Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/546

 

 

 

 

 

 

    2024           5              9                                           2024/ДШМ/546         

 

 

А.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Ч.Батбаатар,

           шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч С.Уламбаяр,  

           нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/297 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүдэгч А.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2406003990094 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн А.Б, 1992 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Хайрхан конкрейт” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:................................./;

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

А.Б нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын замд, “Тоёота приус” маркийн 47-72 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: А.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Бд 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч А.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Бд сануулж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр 13 цагийн орчим миний бие эхнэр хүүхдээ салхилуулан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын замын уулын энгэрт охиноо гулгуулж байгаад чарганы дээрээс нь унаган хөмсгийг нь гэмтээсэн тул яаралтай эмнэлэг явах болоод сандарсандаа "Тоёота приус" маркийн 47-72 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрөө жолоодож эмнэлэг явж байгаад цагдаад баригдсан. Тухайн үед миний бие архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан урд орой нь жоохон пиво уусан байсан бөгөөд үлээлгэхэд 0.24 хувь гарсан. Өмнө нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан ба түүнээс хойш тээврийн хэрэгсэл жолоодоогүй 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1 жилийн хугацаа дууссан учир эрх сэргээгдсэн гэж бодож явсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт "Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ", мөн хэсгийн 3-т "тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хассан хугацаа дуусгавар" болсон гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хун" гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан мансуурсан эсэхийг захих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох хүнийг ойлгоно гэж тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг тодорхойлсон. Миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацаа нь 2023 оны 5 дугаар сарын                31-ний өдөр дуусгавар болсон байх тул дээрх гэмт хэргийн субъект биш харин Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан зөрчил үйлдсэн гэх хууль зүйн үндэс тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч С.Уламбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие орон нутаг руу буяны ажил гараад явсан байхад миний үйлчлүүлэгч гомдол гаргасан байна. Бичиг, үсэг мэдэхгүй учраас шүүх хуралдаанд хамт оролцож байгаа юм. Тэгэхээр давж заалдах гомдол дээр хэлэх зүйл байхгүй байна. ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.Б нь 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан бөгөөд энэ хугацаанд эрхээ сэргээлгээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд дээр А.Б хөдөө орон нутагт ажилладаг учраас эрхээ сэргээлгэж амжаагүй гэсэн зүйл ярьдаг. Өмнө нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд давтан сургалтад хамрагдаж, шалгалт өгөөд эрхээ сэргээлгэдэг байсан бол одоо өөрчлөгдөөд Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хүсэлтээ өгөөд эрх нь сэргээгдэж байгаа. Энэ хэрэг дээр Тээврийн прокурорын газраас анхан шатны шүүх яаж шийдвэрлэх нь үү гэдэг байдлаар шүүхэд шилжүүлсэн. Үүнээс хойш Улсын ерөнхий прокурорын газраас манай байгууллагад чиглэл өгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан хугацаа нь дууссан этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлэхгүй байгаа. Тухайн үед А.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан хугацаа нь дууссанаас хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд согтолтын зэрэг нь бага гарсан. Гэхдээ зайлшгүй шалтгааны улмаас буюу хүүхэд нь бэртсэн учраас яаралтай эмнэлэг явах шаардлага гараад тээврийн хэрэгсэл жолоодсон асуудал гаргасан. Иймд шүүгдэгч А.Бгийн давж заалдах гомдлыг хүлээж авах эсэхэд прокурорын зүгээс тайлбар байхгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх А.Бд холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч А.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад А.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдов.

Прокуророос шүүгдэгч А.Бг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын замд, “Тоёота приус” маркийн 47-72 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэх заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч Э.Иын өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 8-ны орой А.Б над руу утсаар залгаад “баларсан машиныг чинь ачуулчихлаа. Охин чаргаар гулгаж байгаад машин мөргөөд гэмтсэн” гэхээр нь “охин руугаа явах гээд машиныг чинь барьж явж байгаад цагдаад үлээлгээд согтуурлын зэрэг гараад машиныгчинь ачуулчихсан” гэж хэлсэн. Тэрнээс хойш би машинаа аваагүй явж байгаа. ...” /хх 27/, шүүгдэгч А.Бгийн яллагдагчаар өгсөн: "... хүүхдээ гэмтлийн эмнэлэгт үзүүлэх гээд эхнэр сандраад байсан болохоор нь би өөрөө автомашинаа жолоодоод явж байх үед Хонхорын замд цагдаа зогсоож үлээлгэж шалгуулсан. Би жолооч мөн эрхээ хасуулчихсан байсан, хугацаа нь дуусчихсан сэргээлгэж чадаагүй байгаа. 0,24% согтолттой гэж гарсан. ...” /хх.19/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 3/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 30-32/, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан тухай эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас /хх 53/, мөрдөгчийн магадалгаа /хх 67/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр “Тоёота приус” маркийн 47-72 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон үйл баримт тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Тус зүйл хэсгийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно. “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно”,  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно” гэж заасан байна.

  Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох хуулийн зохицуулалт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

Тодруулбал, шүүгдэгч А.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр 0.24% согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдож байх боловч түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж  дүгнэх боломжгүй байна.

Учир нь хэргийн 53 дугаар талд авагдсан 0349288 дугаар шийтгэлийн хуудсаар 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан уг хугацаа 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс А.Бг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1 жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр 13 цагийн орчимд “тоёота приус” маркийн 47-72 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримттай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Иймд А.Бг шинээр хэрэгжиж байгаа Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

               1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/297 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Тээврийн прокурорын газраас А.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

             2.  Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

                                    ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