| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00099/И |
| Дугаар | 304/ШШ2025/00444 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 304/ШШ2025/00444
| 2025 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 304/ШШ2025/00444 | Булган аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б****** сум, ** дугаар багийн **** тоотод оршин суух Т******* овогт Э*******ийн У******* /*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б**** аймаг, Б**** сум *** дугаар багийн **** тоотод оршин суух Т******* овогт Б*******ийн Н******* /*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, тэтгэлэг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, гэр бүлийн дундын хөрөнгө хуваалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй 304/2025/00099/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Э.У*******,
Хариуцагч Б.Н*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбагэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.У******* нь хариуцагч Б.Н*******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Харуицагчаас гэр бүлийн дундын хөрөнгө хуваалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Миний бие Б.Н*******тай 1993 онд танилцаж, 1995 онд нэг гэрт орсон. Хамт амьдрах хугацаанд 1995 онд хүү Н.Б**-Э*******, 1997 онд хүү Н.М***-Э*******, 2010 онд охин Н.Ц, 2014 онд хүү Н.Ц нарыг төрүүлсэн. Энэ хугацаанд нөхөр Н******* архи уух, агсам тавих зэргээр таарамжгүй харилцаатай, зодож дарамталдаг байсан, сүүлийн үед надад гар хүрч, гэр бүлийн хүчирхийллээр шүүхээр шийтгүүлсэн. Нөхөр бид хоёр 2020 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Одоо цаашид хамт амьдрах хүсэлгүй, сэтгэл хөрсөн. Нөхөр бид хоёр 30 жил хамт амьдарсан. 2 том хүү маань тусдаа гарсан, хоёр бага хүүхэдтэйгээ амьдарч байна. Би хоёр бага хүүхдээ асрамжиндаа авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулна. Миний хувьд эд хөрөнгийн маргаан байхгүй. Бидний дунд амьдарч байгаа хашаа байшин байгаа, би хүүхдүүдтэйгээ хашаа байшиндаа амьдарч байгаа тул нөхөр Н******* хүүхдүүддээ хашаа байшингаа үлдээх байх гэж бодож байна. бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй гэжээ.
2.Хариуцагч Б.Н******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Э.У*******ийн гэрлэлт цуцлуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Бид 1995 онд гэр бүл болж, 4 хүүхдийн эцэг эх болж 30 жил амьдарсан. Хоёр том хүүхэд маань насанд хүрч амьдралаа зохиосон. Одоогоор эхнэр хоёр хүүхдийн хамт дөрвүүлээ амьдарч байгаа. Бага охин Н.Ц 9 дүгээр анги, 15 настай, бага хүү Н.Цэнгүүн 11 настай, 5 дугаар анги. Би 2020 оноос Өмнөговь аймгийн Цагаан хад гэдэг газар Эко ХХК-ийн жолоочоор 60 хоног ажиллаад 14 хоног амардаг. Энэ үеэс зөрчил үүсэж, эхнэр маань Мөнхбат гэдэг хүнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, энэ асуудлаа болж маргаж эхэлсэн. Заналхийлж утсаар ярьдаг тэвчилгүй зондоон цохион хийж, гэртээ ч оруулалгүй хөөж туудаг болсон. Эхнэр намайг цагдаад өгч 2-3 удаа баривчлуулсан. Би 30 жил амьдарсан амьдралаа хэвийн байдалд оруулах гэж их хичээсэн. Хүүхдүүдийнхээ хүмүүжилд их санаа зовж байна. Хүүдүүдийн тэтгэлэгийг төлнө. Гэр бүлийн дундын хөрөнгө болох байшинг 80 сая төгрөгөөр үнэлж, өөрт ногдох хэсгээ авмаар байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүү Н.Ц, охин Н.Ц нарын төрсний гэрчилгээний хуулбар, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/30 дугаартай шийтгэвэр, 2024 оны Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 132/ТБ2024/00022 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг нотлох баримтаас гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас нэхэмжлэгчийн байшин болон гэрийн доторхийг харуулсан фото зургийн үзүүлбэрийг баримт гаргаж өгсөн.
5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэр бүлийн дундын хөрөнгө болох байшингийн зах зээлийн үнэлгээг тогтоолгож шинжээчийн дүгнэлт гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.У******* нь Б.Н*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг хангаж, хамтран өмчлөх дундын хөрөнгө дээр зохигчийн эвлэрэлийг баталж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 1995 онд гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаандаа дөрвөн хүүхэд төрүүлсэн бөгөөд хувийн таарамжгүй харилцааны улмаас цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хоёр бага хүүхдэд асрамж, тэтгэлэг тогтоолгоно, хөрөнгийн маргаангүй гэв.
3.Хариуцагч нэхэмжлэлийн гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна, хүүхдүүдээ тэжээн тэтгэнэ, гэр бүлийн дундын хөрөнгө болох байшингаа 80,0 сая төгрөгөөр үнэлж, өөрт ноогдох хэсгийг гаргуулж авна гэж маргадаг.
4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Э.У*******, Б.Н******* нар 1995 оноос хойш хамт амьдарч, 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэдний дундаас 1995 онд хүү Н.Бат-Э*******, 1997 онд хүү Н.Мөнх-Э*******, 2010 онд охин Н.Ц, 2014 онд хүү Н.Ц нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлт бүртгэлийн лавлагаа болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
4.2.Гэрлэгчид цаашид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан ... гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүргийг хүлээхгүй болсон. Мөн нэхэмжлэгч хариуцагчийн зан харилцааны байдлаас болж, гэр бүлийн харилцаагаа сэргээх хүсэлгүй болсон нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан шийтгэвэр зэргээр нотлогдож байна.
4.3.Хариуцагч Б.Н******* нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан зөрчилд шийтгэл хүлээсэн байгаа нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр цуцлах үндэслэл болно.
5.Иймээс зохигч цаашид эвлэрээд хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн.
6.Хариуцагч гэр бүлийн дундын эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү0405002373 дугаартай Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг Залуус 6 дугаар гудамж 611 тоот хаягт байршилтай 91 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулан авна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч үнэлгээг эс зөвшөөрч хөдлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Шүүгчийн 2025 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 304/ШЗ2025/00788 дугаартай захирамжаар томилогдсон Аривжих эстимейт үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангаар тус үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 63,389,202 төгрөгөөр тогтоож ирүүлснийг зохигч хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүх хуралдаан дээр гаргасан.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөнөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн. гэж, 126.2.2-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө гэр бүлийн дундын эд хөрөнгөд хамаарахаар хуульчилсан.
Мөн Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Гэр бүлийн нэг гишүүдн ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна. гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон 63,389,202 төгрөгийг гэрлэгчид болон насанд хүрээгүй 2 хүүхдийг оролцуулан гэр бүлийн гишүүдийн тоонд хувааж хариуцагч Б.Н*******д ногдох 15,847,300 төгрөгийг нэхэмжлэгч Э.У*******ээс гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийг Э.У******* болон насанд хүрээгүй хоёр хүүхдэд үлдээхээр эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
7. Хариуцагчаас 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Н.Ц, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Н.Ц нарыг нарыг ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхөө эцэг Б.Н******* илэрхийлсэн тул хүүхдүүдийг эх Э.У*******ийн асрамжид үлдээж, эцэг Б.Н*******гаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
10.Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаарлдагад ногдох тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 118,593/нэг зуун арван найман мянга таван зуун ерэн гурав/ төгрөг гаргуулж төрийн санд, хариуцагчаас 188,493/нэг зуун наян найман мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөг, төрийн санд 118,593 /нэг зуун арван найман мянга таван зуун ерэн гурав/ төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дахь хэсэгт зааснаар Т******* овогт Э*******ийн У*******, Т******* овогт Б*******ийн Н******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Н.Ц, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүү Н.Цийг эх Э.У*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Н.Ц, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүү Н.Ц нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Н*******гаар тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.У*******т даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээ өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.2, 129.2 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс нэг гишүүнд ногдох хэсэг болох 15,847,300/арван таван сая найман зуун дөчин долоон мянга гурван зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Э.У*******ээс гаргуулж, хариуцагч Б.Н*******д олгохоор эвлэрсэн зохигчийн эвлэрэлийг эвлэрэлийг баталсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 118,593/нэг зуун арван найман мянга таван зуун ерэн гурав/ төгрөг гаргуулж төрийн санд, хариуцагчаас 188,493/нэг зуун наян найман мянга дөрвөн зуун ерэн гурав/ төгрөг гаргуулж, 70200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид, 118,593/нэг зуун арван найман мянга таван зуун ерэн гурав/ төгрөгийг төрийн санд тус тус олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.
6. Хариуцагч хүүхдээ асрах, тэжээн тэтгэх, сурган хүмүүжүүлэх үүргээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасан үүргийг эцэг, эх хүүхдийнхээ өмнө хүлээх бөгөөд эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА