| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2018/0063/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/092 |
| Огноо | 2018-04-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Цогжавхлан |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/092
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч : Д. Цогжавхлан,
Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,
Шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,
шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000000038 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Боржигон овогт Г.Х
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн Боржигон овогт Г.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Х, Г.Н нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ”New Star” зочид буудлын захирлын өрөөнөөс камерын ДВР, 201 тоот өрөөнөөс “Iphone 6” маркийн гар утас, бэлэн мөнгө 200.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 1200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Миний бие тогтоолтой танилцлаа. Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. Тус өдөр манай найз болох Г.Н гийн төрсөн өдөр нь байсан юм. Тэгээд манай найзууд түүний төрсөн өдрийг тэмдэглэх гэж бодоод “Шар бүрд”-ийн урд талд Г.Н /80909209/, А.Ё /утасгүй Эрдэнэцогт суманд байдаг/, Н, Ч.Д /88136411/ бид хэд уулзацгаасан юм. Тэгээд шөнөдөө нэг газар ороод ууя гэж яриад “Шар бүрд” дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн “Соёрхол” архи, 1 ширхэг том пиво 2.5 литрийн, ууж идэх бусад зүйлсийг авсан юм. Дээрх зүйлсийг худалдан аваад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Есөнбулаг” 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нью Стар” зочид буудал дээр очсон юм. Тэнд очиход 21 цаг өнгөрч байсан байх цагийг сайн мэдэхгүй байна 2 ортой 25.000 төгрөгийн үнэтэй өрөөг авсан юм. Хамгийн анх 205 тоот өрөөнд орсон боловч манай найзууд энэ өрөөний ор нь сонин байна. Өөр өрөөнд оръё гээд солиулсан юм. Солиулсан өрөөний тоотыг нь санахгүй байна. Манай байсан өрөө “Нью стар зочид буудлын хоёр давхар луу шатаар гарахад урдаас харсан байдалтай өрөө байсан. Тэгээд тэр өрөөнд бид нар даалуу тоглоод нөгөө авчирсан юмнуудаа хуваагаад уусан юм. Уух явцад А.Ё бид хоёр хоорондоо маргалдсан юм. Тэгээд өрөөнөөс бид нар бүгдээрээ гараад “Нью стар” зочид буудлын үүдэнд Ё бид хоёр хоорондоо барилцаж аваад салцгаасан юм. Нэг их зодоон цохион болоогүй. Тэгээд эвлэрээд буцаж ороод үлдсэн юмнуудаа ууж дуусгасан юм. Түүнээс хойш би тасарсан болохоор юу болсон талаар ерөөсөө санахгүй байна. Нэг мэдэхэд нагац ах болох Баянмөнхийн гэрт ирсэн унтаж байсан юм. Өглөө сэрээд хадмындаа очсон юм. Тэдний гэрт очоод куртикний кармаг үзэхэд I рhone маркийн хар дэлгэцтэй, хойд хэсэг нь саарал утас байсан. Хэний утас болохыг мэдэхгүй байсан болохоор би гэртээ байлгаж бай гэж бодоод тавьсан байсан юм Тэгсэн тус өдрийн маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр цагдаагаас эрүүгийн мөрдөгч Ч дуудаад Нью стар зочид буудлаас утас алга болсон байна гэхээр харин надад байна гэж гаргаж өгсөн юм. Утасыг хаанаас авснаа мэдээгүй байсан учир өөртөө байлгаж байсан юм аа гэж хэлсэн юм. Тэгсэн эрүүгийн мөрдөгч надад өөр бас хар хайрцаг алга болсон байна хаана байгаа бэ гэхэд нь би мэдэхгүй байна гэж хэлсэн юм. Тэгсэн Г.Н чи худаг дээр нэг юм шидэж хаясан гэж хэлэхээр нь тэнд очоод үзэхэд худаг дээр нөгөө зүйл нь байж байсан. Г.Нгийн хамт таксигаар очсон юм. Гадаа ерөнхийдөө харанхуй байсан. Баянмөнх ах надад хангинаад байсан юм. Үүрийн 05-06 цагийн хооронд ирсэн гэж ахыг хангинаад байхаар нь тэднийхээс гараад хадмындаа очсон юм. Н, Ё нар тэндээ хоносон юм шиг байна лээ. Д болохоор Н бид хоёртой хамт гараад гэр лүүгээ харьсан гэж байсан. Хэний утсыг авч кармалсан болов уу гэж бодсон юм. Нөгөө хэдээс хэний утас болохыг асуугаагүй. Ер нь бүгд нэлээн согтуу байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй. Ер нь намайг цохиогүй. Бид хоёр хоорондоо зүгээр барилцаж авсан юм. Эрүүгийн мөрдөгч Чт өгсөн юм. Янз бүрийн оролдсон зүйл байхгүй. Би бүр асааж ч үзээгүй. Утас унтраалттай байсан. Мөнгө байгаагүй. Хаанаас авснаа мэдэхгүй байна.Би өөрийнхөө үйлдсэн хэрэгтээ ихээр гэмшиж байна. Надад хөнгөн төрлийн ял оноож өгнө үү. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. гэх мэдүүлэг /хх-ийн 127-129/
