Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 313/ШШ2025/00235

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД: *******/

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Баттүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.******* нь С.*******тэй 1995-2015 он хүртэл гэр бүл болж 2 хүүхдийн аав ээж болж, мал маллан амьдарсан. 2015 онд миний нөхөр С.******* нь нас барсан. 2015 оноос өдгөөг хүртэл миний бие малаа маллан амьдарч байна. Миний бие С.*******тэй 2006 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд одоо миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1995-2006 оны малын А данс өрхийн тэргүүн болох С.*******гийн нэр дээр тоологдсон байх тул малчнаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа нотолж чадахгүй хохироход хүрээд байна. Иймд миний бие 1995-2006 онд гэр бүлийн хүн болох С.*******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгож, малчин байснаа нотолж өндөр насны тэтгэвэртээ гарах хүсэлтэй байна.

Иймд ******* овогтой ******* миний биеийг С.*******тэй 1995 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие ******* овогтой ******* нь 1995-2015 он хооронд нөхөр ******* овогтой *******тэй хамтран амьдарч байсан. Одоо шүүхээр 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг нөхөр болох ******* овогтой *******тэй хамтран амьдарч байсныг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь 1995 онд *******ийн *******тэй гэр бүл болсон. Анхны хүүхдээ 1995 онд төрүүлээд бид айл болж мал маллаж амьдарсан. Хоёр дахь хүүхдээ 2000 онд төрүүлсэн. С.******* бид хоёр 1995 оноос 2015 он хүртэл хамт амьдарсан. Бид 2006 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Одоо гэрлэлтээ бүртгүүлснээс өмнөх амьдралаа шүүхээр баталгаажуулах хүсэлтэй байгаа. 1995 оны 07 дугаар сарын 10-ны өдөр анхны хүүхдээ төрүүлчхээд би тэр айлд очиж амьдарсан. Би малчнаар тэтгэвэрт гарах гэж байгаа. Одоог хүртэл мал маллаж байна гэв.

Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Д.*******, Д.******* нарын төрсний гэрчилгээний болон иргэний үнэмлэхийн хуулбарууд, Өмнөговь аймгийн Сэврэй сумын багийн засаг даргын тодорхойлолт, С.*******гийн нас барсны гэрчилгээний хуулбар, 1989 болон 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 186 дугаартай лавлагааны хуулбар,

гэрч А.*******, Б. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч А.*******, Б. нарын гараар бичсэн тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр А.*******, Б. нараас гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А.******* нь 1995 оны 01 дүгээр сарын 01-нийн өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл С.*******тэй хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлав. Үүнд:

1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа,

2. С.*******, А.******* нар 2006 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлийн 82 дугаарт бүртгэв гэх гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

3. Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03-06/1975 дугаартай 1989 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаанд: Өмнөговь аймгийн Сэврэй сум: Өрхийн тэргүүлэгч: Дамдингийн ******* 37 настай, *******гийн ******* 13 настай... гэж бичигджээ.

4. 3. Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03-06/1980 дугаартай 2000 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаанд: Өмнөговь аймгийн Сэврэй сум, Сайншанд баг, хөдөө: Өрхийн тэргүүлэгч: *******ын ******* 28 настай, *******гийн ******* 24 настай, *******гийн ******* 4 настай гэж бүртгэгдсэн байна.

5. Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 186 дугаартай Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн малчин С.*******гийн мал маллаж байсан хугацаа 1995-1996, 1998-2000, 2010, Сэврэй сумын Сайншанд багийн малчин А.*******ын мал маллаж байсан 2016-2024 онуудын жилийн эцсийн А дансанд бүртгэгдсэн малын тооны талаарх архивын лавлагааны хуулбар,

6. 1995 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Д.*******, 2000 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Д.******* нарын төрсний гэрчилгээний хуулбар,

7. С.*******гийн нас барсны гэрчилгээний хуулбар,

8. Гэрч А.Нямүсрэнгийн А.******* нь Сэврэй сумын 8 жилийн сургуулийг 1983-1991 онд сурч төгссөн, 1991-1993 онд Баяндалай сумын ЕБС-д сурч төгссөн. Манай доод ангид суралцаж байсан болохоор мэдэж байна. Мөн 1995 онд С.*******тэй айл гэр болон Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн нутаг Эргэн хонд гэх газар мал маллаж одоог хүртэл амьдарч байгаа. Нөхөр болох С.******* нь 2015 онд нас барсан. Түүнээс өмнөх хугацаанд А.*******тай амьдарч байсан гэх мэдүүлэг,

9. Гэрч Б.ын А.******* нь 1993 онд сургуулиа төгсөөд түүнээс хойш мал маллан амьдарч байгаа. 1995 онд С.*******тэй айл гэр болон Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн нутаг Шинэ ус, Эргэн хонд гэх газруудад мал маллаж одоог хүртэл амьдарч байгаа. Нөхөр болох С.******* нь 2015 онд нас барсан. Түүнээс өмнөх хугацаанд А.*******тай хамт мал маллан амьдарч байсан гэх мэдүүлэг,

10. Гэрч А.*******, Б. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн талаарх багийн Засаг даргын тодорхойлолт, гараар бичсэн тодорхойлолтууд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* нь 1995 оны 01 дүгээр сарын 01-нийн өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нөхөр С.*******тэй хамт амьдарч байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ыг 1995 оны 01 дүгээр сарын 01-нийн өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нөхөр овогт *******ын *******тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН