Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/498

 

 

 

 

 

 

   2024              4           30                                         2024/ДШМ/498          

 

 

Э.Шт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Н.Ундрах,

           шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

           нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Шт холбогдох эрүүгийн 2308029312207 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ямаат овгийн Э.Ш, 2000 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ....................оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ................................. тоотод түр оршин суух, /РД:.........................../;

Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн 69.1.1-д заасныг журамлан 6 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн,

Шүүгдэгч Э.Ш нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мик 1-12 тоотод оршин суух З.Бийн тусгайлан хамгаалсан агуулах буюу граж руу хууль бусаар нэвтэрч 5.635.000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппарат, тастагч, дрилл, хадаасны буу зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 8в байрны гадна 2023 оны 01 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө О.Бын өмчлөлийн Тоёота марк II загварын 57-51 УББ улсын дугаартай автомашиныг буюу тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.          

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Шийн үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч                  Э.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн" гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон гурван сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 9 /ес/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, хорих ялын хэмжээг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э Шт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Шээс нийт 8.550.000 төгрөгийг гаргуулан хохирогч З.Бт 5.785.000 төгрөг, О.Бд 2.765.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн 2308029312207 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э Ш нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Шт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.Ш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугаа ухамсарлаж, давж заалдах шатны шүүх хурлаас өмнө бусдад учруулсан хохирлоо бүрэн гүйцэд төлж барагдуулж, шүүх хуралдаанд оролцох болно. Би анх удаа хорих ялаар шийтгүүлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж дэглэмийг минь өөрчилж өгнө үү. ...” гэв.

                   Шүүгдэгч Э.Шийн өмгөөлөгч Ю.Тогмид давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Ш нь хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Э.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 9 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн 3 жил хорих ял шийтгэсэн. Шүүгдэгч нь давж заалдах шатны шүүхийн шатанд хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн талаарх баримтуудаа хэрэгт гаргаж өгсөн байна. Ялын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх боломжтой бөгөөд дэглэмийг өөрчилж, нээлттэй болгоход прокурорын зүгээс татгалзах зүйлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Ш нь 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө З.Бийн тусгайлан хамгаалсан агуулах буюу граж руу хууль бусаар нэвтэрч 5.635.000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппарат, тастагч, дрилл, хадаасны буу зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Бын өмчлөлийн “Тоёота марк” II загварын 57-51 УББ улсын дугаартай автомашиныг буюу тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

            хохирогч З.Бийн “2023 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс Э.Ш гэх залуу манай гэрт хамт амьдарсан. 9 дүгээр сарын 12-ны орой Э.Ш унтахаасаа өмнө бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд нөхөр Сайнхүүгээс хэрүүл өдөж, тамхи асууж байгаад шөнийн 02 цагийн үед унтсан. Маргааш өглөө нь гражид байсан 2 ширхэг гагнуурын аппарат, 1 ширхэг дундын таслагч, гагнуурын малгай, гэрээс 1 ширхэг батарей дрилль алдагдсан байсан. Түлхүүрүүд манай гэрийн хананд өлгөөстэй байдаг. .../хх 11-15, 17-21/,

            хохирогч О.Бын “...2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийн шөнө 01 цагийн үед машинаа халаасан. Машины запас түлхүүр голын хайрцагт байдаг. Маргааш өглөө 07 цаг өнгөрч байхад ажилдаа явахаар гартал машин маань байхгүй байсан. Өдөр 12 цаг өнгөрч байхад цагдаагаас журмын хашаанд хийсэн байна гэхээр нь яваад очтол машины доогуур сунгасан гар, копуд, гэрэл, дохио, хормой, нүүр нь эвдрэл гэмтэлтэй, аржаатар нь цөмөрч явах боломжгүй болсон байсан. Тухайн үедээ 57-51 УББ улсын дугаартай Тоёота марк2 тээврийн хэрэгслээ “Арвижих Эстимэйт” ХХК-иар үнэлүүлж 2.695.000 төгрөгийн хохирол учирсан. Машиныхаа урд жаазыг тасдаж залгасан, аржаатар, урд гупер, жолоочийн эсрэг талын их гэрэл, карла, гопуд зэргийг шинээр авсан. Миний машин одоо болтол асахгүй байгаа мотороо янзлуулах ёстой. .../хх 94, 96/,