.... Би одоо тухайн үед тэгж хэлснээ сайн санахгүй байна. Хажуу талын өрөө рүү би түрүүлж орсон юм. Нгийн хувьд болохоор хаалганы үүдэнд зогсож байсан юм. Би өрөөнд ороод орны хөлд байсан өмдний кармад байсан бор өнгийн түрийвчийг аваад дотор нь байсан мөнгийг аваад түрийвчийг үлдээсэн юм. Утас болохоор хажуу талын сандал дээр байсан. Утас нь унтраалттай байсан. Би утсыг авсны дараагаар цэнэглэж үзээгүй. Утас болон мөнгийг аваад би хажуу талын өрөө рүү ороод Нд яг тухайн үед юу юу авсан талаар хэлээгүй юм. Гэхдээ түүний хувьд намайг хулгай хийсэн талаар мэдсэн. Дгийн хувьд үйлчлэгч эгчээс хоол асуух гэж доошоо буугаад үйлчлэгчийг байхгүй болохоор буцаад дээшээ явсан, юм. Тэгсэн Н надад камерын бичлэгт наад зүйлс чинь бичигдсэн байгаа гэхээр нь би ДВР төхөөрөмжийг салгасан юм. Тухайн үед Н үүдэнд зогсож байсан. Д байхгүй байсан. Д түрүүлээд гараад явсан. ДВР төхөөрөмжийг би салгасан юм. ДВР төхөөрөмжийг салгаад куртикний дотор хийгээд авч гарсан юм. Д байхгүй байсан. Архи ууснаас болоод хулгай хийсэн байх тэндээс санааг гаргаад хулгайлсан зүйл байхгүй. Дгийн хувьд түрүүлээд явж байсан. Н хоёр ард нь явж байсан юм. Тэгээд би өврөөсөө нөгөө ДВР-г гаргаж ирээд худгийн тэнд хаясан юм. Дгийн хувьд ДВР-ийг хаяж байх үеийг бол хараагүй. Нд 50.000 билүү 60.000 төгрөгийг өгсөн. Би болохоор зуун хэдэн мянган төгрөгийг зарцуулсан юм. Сайн мэдэхгүй байна. Нөхөн барагдуулах болно.Би өөрийнхөө үйлдсэн хэрэгтээ ихээр гэмшиж байна. Надад хөнгөн төрлийн ял оноож өгнө үү. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. гэх мэдүүлэг. /хх-ийн 130-131 /,
2. Шүүгдэгч Г.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Шүүгдэгч Г.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Тус өдөр 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байсан ба миний төрсөн өдөр байсан юм. Тэгээд бид нар миний төрсөн өдрийг тэмдэглэх гэж “Шар бүрд" дэлгүүрийн урд 19-20 цагийн хооронд байх А.Ё, Н,Ч.Д, Г.Х бид хэд уулзацгаасан юм. Тэгээд нэг газарт орж жоохон тоглож юм ууя гэж бодоод Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нью Стар” зочид буудал дээр очсон юм. Тийшээ очихоос өмнө нөгөө хэд Шар бүрд дэлгүүр лүү ороод 1 шил 1 литрийн “Соёрхол” архийг өөр тэгээд ундаа авсан байсан. Бид нар тэнд очоод 2 ортой 25.000 төгрөгийн үнэтэй өрөөг авсан юм. Манай байсан өрөө “Нью стар” зочид буудлын хоёр давхар луу шатаар гарахад урдаас харсан байрлалтай өрөө байсан.Тэгээд зочид буудлын өрөөнд даалуу тоглосон юм. Тоглох явцдаа нөгөө “Соёрхол” архийг хуваагаад уусан юм. Архийг ууж байхдаа Х, Ётэй муудалцаад байсан. Тухайн үед тэр хоёр хоорондоо нээх олигтой зодолдсон зүйл байхгүй. Тэр хоёрыг салгахад Н, Ётэй хамт унтаад өгсөн. Д болохоор бас өрөөнд унтаж байсан юм. Тэгээд Г.Х бид хоёр өрөөнөөс гараад 1 давхар луу очоод үйлчлэгчээс 2 ширхэг пивийг худалдан авсан юм. Тэгээд Х бид хоёр цуг өрөө рүүгээ орсон юм. Өрөөнд ороод байж байхдаа Х хажуу талын өрөөнд байсан хүмүүс мөнгөтэй байх өрөөрүүн оръё гэж хэлэхээр нь яах гээд байгаа юм бэ гэхэд зүгээрээ оръё гэхээр нь бид хоёр хажуу талын өрөөний үүдэнд очсон юм. Тэгээд Х хажуу талын өрөөний хүмүүс байсан хаалгыг нээгээд түрүүлж явж орсон. Би болохоор хаалганы үүдний хэсэгт шагайгаад зогсож байсан юм. Тухайн үед тэр өрөөнд 3 хүн байсан. Тэд нар болохоор унтаж байсан юм. Х болохоор нөгөө хүмүүсийг унтаж байгааг шалгаад шалан дээр хэвтэж байсан өмдний кармаг нь ухаад түрийвчийг нь гаргаж ирж байгаа харагдсан. Тэгэхээр нь би эргэж гараад өөрсдийнхөө өрөөний хэсэг рүү очоод буцаад эргэж нөгөө өрөө рүү орж ирж байхад Х өөдөөс гарч ирж байсан ба тэгээд бид хоёр өөрсдийнхөө өрөө рүү орсон юм. Өрөөнд ороод чи яах гээд байгаа юм бэ яагаад хүний кармаг нь ухаад байгаа юм бэ гэхэд зүгээрээ гэж байсан. Тэгээд бид хоёр өрөөнөөс цуг гарсан юм. Х нөгөө үйлчлэгчийг хайгаад байсан юм. Ямар учраас хайсан эсэхийн мэдэхгүй байна. Камерын өрөө, хажуу талын билльярдынх нь өрөө рүү орж үзэхэд үйлчлэгч байхгүй байсан. Тэгээд дээшээ гараад Дг сэрээгээд түүнийг дагуулж доошоо нэг давхар луу буугаад бид гурав хяналтын камер луу үйлчлэгч эгчийг хайгаад очиход байхгүй байсан. Үйлчлэгч байхгүй байхаар Д дээшээ гарсан уу эсхүл шууд гадагшаа гарсан эсэхийн мэдэхгүй байна. Намайг хяналтын камертай өрөөнөөс гарч явж байхад Д урдаас гарч ирээд тэгээд бид хоёр гараад гадаа байж байсан юм. Х болохоор доор нөгөө хяналтын камерын өрөөнөөс саарал өнгийн ДВР төхөөрөмжийг салгаж авсан юм. Тэгээд бид нар таксинд суугаад гэр лүүгээ харьцгаасан юм.