Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/484

 

  

 

 

 

Л.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

хохирогч Б.Б,

цагаатгагдсан этгээд Л.А, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 237 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаартай прокурорын эсэргүүцэл, хохирогч Б.Бэс гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн шүүгдэгч Л.Ад холбогдох 2308000001339 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.А .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;  

Холбогдсон хэргийн талаар:

Л.А нь 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Д дүүргийн 00 дүгээр хороо, 0-0 тоотод орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Б.Б-ийг хазаж, эрүүл мэндэд нь “биед баруун зулай, дагзны хуйх, баруун суганд шарх, дагзны хуйх зүүн чихний дэлбээн тасарсан шарх, үхжил, баруун мөр, бугалга, шуу, цээж, зүүн мөр, бугалга, шуу, хэвлий, нуруу, зүүн гуянд зулгаралт, баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Л.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан эрүүгийн 202308000001339 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ууганцэцэг эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх, прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг шалгаж үнэлэхдээ хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт гаргах хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудтай бодитой харьцуулалгүйгээр, хэргийн бодит байдалд нийцээгүй учир дутагдал бүхий шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Хохирогч, гэрч нь өөрийн харсан, мэдсэн хэргийн талаарх бодит байдлыг санаатай өөрчилж, худал мэдүүлвэл хуульд заасан хариуцлага хүлээхээр хуульчилсан байдаг талаар мөрдөгч мэдүүлэг гаргахын өмнө сануулж, баталгаа гаргуулан, гарын үсэг зуруулж баримтжуулдаг бөгөөд хохирогч Б.Бэс үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгсөн.

Хохирогч хэзээ, хаана, ямар байдлаар, ямар амьтанд хазуулж, эрүүл мэндээрээ хохирсон талаарх эх сурвалжаа шууд нэрлэн зааж тодорхой мэдүүлсэн. Тухайлбал, 2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр анх удаа хэргийн талаар мэдүүлэхдээ “...гудмаар ороод явж байхад шар халтар нохой хазсан” гэж товчхон атлаа тодорхой хэлсэн, мөн 2023 оны 7 дугаар сарын 30, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагааны явцад, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлэхдээ “Шар халтар, нуруу, сүүл хэсгээрээ хартай нохой хазсан...” гэж анхны мэдүүлгээс агуулгын хувьд зөрүүгүй, тогтвортой, дэлгэрэнгүй байдлаар мэдүүлдэг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортойгоор мэдүүлсэн хохирогчийн удаа дараагийн мэдүүлгүүд нь хохирогчоор өөрийг нь хазсан нохойг таньж олуулсан мөрдөн шалгах ажиллагааны баримтуудаар давхар нотлогддог. Гэтэл шүүх хохирогчийн дээрх мэдүүлгүүдийг агуулгын хувьд бүхэлд нь дүгнэлт хийлгүйгээр, гэмт хэрэг үйлдэгдсэнээс 6 сарын хойно буюу нэлээдгүй цаг хугацаа өнгөрсний дараа яллагдагчийн шүүхийн хэлэлцүүлэгт “хэргийн талаар мэдэх гэрч байгаа” гэх анх удаа дурдсан мэдүүлэгт ач холбогдол өгч, гэрчийн нэг удаагийн мэдүүлгээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь үгүйсгэж, дүгнэлт хийсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байх бөгөөд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын нотлох чадварыг өөр хооронд нь бодитоор, тэгш эрхийн зарчимд үндэслэн харьцуулж, үнэлэлгүйгээр, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Учир нь яллагдагчийн хэлсэн хүн болох гэрч Б.Б нь яллагдагчтай хөршийн холбоотой буюу нэгнээ таньж мэддэг, яллагдагчийн гэр орон, гэр бүлийн гишүүдийн талаар тодорхой мэддэг, хоорондоо хувийн ашиг сонирхолтой гэж үзэх нөхцөл байдал, цаашилбал яллагдагч, гэрч нарын хоорондын харилцаа нь хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй байдлыг шүүх огт анхаарч үзэлгүйгээр, хэргийг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 237 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэв.

Хохирогч Б.Б гомдолдоо: “...Байцаагч, өмгөөлөгч, прокурорт итгэж явсаар ирсэн. Өмгөөлөгчийн хувьд би төлбөрийн чадваргүйн улмаас мөнгө өгч чадаагүй. Гэвч тангараг өргөсөн байцаагч, прокурор нь хавтаст хэрэгт бүх зүйл тодорхой байхад ингэж хандаж байгаад тун харамсалтай байна. Иргэн намайг дорд үзэж, доромжилж, хэргийн үнэн мөнийг тогтоохыг хүсэхгүй, санаатайгаар удаашруулж, замхруулах үйл ажиллагааг явуулж иргэн намайг хохирсон дээр нь хохироож байна. Энэ бүгдээс үзэхэд дээрх хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхолын үүднээс холбогдогч болон гуравдагч этгээдээс авлига авсан байх магадлал өндөр байна гэж миний зүгээс хардах эрхийнхээ үүднээс үзэж байна. Ингээд олон сарын дараа хуулийн байгууллагад итгэж явсан итгэл маань алдарч, хохирч үлддэг юм байна. Сэтгэл санааны болон бие эрхтэн системийн гэмтэл, согогтой болж хоцорсондоо туйлын их гомдолтой байна. ...” гэжээ.   

Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2023 оны 7 дугаар сарын 12-ны өглөө 7-8 цагийн орчимд Д дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3 нохойд хазуулсан. Уг 3 нохойны нэг нохой нь шар нохой, сүүлд Бийн мэдүүлсэн нохой нь мөн над руу дайрсан нохой байдаг. Сүүлд сонсоход гэрч Б түргэн дуудаж намайг аварсан байдаг. Анх дайрсан нохой шар нохой байсан. Намайг Гэмтлийн эмнэлэг дээр ухаан ороход над дээр энгийн хувцастай 2 хүн ирээд “Та хаана, ямар нохойнд хазуулсан бэ” гэхэд, би тухайн үед ямар ч мэдүүлэг өгөхгүй гэсэн. Тэгээд явсан. Дараа нь дахиад нэг хүн ирээд асуухад нь би хаана хазуулсан болохоо тодорхой хэлсэн. Буцаж ирээд надад 4 нохойны зураг үзүүлсэн. Би тэр өдрөө Гэмтлийн эмнэлгээс гарсан. Гэртээ очоод би 2 хоног хэвтээд сайжрахгүй болохоор дахиад эмнэлэгт хэвтсэн. 2 дугаар эмнэлэгт хэвтэж чихээ тайруулсан. 7 дугаар сарын 24-ний өдөр эмнэлэгт хэвтээд 7 дугаар сарын 31-ний өдөр эмнэлгээс гарсан. Энэ хооронд Сонгинохайрхан дүүргийн Т байцаагч над дээр ирээд байцаалт авсан. Би Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн хоёр хүн ямар учиртай хүмүүс байсан юм бэ гэж асуусан чинь манай эрүүгийн мөрдөгч нар байсан гэж хэлсэн. Т байцаагч надаас байцаалт авахдаа “Таныг хазсан нохойны эзнийг олсон, ганц л нохой хазсан гэж хэлээрэй” гэсэн. Би хэргийг прокурорт шилжүүлэх гэж байна ирээд хэрэгтэй танилц гэхээр нь очсон. Надад зөвхөн миний өгсөн мэдүүлгийг л танилцуулсан. Өөр материалтай танилцуулаагүй. Би хэрэг болсон өдөр мэдүүлэг өгөөгүй байхад өгсөн мэтээр гарын үсэг зуруулаад хэрэгт хавсаргасан байсан. Шүүгдэгч Л.А эхлээд намайг очиж уулзахад эмчилгээний зардлыг төлнө гэж байсан бөгөөд миний данс руу 100 мянган төгрөг, 150 мянган төгрөгийг шилжүүлсэн. Шүүх хурал 2-3 удаа хойшилж явсаар байгаад хамгийн сүүлд Л.Аын нохой биш болж таарсан. Сүүлийн шүүх хуралдаанаар Л.Аыг цагаатгасан. Би хохирогч болоод үлдсэн. Хэрэг давж заалдах шатны шүүх дээр ирэхэд би хэрэгтэй танилцахад маш олон гэрч мэдүүлэг өгсөн байсан. Гэрч Б, О гэх хүмүүсийг би танихгүй. Хорооны ажилтнууд мэдүүлэг өгөхдөө “Л.Аын нохой хүн хаздаггүй” гэсэн байсан. Мөн “Оын нохой хүн хаздаггүй” гэсэн байсан. Хэний нохой намайг хазсан юм бэ. Яагаад хүмүүс ийм мэдүүлэг өгөөд байгаа юм бэ. Би ажилгүй, орлогогүй болсон. Надад сонсголын аппарат л аваад өгчих. ...” гэв. 

Цагаатгагдсан этгээд Л.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б гэх гэрчтэй би тааралдсан бөгөөд Бээс “Танай нохой ойрд харагдахгүй байна” гэсэн. Би “Хүн хазсан гээд манай нохойг буудсан ш дээ” гэсэн. Тэгэхэд Бээс “Юу яриад байгаа юм бэ. Тэр нохой хүн хазаж байхыг би харсан. Би дуудлага өгч салгасан” гэж ярьсан. Би тухайн үед өмгөөлөгч аваагүй байсан. Мөрдөгчөөс “Чи манай нохой биш гэж байгаа боловч чамд ямар ч нотлох баримт байхгүй” гэсэн. Манай нохой биш гэж мөрдөгчид би зөндөө хэлсэн. Шүүх хурал болдог өдөр би өмгөөлөгч авсан. Б гэх хүнийг би танихгүй. Мэндийн зөрүүтэй л өнгөрдөг байсан. Нэрийг нь ч мэдэхгүй байсан. ...” гэв. 

