Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 316/ШШ2025/00568

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ********** тоотод оршин суух хаягтай гэх, **** овогт Д.Ө /РД:******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ************ тоотод оршин суух хаягтай гэх, **** Хайрхан овогт Х.М /РД: ********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, Сэлэнгэ аймаг ************* тоотод байрлах 57.5 м.кв талбайтай газрыг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, Х.М-т ногдох хэсгийг өгч, газрыг өөрийн болон гурван хүүхдийн өмчлөлд шилжүүлэн авах” тухай иргэний хэргийг хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ө, хариуцагч Х.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“..Х.М 2019 онд танилцаж, гэр бүлийн харилцаатай болж, бидний дундаас хоёр хүүхэд төрсөн. 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү М.Б, 2024 оны 06  дугаар сарын 26-ны өдөр бага хүү М.Г нар төрсөн. Бид 2025 оны 03 дугаар сарыг дуустал хамт амьдарсан.

Гэрлэлтээ бага хүүхдээ нэг ой хүрэхээр батлуулна гэж ярьж байсан. М.Б, М.Г нарыг өөрийн асрамжид авч, эцэг Х.М-с тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.

Бид хамт амьдрахаар Сэлэнгэ аймаг ********* тоот хашаа байшинг би 5,200,000 төгрөг гаргаж, нөхөр Х.М 4,800,000 төгрөг гаргаж нийт 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Надаас нэмж хашаа байшингийн засварын мөнгө 4,600,000 төгрөг ойролцоогоор гарсан. Хашаа байшингийн бүх засварыг манай аав хийж өгсөн.

 Х.М нь Улаанбаатар хотын 61 дүгээр гарамд байрладаг "******"-н салбарт ажилладаг. 16 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьт ээлжээр ажилладаг. Гэртээ эзгүй, ажилтай байх хугацаандаа тайван байлгадаггүй, гэр рүү хэн нэгэн хүн явуулж, шалгуулдаг, мөрдүүлдэг. Хардалтаасаа болж хүнийг гүтгэдэг, доромжилдог, худлаа зүйлийг зохиож ар гэртээ ярьдаг, энэ асуудлаас нь болж хадам талаас намайг дарамталдаг үйлдэл удаа дараа гарч байсан. Хадам талаас одоо намайг гурван хүүхдээ аваад яв гэж дарамталж байна, би хашаа байшиндаа ядаж оруулсан мөнгөө авъя гэхэд "чамд өгөх зүйл байхгүй, яв" гэж хариу хэлж байна. 

Иймд Д.Ө би хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай, Сэлэнгэ аймаг *********** тоотод байрлах хашаа байшинг дундаа өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, Х.М ногдох хэсгийг өгч, уг хашаа байшинг өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлд авахаар нэхэмжлэл гаргаж байна...”гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ө нь шүүх хуралдааны шатанд өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: “... Байшин нэгэнт галд өртөж ашиглах боломжгүй болсон тул тухайн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 2108 тоотод байрлах 57.5 м.кв талбайтай газрыг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, *******т ногдох хэсгийг өгч, газрыг өөрийн болон гурван хүүхдийн өмчлөлд шилжүүлэн авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна....” гэжээ.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч:Нарангэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            “...Нэхэмжлэлийн шаардлага гурван төрөл байгаа. Хоёр шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Асрамжийн тухайд маргаж байна. Архины хамааралтай эхэд нь хүүхдээ өгөхгүй гэж байна. Гэтэл энэ татгалзал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч татгалзлаа нотолж чадахгүй байна.

            Хариуцагч өөрөө бүрэн дунд боловсролтой, шүүхийн шатанд эрх, үүрэгтэй танилцсан. Шүүх хуралдааны эхлэх үе шатанд мөн эрх, үүрэг танилцуулахад ойлгосон гэсэн. Архины хамааралтай гэх дүгнэлт баримт зэргийг шүүхэд ирүүлээгүй байна. Шүүх хуралд зөвхөн амаар тайлбар өгч байна.

             Хүүхдийн асрамжийн тал дээр шинжилгээ хийлгэх эрх нь нээлттэй юм. 5 сарын хугацаанд тусдаа амьдрахдаа Д.Өтавьсан өрийг төлж барагдуулж байгаа учраас эцэг байх эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж тайлбар хэлж байна. Гэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуулиар дундаас төрсөн хүүхдийг тэжээн тэтгэх, өсгөж хүмүүжүүлэх нь эцэг, эх хоёрын хооронд адил тэгш хэрэгжих ёстой.