Байгаа байх гэж таамаглаж хэлсэн. Дгийн хувьд болохоор үйлчлэгч эгчийг хайж байгаа гэж бодсон. Түүнийг буцаад гараад явахаар нь би Хт камерын бичлэгт наад зүйлс чинь бичигдсэн гэсэн чинь Х ДВР төхөөрөмжийг нь салгасан юм. Д түрүүлээд гараад явсан. Х болохоор ДВР төхөөрөмжийг салгасан юм. Миний хувьд болохоор хаалганы үүдний хэсэгт зогсож байсан юм. Тэгээд би гараад миний араас Х гарсан юм. ДВР төхөөрөмжийг Х куртикний дотор хийсэн байсан. Надад маргааш нь мөнгө авсан гэж хэлээд 60.000 төгрөгийг өгсөн. Мөн утас авсан талаар хэлсэн. Утасыг болохоор гэрт байгаа гэж хэлсэн.Хүрэн өнгийн юүдэнтэй цамцтай гадуураа куртиктэй байсан юм.Х гаргасан.Дгийн хувьд түрүүлээд явж байсан. Бид хоёр ард нь явж байсан юм. Тэгээд Х өврөөсөө нөгөө ДВР-г гаргаж ирээд худгийн тэнд хаясан юм. Дгийн хувьд ДВР-ийг хаяж байх үеийг бол хараагүй. Үгүй надад тэр талаар хэлээгүй. Би өөрийнхөө үйлдсэн хэрэгтээ ихээр гэмшиж байна. Надад хөнгөн төрлийн ял оноож өгнө үү. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. гэх мэдүүлэг /хх-134-136/
4. Шүүгдэгч Г.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
5. Хохирогч Б.Одмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2018 оны 01 сарын 24-ны өглөө New star зочид буудал дээр 10 өнгөрөөгөөд ирсэн. Энэ зочид буудал нь манай нөхрийн нэр дээр байдаг АА Нэгж юм. Намайг өглөө ажил дээр ирэхэд миний өрөөний камерын DVR алдагдсан байна гээд манай үйлчлүүлэгч Ц надад хэлэхээр нь цагдаад мэдэгдсэн. Бас манай буудалд байрлаж байсан залуугийн өрөөнөөс I phone-6 маркийн гар утас алдагдсан байсан. Би 2013 оны DVR, камерын оролтын утас, толгой зэргийг 500000 төгрөгөөр худалдаж авч байсан. 8 сувагтай 2 гб багтаамжтай байсан. Ийм үзүүлэлтийг худалдаж авахад DVR нь 240000, хард нь 280000 төгрөгөөр худалдаж авахаар байна. Надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 46-48 /,... ДВР төхөөрөмжийн хувьд хэвийн ажиллахгүй байсан. Хард диск нь доргихоор бичлэгийг хэвийн хадгалж чадахгүй мөн гацдаг болдог юм. ДВР төхөөрөмжийг асааж бичлэгийг ухрааж үзэхэд гацаад хэвийн биш байсан. Би өөрөө өдөр болгон хяналтын камерыг ажиллуулж хянадаг байсан ба өмнө тэгж гацдаг зүйл байхгүй байсан. Иймд ДВР төхөөрөмжийг биш мөнгийг нь төлүүлж шинийг авмаар байна. Анх үзэхэд хойд хэсгийн 1 ширхэг оролт нь ажиллахгүй байсан ба тэр нь хэрэг үйлдэгдэхээс өмнө эвдэрсэн байсан талаар манай ажилчид хэлж байсан юм. Дэлгэцтэй холбогдох утаснуудын үнэлгээг гаргуулах шаардлагагүй. Камерын цагийн хувьд болохоор 2-3 цагийн зөрөөтэй байсан. Зочид буудалд хяналтын камер байхгүй болохоор гэмт хэрэг гарах өндөр магадлалтай байна. Иймд түргэн шуурхай хохирлыг минь барагдуулж өгнө үү. Надад нэмж хэлэх зүйл байхгүй байна. гэх мэдүүлэг. /хх-ийн 49-50 /,
6. Хохирогч Д.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2018 оны 01 сарын 24-ны өглөө New star зочид буудалд хоноод гарах гэхэд миний I phone-6s гар утас, 200000 төгрөгийн хамтаар алга болсон байхаар нь цагдаад хандсан. Миний гар утас ширээн дээр байсан. 200000 төгрөг нь түрийвчинд байсан. Дэлгэцийнх нь шилэн наалт нь хагарсан, гадуураа шаргал өнгийн гэртэй, саарал өнгийн гар утас байгаа. 200000 төгрөгийн сери дугаарыг мэдэхгүй. 20000, 10000 төгрөгийн дэвсгэртүүд холилдсон байгаа. Надад шалгуулахаар хардаж байгаа хүн байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 53-55/,... 2018 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн цагийн яг сайн санахгүй байна. Найзууд болох Ариунсанаа Сэнгэмаа нарын хамт яваад очсон юм Бид нар болохоор Нью старын караокед дуулах гээд очсон боловч караоке нь ажиллахгүй байхаар нь 2 ортой 2 давхарт байрлах өрөө рүү орсон юм.Анх буудалд очих үед болохоор бид нар гайгүй очсон юм нээх архи дарс уусан зүйл байхгүй байсан. Буудлаас 1 шил “Охь" гэсэн архийг худалдан аваад түүнийг өрөөнд бид гурав хувааж уусан юм. Архийг ууж дуусахад ухаангүй болж тасарсан зүйл байхгүй би лав өөрийнхөө ухаан мэдрэлээ мэдэж байсан юм. Бид нар ер нь цуг л унтсан юм Одоо яг хэний нь түрүүлж унтсан эсэхийн мэдэхгүй байна Миний гар утас болохоор орны хөл хэсгээр байсан ширээний дээр нь байсан юм. Тухайн үед миний миний гар утас цэнэгүй болсон байсан.Миний түрийвч болохоор өмдний карманд байсан ба алдагдсан гэх 200.000 төгрөг тус түрийвч дотор байсан. Ерөнхийдөө тэр утас байсан гэх ширээ болон миний түрийвч хийсэн гэх өмд хаалгатай ойрхон байсан. Түрүүлж Сэнгэмаа явсан байсан. Намайг сэрэхэд өглөөний 09 цаг болж байсан байх цагийн сайн мэдэхгүй байна. Тэгээд утсаа хайж үзэхэд байхгүй мөн миний түрийвчинд байсан мөнгө алга болсон байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн юм. Бид нарын байрласан өрөө гаднаасаа онгойдог юм байна. Сэнгэмааг явсныг нь би мэдээгүй ээ. Манай хажуу талын өрөөнд байсан хүмүүс дуулж орилолдоод байсан. Ямар хүмүүс байсан эсэхийн мэдэхгүй байна Яг бид нарыг унтаагүй сэрүүн байх үеэр бол орж ирсэн асуудал байхгүй. Би болохоор тухайн өдрийн өмнөх өдөр нь 300 000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5234030056 дугаарын данснаас авсан юм Тус өдрийн хувьд миний биед 300 000 төгрөг байсан ба үүнээс би Караоке болон буудалд 100.000 төгрөгийг зарцуулсан байх гэж бодож байна. Надад учирсан хохирлыг түргэн шуурхай барагдуулж өгнө үү. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 56-58/,
