Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2024/ДШМ/491

 

 

 

 

 

 

    2024            4             25                                       2024/ДШМ/491

 

 

Б.Чт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор З.Бат-Амгалан,

           хохирогч Д.Уын өмгөөлөгч Д.Баасансүрэн,

           шүүгдэгч Б.Чийн өмгөөлөгч Б.Балжидмаа,

           нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

           Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/159 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Уын өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Чт холбогдох эрүүгийн 2310000002177 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Монгол овгийн Б.Ч, 1992 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шашны дээд мэргэжилтэй, Голден буддад маркетингийн менежер ажилтай, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт ....................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:................................./;

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 557 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.

            Шүүгдэгч Б.Ч нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Голден будда” цогцолборын урд талын автомашины зогсоол дээр хохирогч Д.Утай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг гараараа нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, няцрал, зүүн хацар, баруун чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Чийг хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Чт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Чт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж мэдэгдэж, шүүгдэгч Б.Чт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учрах гэм хор, уршиг, цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

            Хохирогч Д.Уын өмгөөлөгч Д.Баасансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Чт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв” гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”гэж хуульчилжээ. Энэхүү зохицуулалт нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон зохицуулалт бөгөөд шүүх зөвхөн хуульд нийцүүлж хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг удирдлага болгож эрүүгийн хариуцлагыг бодитой хүлээлгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх үүргээ зөрчиж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн юм. Мөн Живонжи” GNG эмнэлгийн тодорхойлолтоос харахад... 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн он, сартай эмчийн гарын үсэг, 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шинжилгээнд хамрагдаж, дараах үр дүн гарсан болохыг тодорхойлов” гэсэн байх ба хохирогч Д.У нь Живонжи GNG эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ авсан, үүний үр дүнд 35.969.000 төгрөгийн хохирол учирсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжилж, төлбөр төлсөн талаарх баримтуудыг хавсаргасан нь шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж тодорхой хуульчилсан байна. Энэхүү баримтат мэдээлэлд хохирогч Д.Уаас шүүхэд гаргаж өгсөн төлбөр төлсөн талаарх баримтууд хамаарах бөгөөд шүүх ямар үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй байна. Түүнчлэн тухайн гэмт хэрэг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болсон ба хохирогч 11 дүгээр сарын 29-ний өдөр Солонгос Улсад хагалгаа хийлгэхээр явсан онгоцны тийз, Живонжи эмнэлэгт хагалгаанд орсон талаарх тодорхойлолт, Д.Уаас 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хагалгааны төлбөрт 12.600.000 вон /33.390.000 төгрөг/ хүлээн авсан талаар баримт, The Designers зочид буудалд байрласан төлбөрийн баримт, хагалгааны нийт төлбөрт татварт суутгасны дараах дүнгээр 10.600.000 вон төлсөн баримт, картын зарлагын хуудас, Монгол банкны тухайн үеийн ханшийн мэдээ зэрэг 12 хуудас нотлох баримт нь хууль зөрчиж цуглуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн баримт хавтаст хэрэгт байхгүй болно. Харин шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь  хэсэгт заасныг шалгаж үзээгүйн зэрэгцээ шүүх нотлох баримтыг таамаглал дэвшүүлэн үнэлэх боломжгүй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Шийтгэх тогтоолын 7 дахь заалтад шүүгдэгч Б.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай, 9 дэх заалтад хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь  заалтыг зөрчсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй, хуулийг ноцтой зөрчсөн буюу мөн хуулийн 39.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэл болж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Чийн өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэргийн 10, 11, 133, 123, 126 дугаар хуудаснуудад Д.Уын эмчилгээтэй холбоотой баримтууд авагдсан. Хэрэгт авагдсан баримтуудад 4987 дугаартай виза картаар 2 удаа, 4380 дугаартай виза картаар 1 удаа, нийт 3 удаа төлбөр төлсөн баримт байдаг. Гэвч эдгээр картын эзэн тодорхойгүй, карт эзэмшигчийн нэр, хэдэн төгрөгийн төлбөр төлсөн тухай банкнаас тодруулсан зүйлгүй. Иймд эдгээр баримтуудыг нотлох баримтаар үнэлх боломжгүй байна. Мөн Д.Ут ямар эмчилгээ хийлгэсэн тухай мэдээлэл байхгүй. Ясны хугарал үүссэн гэж үзвэл түүнийг нотлох рентген зураг, мөн ясны хугарлыг ямар байдлаар эмчилсэн тухай баримт байхгүй. Нийт төлбөрийн дүн 12.600.000 вон төлөгдсөн 3 тусдаа баримт байдаг зэрэг бодит байдлыг бүрэн тогтоох боломжгүй баримтууд хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх хуралдаанд бидний зүгээс холбогдох баримт байхгүй учир тус төлбөрийг төлөхгүй гэж мэтгэлцсэн. Анхан шатны шүүхээс хэргийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу холбогдох баримтаа бүрдүүлж өөрт учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх боломжгүй гэж үзэж байна. Ял шийтгэлийн тухайд миний үйлчлүүлэгчийг 800.000 төгрөгөөр торгосон. Б.Ч нь бага насны 5 хүүхэдтэй. Өнөөдөр шүүх хуралдаанд ирээгүй шалтгаан түүний бага хүүхэд нь түлэгдээд эмнэлэгт эмчлүүлж байгаа. Улсын яллагч шүүх хуралдаанд Б.Чт зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан. Миний хувьд Б.Чийн хувийн байдлыг харгалзан торгох ялаар шийтгэж өгнө үү гэж саналаа хэлж улмаар шүүхээс Б.Чт торгох ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор З.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан. Б.Чийг гэм буруутайд тооцож 800.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэж байна. Прокурорын зүгээс хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан баримтуудаас томографтай холбоотой төлбөрийг төлүүлэх санал гаргасан. Бусад баримтуудыг үнэлэх гэсэн боловч яг ямар эмчилгээ хийлгэсэн, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай нотлох баримтууд хэрэгт авагдаагүй учир иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

Шүүгдэгч Б.Ч нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Голден будда” цогцолборын урд талын автомашины зогсоол дээр хохирогч Д.Утай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг гараараа нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, няцрал, зүүн хацар, баруун чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Д.Уын “...Голден буддагийн авто зогсоол дээр машинаа байрлуулж аав машинаас буух үед ганцаараа бууж чадах эсэхийг нь харахаар машины урд очоод хараад зогсож байтал араас гэнэт жижиг цэнхэр өнгийн суудлын тэрэг хүрч ирж зогсоод удаа дараа сагнаалдаад намайг хэл амаар доромжлоод байсан. Тухайн машин өнгөрөөд явах үед би арын цонхийг нь гараараа цохитол нөгөө машины жолооч нь бууж ирээд бид хоёр 2-3 секунд маргалдтал нөгөө үл таних жолооч түрүүлж миний нүүр хэсэг рүү цохиод авсан. Тэгээд хэсэг манараад миний шил унахад нь би биеэ хамгаалах гээд өөрөөс нь холдох гэтэл баруун чих хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод авахад нь манай аав салгах гээд хүрж ирэхэд тухайн жолооч аавын толгой хэсэг рүү хоёроос гурван удаа цохиод авсан. Би хөгшин настай хүнийг яаж байгаа юм гээд болиулахаар очтол тухайн жолооч над руу дахиж дайраад миний толгой руу дахин цохисон, хажууд явж байсан танихгүй хүмүүс хүрж ирээд салгасан. ...”/хх 14/,

гэрч Ж.Дашхоролын “...хүү Д.Уын хамт Голден будда цогцолборын автомашины зогсоол руу орж машинаа байрлуулаад манай хүү түрүүлж буугаад араас нь би хаалгаа хагас нээж хажуу талын машинтай тулж буусан. Би удаан буусан учраас манай хүү машины ар талд эргэж харж зогсоод та багтах уу гэж асуусан, тэр хооронд нэг цэнхэр өнгийн жижиг машин тулж ирснээ Д.У руу сигналдсан, тухайн үл таних машины жолооч нь замаас зайл пизда гэх мэтээр хэл амаар доромжлоод, өнгөрөөд явах гэтэл Д.У тухайн жолоочийн эсрэг талын хаалганы цонх руу цохиод чи өөрөө зөв яваач яагаад учиргүй сигналдаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь нөгөө жолооч машинаасаа буугаад машиныхаа араар тойрж ирээд Д.Уыг нүүр хэсэг рүү нь цохиход, Д.У гараараа хаасан.  Би тухайн машины жолоочийг чиний буруу, явган хүн явах газар танхайрч байгаа юм бэ гээд загнаад тухайн жолоочийн куртикнээс нь бариад автал тэр жолооч нь над руу цохих гэтэл би холдоод бултахад манай хүү наад хүн чинь өвчтэй хүн гээд хажуугаас өмөөрөх маягтай орж ирээд салгах гэтэл нөгөө жолооч миний хүүгийн нүүр рүү хоёроос гурван удаа гараараа цохиод авсан. Би дахиж очиж барьж аваад хүү рүү хартал Д.Уын хамраас цус гарч нүүр хэсэг нь гэмтэл бэртэл авсан байсан. Хажууд байсан үл таних хүмүүс тэр хоёрыг барьж аваад салгасан. ...” /хх 16/,