            шүүгдэгч Э.Шийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн өдөр хамт ажилладаг хүнтэйгээ 2.5 литрийн пиво уучихаад З.Б эгчийнд 20 цагийн үед ороод унтсан, 23 цагийн үед сэрээд гарч бие зассан ба үйлдвэрийн манаач унтчихсан байсан. Би дахиж архи уумаар санагдаад, мөн надаа мөнгө байхгүй байсан болохоор гражаас багж хулгайлж авахаар шийдээд, гражийн үүдэнд очтол цоожтой байсан. Надад түлхүүр байсан болохоор онгойлгож ороод 1 ширхэг дундын тасдагч, батарей гар дрилл, том хадаасны буу, жижиг хадаасны буу, тэгээд 2 гагнуурын аппарат зэргийг аваад би аваад Чингис Соосэгийн автобусны буудлын тэнд байдаг түцнүүдийн хамгийн баруун талын 2 түцэнд бүгдийг нь зарчихсан. 2 хийн бууг 30.000 төгрөг, тасдагчийг 15.000 төгрөг, баттерей дриллийг 10.000 төгрөг, 2 гагнуурын аппаратыг 55.000 төгрөгөөр зарсан. Зарчихаад 01 цагийн үед 1 дүгээр хороолол орчим байдаг нэг дэн буудал ороод бүх мөнгөөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.

            ...2023 оны 01 дүгээр сард өдрийг нь санахгүй байна. 00 цагийн үед байх Сонгинохайрхан дүүргийн автобусны урд талын караоке ганцаараа ороод караоке дотор хүмүүстэй танилцаж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 06 цагийн үед хаахтай нь зэрэгцээд гараад ертөнцийн зүгээр урд талын байрны орцны гадаа ганцаараа тамхи татаад зогсож байгаад хар өнгийн тухайн үедээ тэр машины маркийг мэдээгүй, сүүлд нь мэдсэн. Тэр машин асаалттай дотор нь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь машиныг унаж Баянхошууны чиглэлтэй замаар явж байсан. Тэгээд нэг машин мөргөснөө санаж байна. Тэгээд эрүүлжүүлэхэд хоноод маргааш нь би ямар машин мөргөснөө мэдсэн. Тухайн үед машин унамаар санагдаад унасан, тэрнээс надад тээврийн хэрэгслийг аваад явах санаа зорилго байгаагүй. ...” /хх 66, 190/ гэсэн  тус тус мэдүүлгүүд,

            Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 749 дугаар “...11 нэр төрлийн 5.635.000 төгрөгийн үнэлгээтэй цахилгаан гагнуурын аппарат, батарей дрилль, хадаасны буу, тасдагч зэрэг багаж” /хх 26-28/,

            “Арвижих Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 22027 дугаар “...18 нэр төрлийн авто машины эвдэрсэн эд анги, шууд бус зардал нийт 2.695.000 төгрөг” /хх 108-111/ гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-9,  84-88/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Э.Шт “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн, мөн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Ш нь З.Бийн тусгайлан хамгаалсан агуулах буюу граж руу хууль бусаар нэвтэрч 5.635.000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппарат, тастагч, дрилл, хадаасны буу зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Бын өмчлөлийн “Тоёота марк” II загварын 57-51 УББ улсын дугаартай автомашиныг буюу тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

             Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон гурван сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 9 /ес/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, хорих ялын хэмжээг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

             Шүүгдэгч Э.Ш “...Миний бие гэм буруугаа ухамсарлаж, бусдад учруулсан хохирлоо бүрэн гүйцэд төлж барагдуулсан зэргийг харгалзан дэглэмийг минь өөрчилж өгнө үү. ...”,

            Шүүгдэгч Э.Шийн өмгөөлөгч Ю.Тогмид “...Э.Ш нь учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж, гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж, 1.3-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах…” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй юм.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нь өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа, гэм буруугийн талаар маргаагүй, мөн бусдад учруулсан хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарын гаргасан “...хорих ялыг хөнгөрүүлэх, мөн дэглэм өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хохирогч З.Бт 5.785.000 төгрөг, О.Бд 2.765.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Ш нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 90 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...шүүгдэгч Э.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял. ...” гэснийг “...шүүгдэгч Э.Шт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял. ...” гэж,

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон гурван сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил, 9 /ес/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, хорих ялын хэмжээг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Э.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон гурван сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, хорих ялын хэмжээг 1 жил 9 сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэж,

4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э Шт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э Шт оногдуулсан 1 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж,

5 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Шээс нийт 8.550.000 төгрөгийг гаргуулан хохирогч З.Бт 5.785.000 төгрөг, О.Бд 2.765.000 төгрөгийг тус тус олгосугай. ...” гэснийг “...шүүгдэгч Э.Ш нь хохирогч З.Бт 5.785.000 төгрөг, О.Бд 2.765.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 90 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Т.ШИНЭБАЯР

                               ШҮҮГЧ                                                        С.БОЛОРТУЯА

                               ШҮҮГЧ                                                       Д.МӨНХӨӨ