| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 313/2025/00138/И |
| Дугаар | 313/ШШ2025/00233 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 313/ШШ2025/00233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: *******/
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /РД: *******/
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 6 941 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Н.*******, нарийн бичгийн дарга А.Наранбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С.******* нь ...2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Н.******* нь миний нүүр хэсэгт цохин хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамар зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тул эмчилгээний зардалд нийт 6 941 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч Н.******* ...Би С.*******г зодож цохиогүй тул энэ нэхэмжилсэн 6 941 500 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүхэд гаргасан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбар, нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.
Н.******* нь 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөрт шилжих шөнө С.*******гийн нүүр, хамар хэсэг рүү нь гараараа цохиж зодон хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, хамар зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон байна.
/хэргийн 6-12 дугаар тал, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/64 дугаартай шийтгэл тогтоол/
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч С.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон, түүний хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байх тул тэрээр С.*******гийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.
Хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгч С.*******гийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан эм эмчилгээний зайлшгүй зардал гэж үзэв.
Нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ноос эхлэн Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хамар ясны хугарал болон таславч тэгшлэх хагалгаанд орсон тул 4 хоног Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 4 599 000 төгрөг, хагалгааны өмнөх шинжилгээний зардалд 451 200 төгрөг нэхэмжилсэн ба эм, эмчилгээний зардалд нийт 5 050 200 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан УБ Сонгдо эмнэлгийн баримтуудаар нотлогдож байх ба эдгээр нь нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгов. /хэргийн 13-20 дугаар тал/
Харин нэхэмжлэгчийн Улаанбаатар-Өмнөговь ирэх очих зардалд 157 000 төгрөг, ажиллаагүй 11 хонгийн цалин 1 734 300 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 60 000 төгрөг, 01 сарын 24-ний өдрийн 97 000 төгрөгийн дүнтэй 2 ширхэг шатахууны гүйлгээний баримтад хэрэглэгч Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар гэж бичигдсэн байх тул уг баримтыг нэхэмжлэгч С.*******гийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хагалгаанд орж хэвтрийн дэглэм барих хугацаанд ажиллаагүй 11 хонгийн цалин 1 734 300 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын тодорхойлолтоор тогтоогдоно гэжээ.
Хуульд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг төлөх үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч С.*******гийн эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас тэрээр ажлаас чөлөөлөгдсөн бол авч байгаа цалин хөлс нь урьд эрүүл байхдаа авч байсан цалин хөлснөөс буурсан зөрүүг ойлгох тул дээрх шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
7. Иймд хариуцагч Н.*******гаас нийт 5 050 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 891 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1-д Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ гэж заасны дагуу тус хэргийг нэг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*******гаас 5 050 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 891 300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 014 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 95 753 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.3, 7511.1, 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН