Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/547

 

 

 

 

 

 

    2024           5              9                                         2024/ДШМ/547           

 

 

Т.Е, Б.Гнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор М.Сүхчулуун,

           яллагдагч Т.Егийн өмгөөлөгч Д.Оргил,

           нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/791 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Сүхчулууны бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаар эсэргүүцлээр Т.Е, Б.Г  нарт холбогдох эрүүгийн 2406 0000 00061  дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Дун цагаан овгийн Б.Г, 1990 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ............................ оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;

            2. Бахат Арыххул овгийн Т.Е, 1990 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ......................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:............................./;

Яллагдагч Т.Е, Б.Г  нар бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ 2024 оны 01 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Баянмонгол хотхоны 10 дугаар байр “Фреско” дэлгүүрийн үүдэнд хохирогч П.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан, биеэ хамгаалах чадваргүй байхад нь түүний эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, хохирогчийг шатны дээд талын довжоон дээр зогсож байхад нь шатны уруу доошоо түлхэж унагаан, улмаар хохирогч босч чадахгүй байхад нь түүний биедээ авч явсан 9.475.590 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг дээрэмдэж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Е, Б.Гнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Т.Е, Б.Гнарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан талуудын санал, тайлбар зэргийг харгалзан хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол...”, мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт “...мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол...” гэж заасныг үндэслэж Т.Е, Б.Гнарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэж, шүүхээс дараах ажиллагааг нэмж шалгах шаардлагатай гэж дүгнэв. Үүнд, яллагдагч Т.Е, Б.Гнарын хохирогч П.Ааас яг ямар загварын зөөврийн компьютер дээрэмдэж авсан талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын бодит хэмжээг мөн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй тогтоох шаардлагатай. Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч Д.Оргилоос дээрх агуулгаар хүсэлт гаргаж байсан бөгөөд хүсэлтийг шийдвэрлэсэн тухайгаа танилцуулалгүй шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгч байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Оролцогч нь хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурор шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана...” гэж заасан оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор М.Сүхчулуун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Т.Е, Б.Гнарын удаа дараалан өгсөн мэдүүлэг, хохирогч П.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А нарын өгсөн мэдүүлэг зэргээр яллагдагч нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ “Хаан” банкны өмчлөлийн зөөврийн компьютерыг дээрэмдэж авсан, уг компьютерыг “Тэди” төв дээр танихгүй хүнд 120.000 төгрөгөөр худалдан борлуулсан, худалдан авсан этгээдийг танихгүй” гэх зэргээр гэмт үйлдэл учирсан хохирол, халдлагын эд хөрөнгийн талаар тодорхой мэдүүлэг өгсөн байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч “яг ямар загварын зөөврийн компьютер алдагдсаныг тогтоож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын бодит хэмжээг эргэлзээгүй тогтоох гэж заасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нарын дээрэмдэж авсан компьютерыг хураан авч үзлэг хийж чадаагүй, хураан авах боломжгүйгээр яллагдагч нар нь зарж борлуулсан, зэрэг нөхцөл байдлыг шүүгч шийдвэр гаргахдаа анхаарч үзсэнгүй.

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч П.А, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А нарыг оролцуулах тэднээс дахин мэдүүлэг авах замаар алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг нэмж тодруулах, нэмэлт баримт материал гаргуулан авах, шаардлагатай мэдээллийг олж авах боломжтой байна Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 1 “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн”, 53 дугаар зүйлийн 1 “Шүүн таслах ажиллагааг монгол хэлээр явуулна”  мөн зүйлийн 2-т “Монгол хэл мэдэхгүй хүнд хэргийн баримт сэлтийг хэлмэрчлүүлэн бүрэн танилцуулах бөгөөд шүүх хуралдаан дээр эх хэлээр нь үг хэлэх эрх олгоно”. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл бичгээр хөтөлж, баримтжуулна” мөн зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана... гэж тодорхойлсон.

Гэтэл урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгч Д.Оргил кибер, цахим орчноос татаж авсан гэх эх үүсвэр тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй 2 хуудас англи хэл дээр бичигдсэн, Монгол хэл рүү орчуулж хөрвүүлээгүй баримтыг гаргаж ирж уг баримтад дурдсан гэх мэдээллийг урьдчилсан хэлэлцүүлгийн иш үндэс, нотлох баримт болгож хэлэлцүүлэхийг оролдсон уг баримтыг шүүгч хүлээн авч улмаар кибер цахим орчинд байгаа мэдээлэл гэх баримтад тулгуурлаж “Аппле” компани хохирогчийн алдсан гэх энэ зөөврийн компьютерыг 2023 оны 01 дүгээр сард үйлдвэрлээгүй” гэх мэтээр хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад огт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй эд зүйлсийг иш үндэс болгож шийдвэр гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шүүх шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” мөн зүйлийн 7 дахь заалтад “Шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн шинжилгээ хийх жишиг хугацааг үндэслэн тогтоосон хугацаанд шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.” гэж, мөн хуулийн 27.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.2-т заасан шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдийг урьж, шинжилгээ хийлгэж болно” 27.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжилгээ хийлгэхэд хэд хэдэн салбарын тусгай мэдлэг шаардлагатай гэж үзвэл шүүхийн шийдвэрээр шинжилгээг ижил, эсхүл өөр өөр мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн багаар хийлгэж болно” 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон. эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ... гэж тус тус заасан бөгөөд шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэж болох ажиллагаанд шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг хууль тогтоогч оруулж хуульчилж өгсөн байхад шүүгч хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэлгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шинжээч гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирж мэдүүлэг өгнө гэж заасан. Өмгөөлөгч үнэлгээтэй холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх хүсэлтийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасныг хяналтын прокуророос хянаад хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэн хариу мэдэгдэх хуудсаар шийдвэрийг хүсэлт гаргагчид мэдэгдсэн бөгөөд тухайн хэрэгт бичсэн яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулан өгсөн тул хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгч миний гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй гэх нотлох баримтгүй мэдүүлгийг шүүх хүлээн авч гомдол хүсэлт гаргах эрхийг зөрчсөн гэж дүгнэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах заалт болгосон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ... гэж заасан бөгөөд яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулсны дараа өмгөөлөгч болон яллагдагч нарын зүгээс гомдол хүсэлт прокурорын газарт ирүүлээгүй болно.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” мөн хуулийн 16.1 дүгээр зүйл гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаанд дүгнэлт хийж, хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Т.Егийн өмгөөлөгч Д.Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллагдагч Т.Ен болон өмгөлөөгч миний хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хуралдсан. Яллагдагч Т.Е, Б.Гнарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан талуудын санал, тайлбар зэргийг харгалзан хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор тогтоосны эцэст хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан 2 үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Үүнд, яллагдагч Т.Е, Б.Гнарын хохирогч П.Ааас яг ямар загварын зөөврийн компьютер дээрэмдэж авсан талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын бодит хэмжээ, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй тогтоох шаардлагатай.

