Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2025/0786

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.С*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О*******, Б.М*******,

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М,

Маргааны төрөл: Төрийн албаны зөвлөлийн тогтоол хуульд нийцсэн эсэх талаарх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М (цахим), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Х.С*******аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ******* дугаартай тогтоолын Х.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. *******-******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/07 дугаар “Х.С*******ыг Ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 22 дугаар зүйлийн 22.1, 27.1.3, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Х******* овогтой С*******ыг Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитороор 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс томилсон байна.
  3. Төрийн албаны зөвлөл нь *******-******* аймгийн ******* сумын Засаг даргын эрхлэх хүрээний төрийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм-ийн 2.1.1, 3.1.2. “в”, 4.5 дахь заалтыг тус тус үндэслэн нэр бүхий албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн байна. Үүнд:
    1. Тус тогтоолын гуравдугаар хавсралтаар нэхэмжлэгч иргэн Х.С*******ыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж шийдвэрлэжээ.
  4. Төрийн албаны зөвлөлийн *******-******* аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 143 дугаар “Тогтоол хүргүүлж, чиглэл өгөх тухай” албан бичгээр “... Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дотоод аудиторын албан тушаалд ажиллаж байгаа Х.С*******ыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар сарын 33.3 дахь хэсгийг зөрчиж томилсныг тогтоож, тухайн албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг үүрэг болгосон тухай Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” ******* дугаар тогтоолыг хавсралтаар хүргүүлж байна. ...” гэж дурдсаныг Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Р.Х*******д хүргүүлсэн байна.
  5. Уг тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШЗ2023/10385 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШЗ2024/0217 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
  6. Уг татгалзсан шүүгчийн захирамжийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/ШТ2024/0063 дугаар тогтоолоор хүчингүй болгож, улмаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШЗ2024/1121 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа дахин тогтоож, ийнхүү 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШЗ2024/1559 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
    1. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ2025/3855 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан.
    2. 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  7. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлдээ: “... Маргаан бүхий захиргааны актын утга, агуулга: Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” ******* дугаартай Тогтоолын 1 дэх заалтаар *******-******* аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний төрийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын тайланг хэлэлцээд зарим албан тушаалтнуудыг томилсон шийдвэрийг хууль зөрчсөн гэж тогтоожээ. Тус Тогтоолын 3 дугаар Хавсралтын 1-т аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/07 дугаартай намайг ажилд томилсон тушаалыг тусгасан байна. Тогтоолын 3-т тэдгээр шийдвэрүүдийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Энэ нь доорх байдлаар миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бөгөөд хууль бус байна.

     II. Маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол: Тогтоолын 3 дахь заалтын дагуу нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгохыг томилох эрх бүхий этгээдэд үүрэг болгосон бол 4 дэх заалтын дагуу тушаалыг хүчингүй болгоогүй нөхцөлд тушаалыг Төрийн албаны зөвлөл өөрсдөө хүчингүй болгох тухай заасан байна. Мөн тушаалд Төрийн албаны тухай хуулийн 32.1 дэх заалтыг үндэслэл болгосон байна. Төрийн албаны тухай хуулийн 32.1, 32.2 дахь заалтуудад Төрийн албаны зөвлөлийн хууль бус гэж үзсэн тушаалыг хүчингүй болгох, заавал биелүүлэх тухай дурдсан байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн дээрх тогтоол нь нэхэмжлэгчийг томилсон тушаалыг хүчингүй болгох, түүнийг ажлаас чөлөөлөх тайлбаргүй үр дагаврыг үүсгэж байна. Үүний улмаас нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх, Төрийн албаны тухай хуульд заасан хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх баталгаа зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэгч нь тус эрх, баталгаагаа хамгаалуулах гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

     ІІІ. Маргаан бүхий захиргааны акт нь хууль бус болох тухай: Төрийн албаны зөвлөлийн маргаан бүхий захиргааны акт нь дараах байдлаар хууль бус болсон гэж үзэж байна.

     Тус тогтоолыг гаргахаас өмнө надад мэдэгдэж, тайлбар, баримт аваагүй. Зүй нь, Захиргааны ерөнхий хуулийн дагуу (4.2.6, 26.1 дэх заалтууд) эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд болох надаас тайлбар, баримт авах, үүний дараа шийдвэр гаргах шаардлагатай билээ. Би Төрийн албан хаагчийн хувьд өөрийн үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийг удирдлага болгож ажилладаг. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул энэ нь Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаанд ч хамааралтай билээ. Гэтэл Төрийн албаны зөвлөл мэдэгдэх, сонсгох зарчмыг баримтлахгүйгээр шийдвэр гаргаж, миний тайлбар, баримт гаргах, шийдвэр гаргах ажиллагаанд оролцох, өмгөөлөгч авах эрхийг минь зөрчлөө.

     Захиргааны байгууллага, албан тушаалтан нь өөрийн гаргасан захиргааны актад түүнийг гаргах болсон бодит болон хууль зүйн үндэслэлийг заах үүрэгтэй билээ. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 40.2, 40.2.3, 40.3, 40.4 дэх заалтуудад заасан. Гэтэл Төрийн албаны зөвлөл дээрх тогтоолдоо шийдвэр гаргах болсон бодит үндэслэлийг заагаагүй, тайлбарлаагүй байна. Тодруулбал, тогтоолын 3 дугаар хавсралт буюу надад холбогдох хэсэгт хууль зөрчсөнийг тогтоосон үндэслэл гэж заасан боловч ямар бодит нөхцөл байдал байсныг тусгаагүй байна. Үүнтэй холбоотой Төрийн албаны зөвлөл намайг юу гэж буруутгаж, ямар нөхцөл байдлыг тогтоож, түүнд тулгуурлаж шийдвэр гаргаж байгааг би ойлгохгүй, мэдэх боломжгүй байгаа.

     Маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 25.1, 27.1, 33.1 холбоотой заалтууд аж. Гэвч намайг томилох тухай тушаалд Төрийн албаны зөвлөлийн дээрх заалтуудыг зөрчигдсөн гэж тусгасан байна. Эдгээр нь сонгон шалгаруулалттай 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 220 дугаартай тогтоолыг үндэслэл болгосон. Тус тогтоолын дагуу Төрийн албаны зөвлөл өөрөө намайг нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлсэн билээ. Би төрийн жинхэнэ албан тушаалыг шалгалтыг өгч тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн дагуу томилогдсон юм. Иймд Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтууд зөрчигдөөгүй юм.

     Захиргааны ерөнхий хуулийн дагуу иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах нөхцөлд тухайн шийдвэрийг эрх нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэх, гардуулах үүрэгтэй байдаг. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 43.1, 43.8 дахь заалтуудад тус тус заасан. Гэтэл Төрийн албаны зөвлөл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн дээрх тогтоолоо түүнд танилцуулаагүй. Тодруулбал, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гарсан тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн *******-******* аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 143 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн ажиллаж буй байгууллагын даргад ирүүлсэн байна.  

     Захиргааны ерөнхий хуулийн 82, 83 дугаар зүйлүүдэд захиргааны шийдвэр гүйцэтгэлийг ямар журмаар хийх тухай заасан. Тодруулбал, тус хуулийн 82.2.1, 83.1.2, 83.1.3-т тус тус заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн байх, үүрэг хүлээгч нь уг шаардлагыг биелүүлээгүй байх, гомдол гаргах хугацаа өнгөрсөн байх шаардлагатай билээ. Гэтэл Төрийн албаны зөвлөл нь өөрийн гаргасан тогтоолоо нэхэмжлэгчид танилцуулаагүй, гомдол гаргах хугацаа олгоогүй байж тус Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж эхэлсэн байгаа нь хууль бус юм. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь Салбар зөвлөлөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг анх удаа хүргүүлж байгаа хэр нь түүнийг шууд гүйцэтгэхийг шаардаж байгаа нь хууль бус юм. Түүнчлэн, өмнө бид нэхэмжлэл гаргасны дагуу шүүхээс нотлох баримтууд цуглуулсан. Энэ үед Төрийн албаны зөвлөл нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй болох нь тодорхой болсон, энэ талаар нотлох баримтууд цугларсан байна. Иймд энэ үндэслэлээр ч маргаан бүхий захиргааны акт хууль бус юм. Тодруулбал, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалгалт өгсөн, Сангийн сайдаас улсын байцаагчийн эрх олгогдсон байсан бөгөөд тус эрх одоо ч хүчин төгөлдөр байгаа. 

     Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны нэхэмжлэгчид холбогдох хэсгийг нь хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

     IV. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухай: Төрийн албаны тухай хуульд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн нөхцөлд гомдол гаргах, шийдвэрлүүлэх байгууллагыг заагаагүй байна. Харин хуулийн 76.3-т Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрсөн тал шүүхэд гомдол гаргаж болох талаар заасан байна. Иймд хуулиар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам тогтоогоогүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага эсхүл гомдлыг хянан мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнө шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан.

     Иймд маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүний зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү.

     Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоох тухай 4648 дугаартай Захирамжаар 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөрт багтаан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг тогтоосон. Ингэхдээ *******-******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/07 дугаартай тушаал хүчингүй болсон эсэх, Х.С******* нь одоо ямар ажил, албан тушаал эрхэлж байгаа талаар эрх зүйн байдлыг тодруулах шаардлагатай гэсэн байна. Дээр дурдсан тушаал нь одоогоор хүчинтэй, Х.С******* нь төрийн албан хаагч хэвээр, маргаан бүхий орон тоонд ажиллаж байгаа аж. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гаргасан нэхэмжлэлийн дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байна. Иргэн Х.С******* нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй хэмээн үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан. Гэвч нэхэмжлэгч нь гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүгчийн Захирамжийг хүчингүй болгож, захиргааны хэрэг үүсгэж байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй болохыг өмнө шүүх дүгнэсэн асуудал гэж үзэж байна. ...” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ******* дугаар тогтоолын Х.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь маргаан бүхий захиргааны актын хувьд ******* дугаар тогтоолын 1 дэх заалтаар зарим албан тушаалтнуудыг томилсон шийдвэрийг хууль зөрчсөн гэж тогтоогоод хүчингүй болгосон. Энэхүү тогтоолын хүрээнд нэхэмжлэгч болох Х.С*******ы Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх, Төрийн албаны тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх баталгаа зөрчигдөж байна гэж үзэж байна. Тус тогтоолыг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан мөн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу Х.С*******д мэдэгдэж сонсгох ёстой байсан. Үүний дагуу мэдэгдэж сонсгоогүйгээс үүдэлтэй Х.С*******ы эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэж байна. Төрийн албан хаагчийн хувьд өөрийн үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийг удирдлага болгож ажилладаг. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул Төрийн албаны зөвлөл мөн адил хууль дээдлэх ёстой. Төрийн албаны зөвлөл мэдэгдэх, сонсгох зарчмыг баримтлахгүйгээр мөн Х.С*******ы тайлбарыг авахгүй шийдвэр гаргасан нь тухайн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзсэн байгаа. Мөн захиргааны байгууллага, албан тушаалтан нь өөрийн гаргасан захиргааны актад түүнийг гаргах болсон бодит болон хууль зүйн үндэслэлийг заавал дурдах үүрэгтэй. Үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 40.3, 40.4 дэх хэсэгт тус тус заасан байдаг. Гэвч маргаан бүхий тогтоолын 3 дугаар хавсралт буюу Х.С*******д холбогдох хэсэгт хууль зөрчсөнийг тогтоосон үндэслэл гэж заасан боловч бодит нөхцөл байдлыг тусгаагүй байдаг. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөл нь Х.С*******ыг ямар үйл ажиллагаанд буруутгаж, ямар нөхцөл байдлыг тогтоож, юунд тулгуурлаж шийдвэр гаргасан нь тодорхойгүй байдаг. Маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтуудыг зөрчсөн гэж тусгасан байдаг. Тухайн асуудлаар ямар нэгэн бодит нөхцөл байдлыг тогтоосон дүгнэлтийг өгөөгүй. Тус хуулийн заалт нь сонгон шалгаруулалттай холбоотой заалтууд байсан. Х.С*******ыг томилохтой холбоотой тушаалтан нь Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 220 дугаар тогтоолыг үндэслэж Х.