... Миний гар утас I рhоnе 6 маркийн гар утас байсан. Худалдан аваад удаагүй 2017 оны 12 дугаар сарын эхээр 600.000 төгрөгөөр худалдан авсан юм. Одоо холбогдох баримтууд нь байхгүй байна. Ямар нэгэн эвдрэлгүй зүгээр ажилладаг утас байсан. Би алдсан 200.000 төгрөг, үнэлгээнээс гаргасан 500.000 төгрөг нийт 700.000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй байна. гэх мэдүүлэг. /хх-ийн 59-60/,
7. Гэрч Л.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2018 оны 01 дугаар сарын 24-ны өглөө захирлын өрөөнөөс камерын Р\/В, 201 тоот өрөөнд хонож байсан залуугийн гар утас бэлэн мөнгө алдагдсан. ВЮ93032113 регистрийн дугаартай Х гэдэг залуутай хамт нийтдээ 4 залуу манай буудлын 202 тоотод байрласан. Шөнө малгайтай улаан өнгийн цамц өмссөн залуу нь надаас пиво нэхээд байхаар нь 2 пиво өгсөн. Тэгсэн намайг 2 лаа хуваагаад ууя гээд хоргоогоод байхаар нь би зугтаад 103 тоот өрөөнд ороод нуугдсан. Унтаж байгаад өглөө 06 цагт сэрхэд нөгөө залуус өрөөндөө байж байсан. 07 цаг өнгөрөөгөөд тэдгээр залуус явчихсан. Даргын өрөөний хаалга онгорхой байхаар нь орсон чинь ОУК алга болсон байсан. Мөн 201 тоотод байсан хүний гар утас 200000 төгрөг алдагдсан байна гэж надад хэлсэн. Тэдгээр 4 залуус 202 тоотод байрлаж байсан . Манай камер хэвийн ажиллагаатай. Захирлын өрөө онгорхой байсан цоожилдоггүй юм. 201 тоот өрөө нь Би тэдгээр залуусыг танихгүй. Цагаан өнгийн Приус машинтай ирээд машинаа буудлын гадаа хонуулсан. Приус хэд нь юм мэдэхгүй ямар ч байсан Приус машин л байсан. Приусын дугаар нь 9432 БНХ юм уу 9435 БНХ байх. Надад нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 63-64/,
... Манайд надаас гадна Батцэнгэл, Цэенханд гэх хоёр хүн рессепшинээр ажилладаг юм. Тус өдрийн хувьд гэх юм бол би ээлжид гарч ажилласан юм. Ээлжид гарахдаа гарч буй өдрийн өглөөний 10 цагаас дараа өдрийн 10 цаг хүртэл 24 цагийн үүрэг гүйцэтгэдэг юм. New stаг зочид буудлын нэг давхарт караоке дээд талын 2 давхарт нийт 14 өрөө байдаг ба үүнээс 13 өрөөг нь манайх ажиллуулдаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр намайг ээлжээ хүлээж авахад дээд талын 13 өрөө бүгдээрээ сул хүнгүй байсан. Тэгээд 21 цагийн үед 5 залуу ирсэн юм. Тэд нар ирснээ 2 ортой энгийн 25000 төгрөгийн үнэтэй 202 гэсэн тоот өрөө үү орсон юм. Энэ өрөө байрлалын хувьд нэг давхрын шатнаас дээшээ өгсөж гараад зүүн гар тал руу эргэхэд эхний хаалга юм. Цагийн сайн санахгүй байна 23 цагийн үед байх тэр ирсэн залуус буудлын үүдэнд хоорондоо зодоон хийгээд байсан харагдсан. Тэгээд хэсэг байж байгаад бүгдээрээ буцаад ороод ирсэн.Тэр 5 залуугийн дараагаар ирсэн хүмүүс болохоор шөнийн 01 цагийн үед ирсэн ба 201 гэсэн тоот өрөө рүү орсон юм. Тэд нар болохоор нийт гурвуулаа хоёр эмэгтэй, нэг эрэгтэй ирсэн. Ирсэн нэг эрэгтэй болон намхандуу эмэгтэй нэлээн согтуу нөгөө нэг эмэгтэй нь гайгүй байсан. Тэгээд 201 тоот өрөөнд хүмүүс ирсний дараагаар би доод талын давхарт байх даргын өрөө рүү ороод хяналтын камераас хянаад сууж байхад 202 тоот өрөөнд байсан 5 залуугийн хоёр нь 201 тоот өрөөний үүдэнд эргэлдээд яваад байсан.Тэр хоёр залуугийн нэг нь улаан өнгийн малгайтай цамцтай гадуураа хар өнгийн куртиктэй, нэг нь бас хар өнгийн куртиктэй саарал өнгийн ороолттой нүүрээ харагдахааргүй болгож ороолтоор боосон байсан. Ороолт ороосон залуу нь нэлээн өндөр нөгөө нэг нь нээх өндөр биш дунд зэргийн нуруутай байсан. Өрөөнд унтаж байгаа хоёрын хувцсыг нь анзаараагүй ээ. Тэр хоёр залуу 201 тоот өрөөг шагайгаад байхаар нь би дээшээ гараад та хоёр яах гээд байгаа юм бэ гэж хэлэхэд за өрөө рүүгээ орлоо гэж хэлээд өрөө рүүгээ орсон. Тэгснээ намайг доошоо 1 давхар луу буухад буцаагаад гарч ирээд 201 тоот өрөөг шагайгаад байж байдаг юм. 201 тоот өрөөний хаалга хажуу хэсгүүдээрээ завсартай байдаг. Мөн гаднаасаа онгойдог хаалга байсан. Тэр хоёр залуу нэлээн олон удаа шагайгаад байсан ба яг бүр онгойлгож зогсож байсан юм алга байсан зөвхөн тэр хаалганы завсрын хэсгүүдээр нь дотор хэсгийг хараад байсан. Би ерөнхийдөө 02 цагаас 04 цаг хооронд тэр хоёр залуу руу битгий