгээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоол хийгээд өгье гэж зөвшөөрсөн. Базараа бид хоёр хөх толгойгоос Болдоо гэх залууг аваад гэрт нь очсон. Базараагийн хоол хийчхээд тэднийд шар айраг ууцгаасан. Тэгээд тэднийд сууж байтал Базараа Мандах чинь ирж байгаа гэнэ гээд намайг шалтгаангүй зодсон. Намайг Базараа эхлээд хамар руу цохиод хамрын цус гарсан, тэгэхээр нь би Базараад хандан чи миний 100,000 төгрөгийг авсан юм байгаа биз гээд зодуулсандаа шаралхаад хэлчихсэн. Тэгсэн чи бид хоёрыг доромжилдог хэн юм гээд Базараа нүүр рүү цохиж аваад байсан, тэгсэн хажуугийн айлынх нь ах орж ирэн Базарааг болиулсан. Тэгээд тэр ах ахын дүү манайд орж цусаа цэвэрлэ гэж хэлсэн. Намайг цусаа цэвэрлэхээр айлд сууж байхад Базараа учраа олъё гээд намайг чирч гэр рүүгээ орох гээд байсан. Тэгэхээр нь би гэрт ороогүй. Базараагийн хажуу айлынх нь хүн миний цусыг цэвэрлүүлчхээд хашаанаасаа гаргаж явуулсан. Намайг зодох үед Базараа, Болдоо гэх залуу, Базараагийн хоёр жаахан хүүхэд зэрэг байсан. Өөр хүн байгаагүй. Базараад зодуулсны улмаас толгой өвдөөд байгаа доргисон байх, мөн дээд эрүүний хоёр шүд хөдөлсөн, доод уруулын зүүн талын дотор хэсэг хэгзэрсэн, зүүн талын бугалгын дотор хэсэгт бага зэрэг цус хурсан, хамар хөндүүрлээд байгаа, бусдаар гайгүй юм. Базараа намайг зодох үед нэлээн согтуу байсан. Болдоо гэх залуу салгасан. Болдоо гэгч залуу согтох нь согтсон, харин миний хувьд гайгүй байсан. Өчигдрийн хувьд шар айраг буюу пиво уусан. Тухайн үед 2-ийн савлагаатай 1 ширхэг пиво уусан. Базараагийн эхнэр байгаагүй юм. Би Базараагийн хүүхдэд 100,000 төгрөг өгч хадгалуулсан. Би хүүхдэд итгээд өглөө авахад байх болов уу гэж бодсон, эхлээд аав, ээжид нь өгч хадгалуулъя гэж байгаад больсон юм. Тэрийг мэдэхгүй байна, миний мөнгийг Базараа авсан болоод л тэгээд байгаа юм. Хадгалуулсан мөнгөөрөө би юм хум аваагүй, хүүхдүүдэд гар цайлгаж өгсөн зүйл байхгүй.Миний ярьсан зүйлүүд үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 15-18/

 ... Нэмж ярих зүйл алга байна. Мөн Нармандах байгаа юм. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ Мандах гэж хэлж мэдүүлж байсан. Нармандах бол миний найз залуу бөгөөд Бтай найзууд юм. Би үзүүлээгүй. Шинжээч эмчид бол үзүүлсэн. Миний бие одоо хэвийн зүгээр байна. Бад гомдол санал алга. Нэхэмжлэх зүйл гэвэл алдсан мөнгөө олж авмаар байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

... Нэмж ярих зүйл алга байна. Нэхэмжлэх зүйл байхгүй мөнгө төгрөгийн өгөө аваа байхгүй. Нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

4. Гэрч Г. Нармандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Базараа, Б хоёрыг танина, багийн найзууд юм. Ах дүү садан төрлийн холбоо байхгүй. Би ойлгож мэдлээ. Би Баацагаан сум руу хэсэг хүмүүсийн хамт мал нядалгаанд явсан Тэгэхэд манай найз охин Б хамт явсан. Бид нар мал нядалгаа хийж байгаад Баацагаан сумаас ирээд маргааш нь цалингаа авч би найз охиноо Базараагийнд дагуулж очсон юм. Тэднийд очихдоо архи, пиво авч очсон, Базараагийнд Базараа, эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт байсан. Б бид хоёрын авч очсон архи, пивийг бид дөрөв хувааж ууцгаасан. Тэгчхээд Базараагийнд унтаж амарсан. Маргааш өглөө нь босчхоод Б Базараагийн хүүхдээс эгч нь хадгалуулсан мөнгөө авъя гэсэн. Тэгсэн хүүхэд дэвтрийн голоор хийсэн байсан, сүүлд эргээд үзэхэд байхгүй байсан эгчээ, одоо алга байна гэж хэлсэн. Миний хувьд Бг мөнгө төгрөг хүүхдэд хадгалуулсан эсэхийг мэдээгүй. Б надад ярихдаа хүүхдэд мөнгө хадгалуулсан, дэвтрийнх нь завсарт хийгээд цүнхэнд нь хийлгэсэн гэж байсан. Б бид хоёр урд өдөр нь цалингаа авсан байсан юм. Хэрэг явдал болох үед би байгаагүй, харин дараа нь Бг Базараа зодсон гэж дуулсан. Бид нар гарч яваагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/

5. Гэрч И.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нармандах найз нь гэх нэг эмэгтэй буюу Бтай ирсэн, тэгээд манайд хоол цай идэж уугаад мөн архи шар айраг зэргийг уусан. Нармандах, Б хоёр манайд хоноод маргааш нь өнжөөд дахиад хоноод явсан. Тэгэхэд манай хүүхдэд мөнгө төгрөг өгч хадгалуулсан эсэхийг мэдээгүй, тэгсэн маргааш нь манай хүүхдэд мөнгө хадгалуулсан алга байна гээд байсан, хүүхдээсээ асуусан, манайд анх ирдэг өдрийн орой нь манай хүүхдэд мөнгө өгч хадгалуулсан юм билээ, тэгээд манай хүүхэд мөнгийг нь байгаа эсэхийг шалгахаар үзэхэд хадгалж байсан мөнгө нь алга байсан гэж ярьсан. Намайг ажил дээр байхад манай айлын хүн яриад танай хүн хүмүүстэй ирчхээд тэр хүмүүстэйгээ маргаад байна гэж ярьсан. Тэр үед л үйл явдал болсон юм билээ, манай нөхөр Б Бтай маргалдаж, гар хүрсэн юм билээ. Манай нөхөр ааш зангийн хувьд дажгүй, төлөв томоотой, элдэв муу зангүй хүн байгаа. Архи хааяа уудаг, тэр болгон ууж идээд байдаггүй. Бусадтай нийтэч, хүний үгээр юм. Надад тэр талаар мэдэх зүйл алга, Бд 100,000 төгрөг байсан, тэрийгээ хадгалуулсан гэж байсан. Миний ярьсан зүйлүүд үнэн, нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 26-28/

6. Гэрч Д.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...Би Быг танина Бг нь танихгүй. Бтай Садан төрлийн холбоо байхгүй. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Яг хэдний өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан 2018 оны 01 дүгээр сарын дундуур байсан байх манай хашаанд байдаг Б гэдэг залуу орой 19 цаг өнгөрч байхад гэртээ шуугиад байсан. би тэгээд Бынд орсон чинь гэртээ Б зодуулдаг хүүхэн бас нэг танихгүй залуу 3 пиво уугаад сууж байх шиг харагдсан. Тэгээд би гараад явсан. Би юу болоод шуугиад байгаа юм бол гээд бодож орсон юм. Тэгээд би гэртээ орж гал түлчхээд дахиад Бынд ороход нөгөө гэрт нь байсан хүүхний хамрын цус гоожоод Базараа руу орилоод дайраад байсан. Юу болсон юм бэ гэхэд мөнгө аваад ир гээд нөгөө хүүхэн нь Базараа руу хашхичаад байсан. Тэгэхээр нь би гэртээ оруулж нүүр гарыг нь угаалгаад хашааны хаалгаар гарган өгч явуулсан. Тэр хүүхний нэрийг нь бол мэдэхгүй. Б тэр хүүхнийг алгадаад хамрын цусыг гаргасан гэж наад залуу нь хэлж байсан. Би бол яг яаж зодсоныг нь хараагүй миний нүдэн дээр хоорондоо биеэ цохиогүй. Базараа руу тэр хүүхэн дайраад Базараа бас дайраад зууралдаад зогсож байсан. Би тэр хүүхнийг салгаж аваад гэр лүүгээ орсон. Базараагийнд байсан залуу Базарааг дарж аваад хоцорсон. Үгүй Быг салгаж авч үлдсэн. Б намар манай хашаанд бууя гэж гуйхаар нь 2017 оны 10 дугаар эхээр хашаандаа буулгаж өвөлжүүлсэн юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/

7. Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Уранбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Манайд Б гэдэг хүн Мандах гэдэг хүнтэй ирсэн. Энэ хүмүүс манайд ирээд 2 хоносон. Б нь бие засах гэж байхдаа надад мөнгө өгсөн. Хэдэн төгрөг өгсөнийг мэдэхгүй эвхээстэй байсан. Би тэр мөнгийг нь харандаа будаг хийдэг саванд хийсэн чинь муухай болоод байхаар нь дэвтрийн завсар хийсэн. Жаахан байж байгаад үзэхэд мөнгө байхгүй байсан. Би хэлээгүй. Дэвтрийнхээ доош нь унасан байх гэж бодсон юм. Маргааш нь Б надаас мөнгөө авъя аниагийнхаа мөнгийг гаргаад өгчих аниа нь чамд 10.000 төгрөг өгье гэсэн. Тэгээд мөнгө нь байхгүй байсан. Байхгүй. Хууль ёсны төлөөлөгч насанд хүрээгүй гэрчээс асуух асуулт байхгүй ээ гэв. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг./хх-ийн 31-32/

8. Гэрч М.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Яг хэдний өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан 2018 оны 01 дүгээр сарын дундуур байсан байх манайд Б Б 2 ирсэн. Тэгээд Базараагийнд бид 3 нэг том пиво аваад очиж хувааж уусан. Тэгээд пивоо уугаад Б хоол хийгээд идэж уугаад дуусах дөхөөд би гарч бие засчхаад ороод ирсэн чинь Б Б 2 хоорондоо маргаад байж байсан. Б 100.000 төгрөг алдсан танай хүүхэд авсан байх гээд хашхичаад байсан. Базараа нь болохоор манай хүүхэд юу гэж авч байдаг юм гээд байсан. Тэгээд Б нь босоод авдар өшиглөсөн чинь Б гараараа Бгийн нүүр хавиар 1 удаа цохисон. Тэгэхээр нь би салгаж хажуу айлын ах орж ирээд Бг аваад гарсан. Би Базарааг аваад гэрт нь үлдсэн. Бид ганц пиво уугаад халцгааж байсан. Б алгадуулснаас болж хамраас нь цус гоожиж байсан ба хажуу айлын ах цусыг нь цэвэрлэж өгөх гээд аваад гарсан. Тэгээд би явлаа шүү гээд Базарааг хүүхэдтэй нь үлдээгээд явсан. Б Бг гараараа нэг л удаа цохисон. Харин барилцаж авч байсан. Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг./хх-ийн 33-34/

9. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 101 дугаартай шинжээчийн:

1.Б.Б-н биед тархи доргилт, уруулд шарх, зүүн нүд, хамар, эрүү, дух, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.64.1д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 40-41 болон хавтаст хэргийн 59 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ч.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 55-58 дугаар хуудсанд авагдсан хохирогч Б. Б шүүгдэгч Ч.Бад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 64 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ч. Бын эзэмшлийн “Sharp” маркийн зурагт битүүмжилсэн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ч.Бад холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч Ч.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-41-11 тоотод 2018 оны 01 дүгээр сарын 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Ч.Бад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч Ч.Бад нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Бын эзэмшлийн “Sharp” маркийн зурагт битүүмжилсэн 2018 оны 01 дүгээр сарын 26 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх “Sharp” зурагтыг эзэмшигч Ч.Бад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч. Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт Ч.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Харчин овогт Ч.Быг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500000 / төгрөгийг шүүгдэгч Ч.Быг 2018 оны 04 дүгээр сарын 20-ний дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.       

      5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ч.Бын эзэмшлийн “Sharp” маркийн зурагтыг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 26 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагтыг эзэмшигч Ч.Бад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