С*******ыг ажилд томилсон байдаг. Тус тогтоолын дагуу Төрийн албаны зөвлөл Х.С*******ыг нөөцөд бүртгээд нэр дэвшүүлж томилсон. Х.С******* нь төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтыг өгч тэнцээд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн дагуу томилогдсон албан тушаалтан байгаа. Үүний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 82 болон 83 дугаар зүйлд захиргааны шийдвэр гүйцэтгэлийг ямар журмаар хийх тухай заасан байдаг. Тодруулбал 82 дугаар зүйлийн 82.2.1 болон 83 дугаар зүйлийн 83.1.2-т тус тус заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг мэдэгдсэнээс хойш буюу 14 хоногийн хугацаа өнгөрсөн байх, үүрэг хүлээгч нь уг шаардлагыг биелүүлээгүй байх, гомдол гаргах хугацаа өнгөрсөн байх шаардлагатай. Гэтэл Төрийн албаны ерөнхий зөвлөл нь өөрийн гаргасан тогтоолоо нэхэмжлэгчид танилцуулаагүй мөн гомдол гаргах хугацаа олгоогүй байж тус тогтоолыг шууд хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж эхэлсэн нь хууль бус гэж үзэж байна. Мөн салбар зөвлөлөөс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг анх удаа хүргүүлж байгаа байж шууд гүйцэтгэхийг шаардаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Иймд маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хувьд Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3-д зааснаар Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрсөн тал нь шүүхэд гомдол гаргаж болохоор заасан байдаг. Үүний дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар дээд шатын захиргааны байгууллага, эсвэл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу Х.С******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүний зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү.” гэжээ.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны зөвлөл нь тухайн тогтоолыг гаргахдаа Төрийн албаны зөвлөлийн захиргааны үйл ажиллагаанд баримтлах ёстой үйл ажиллагаа буюу зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх гэх захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг баримтлаагүй байна. ******* дугаар тогтоол гаргахдаа хуулийн зүйл заалтыг заасан байгаа ч ямар үндэслэлээр энэ Х.С*******ыг хууль бусаар томилогдсон гэж үзээд байгаа бодит нөхцөлөө тайлбарлаагүй. Мөн захиргааны үйл ажиллагаа зарчмынхаа хувьд мэдэгдэх, сонсох ажиллагаа хийсэн байх ёстой. Энэ нь тухайн дээд албан тушаалтан буюу томилж байгаа этгээдийнх нь үүрэг ч гэсэн тухайн тогтоол гаргаж байгаа этгээд тогтоол гаргахаасаа өмнө мэдэгдэж, сонсох ажиллагаа хийж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдээс ямар нэгэн байдлаар санал, хүсэлт зэргийг авах ёстой байсан. Гэвч санал, хүсэлт аваагүй учраас Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар тогтоол үндэслэл бүхий бус мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй. Мөн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний хөдөлмөрлөх эрх болон Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаалтан хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх баталгааг зөрчиж байна гэж үзэж байна. Тийм учраас ******* дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Энэхүү тогтоол нь нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй гэж үзэж байна.” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Төрийн албаны зөвлөлийн даргын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 81 дүгээр тушаалаар байгууллагад ажлын хэсэг 2023 оны 06 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд *******-******* аймагт албан томилолтоор ажилласан.

Тус ажлын хэсгийн хяналт, шалгалтаар Х.С*******ыг *******-******* аймгийн Санхүүгийн, хяналт дотоод аудитын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар дотоод аудитын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчиж томилсныг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 337 дугаар тогтоолоор *******-******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүчингүй болгох хугацаатай үүрэг, даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн.

Тодруулбал, Х.С******* нь *******-******* аймгийн Санхүүгийн, хяналт дотоод аудитын албанд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар дотоод аудитын албан тушаалд тусгай шалгалтгүйгээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт “Зөвлөл эрх хэмжээнээсээ хэтрэн тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасан.