шагайгаад бай гэж 4-5 удаа очиж хэлсэн юм. Тэр хоёр залуу нэлээн согтуу 02 цагаас хойш унтахгүй яваад л байсан. Тэгээд 04 цаг өнгөрч байхад тэр хоёр залуу бууж ирснээ 450 граммын 2 шилтэй “Боргио” пивийг надаас мөнгөөр нь авсан юм. Тэгснээ тэр хоёр залуугийн улаан цамцтай нь надад хоёулаа хуваагаад уучихъя гэхээр нь би үгүй гэж хэлэхэд тэр дээшээ гараад явсан. Тэгэхээр нь би даргын өрөөг гаднаас хаачхаад цоожлоогүй юм. Караокены наад талд байх жижиг өрөө рүү орж хэвтсэн юм. Тийшээ ороод унтаад сэрсэн чинь өглөөний 06 цаг болж байсан. Тэгэхээр нь босоод гадагшаа гарч үзэхэд тэр таван залуугийн ирсэн цагаан өнгийн приүс маркийн машин тэнд байсан. Тэгээд би эргэж ирээд 103 тоот өрөө рүү унтсан юм. Сэрсэн чинь өглөөний 09 цаг болж байсан ба гадагшаа гарч үзэхэд нөгөө цагаан өнгийн машин алга байсан. Би эргэж орж ирэхэд даргын өрөөний хаалга нь онгорхой байсан ба орж үзэхэд хяналтын камерын дэлгэц гарахгүй бүрэлзээд байсан. Ойртож үзэхэд хар диск нь алга байсан. Тэгэхээр нь захирал болох Одмөнх рүү утасдаад хар диск алга болсон талаар хэлсэн юм. 2 давхар луу орж 202 тоот өрөө рүү ороход хэн ч байхгүй байсан. Одмөнх дарга ирээд байж байхад 201 тоот өрөөнөөс залуу нь бууж ирснээ утас, мөнгө алга болсон байна. Та нар дотроосоо аваа биз гэхэд манай захирал бид нар юу гэж тэгэх билээ бид нар бас юм аа алдсан байна гэж хэлсэн. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн юм. Галчаар Өлзий гарч ажилласан. Өлзийн хувьд болохоор 00 цагийн үед унтсан байх. 00 цаг хүртэл бол сэрүүн явж байсан. Түүний хувьд болохоор 102 тоот өрөөнд байсан. 04 цаг өнгөрч байхад 102 тоот өрөөний хаалгыг татахад хаалга нь цоожтой байсан. Өглөөний 07 цагт галч Өлзийн хувьд боссон байсан. 102 тоот өрөөний хаалгыг нь татахад цоожтой байхаар нь утсан байх гэж бодоод тогшоогүй юм. Хамгийн анх 205 тоот өрөө рүү оруулахад нарийхан өрөө байна гэж хэлээд 202 тоот өрөө рүү орсон юм. Мөнгийг болохоор нөгөө улаан цамцтай болон хар куртиктэй хоёр залуугаас өөр байсан 3 залуугийн нэг нь хийсэн, Сүүлд 04 цагийн үед улаан цамцтай залуу надад чи мөнгө авах уу. Хоёулаа пиво хувааж ууя яасан мөнгөнд дургүй хүн бэ гэж байсан. Надад хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Хоёр эмэгтэйн хамт ирсэн залуу тооцоог хийсэн ба тооцоог хийж байхад түрийвчинд нь нэлээн мөнгө байгаа харагдсан. Тэд нар 02 цаг хүртэл гэхэд унтаагүй байсан. Ер нь ойролцоогоор 03 цагийн орчимд унтсан байх. 201 тоот өрөөнд байсан өндөр туранхай хүүхэн 02 цаг өнгөрч байхад 2 ширхэг С+, 2 ширхэг пүүз тий гэсэн ундаа 1 ш цэвэр усыг нийт 10000 төгрөг худалдан авсан. 5 залуугийн хувьд болохоор ундааны юм аваагүй. 201 тоот өрөөний хүмүүс сүүлд 202 тоот өрөөний хүмүүс манай ундааг авч уусан байна. Ундааны сав нь тэдний өрөөнд байна гэж хэлсэн. 202 тоот өрөөнд С+ ундааны сав байсан. Малгайтай улаан цамцтай залуу хийсэн. 5000 төгрөг л гаргаж ирсэн. Ховд руу явна гэсэн 2 хүн 208 тоот өрөөнд байсан. Тэгээд 201, 202 гэсэн тоотуудад хүмүүс байсан. Ховд руу явна гэсэн 2 хүн шөнө өрөөнөөсөө огт гараагүй. Өглөө юм алга болсон байна гэхэд ч тэр хоёр өрөөндөө байж байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 65-68/,
8. Гэрч Ч.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би эрх үүргээ ойлгож мэдлээ. Надад асууж тодруулах зүйл байхгүй. Г.Х бид хоёр 10 жилийн нэг ангийн хүүхдүүд юм байгаа. Ах, дүү төрөл садны холбоо байхгүй. 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр манай найз болох Нгийн төрсөн өдөр нь байсан юм Тэгээд түүний төрсөн өдрийг тэмдэглэх гээд Н, Х, Ё, Н бид хэд 21 цагийн үед байх Шар бүрд худалдааны төвийн урд уулзацгаасан юм. Тэгээд нэг газар ороод даалуу тоглоё гэж бодоод 1 шил 1.700 граммын Соёрхол архи, 1 ширхэг том 2.5 литрийн пиво, нэг ширхэг түмний ундаатай аваад Нью стар зочид буудал руу яваад очсон юм. Бид нарыг тэнд очиход 22 цаг өнгөрч байсан байх яг цагийг сайн мэдэхгүй байна.