Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 126/ШШ2025/0027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х****************** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Г.Д******************, 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Хулан,

Хариуцагч: Х****************** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Д******************нарын хоорондын аудитын улсын байцаагчийн акттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д******************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хулан, хариуцагч А.Д******************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгчээс анх шүүхэд Х****************** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Д******************д холбогдуулан “Х****************** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дүгээр актыг хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Х****************** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дүгээр актыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэжээ.

1.3. Улмаар хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан дээр нэхэмжлэгч Г.Д******************аас нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар тодруулахдаа “Х****************** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дугаар актыг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Х****************** аймгийн А******************сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар захирамжаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Д******************,  ыг “өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж, өргөдлөө өгсөн” гэсэн үндэслэлээр 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

2.2. Улмаар Х****************** аймгийн А******************сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/03 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан Г.Д******************д нэг удаагийн буцалтгүй тусламж 23.814.400 төгрөгийг олгохоор шийдвэрлэсний дагуу уг мөнгийг нэхэмжлэгчид олгосон.

2.3. Х****************** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дүгээр актаар нэхэмжлэгчид үндэслэлгүй олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж болох 23.766.285 төгрөгийг буцаан төлүүлэхийг А******************сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж шийдвэрлэсэн.

2.4. Нэхэмжлэгчээс уг актыг эс зөвшөөрч Сангийн сайдад гомдол гаргасан байх бөгөөд Сангийн сайдын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/6587 тоот албан бичгээр “...Х****************** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дугаартай төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5 дахь заалтад заасны дагуу хэвээр үлдээж шийдвэрлэв” гэсэн хариуг ирүүлсэн байна.

2.5. Улмаар нэхэмжлэгчээс 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Г.Д****************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Г.Д****************** нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс Х****************** аймгийн А******************сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдсөн. Ингэхдээ төрийн албан хаагчид өгдөг нэг удаагийн буцалтгүй тусламжид 23,766,285 төгрөгийг авсан.

Гэтэл Х****************** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын Х****************** аймгийн А******************суманд хийсэн хяналт шалгалтаар надад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжийг үндэслэлгүй гэж үзэж улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дүгээр актаар эргэн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Би 1982-1985 онд Ардын армийн 187 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан, 1986-1990 онд Х****************** аймгийн А******************сумын Хөгжил нэгдэлд эмчилгээ тэжээлийн цэгт боловсруулагч, аж ахуйн нярав, нэгдлийн нягтлангаар ажиллаж байсан. 1991-1992 онд Хөгжил компанид нягтлан, бригадын дарга, тоо бүртгэгчээр, 1996-2000 онд А******************сумын 2 дугаар багийн засаг дарга, 2006 оноос 2007 онд сумын Засаг даргын тамгын газрын даргаар, 2007 оноос 2012 онд сумын Соёлын төвийн эрхлэгчээр, 2020 оноос 2024 онд А******************сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо миний эрхэлж байсан Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга албан тушаал төрийн захиргааны ахлах түшмэлийн ангиллын ТЗ-5 зэрэглэлд хамаардаг. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд гэж ойлгоно гэж заасан. Тиймээс би төрийн захиргааны албан тушаал хашиж байсан төрийн албан хаагч тул өндөр насны тэтгэвэр тогтоолгож, нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй гэж үзэж байна. Би актыг хүлээн аваад Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргасан боловч сайдын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/6587 дугаар албан бичгээр актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хариуг ирүүлсэн. Би улсад 20 гаруй жил ажилласны дийлэнх хугацаанд нь төрийн албанд ажиллаж байсан бөгөөд сүүлийн эрхэлж байсан ажил маань түр орлон гүйцэтгэгч гэдгээс шалтгаалан бусад ажилласан жилийг минь бүхэлд нь үгүйсгэж байгааг зөвшөөрөхгүй байна.

Иймд Х****************** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгч Г.Д****************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.Д****************** Х****************** аймгийн А******************сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 1, 1982-1985 оны хооронд цэргийн алба хааснаас хойш Х****************** аймгийн А******************суманд ажлын гараагаа эхэлж, 2024 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.