Мөрдөн байцаалтын үед өмгөөлөгчийн зүгээс дээрх агуулгаар хүсэлт гаргаж байсан бөгөөд хүсэлтийг шийдвэрлэсэн тухайгаа танилцуулалгүй шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгч байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Оролцогч нь хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаарх гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурор шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана...” гэж заасан оролцогч, өмгөөлөгч миний эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Прокуророос “шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэж болох ажиллагаанд шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг хууль тогтоогч оруулж хуульчилж өгсөн байхад шүүгч хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэлгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэжээ. Хаан банкны хувьд шинээр үүсгэн байгуулагдаж байгаа шинэхэн байгууллага биш 1991 оноос үүсэл хөгжил нь эхэлж, өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Нийслэл хот, 21 аймагт 550 орчим салбар нэгжтэй, Монгол Улсад хөрөнгийн хэмжээгээр эхэнд багтах том банк юм. Үүгээр юу гэж хэлэх гээд байгаа вэ гэвэл яллагдагч нарын холбогдсон гэмт хэргийн хохирлын эд хөрөнгө буюу “apple” брэндийн зөөврийн компьютерийн акт, санхүүгийн бүртгэл, imei cod, хэдэн онд үйлдвэрлэсэн хэзээ худалдан авч, ажлын албанд олгосон зэрэг наад захын бүртгэл, мэдээлэл энэ банкинд байх учиртай. Гэтэл мөрдөгч прокурор энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй, зөвхөн хохирогчийн мэдүүлгээр иргэний нэхэмжлэгчээр Хаан банкыг тогтоосон. Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэгт 2023 онд үйлдвэрлэсэн зөөврийн компьютер гэсэн нэг ч үг байхгүй байхад 2023 онд үйлдвэрлэсэн “apple” брендын зөөврийн компьютерийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны зөрчил гэж өмгөөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэрвээ нэг гар утас дээрэмдсэн байсан бол хохирогчийн мэдүүлгээр иргэний нэхэмжлэгчийг тогтоож болох байх гэхдээ одоо яригдаж байгаа зөөврийн компьютерийн хувьд 8.999.999 төгрөг буюу бараг суудлын автомашины үнэлгээтэй байгаа нь яллагдагчийн хувьд эрх зүйн байдалд нь шууд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсэж байгаа юм. Тухайн зөөврийн компьютерын үйлдвэрлэгдсэн хугацаа 1 жилээр багасахад 1 сая орчим төгрөгийн үнэлгээ хасагдаж байгаа нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр харагдаж байна. Иймд яг хэдэн онд үйлдвэрлэсэн болох нь бодитой тогтоогдсон тохиолдолд магадгүй 2020 оны зөөврийн компьютер байлаа гэхэд 5 сая дотор үнэлэгдэх боломж бүрдэх юм. Миний хувьд шинжээчийн ур чадвар, мэдлэгт эргэлзээгүй, гагцхүү мөрдөгчийн гаргасан буруу саналыг үндэслэн гаргасан үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа болно. Миний үйлчлүүлэгч Т.Ен хувийн байдлын хувьд ганц бие, төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдож, төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгч томилогдсон хэдий ч өөрийн чадлын хэрээр хохирол төлбөрт 1.500.000 төгрөгийг хохирогчид төлсөн байгаа. Ёртайн эцэг, эх нь тэтгэврийн насны хүмүүс бөгөөд Баян-Өлгий аймагт амьдардаг ба үлдэх хохирлыг төлж барагдуулах болно. Хохирлын хэмжээг жаахан ч болов багасгаж өгөөч гэдэг. Бодит хохирлын хэмжээ бодитоор тогтоогдвол, үнэлгээ тодорхой хэмжээгээр буурна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ үед хохирогчийн ар гэрээс хохирлыг бүрэн төлөхөд дөхөм болно гэж үзэж байна.