Х.С*******ы гаргасан энэ нэхэмжлэлийн дагуу 2024 онд үүссэн захиргааны хэрэг тус шүүхэд хянагдаж байсан боловч нэхэмжлэгчийн талаас шүүх хуралдааныг хийлгэхгүй шүүн таслан ажиллагаанд зориудаар саад учруулж байсан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэж байсан.

Иймд төрийн жинхэнэ албан тушаалд Төрийн албаны хууль, тогтоомж зөрчсөн томилогдсон Х.С*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зүйтэй.” гэжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны ерөнхий зөвлөлөөс 2023 онд *******-******* аймагт ажилласан. Төрийн байгууллагуудын төрийн жинхэнэ албан хаагч нарыг томилох үйл ажиллагааны төлөвлөгөө, хяналт шалгалтыг зохион байгуулсан. 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл буюу 3 өдөр ажилласан байдаг. Х.С******* нь маргаан бүхий албан тушаал буюу аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б/07 дугаар тушаалаар томилогдсон байдаг. Төрийн албаны зөвлөлийг яагаад хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн гэвэл Төрийн албаны тухай хууль 2017 онд батлагдаад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний дөрөөс мөрдөж эхэлсэн. Тус хуульд төрийн албаны ерөнхий шалгалтаас гадна төрийн албаны тусгай шалгалт авна гэж хуульчилсан байдаг. Хяналт шалгалт хийх явцад Х.С*******ы материалыг үзсэн мөн өөртэй нь уулзсан. Гэтэл тус албан тушаал төрийн албаны тусгай шалгалт өгөхгүйгээр томилогдсон байдаг. Төрийн албаны зөвлөлөөс тогтоол гаргаад хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Иргэн Х.С*******ыг Төрийн албаны зөвлөл эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчөөд чөлөөлсөн шийдвэр гаргаагүй. Төрийн албаны шийдвэрт хугацаа тогтоогоод хугацаатайгаар тогтооход эрсдэл байхгүй байна гэх тогтоолыг хүргүүлсэн боловч 2023 оны асуудал өнөөдрийг хүртэл 2 жил хагасын хугацаанд маргаантай байна. Тогтоолын биелэлт хангагдахгүй байна. Төрийн албаны тухай хуульд Төрийн албаны зөвлөлийн 65 дугаар зүйлийн 65.6-д Төрийн албаны зөвлөл өөрийн эрх хэмжээний хүрээнд тогтоол гаргана, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл шалгалт өгөөгүй байж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа нь тогтоолын биелэлт болон Төрийн албаны тухай хууль тогтоомж хэрэгжихгүй байна гэж үзэж байна. Үүнээс гадна маргаантай байсан тул тухайн албан тушаалдаа жинхлэгдээгүй байгаагаас шалтгаалаад Х.С*******ы нөөцөд бүртгэлтэй хугацаа дууссан байгаа. Нөөцөд бүртгэх хугацааг 3 жил гэж тогтоосон байдаг. Х.С*******ы шалгалт өгсөн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуульд 2 жил гэж заасан байдаг. Тус хугацаа нь 2021 онд дууссан байгаа. Х.С******* нь хууль бусаар ажиллаж байгаа гэж үзэж байна. Х.С*******ы нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Тодруулбал, нэхэмжлэгч Х.С******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...Төрийн албаны зөвлөл дээрх тогтоолдоо шийдвэр гаргах болсон бодит үндэслэлийг заагаагүй, тайлбарлаагүй, тогтоолын 3 дугаар хавсралт буюу надад холбогдох хэсэгт хууль зөрчсөнийг тогтоосон үндэслэл гэж заасан боловч ямар бодит нөхцөл байдал байсныг тусгаагүй ...намайг томилох тухай тушаалд 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 220 дугаартай тогтоолыг үндэслэл болгосон бөгөөд тус тогтоолын дагуу Төрийн албаны зөвлөл өөрөө намайг нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлсэн. Би төрийн жинхэнэ албан тушаалын шалгалтыг өгч тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн дагуу томилогдсон... 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гарсан тогтоолыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, гомдол гаргах хугацаа олгоогүй байж тус тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж эхэлсэн байгаа нь хууль бус ...” гэж,
  2. Хариуцагчаас “... Тус ажлын хэсгийн хяналт, шалгалтаар Х.С*******ыг *******-******* аймгийн Санхүүгийн, хяналт дотоод аудитын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар дотоод аудитын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчиж томилсныг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 337 дугаар тогтоолоор *******-******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/07 дугаар тушаалыг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүчингүй болгох хугацаатай үүрэг, даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн. ... Х.С******* нь *******-******* аймгийн Санхүүгийн, хяналт дотоод аудитын албанд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар дотоод аудитын албан тушаалд тусгай шалгалтгүйгээр томилсон байна. ...” гэж тус тус тайлбарлан маргажээ.