Энэ хугацаанд Х****************** аймгийн А******************сумын Хөгжил нэгдэлд аж ахуйн нярав, нягтлан, бригадын дарга, тоо бүртгэгч зэрэг ажлуудыг хийж байгаад зах зээл эхлэх үед 1996-2000 онд багийн Засаг дарга хийж байсан. 2006 онд Орхон аймагт Иргэний боловсрол, улс төрийн их сургуулийг төрийн удирдлагын менежмент мэргэжлээр сурч төгссөн. 2006 онд Х****************** аймгийн А******************сумын Засаг даргын Тамгын газрын даргаар түр ажилласан. 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Соёлын төвд ажиллаж байгаад 2012 онд ажлаа хүлээлгэж өгсөн. 2020 онд А******************сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл гүйцэтгэсэн. Ингээд төрийн албанд 20 гаруй жил ажилласан. 2025 онд төрийн албан хаагчийн Төрийн албаны тухай хуулийн дагуу 1 удаагийн буцалтгүй тэтгэмж авсан. Үүнийг буцааж төлүүлэхээр Санхүүгийн дотоод аудитын хяналтын улсын ахлах байцаагчаас акт тавьсан. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна. Нэхэмжлэгч маань Х****************** аймгийн А******************сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс тухайн хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Төрийн албаны тухай хуульд зааснаар тухайн албан үүргийг хэрэгжүүлж, төрөөс цалин хөлс авч төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдан ажиллаж байсан төрийн албан хаагч юм. Тиймээс нэхэмжлэгч нь 1 удаагийн буцалтгүй тэтгэмж авсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Х****************** аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дугаартай акт нь хууль бусаар гарсан байх тул хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна” гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар

4.1. Хариуцагч Х****************** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Д******************шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Гомбо овогтой Даринчулууны Х****************** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан асуудалд дараах тайлбарыг хүргүүлж байна. Х****************** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын 2025 оны хяналт, шалгалтын төлөвлөгөө, аймгийн Засаг даргын баталсан 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №9 тоот удирдамжийн дагуу А******************сумын төсөвт байгууллагуудад хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн ба санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, ахлах аудитор ажилтай А.Д******************миний бие тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023-2024 онуудын санхүү аж ахуйн үйл ажиллагаанд 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 26-ний өдөр хүртэл санхүүгийн хяналт шалгалт хийхэд төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг үндэслэлгүй олгосон байх тул үндэслэлгүй олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжийг төсөвт буцаан төвлөрүүлэх тухай улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-03/44 тоот төлбөрийн актыг тогтоосон болно. Уг актыг тогтоохдоо санхүүгийн анхан шатны баримтыг бүх талаас нь судалж үндэслэл бүхий акт тогтоосон ба дараах нөхцөл байдал хяналт шалгалтын үед баримтаар нотлогдсон болно. Үүнд.А******************сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоолоор Г.Д******************ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр /төрийн захиргааны албан тушаалын цалингийн шатлал ТЗ-9-2 оор цалинжуулах/ томилсон байна. Улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж, өргөдлөө өгсөн тул 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, /ИТХ-ийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээс/ 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд эргүүлэн томилох тухай” А******************сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 09 дүгээр захирамжаар буцаан ажилд нь томилон ажиллуулж байгаад 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 дугаартай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Г.Д******************ы өөрийн хүсэлтийг үндэслэн 10 дугаар сарын 22-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тухай албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-д “ерөнхий шалгалт”; 33.2.2-т “тусгай шалгалт өгөөгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшлийн шаардлага хангаагүй”, мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн түр орлон гүйцэтгүүлэх журамд нийцээгүй томилогдсон байна.

Гэтэл тус албан хаагчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь А******************сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн Б/03 тоот “Буцалтгүй тусламж олгох тухай” тушаалаар Г.Д******************д нэг удаагийн буцалтгүй тусламжийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн төлбөрийн хүсэлт 23,766,286 төгрөгийг олгосон байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 3.1.2-д “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг; 4.5-д “Төрийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдсон харилцааг энэ хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус зохицуулна”, 7.1.5-д “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах”; 10.1.2-т “төрийн захиргааны албан тушаал”; 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардпагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно”, 25.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно”, 27.1.2-т “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас”; 43.3-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг дараахь журмаар түр орлон гүйцэтгүүлнэ”, 43.5-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, 43.6-д “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно”, 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ийн 1.1-д “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө”, 5.2-т “Төрийн албанд хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг хянаж үзсэний үндсэн дээр төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг тус тус зөрчиж төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд түр томилогдож ажиллаж байсан этгээдэд буцалтгүй тусламж олгосон.