Анх буудал руу бид дөрвүүлээ орсон юм. Нямцэрэн болохоор машинаа байрлуулчхаад гаднаас бид нарын дараагаар орж /ирсэн. Бид нар болохоор 2 ортой өрөөг 25.000 төгрөгөөр авсан юм. Хамгийн анх бид нарыг 2 давхрын нэг өөрөө рүү оруулахад ор нь нарийхан байхаар нь солиулаад 202 гэсэн тоот өрөө рүү орсон юм. Тэгээд тийшээ ороод нөгөө авчирсан юмнуудаа хуваагаад ууж сууж байхад Ётэй Х маргалдсан юм. Намайг 00 орчхоод ирсэн чинь тэр хоёр хоорондоо маргалдсан байсан. Тэгээд тэр хоёр буудлаас гараад буудлын үүдэнд хэсэг барилцаж авснаа больцгоогоод буцаад буудал руу орсон. Өрөө рүү орохоор нь Нд би Ёг бариулсан юм. Тэгээд тэр хоёр хэвтээд өгсөн. Бид нарыг гаднаас орж ирэхэд Х цуг орж ирснээ буцаад гараад явсан. Тэгэхээр нь Нг цаадах чинь хаашаа явчихваа чи араас нь яваад ир гэж хэлээд түүнийг явуулсан юм. Нг гарч явахаар нь би орны хөнжлийг аваад паарны хажуу хэсгээр дуг хийсэн байсан юм. Ойролцоогоор 30-40 минут болсон байх тэгсэн намайг Н сэрээгээд бид нар явлаа гэхээр нь би бас цуг явна гээд хамт явсан юм. Буудлаас хамгийн түрүүнд би гарсан юм. Миний араас Н гарсан гартаа 2 ширхэг шилтэй пиво барьсан тэр нь болохоор дундаа орсон байсан. Хамгийн сүүлд Х гарч ирсэн. Х цуг гарч ирснээ ард хоцроод байсан. Лав гартаа юм бариагүй байсан. Бид гурав бирж хүртэл алхаад такси бариад замдаа үлдсэн юм. Нөгөө хоёр болохоор цаашаагаа явсан юм. Н малгайтай бордуу улаан өнгийн цамтай, би болохоор цэнхэр цамтай, Ёндон болохоор саарал өнгийн цамцтай, Х саарал ороолттой байсан. 05 цаг болж байхад гарсан байх намайг гэртээ ороход 05 цаг 30 минут болж байсан. Буудалд Ё, Н хоёр үлдсэн. Тэр хоёр болохоор 03 цаг болж байхад гарсан гэж байсан. Нямцэрэнгийн эзэмшлийн машин юм байгаа. Тус өдрөөс хойш 2 хоногийн дараа цагдаа дээр ирээд байж байхад Х өөрөө цагдаад утсыг авсан талаар хэлж байсан. Тэгэхэд нь мэдсэн юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 69-71/, Өрөөнд Н, Х нар ирээд намайг сэрээгээд бид нар явлаа гэхээр нь би бас цуг явъя гэж хэлээд тэр хоёртой цуг 2 давхраас 1 давхар луу буугаад үүдний хэсгээс орж ирсэн байрлалаас баруун гар талын коридорын ханан дагуу байрласан захирлын өрөө гэсэн бичигтэй өрөө рүү зочид буудлын үйлчлэгчийг хайгаад ороход үйлчлэгч байхгүй байхаар нь би буцаад дээшээ 2 давхар луу гараад Нямцэрэнгээс 600 төгрөгийг авсан юм. Би тэгээд түүнээс 600 төгрөгийг авчхаад буцаад нэг давхар луу буугаад үүдний хаалганаас гараад явж байхад араас Н гарсан юм. Тэгээд Н бид хоёр үүдэнд зогсож байхад араас Х гарч ирсэн. Тэгээд бид нар алхаад явж байхад 5 дугаар сургуулийн ойролцоо Х ард хоцроод байсан тухайн үед гадаа хүйтэн байсан болохоор би түрүүлээд алхсан юм. Тэгээд таксинд суугаад гэр гэр лүүгээ харьцгаасан юм. Би тийшээ ороод л эргэж гарсан юм. Тэр хоёрыг тэнд юу хийгээд үлдсэн эсэхийн мэдэхгүй байна. Цагдаа дээр ирэхдээ мэдсэн юм. Намайг сэрээгээд бид нар явлаа гэхээр нь цуг явъя гэж хэлсэн юм. Надад өөр зүйл хэлээгүй. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 72-73/,
9. Гэрч П.Сэнгэмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Танил болох У бид хоёр тус өдрийн 21 цагийн үед “Цацрах” гэгээ караокед уулзсан юм. Тэнд байж байхад гаднаас Ариука ганцаараа ирсэн. Түүнийг болохоор би дуудсан юм. Караокед байж байгаад 23 цаг өнгөрч байхад тэндээс гараад Нью стар зочид буудал руу очсон юм. Бид гурав болохоор Нью стар зочид буудлын 2 давхарт байх 101 гэсэн тоот өрөө рүү орсон юм. Буудал ороод нэмж архи уусан юм. Ер нь хоорондоо юм яриад байж байгаад ойролцоогоор шөнийн 03 цагт унтсан юм. Би болохоор тэр хоёроос түрүүлж унтаад өглөө 08 цаг өнгөрч байхад сэрсэн юм. Намайг сэрэхэд нөгөө хоёр унтаж байсан. Тэгээд би гэр лүүгээ явсан юм. Ариука болон У хоёр тэнд үлдсэн Намайг гэртээ байж байхад У утсаар залгаад өрөөнөөс утас мөнгө алга болчихлоо хүрээд ир гэж хэлсэн. Хоёр орны голын хэсэгт нь ширээ байсан ба түүний дээр I рНопе 6 маркийн гар утас байсан. Бүх юмны тооцоог У өөрөө хийсэн юм. Түүний хувьд мөнгөтэй байсан. Үгүй. Манай байрлаж байсан өрөөний хаалга нь эвдэрхий байсан. Дотроо цоожтой мөртөө гаднаасаа онгойдог байсан. Гаднаас нь онгойдог болохыг нь маргааш нь мэдсэн юм. Би нээх анзаараагүй юм. Би таксигаар гэр лүүгээ харьсан юм. Намайг өглөө босоод явж байхад 08 цаг өнгөрч байсан. Гадаа цагаан өнгийн приус маркийн машин байсан. Надад алдсан зүйл алга байна.Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 74-76/,
10. Гэрч Ё.Бат-Өлзийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Б.Одмөнх нь “Нью стар" зочид буудлын эзэн нь юм байгаа. Бусдын бол танихгүй. Манай зочид буудалд 2 хүн галчаар ажилладаг юм. Тус өдрийн хувьд миний бие 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Ц бид хоёр байж байхад гадаа дөнгөж харанхуй болж байсан байх 5 залуу ирсэн. Анх болохоор дөрвүүлээ орж ирээд сүүлд нь нэг нь нэмэгдэж орж ирсэн юм. Тэд нар болохоор даалуу тоглох гэж байгаа гээд байсан. Түүнээс хойш би галлагаагаа хийгээд байж байсан юм. Би болохоор 01 цагийн үед унтсан юм. Намайг хувцас тайлдаг өрөөнд унтаж байхад 04-05 цагийн хооронд байх миний хэвтэж байсан өрөөнд 2 залуу орж ирсэн байхаар нь би өөрөө сэрсэн юм. Тэд нарт юу хийгээд явж байгаа бэ гэхэд юм хэлэхгүйгээр гараад явахаар нь буцаагаад унтсан юм. Тэгээд өглөө сэрсэн чинь Ц даргын өрөөнөөс ДВР алга болсон байна гэж хэлсэн. Би түүнээс яагаад энэ өрөөнд байгаагүй бэ гэхэд тэр хоёр намайг хөөгөөд байсан гэж хэлсэн. Бараан өнгийн хувцастай байсан одоо яг сайн санахгүй байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 77-78/,
