| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0119/э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2018-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-т холбогдох 1821001830112 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны ........ дүгээр сарын .......-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .................... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******. /РД: ................/
Шүүгдэгч ******* овогт ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж согтуугаар 2018 оны 03 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах “*******” хорооллын 5-03 тоотод орших өөрийн гэртээ эхнэр *******той маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж хамрын таславчийн муруйлт, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хүүгийн цэцэрлэгийн эцэг эхчүүдийн дунд караокений тэмцээн болоод орой нь “*******” бааранд орсон юм. Бүгдээрээ архи, дарс уугаад удалгүй гэр гэртээ харьсан. Манай эхнэр хариагүй багшийг нь дагаад явсан. Удалгүй хүүгийн багш нь залгаад эхнэрээ ирж ав гэсэн. Тэгээд би очоод авсан. Гэртээ ирээд бид 2 нэлээд маргалдаад намайг хөөж туугаад байхаар нь би 2, 3 удаа алгадсан. Тэр орой манай эхнэр нэлээд согтуу байсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна миний буруу гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* баарнаас гарахад манай нөхөр ******* гэр рүүгээ явъя гэхэд нь би явахгүй гээд хэсэг эцэг эхчүүдийн хамтаар 2 дугаар цэцэрлэг рүү явсан юм. Тэрнээс болоод бид хоёр гэртээ ороод маргах болсон. ...Манай нөхөр миний нүүрэн тус газарт цохисон бөгөөд...маргааш өглөө нь 11 цагийн орчимд сэрэхэд миний 2 нүд хавдаж хөхөрсөн, толгой хөндүүрлэж байсан бөгөөд нөхрөөсөө юу болсон талаар асуухад “чи миний үгэнд орохгүй миний өөдөөс ал л даа гээд дайраад байхаар нь би чамайг цохисон мөн зарим зүйлийг сайн санахгүй байна” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 15-16 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 сарын 05-ны өдөр гэртээ байж байхад 20 цагийн орчимд 5 настай Мянгат манай гэрт орж ирээд “ээж таныг дуудаж байна” гэж хэлэхээр нь би гэр рүү нь орсон юм. Намайг гэрт нь ороход Солонго орон дээрээ сууж байсан бөгөөд ...миний бие өвдөөд байна гэж хэлэхээр нь би “та нар архинаас болж байгаа юм” гэж хэлээд хэсэг загнаж байхад гаднаас хадам ах, эгч хоёр нь орж ирээд түргэн дуудсан...” гэжээ. /хх-ийн 23 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 сарын 05-ны өдөр Баянтүмэн суманд гэртээ байж байхад орой нь 19 цагийн орчимд миний төрсөн дүү ******* миний гар утас руу залгаад “та манай гэрт ирэх үү” гэж хэлэхээр нь “яасан юу болсон бэ” гэж асуухад “эхнэр Ц.Солонгын бие муу байна” гэж хэлсэн юм. Тэгээд би удалгүй нөхөрийн хамтаар дүү *******-н гэрт нь очиход миний бэр дүү болох ******* нь орон дээрээ ямар нэгэн хөдөлгөөнгүй дуу нь гарахгүй хамар нь халцарсан гөлийсэн байдалтай байсан юм. ...дүү *******-с болсон асуудлын талаар дахин асуухад “би эхнэр *******той архи уусны улмаас хоорондоо маргалдаж байгаад зодсон” гэж надад хэлж байсан бөгөөд яг хэзээ зодсон талаараа надад хэлээгүй юм...” гэжээ. /хх-ийн 25 тал/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 235 тоот актын дүгнэлтэд
1. Ц.Солонгын биед хамрын таславчийн муруйлт, баруун нүдний доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 30 тал/
- Яллагдагч *******-н мэдүүлэг /хх-ийн 35-37 тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж согтуугаар 2018 оны 03 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах “*******” хорооллын 5-03 тоотод орших өөрийн гэртээ эхнэр *******той маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “хамрын таславчийн муруйлт, баруун нүдний доод зовхины цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч *******, гэрч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 235 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******нхбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч ******* нь “үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хохирогч ******* нь өөрийн нөхөр шүүгдэгч *******-тай сайн дурааараа эвлэрсэн тул ямар нэгэн гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ю.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч ******* .............регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