Цагаатгагдсан этгээд Л.А-ын өмгөөлөгч Б.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч анх өгсөн мэдүүлэгтээ Л.Аын нохой гэж тодорхой зааж мэдүүлсэн гэж байна. Анхан шатны шүүх хохирогчийн өгсөн бүх мэдүүлэгт нь дүгнэлт хийсэн. Мэдүүлэг болгон дээр дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт шалгаж үзсэний үндсэн дээр дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн гэрч Бийг хувийн ашиг сонирхолтой буюу хөрш нь байсан тул ийм мэдүүлэг өгсөн гэж эсэргүүцэлд дурдсан. Гэрчээс мэдүүлэг авахдаа хууль сануулж мэдүүлэг авсан. Харсан, үзсэн зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан. Хохирогчийн мэдүүлэг өөр хоорондоо маш их зөрүүтэй. Мөрдөгч бүх ажиллагааг нэг өдрийн дотор хийж хэргийг прокурорт шилжүүлсэн байдал харагддаг. Анхан шатны шүүх 60 хоногийн хугацаа тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэсэн. Гэхдээ заавал Бээс мэдүүлэг ав гэж захирамждаа дурдаагүй. Шуурхай удирлагын газарт дуудлага ирсэн байдлыг тодруулж шалга гэж дурдсан байдаг. Прокурор Б гэх гэрчээс мэдүүлэг авах даалгавар бичсэн байдаг. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Л.Аыг “2023 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Д дүүргийн 00 дүгээр хороо, 0-0 тоотод орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирогч Б.Б-ийг хазаж, эрүүл мэндэд нь “биед баруун зулай, дагзны хуйх, баруун суганд шарх, дагзны хуйх зүүн чихний дэлбээн тасарсан шарх, үхжил, баруун мөр, бугалга, шуу, цээж, зүүн мөр, бугалга, шуу, хэвлий, нуруу, зүүн гуянд зулгаралт, баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байпдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд болох: гэмт хэргийг яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл тогтоогдоогүй байна.

Тухайлбал, хохирогч Б.Б нь Д дүүргийн 00 дүгээр хороо, 0-0 тоотын орчимд нохойд хазуулсан гэж хэргийн газрын үзлэг хийсэн байх боловч хохирогч нь хэний хамгаалалтад байдаг нохойд хазуулсан, хэдэн нохойд хазуулсан зэрэг үйл баримт тогтоогдоогүй байна. Хохирогч 3 нохойд хазуулсны нэг нь Л.А-ын гээд байгаа нохой юм гэж /шүүх хуралдаанд/, дуудлага өгсөн гэх гэрч Б.Б /дуудлага өгсөн гэх утасны дугаараас өөр утасны дуугаар хэрэгт хэлсэн/ “...хар мөртлөө цээж хэсгээрээ цагаантай саарал нохой хүн хазаж байхаар нь...” /хх-163/, гэрч С.О “...хүн хазсан гэдгийг мэдээд би өөрөө тус хашаанд ирээд нохойг гинжлэх гэхэд над руу дайраад миний зүүн гараас хазсан. ...цагаан халтар 4 нүдтэй ,монгол банхар зүсмийн эрлийз нохой...” /хх 24/ гэж өөр өөр нохдын талаар зөрүүтэй мэдүүлжээ.

- Хохирогчийн зүс зааж хэлж буй нохой нь хэний хамгаалалтад байдаг болох нь тогтоогдоогүй байна. Хэрэгт шүүгдэгчээр Л.А нь “...Манай хашаанд 3 айл байдаг, манайхан тэжээдэг. Хашаанд нүүж ирэхэд байсан нохой...” гэж мэдүүлж байх ба хэрэгт уг нохой хэнийх болох, хэн хариуцан хамгаалдаг талаар баримт байхгүй байна.

- Ххохирогч Б.Б-ийн мэдүүлгүүд зөрүүтэй байна. Нохойд хазуулсан өдрөө  “...гудманд явж байхад шар халтар нохой дайраад хазсан. Би хэний нохой болох талаар мэдэхгүй байна.” /хх 20/, дараа нь “...2023 оны 7 сарын 13 /эсхүл 15 гаргагдахгүй/-нд намайг хазсан гэх нохойг олж хаягийг харахад Овоотын 000-тоот гэх хашаанд намайг хазсан гэх нохой байсан. ...” /хх 13/ гэж мэдүүлжээ. Мөн “...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” /хх 183/ гэж мэдүүлсэн бол осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас гэсэн баримтад “...Гэмтэл авах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэх: -тийм...” гэж /хх 9/ тэмдэглэгджээ.

Ингэж мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, хэрэгт нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байхад анхан шатны шүүх харилцан зөрүүтэй мэдүүлэг, эргэлзээ бүхий нотлох баримтыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоосныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “...хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх...” нотолгооны стандарт шаардлагыг илтэд хангаагүй байна.

 Түүнчлэн, Л.А-ын гэгдэх нохойг устгасан талаарх үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр шалгах, Д дүүргийн 00 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн нохойд хазуулсан талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгуулагад өмнө нь ирж байсан эсэх зэргийг шалгаж тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.   

Иймд прокурор Д.Ууганцэцэгийн бичсэн эсэргүүцэл, хохирогч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 237 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 237 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд Л.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

          ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