11. Гэрч Г.Нямцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20-22 цагийн хооронд байх New star зочид буудалд Х, Н, Ё, Д тэгээд би нийтдээ тавуулаа Нямцэрэнгийн приус маркийн машинтай Нгийн төрсөн өдрийг нь тэмдэглэх гэж очсон юм. Бид нарын байрласан өрөө буудлын 2 давхарт байсан ба өрөөний тоотыг нь санахгүй байна. Бид нар болохоор 1.750 граммын “Соёрхол” архийг хувааж уунгаа даалуу тоглосон юм. Би нэлээн уусан байсан юм. Тэгээд нэг унтаад сэрсэн чинь Х болон Ё нар хоорондоо маргаж байхаар нь би Ёг тэвэрч аваад унтаад өгсөн юм. Тэгээд өглөө сэрэхэд нөгөө гурав байхгүй байхаар бид хоёр бас гарч явцгаасан юм. Тухайн үед 07 цаг өнгөрч байсан байх. Өнөөдөр цагдаад ирээд мэдлээ түүнээс өмнө мэдээгүй байсан юм. Үүдэнд хүн байхгүй байсан болохоор шууд гараад явцгаасан юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй6 гэх мэдүүлэг. /хх-ийн 79-80/,
12. Гэрч А.Ёгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20-22 цагийн хооронд байх New stаг зочид буудалд Х, Н, Н, Д тэгээд би нийтдээ тавуулаа Нямцэрэнгийн приүс маркийн машинтай очсон юм. Тоот өрөөг нь мэдэхгүй байна. Лав 2 давхарт байрлалтай байсан. Архи уугаад сууж байгаад Х бид хоёр хоорондоо маргасан юм .Одоо тухайн үед юунаас болоод маргаж муудалцсанаа санахгүй байна. 1.75 литрийн Соёрхлыг хувааж ууцгаасан юм. Би нэлээн уусан болохоор одоо тухайн үеийн зүйлсийг санахгүй байна. Сүүлд цуг байсан хүмүүсээс сонсоход гадаа гарч Хтай маргасан сураг байсан. Би өөрөө мэдэхгүй байна. Өглөө Н бид хоёр зочид буудлын өрөөнд үлдсэн байсан юм. Бусад нь шөнөдөө намайг тасарсан хойгуур явсан юм шиг байна лээ. Би тэд нарыг яг явж байгааг нь хараагүй юм. Н бид хоёр өглөөний 07-08 цагийн хооронд явсан юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,
13. Гэрч Г.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Г.Х болохоор манай төрсөн хүүхэд юм байгаа. Г.Нг манай хүүхдийн найз гэдгээр нь танина.Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би түүний хувийн байдлын талаар мэдүүлэг өгөх болно. Г.Х нь Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1993 оны 03 дугаар сарын 21-ны өдөр төрсөн. Одоо эхнэр бид хоёрын хамт 1-91-12 тоотод амьдардаг юм. Бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй. Төгс зам ХХК-д тогоочоор ажиллаж байгаа. Цэргийн алба хаагаагүй. Урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Г.Нгийн хувьд болохоор Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй. Мөн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Энэ хоёр хоёулаа төлөв, даруу аливаа юманд нухацтай ханддаг, найз нөхөд хамт олны дунд нэр хүндтэй хүүхдүүд юм байгаа. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/,
14. Гэрч Б.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Г.Х болохоор манай төрсөн хүүхэд юм байгаа. Г.Нг манай хүүхдийн найз гэдгээр нь танина. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би түүний хувийн байдлын талаар мэдүүлэг өгөх болно. Г.Нгийн хувьд болохоор Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй. Мөн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Г.Х нь Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1993 оны 03 дугаар сарын 21-ны өдөр төрсөн. Одоо эхнэр бид хоёрын хамт 1-91-12 тоотод амьдардаг юм. Бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй. Төгс зам ХХК-д тогоочоор ажиллаж байгаа. Цэргийн алба хаагаагүй. Урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Манай хүүхдийн хувьд болохоор төлөв даруу, ажилсаг аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг юм. Нг бол сайн мэдэхгүй байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/,