гэрч А.Хүслэнгийн “...ажлаасаа гараад утсаар ярьж байхдаа гэнэт нэг газраас чанга чимээ гарахад нь би машин мөргөлдчихлөө гэж бодоод эргээд хартал нэг цэнхэр ногоон өнгийн машинаас үл таних урт үстэй залуу бууж ирээд нөгөө талаас нь нүдний шилтэй залуу нь дөхөж ирээд тэр хоёр хэсэг маргалдаж байгаад гэнэт нүдний шилтэй залуу нь түрүүлээд тухайн урт үстэй залуугийн хөл рүү нь өшиглөхөд нь урт үстэй залуу нь эргүүлээд хаашаа нь мэдэгдэхгүй цохиод авсан. Би тоолгүй гар утсаараа яриад буцаад ажил руугаа орох гэтэл хоёр үл таних эмэгтэй хүний орилох чимээ гарахаар нь би эргээд хартал үл таних хоёр эгч маргалдаад байгаа хоёр залууг салгах гэтэл салгаж чадахгүй байсан учир би салгах гээд очиход нүдний шилтэй залуутай хамт явж байсан ах нь тухайн урт үстэй залуугийн үснээс хоёр гараараа үстсэн доош нь дарсан байдалтай хажууд нь нүдний шилтэй залуу нь урт үстэй залуугийн цээж рүү хий цохиод байсан гэж харагдсан. Тэгээд арай хийж салгахад тухайн урт үстэй залуу дээр хүүхэд очиж дайраад байсан. Дараа нь аав нь урт үстэй залуу руу дахиж дайраад байхаар нь би зүүн гараас нь бариад болиулахад нь дайрсан тэгээд би машинд суугаад яваад өгөхөд дараа нь дахин ард тухайн урт үстэй залууг хоёулаа доош нь дараад машин руу түлхээд үлдсэн. ...” /хх 18/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14813 дугаар “...Д.Уын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, дээд доод уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт, няцрал, зүүн хацар, баруун чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 21-22/ гэсэн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэнтэй нийцжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.

Шүүгдэгч Б.Чийн үйлдлээс хохирогч Д.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс Б.Чийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчмыг зөрчөөгүй гэж үзлээ.

            Хохирогч Д.Уын өмгөөлөгч Д.Баасансүрэн “...хохирогчоос шүүхэд гаргаж өгсөн 12.600.000 вон буюу 33.390.000 төгрөг төлсөн талаарх баримтууд хамаарах бөгөөд шүүх ямар үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй. Мөн шийтгэх тогтоолын 7, 9 дэх заалтад таслан сэргийлэх арга хэмжээний талаар зөрүүтэй бичигдсэн байх тул тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хянавал,

Хохирогч Д.У нь Бүгд Найрамдах Солонгос улсын “GNG” буюу “Живонжи” эмнэлэгт 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн эмчилгээний төлбөрт 12.600.000 вон төлсөн талаарх баримтыг гаргаж /хх 126-127/ өгсөн байх бөгөөд тухайн воныг 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн ханшаар буюу 2.62 тооцоход 33.390.000 төгрөг болсон /хх 135/ байх тул давж заалдах шатны шүүхээс тухайн баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт мөн байх тул хохирогч Д.Уын эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний зардалд 33.390.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “шүүгдэгч Б.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож” гэж, 9 дэх заалтад “шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэсэн агуулгын хувьд зөрүүтэй бичигдсэн байх тул тогтоох хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээн хохирогчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/159 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Чоос 33.390.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ут олгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн 9 дэх заалтынг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Д.Уын өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлуудыг хангасугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Д.МӨНХӨӨ                               

                               ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ

                    ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