  3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Х.С*******ы хувьд 2018 онд төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтыг Булган сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд өрсөлдөн тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Дэс түшмэл”-ийн албан тушаалын ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн байна. 
    1. Улмаар уг шалгалт өгснөөс жил шахмын дараа буюу *******-******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Х******* овогтой С*******ыг Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитороор дээрх тушаалыг үндэслэн томилсон байна.
    2. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулж, албан томилолтоор ажиллах тухай” 81 дүгээр тогтоолоор *******-******* аймагт хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тайланг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн 25 дугаар тэмдэглэлд “... Санхүүгийн улсын байцаагч Х.С*******ыг тусгай шалгалтгүйгээр 2019 онд хууль зөрчиж томилсон байна. ...,  гэж тайлбарлан, тогтоолын төсөл танилцуулсныг тус зөвлөлийн гишүүд, оролцогчид дэмжсэн байна.
    3. Энэхүү Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” ******* дугаар тогтоолын гуравдугаар хавсралтаар Баян-******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/07 дугаар тушаалын дагуу Х******* овогтой С*******ыг Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитороор томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэж шийдвэрлэжээ.
  4. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна.”, 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ.”, 66 дугаар зүйлийн 66.1.3-т “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох;”, 66.1.6-т “хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах;” гэж,
    1. Мөн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 17 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийн 2.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгөх;”, 3.1.2-т “Хяналт шалгалт, шинжилгээ, үнэлгээ хийх хүрээнд:”, 3.1.2.“в”-д “төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх;”, 4.5-т “Зөвлөл хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана. Бүрэн эрхийнхээ хүрээнд албан даалгавар, зөвлөмж гаргаж болно. Зөвлөлөөс гаргасан шийдвэрт Зөвлөлийн дарга гарын үсэг зурна.” гэж тус тус заасан байна.
    2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Төрийн албаны зөвлөл нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон төрийн албан хаагчийн хүний нөөцийн бодлого, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулалт, томилгоо нь хуульд нийцсэн эсэхийг хянан шалгаж, зөрчил гаргасан бол зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг, даалгавар өгөх эрхтэй бөгөөд тухайн хяналт шалгалтыг хийсэн нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар олгосон чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарч байна.
    3. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:”, 33 дугаар зүйлийн 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна.”  гэж зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилохоор байх бөгөөд нэхэмжлэгч Х.С*******ы томилогдон ажиллаж байсан *******-******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудиторын албан тушаал нь төрийн захиргааны “Дэс түшмэл”, ТЗ-6 ангилалд хамаарч байна.
    4. Гэтэл *******-******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нь хуулиар тогтоосон төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох журмыг зөрчиж, тусгай шалгалтгүйгээр 2019 оны Б/07 дугаар тушаалаар Х.С*******ыг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон талаарх Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсгийн дүгнэлт болон тогтоол хуульд нийцсэн гэж үзэхээр байна.
    5. Нэхэмжлэгчээс тусгай шалгалт өгсөн гэх тайлбар гаргасан боловч тухайн шалгалтаар маргаан бүхий албан тушаалаас өөр албан тушаалд өрсөлдөж шалгалт өгч, нөөцөд үлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд *******-******* аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нь нэхэмжлэгчийг томилсон тушаалд 220 дугаар тогтоолыг үндэслэл болгон томилсон нь үндэслэлгүй байна.
  5. Түүнчлэн нэхэмжлэгч талаас маргаан бүхий актыг мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргах бөгөөд хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Төрийн албаны *******-******* аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Тогтоол хүргүүлж, чиглэл өгөх тухай” 143 дугаар албан бичигт хяналт, шалгалтын ажлын хүрээнд гарсан нийтлэг зөрчлийг арилгах чиглэлээр авах арга хэмжээг дурдан Төрийн албаны зөвлөлийн 2023 оны ******* дугаар тогтоолыг Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Р.Х*******д хүргүүлсэн байдаг.
  6. *******-******* аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар албан бичгээр тогтоолыг Х.С*******д гардуулсан талаар мэдэгдсэн бөгөөд тогтоол гарахаас өмнө сонсгох ажиллагаа хийсэн гэх баримт байдаггүй.
  7. Хэдий тийм боловч уг тогтоол нь Төрийн албаны зөвлөлөөс *******-******* аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хийсэн хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил тул томилсон байгууллагаас нэхэмжлэгчийн томилгоотой холбоотой асуудлаар аливаа шийдвэр гараагүй, Х.С*******д тогтоол гарахаас өмнө мэдэгдэх сонсгох ажиллагаа хийх нь ач холбогдолгүй гэж үзлээ.
  8. Учир нь маргаан бүхий тогтоол гарахаас өмнө нэхэмжлэгч уг асуудлаар тайлбар гаргаснаар нөөцөөс тусгай шалгалтгүйгээр томилсон үйл баримт өөрчлөгдөхгүй, мөн хяналт шалгалтын үед захиргааны байгууллагаас томилсон тушаалын үндэслэлээ холбогдох баримттай нь танилцуулж тайлбарлан, бодит байдлыг тодруулах боломжтой байсан байна.
  9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тусгай шалгалт өгч томилогдсон эсэх дээр болон шүүхэд сонсгох ажиллагаа хийснээр өөрчлөх боломжтой байсан нөхцөл байдлын талаар тодруулан маргаагүй тул дээрх үндэслэлээр тогтоол гарах үед сонсгох ажиллагаа хийснээр энэ үйл баримтыг өөрчлөх болон нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх аливаа нөхцөл байдал үүсэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
  10. Төрийн албаны зөвлөлийн ******* дугаар тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ.”, 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна” гэж заасныг үндэслэн гарсан.
  11. Мөн зүйлийн 30.3-т Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасныг хэрэгжүүлэх боломжтой боловч томилох эрх бүхий этгээд нь тухайн тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын хүрээнд шууд ажлаас чөлөөлөөгүйгээс гадна зөрчлийг арилгах арга хэмжээг авах эрх нь томилсон захиргааны байгууллагад байгаа гэж үзэхээр байна.
  12. Хариуцагчаас “...Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ******* дугаартай тогтоолыг Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д эхний удаа зохих арга хэмжээ авхуулахаар гаргасан тогтоол гэж тайлбарлаж байх бөгөөд одоогоор тогтоол гарснаас хойш аливаа байдлаар нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн актыг захиргааны байгууллагаас гаргаагүй, иргэн Х.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болсноос нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг шууд сэргэх, нөхцөл байдал мөн тогтоогдохгүй байна.
  13. Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн нь захиргааны байгууллагын зөрчил гаргаж томилсон буруутай нөхцөл байдлыг тогтоосон ажиллагаа байх бөгөөд томилсон захиргааны байгууллагаас шалгалтаар илэрсэн зөрчил арилгах явцад томилогдсон этгээдийн эрх ашиг сонирхолыг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр арилгах арга хэмжээг авах нь зүйтэй юм.
  14. Уг хэргийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 217 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 63 дугаар тогтоолоор хүчингүй болгосон тул хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
  15. Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр Х.С*******аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ******* дугаартай тогтоолын Х.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.2, 33 дугаар зүйлийн зүйлийн 33.3, 66 дугаар зүйлийн 66.1, 66.1.3-д заасныг тус тус баримтлан Х.С*******аас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай ******* дугаартай тогтоолын Х.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.МӨНХДЭЛГЭР

 

 

.