15. Гэрч Ч.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Танихгүй. Ах, дүү төрөл садны холбоо байхгүй. Дуудлагын хувьд 11 цаг өнгөрч байхад ирсэн шинжээч цагдаагийн дэслэгч Ө.Цэвээндоржийг оролцуулан хэргийн газарт үзлэг хийсэн. Хэргийн газрын үзлэгээр нийт 6 ширхэг гарын мөрийг бэхжүүлэн авсан. Би тэмдэглэлийн эхний хуудсанд нийт бэхжүүлэн авсан 6 ширхэг гарын мөрийг тусгасан ба хойд талын хуудсан тэд нарыг яг хаанаас бэхжүүлэн авсан болохыг тусгасан юм. Хэргийн газрын үзлэгээр ДВР төхөөрөмж байсан гэх ширээн дээрээс 1,2 гэсэн дугаараар дугаарласан 2 ширхэг гарын мөрийг илрүүлэн бэхжүүлсэн. 202 тоот өрөөнд байсан ногоон өнгийн +С гэсэн бичиглэлтэй ундааны саван дээрээс 3 дугаартай 1 ширхэг гарын мөрийг, мөн тус өрөөнд байсан Соёрхол гэсэн бичиглэлтэй архины шилэн дээрээс 4,5,6 гэсэн цифрээр дугаарласан 3 ширхэг гарын мөрийн илрүүлэн бэхжүүлж авсан. Г.Х, Г.Н нар ДВР төхөөрөмжийг “New star” зочид буудлын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах цагаан өнгийн худгийн орой дээр тавьсан байсныг өөрсдөөр нь заалгуулан авсан юм, I phone 6 маркийн гар утсыг болохоор Хыг гэрээс нь очиж өгсөн юм. Тухайн үөд би хэргийг Мөрдөн байцаах тасагт шилжүүлэхээр прокурорт өгсөн байсан болохоор албан ёсоор хурааж аваагүй юм. Утас бол унтраалтай байсан. Би дээрх ДВР болон гар утсыг шалгаж үзээгүй юм. Гар утасны хувьд угаасаа асахгүй байсан. Би тухайн үед хохирогч Д.Уаас асуухад хулгайд алдахаас өмнө цэнэг нь дуусаад унтарсан талаар хэлж байсан юм. Түрийвчинд байсан мөнгөний хагасыг нь авсан юм. Тоолж үзэхэд 140.000 төгрөг байсан гэж хэлсэн. Тал мөнгийг нь найздаа өрөндөө өгсөн юм. Үлдэгдэл мөнгийг өөрөө хэрэглэсэн талаар хэлж байсан. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. гэх мэдүүлэг /хх-н 87-89/ болон
Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн шинжээчийн “ДВР” 8 сувагтай 500000 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 93 /,
Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2018 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн шинжээчийн
“Iphone 6 s” гар утас 500000 төгрөг гэх дүгнэлт / хх-ийн 100 /, болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас хохирогч Б.Одмөнхөд хохирол 500000 төгрөг төлсөн гомдол саналгүй гэх бичгээр гаргасан хүсэлт нэг хуудас, хохирогч Д.Уын 5234030056 дугаартай ХААН банкны дансанд Хаас 700000 төгрөг төлсөн гэх орлогын мэдүүлэг нэг хуудас баримт шүүхэд шинээр гаргасан өгсөн болон хэргийн 35-43 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч нарын гар утаснуудыг битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, урьд ял шийтгэгдсэн тухай хуудас хх-ийн 155-156 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Х, Г.Н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Г.Х, Г.Н нарт холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нар нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “New star” зочид буудлын захирлын өрөөнөөс бичлэг хийх “ДВР” , 201 тоот өрөөнөөс “Iphone”-6 маркийн гар утас болон бэлэн 200000 төгрөг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Х, Г.Н нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар “ДВР” бичлэгийн хэрэгсэл, “Iphone”-6 маркийн утас зэргийг хураасан 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг эд мөрийн баримт “ДВР” бичлэгийн хэрэгслийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн тамгын газарт даалгаж, “Iphone”-6 маркийн гар утсыг худалдан борлуулж үнийг төрийн санд шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Х, Г.Н нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Уг хэрэгт шүүгдэгч Г.Хын “Самсунг Ж”-1 маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн, шүүгдэгч Г.Нгийн F-100 маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож дээрх утсыг эзэмшигч Г.Х, Г.Н нарт буцаан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Г.Х, Боржигон овогт Г.Н нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Г.Х, Боржигон овогт Г.Н нарыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Г.Х, Г.Н нарт тус тус нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Х, Г.Н нарт нэг / 01 / жилийн хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялыг нэг / 01 / жилийн хугацаагаар тус тус тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд ял оногдуулахыг дурдсугай.
5. Энэ хэргийн учир шүүгдэгч Г.Х, Г.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 21.5 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар “ДВР” бичлэгийн хэрэгсэл, “Iphone”-6 маркийн гар утсыг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, “ДВР”-ийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн тамгын газарт, “Iphone”-6 маркийн гар утсыг худалдан борлуулж үнийг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Г.Хын “Самсунг Ж”-1 маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн, шүүгдэгч Г.Нгийн “F-100” маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх утсыг эзэмшигч Г.Х, Г.Н нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Х, Г.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Х, Г.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