2. Нэхэмжлэгч Г.Д****************** нь үндэслэлгүй олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжийг төсөвт буцаан төвлөрүүлэх тухай улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-03/44 тоот төлбөрийн актыг эс зөвшөөрч Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын 11 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо Сангийн яамны санхүүгийн хяналт шалгалтын ерөнхий байцаагчид гаргаж улмаар Сангийн сайдын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/6587 дугаар “Гомдлыг хянасан тухай” шийдвэрээр актыг үндэслэл бүхий болохыг баталгаажуулсан байна.

3. А******************сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Д******************д хяналт шалгалтын явцад 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 11 цаг 43 минутад 9890-9554 дугаартай Жи мобайлын сүлжээний утсанд холбогдон өөрт нь нөхцөл байдлыг танилцуулсан ба нэхэмжлэгч хяналт шалгалтын явцад өөрийн биеэр ирж уулзсан болохыг дурдаж байна.

4. Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл заасны дагуу тус тэтгэмжийг олгосон эрх бүхий албан тушаалтан нарт сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэн хариу тайлбарыг авсан болно.

5. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь хэсэгт “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэсэн заалт, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 5 дахь заалт Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ гэж заасны дагуу үндэслэлгүй олгосон нэг удаагийн тэтгэмжийг Г.Д******************аар нөхөн төлүүлэхийг А******************сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ж******************, ажлын албаны дарга Б.У******************, нягтлан бодогч М.Үүрийнбаяр нарт хариуцуулсан байна” гэжээ.

4.2. Хариуцагч Х****************** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Д******************шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санхүүгийн дотоод аудитын газрын 2025 оны төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг даргын баталсан 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 9 удирдамжийн дагуу А******************сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023-2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг хэрэгжүүлэх явцад санхүүгийн зөрчил илэрсэн. Санхүүгийн зөрчилд одоогийн нэхэмжлэгчийн гаргаж байгаа төрийн албан хаагчид олгосон 1 удаагийн буцалтгүй тусламжийг олгосон асуудал байсан. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч гэж Төрийн албаны тухай хуулийн 3.1.1-д зааснаар төрийн албан хаагч төрийн алба зорилт чиг үүргийг Монгол Улсын хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хийж хэрэгжүүлэх төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг, 3.1.2-д зааснаар төрийн албан хаагч гэдэг нь төрийн албан тушаалыг эрхэлж, эрх үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч ажиллах, нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг, 3.1.5-д зааснаар албан тушаалын тодорхойлолт гэж тухайн албан тушаалыг чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх, албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ гэж заасан.

Г.Д******************ы эрхэлж байсан албан тушаал бол Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төрийн захиргааны албан тушаал буюу төрийн жинхэнэ албан тушаал. Төрийн жинхэнэ албан тушаалд албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу тусгай шалгалт болон эрх бүхий байгууллагын шалгалтыг өгч ажил үүрэг эрхлэх эрх үүсдэг. Төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хүлээсэн эрх үүргийг эдэлж, ажиллаж байгаа энэ хүн бол төрийн албаны хууль бус томилгоотой буюу тухайн мэргэжил, ажил, албан тушаалд төрийн албаны зохих шалгалтыг өгөөгүй. 2020 оноос хойш хууль бус томилгоотой албан хаагч ажилласан байдаг. Үүнтэй холбоотой асуудлыг шат шатны Төрийн албаны төв байгууллага, Төрийн албаны Х****************** аймаг дахь салбар зөвлөл гээд эрх бүхий байгууллагуудаас түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтанд шаардлага зөвлөмжийг удаа дараа хүргүүлэн байдаг.

Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсанаар мөн Төрийн албаны тухай хуулийн 7.1.5-д төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтална. 10.1.2-т төрийн захиргааны албан тушаал, 23.2-д хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлага хангасан иргэнийг томилно. 25.1-д хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно. 27.1.2-т төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхнө гэж заасан. Төрийн жинхэнэ албан тушаалыг дараах байдлаар түр орлон гүйцэтгүүлнэ гээд түр орлон гүйцэтгэх журмыг төрийн албаны тухай хуульд зааж өгсөн байдаг. Энэ хуулийн 43.5-д төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд, цалин урамшуулах олгох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална. Энэ хуульд заасан журмыг зөрчиж төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно гэж заасан заалтыг тус тус зөрчиж, төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд түр томилогдон ажиллаж байсан этгээдэд үндэслэлгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийн эрх үүргийг хүлээж ажилладаг өөрөөр хэлбэл тангараг өргөж ажилладаг төрийн жинхэнэ албан хаагчид олгодог тэтгэмжийг өгсөн гэж үзэж байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ”, 103.2-т “Энэ хуулийн 103.1-д зааснаар буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэсэн. Захиргааны ерөнхий хууль батлагдсан цагаас манай дотоод аудитын газрын нэгж нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу эрх үүргийн хүрээнд хууль бус томилгоотой төрд учирсан хохирлыг барагдуулах талаар ажиллаж байгаа. Энэ чиг үүргийн хүрээнд удирдамжид тодорхой заалтууд байгааг та бүхэн харж байгаа байх. Хэргийн материалд байгаа. Тэгэхээр улсын ахлах байцаагч өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд төрд учирсан хохирлыг барагдуулж, үндэслэлгүй олгосон 1 удаагийн буцалтгүй тусламжийг буцааж орон нутгийн орлогын дансанд буюу төрийн дансанд буцаан төвлөрүүлэх төлбөрийн акт тогтоосон. Энэ төлбөрийн актад дотоод аудитын дүрэмд зааснаар санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч буюу Сангийн сайдад тухайн хариуцагч маань гомдлоо гаргах эрхтэй. Энэ гомдлын дагуу санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч хянаад улсын байцаагчийн тавьсан акт үндэслэлтэй байна гэж үзсэн. Тийм учраас би тухайн албан тушаалын чиг үүргийн хүрээнд хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлж төлбөрийн акт тогтоосон” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  2. Нэхэмжлэгчээс “...Төрийн албаны тухай хуульд зааснаар тухайн албан үүргийг хэрэгжүүлж, төрөөс цалин хөлс авч төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдан ажиллаж байсан төрийн албан хаагч нэхэмжлэгч мөн. Тиймээс нэг удаагийн буцалтгүй тэтгэмж авсан нь хууль зүйн үндэслэлтэй...” гэж, хариуцагчаас “... Төрийн албаны тухай хууль зөрчиж төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалд түр томилогдож ажиллаж байсан этгээдэд буцалтгүй тусламж олгосон нь хууль бус тус акт тавьсан ...” гэж тус тус маргажээ.
  3. Маргаан бүхий акт болох Х****************** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дүгээр актаар нэхэмжлэгчид үндэслэлгүй олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж болох 23.766.285 төгрөгийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
  4. А******************сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоолоор (1 дүгээр хавтаст хэргийн 36 дугаар тал) нэхэмжлэгчийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх бөгөөд Х****************** аймгийн А******************сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар захирамжаар (1 дүгээр хавтаст хэргийн 37 дугаар тал) түүнийг “өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж, өргөдлөө өгсөн” гэсэн үндэслэлээр 2024 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

5. Улмаар Х****************** аймгийн А******************сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/03 тоот тушаалаар (1 дүгээр хавтаст хэргийн 39 дүгээр тал) өндөр насны тэтгэвэрт гарсан нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламж 23.814.400 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна.

6. Үүний дагуу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр (1 дүгээр хавтаст хэргийн 40 дүгээр тал) дээрх нэг удаагийн буцалтгүй тусламж болох 23.766.286 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлжээ.

7. Х****************** аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09 дугаартай удирдамжаар (1 дүгээр хавтаст хэргийн 30-32 дугаар тал) А******************сумын төсөвт байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр шийдвэрлэж, улмаар хяналт шалгалтын үр дүнд маргаан бүхий акт гарсан байна.