          Энэ үүргээ тусдаа байх хугацаандаа биелүүлээгүй гэж үзэж байна. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон шалтгаан нь хариуцагчийн хардалт, мөшгөлт болон хадам талаас амьдралд оролцдог, хэл үгээр доромжилдог зэргээс шалтгаалсан юм.

         Иймд зохигчийн дундаас төрсөн М.Б, М.Г нарыг эхийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дугаар зүйлд зааснаар хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.

           Хариуцагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

         “...Миний бие Х овогтой М нь эхнэр болох Д.Ө гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүйтэн байшинд хүүхдүүдээ хаяж, хоногоор шоудаж гэл бүлээс гадуурх харилцаануудыг удаа дараалан гаргасан учир хүлээн зөвшөөрч чадахгүй. Хашаа байшингаа өгье гэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага өөрчилснийг зөвшөөрч байна, хуулийн хугацаа авах шаардлагагүй. Нэг их хэл амгүй энэ асуудлыг дуусгая гэж бодсон. Газрыг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Харин том хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна...” гэжээ.

          Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

           ....Хариуцагч Х.М нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 07 дугаар 29-ний өдөр хүлээн авч "эхнэр хүүхдэд газрыг өгөхөд татгалзах зүйгүй" гэж хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаснаар зохигч эвлэрэн хэлэлцэв.

**** гэрчилгээний дугаартай, нэгж талбарын ***** дугаар бүхий 295 м.кв газрыг Д Ө /РД: *******/-ийн өмчлөлд өгөхөөр харилцан тохиролцов....

Дээрх эвлэрлийн гэрээ нь хэн нэгний дарамт шахалтгүй, талуудын сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно... гэх.

           Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ө нь хариуцагч Х.М холбогдуулан “Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай,  дундын хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, Х.М ногдох хэсгийг өгч, уг хашаа байшинг өөрийн болон хүүхдүүдийн өмчлөлд авах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Зохигчид нь шүүх хуралдааны шатанд гэр бүлийн дундаа өмчлөх эд хөрөнгө болох ...” Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 3-р баг, 3-р хэсэг, 210в тоотод байрлах **** гэрчилгээний дугаартай, нэгж талбарын ***дугаар бүхий 295 мкв газрыг хариуцагч Х.М нь эхнэр болох Д.Ө нэр дээр шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй” гэснээр талууд дундын эд хөрөнгийн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүхээс дээрх  нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсэгт зохигчдын эвлэрлийг баталж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.  

Д.Ө, Х.М нар нь 2019 онд танилцаж, гэр бүл болон амьдарч байх хугацаанд тэдний дундаас хүү М.Б, М.Г төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан  тайлбараар нотлогдож байна.

Гэрлэгчид нь гэрлэлтийн баталгаагүй ба 2025 оны 03 дугаар сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн, хариуцагч Х.М нь “...  настай том хүүгээ өөрийн асрамжид авмаар байна, эх нь архины хамааралтай, хүүхдээ эзэнгүй гэрт орхидог” гэх тайлбар шүүхэд гаргаж, хүүхдийн асрамжийн талаар маргаж байх боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан өөрийн татгалзал үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд цуглуулж, гаргаж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.  

Түүнчлэн эцэг Х.М нь хүүхэд өсгөхөд нэн шаардлагатай ахуйн нөхцөл бололцоо, хүүхдэд анхаарал халамж үзүүлэх боломж, өөрийн ёс суртахууны байдал, байнга оршин суух хаягтай эсэх, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх зэрэг нөхцөл байдал тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хүүхдийн өсч торниж буй орчинг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж насанд хүрээгүй хүү М.Б, М.Г нарыг насанд хүртэл нь эх Д.Ө асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү М.Б, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү М.Г нарыг 11 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.М-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч хариуцагчийн хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч саад болохгүй байхыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчаас нэг жилд төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд /483,000:2=241,500, 241,500х2х12=5,796,000/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 107,686 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1.Н овогтой  Б /РД:****/-ийн нэр дээрх эзэмших эрхийн гэрчилгээтэй /Сэлэнгэ аймаг ********* гэрчилгээний дугаартай, нэгж талбарын 1***** дугаар бүхий 295 м.кв газар/-аас ногдох хэсгээсээ хариуцагч Х.М татгалзаж, уг газрыг эхнэр, хүүхдүүдээ өгөхөд татгалзахгүй” гэсэн нөхцөлтэйгөөр зохигчдын  дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, дээрх нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг  хэрэгсэхгүй болгосугай.

              2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүү М.Б, М.Г нарыг насанд хүртэл эх *******ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар М.Б, М.Г нарыг 11 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х.М-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Х.М-с 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид,  мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар 107,686 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж төрийн сангийн 100130000941 тоот дансанд оруулсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.БАЯРХҮҮ