Хэрвээ хохирлыг бүрэн төлсөн тохиолдолд миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргадаггүй, манай зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломж нээгдэх юм.  Мөн прокуророос “шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгч миний гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй гэх нотлох баримтгүй мэдүүлгийг шүүх хүлээн авч гомдол хүсэлт гаргах эрхийг зөрчсөн гэж дүгнэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах заалт болгосон нь үндэслэлгүй байна.” гэжээ. Миний 2023 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн прокурорт гаргасан хүсэлтэд хариу өгсөн буюу “Хүсэлтийг хангахаас татгалзах тухай” прокурорын тогтоолыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн болох нь шүүгчийн захирамж, хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Мөн уг тогтоолын огноо, дугаарт гараар засвар хийсэн байгаа шаардлага хангадаггүй. Түүнчлэн, Хууль зүйн туслалцааны төвийн бичиг хэргийн эрхлэгчийн бүртгэлийн дэвтэр, Баянзүрх дүүргийн прокурорын газраас ирүүлсэн дугтуй дээрх шуудангийн дардас зэргээс өмгөөлөгч надад хүсэлтийн хариу мэдэгдэх хуудас шуудангаар ирүүлсэн хугацаа нь шүүх хуралдаанаас бүр сүүлд буюу 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдөр ирүүлсэн болох нь тодорхой харагдана. Уг мэдэгдэх хуудас нь 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 4/465 гэсэн байгаа нь дээрх тогтоолыг тохируулан засвар хийсэн гэж хардах үндэслэлтэй. Иймд өмгөөлөгчийн зүгээс уг тогтоолд хуульд заасан 3 хоногийн хугацаанд дээд шатны прокурорт гомдол гаргах байсан хэдий ч шүүхэд шилжүүлсний улмаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хийлгэх хүсэлт гаргасан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр Т.Е, Б.Гнарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Т.Е, Б.Гнарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж  үндэслэлтэй болжээ.

Прокуророос Т.Е, Б.Гнар бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ 2024 оны 01 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Баянмонгол хотхоны 10 дугаар байр “Фреско” дэлгүүрийн үүдэнд хохирогч П.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан, биеэ хамгаалах чадваргүй байхад нь түүний эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, хохирогчийг шатны дээд талын довжоон дээр зогсож байхад нь шатны уруу доошоо түлхэж унагаан, улмаар хохирогч босч чадахгүй байхад нь түүний биедээ авч явсан 9.475.590 төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгийг дээрэмдэж авсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирлын бодит хэмжээг эргэлзээгүй тогтоох”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчийн эрхийг зөрчсөн эсэх талаар нэмэлт ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын төвшинг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх, ялын бодлогод нөлөөлдөг тул уг нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой.

Яллагдагч Б.Галхүү, Т.Е нар нь хохирогч П.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ хамгаалах  чадваргүй байхад нь түүний эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, хохирогчийг шатны дээд довжоон дээр зогсож байхад нь шатны уруу түлхэж унагаан 9.479.590 төгрөгийн эд зүйлийг дээрэмдсэн гэх боловч яг ямар загварын нөүтбүүк дээрэмдсэн талаар мэдээлэл байхгүй байхад 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн №Б31-24-65 дугаартай Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 71/ гаргаж хохирлыг тооцсон нь үндэслэлгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бодитой тогтоосон гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна.

Мөн өмгөөлөгч Д.Оргил нь хөрөнгийн үнэлгээний тайланг дахин гаргуулах тухай хүсэлтийг 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдөр прокурор М.Сүхчулуунд гаргаж байсан боловч прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оролцогч нь мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гаргах гомдлыг хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр ажиллагааны талаархи гомдлыг тухайн нэгжийн дээд шатны прокурорт шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргана” гэж заасан байхад прокурор М.Сүхчулуун нь 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тухай хүсэлтийн хариуг өгсөн нь оролцогчийн эрхийг зөрчсөн байх бөгөөд энэ талаарх хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин хохирогч П.Аын “нөүтбүүкийг байгууллагаас  ажилдаа ашигла гэж өгч байсан” /хх 39/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Аын “тухайн эд зүйл дунд манай банкны эзэмшлийн П.Аын ажилдаа ашигладаг гэх “apple” брендийн зөөврийн компьютер байсан” /хх 54/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд тухайн нөүтбүүк хэний өмч болох талаар нотлох баримт хэрэгт байхгүй, мөн уг хэрэгт “Хаан банк” нь хохирогч, иргэний нэхэмжлэгч мөн эсэх талаар нотлох баримт байхгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байгааг дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/791 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор прокурор М.Сүхчулууны бичсэн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/791 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Т.Е, Б.Гнарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР

  

ШҮҮГЧ                                          С.БОЛОРТУЯА

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