8. Маргаан бүхий акт болох Х****************** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дүгээр актаар нэхэмжлэгчид үндэслэлгүй олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж болох 23.766.285 төгрөгийг буцаан төлүүлэхийг А******************сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж шийдвэрлэсэн.

9. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна”, 69.5-д “Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална”, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлагад хяналт тавьж акт гаргах эрхтэй байна.

10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...төрийн жинхэнэ албан тушаалын албан хаагчийг томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрхийг Төрийн албаны тухай хуулиараа Төрийн албаны төв байгууллага өөрт нь олгосон байна. Төрийн албаны төв байгууллагаас миний үйлчлүүлэгчийн хууль бусаар томилогдон ажиллаж байсантай холбоотой хяналт шалгалт хийгдээгүй байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Төрийн албаны Х****************** аймаг дахь салбар зөвлөлөөс ирүүлсэн албан бичгээр нотлогдож байгаа... нэхэмжлэгч Г.Д****************** гуайн эрхэлж байсан албан тушаал нь бол төрийн жинхэнэ албан тушаал” гэжээ.

11. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө.”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Төрийн албанд хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг хянаж үзсэний үндсэн дээр төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэнэ.” гэж тус тус заажээ.

12. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албан хаагч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй бөгөөд тухайн нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу томилогдсон эсэхийг нягтлах үүрэгтэй байна.

13. Хэдийгээр нэхэмжлэгчийн томилогдон ажиллаж байсан албан тушаал болох А******************сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх боловч нэхэмжлэгч Г.Д******************ыг тус албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.2, 43.4, 43.6, 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтыг зөрчсөн талаар Төрийн албаны зөвлөлийн Х****************** аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/90 тоот зөвлөмжөөр ( 2 дугаар хавтаст хэргийн 10-14 дүгээр тал) тогтоосон байна.

14. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Г.Д****************** нь төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй атлаа уг албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан “... Ерөнхий шалгалт өгөх гээд шаардлага хангаагүй. Нэгэнт ажилд орчихсон учраас өөрийн хэмжээнд ажиллаж байсан. Төрийн албаны болзол шаардлагыг хангаагүй ч төрийн ажлыг унагаагүй гэж бодож байгаа...” гэх тайлбар болон Төрийн албаны зөвлөлийн Х****************** аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13/88 тоот албан бичгээр (1 дүгээр хавтаст хэргийн 230-231 дүгээр тал) тогтоогдож байна.

15. Гэтэл А******************сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь уг нөхцөл байдлыг үл харгалзан нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон нь үндэслэлгүй.

16. Өөрөөр хэлбэл, дээрх нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх нь төрийн улс төрийн албан хаагчаас бусад буюу төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албан хаагчид хамаарах байтал төрийн жинхэн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид уг эрхийг эдлүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д нийцэхгүй, уг байдлыг илрүүлж буцаан төлүүлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн хариуцагчийн гаргасан акт хууль зүйн үндэслэлтэй.

17. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын ахлах байцаагч нь дээрх захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйл нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйл болон 27 дугаар зүйл сонсох ажиллагаа явуулах гэж захиргааны акт гаргахдаа заавал хийж гүйцэтгэхээр хуульчилсан байдаг ажиллагааг хийгээгүй” гэжээ.

18. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зохицуулсан сонсох ажиллагааны зорилго нь захиргааны байгууллага захиргааны акт чиглэж буй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох зорилготой бөгөөд уг тайлбар саналын агуулга, ач холбогдол, тэдгээрийг аваагүй нь захиргааны гаргасан шийдвэрт нөлөөлөхүйц байх тохиолдолд тухайн актыг хүчингүй болгох үндэслэлтэй.

19. Маргаан бүхий акт нь дээр дурдсанаар үндэслэлтэй болох нь тогтоогдож байхад сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь нэхэмжлэгчийн хууль зөрчин томилогдсон үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй.

20. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Х****************** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч А.Д******************д холбогдуулан “Х****************** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дугаар актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий Г.Д******************ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.5, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан Х****************** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан “Х****************** аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын улсын ахлах байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 36-04/44 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч Г.Д******************ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ч.МӨНХБОЛОР