Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 126/ШШ2025/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.О******************,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Долгорсүрэн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн М****************** сумын Засаг дарга,

Хариуцагч: М****************** сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.М******************,

Гуравдагч этгээд: Пунцагийн Чинзоригт,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ө******************нарын хоорондын Хөвсгөл аймгийн М****************** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаар захирамжийн хавсралтын хүснэгтийн 9-д Б.О******************-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, М****************** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоол, М****************** сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн хавсралтын 11-д заасан хэмжээгээр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж олгохыг М****************** сумын Газрын даамалд даалгахтай холбоотой газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О****************** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М******************, гуравдагч этгээд П.Ч****************** , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө****************** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. Нэхэмжлэгч Б.О****************** аас Хөвсгөл аймгийн М****************** сумын Засаг дарга, М****************** сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал нарт холбогдуулан “Хөвсгөл аймгийн М****************** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаар захирамжийн хавсралтын хүснэгтийн 9 дэх Б.О******************-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, М****************** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоол, М****************** сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн хавсралтын 11-д заасан хэмжээгээр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж олгохыг М****************** сумын Газрын даамалд даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар

2.1. Хөвсгөл аймгийн М****************** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн М****************** сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол орж М****************** сумын 6-33 тоот хаягт байрлах газар “Гэр орон сууцны хашааны газар”-ын зориулалтаар 163 м.кв газрыг олгохоор шийдвэрлэжээ.

2.2. Улмаар М****************** сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/175 тоот захирамжийн хавсралтаар нэхэмжлэгчид 163 м.кв газрыг “Гэр, орон сууц, хашааны газар”-ын зориулалтаар 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн боловч маргаан бүхий акт болох Хөвсгөл аймгийн М****************** сумын Засаг даргаас 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн цуцлах тухай” А/197 дугаар захирамжаар Б.О****************** ын газар эзэмших эрхийг цуцалж шийдвэрлэжээ.

2.3. Нэхэмжлэгчид уг захирамжийг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гардуулсан (1 дүгээр хавтаст хэргийн 227 дугаар тал) байх бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар ажлын 10 өдрийн дотор буюу 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Б.О******************  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2022 оны хавар М****************** суманд гэр бүлийн хэрэгцээний газар эзэмших өргөдөл гаргасан шийдэж өгөхгүй байгаа талаар багийнхаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч н.Ганзоригт хэлээд та асууж сураглаж өгөөч гэхэд н.Ганзориг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах гэж байгаа уг өргөдлийг чинь хурлаар оруулж л шийдэж байх, дэмжигдэх эсэхийг мэдэхгүй шүү дээ гэж хэлсэн.

Ингээд 2023 оны 4 дүгээр сард М****************** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай тогтоол гарч улмаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр М****************** сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” А/175 захирамж гарч уг захирамжийн хавсралтын 11-д  М****************** сумын 6 дугаар багийн 33 дугаар гудамжны үзүүрт 163 м.кв газрыг Б.О******************  надад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байсан тул би уг захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ бичүүлж авах гээд М****************** сумын газрын даамал болон мэргэжилтнүүдтэй очиж уулзахад танай газрыг цуцална гэсэн Засаг дарга Тайванбаяртай уулз гэсэн хариу өгдөг, гэрээ гэрчилгээ ч бичиж өгөхгүй чирэгдүүлээд байсан тул би газар эзэмших эрх олгосон захирамж гаргангуутаа цуцална гэж юу гэсэн үг вэ, тэгвэл яах гэж надад газар эзэмшүүлсэн захирамж гаргаж намайг хуурч байгаа юм бэ гэж би маргалдсан.

Би өргөдөл хүсэлтээ хууль журмын дагуу гаргаж газар эзэмших эрх олж авсан байхад М****************** сумын Засаг дарга түүний газрын мэргэжилтнүүд нь надад газар эзэмших гэрчилгээ бичиж өгөхгүйгээр барахгүй, миний газрыг цуцлуулна, эрчмийн хүнтэй ярьж дүгнэлт гаргуулна гэх зэргээр шалтаглан надад газар эзэмших эрхийн гэрээ байгуулж , гэрчилгээ бичиж өгөөгүй.

Ингээд М****************** сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн иргэн Б.О******************  танаа гэсэн тэргүүтэй 1/529 тоот албан бичгийг надад ирүүлсэн .

Энэ албан бичигт 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 163м.кв  газрыг гэр орон сууц хашааны зориулалттай олгохоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын батлагдсан сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн 11 дэх багана дээр талбайн хэмжээг 500 м.кв газрыг эзэмшүүлсэн нь дээрх Хурлын тогтоолтой зөрчилтэй байна, мөн Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм-ийн 2.2 дахь заалтыг зөрчиж байх тул таны газар эзэмших эрхийг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн байсан.

Надад эзэмшүүлсэн газрын хэмжээ нь М****************** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд ч 163 м.кв, сумын Засаг даргын захирамжид ч 163 м.кв гэж тусгагдсан байдаг, гэтэл М****************** сумын Засаг дарга чухам ямар захирамжийг харж намайг 500 м.кв газар эзэмшдэг гэж газрын хэмжээг нэмэгдүүлэн хариу өгснийг мэдэхгүй.

Тиймээс би Хөвсгөл аймгийн Засаг даргад газар эзэмших захирамж гарсаар байтал газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, М****************** сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/529 тоот албан бичгийг хүчингүй болгож, надад М****************** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоол, М****************** сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн хавсралтын 11-д заасан хэмжээгээр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж олгохыг газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ бичүүлэхийг М****************** сумын Газрын даамалд даалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаад аймгийн Засаг даргаас хариугаа аваагүй байхад М****************** сумаас намайг байхгүй /БНХАУ руу аяллаар явсан/ хойгуур ирж бичиг ав гэсэн тэгээд би байхгүй байгаагаа хэлж нөхрөө явуулахад М****************** сумын бичиг хэргийн ажилтан миний газар эзэмших эрхийг цуцалсан тухай М****************** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаар захирамжийн хуулбарыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нөхөрт маань гардуулж өгсөн байна.

М****************** сумын Засаг даргын дээрх захирамждаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалтуудыг үндэслэснээс харахад намайг газрын төлбөрөө төлөөгүй гэж үзсэн бололтой, тэгвэл энэхүү хэмжээний газарт хэдэн төгрөгийн татвар ямар хугацаанд төлөх талаар газрын төлбөрийн байцаагч нь мэдэгдэл өгөөгүй, үгүй ядаж газар эзэмших гэрээндээ энэ талаар тусган татварыг тийм хугацаанд нь төлнө гэж бичсэн байх болов уу гэж би ойлгож байна. Тэгвэл газрын даамлын гэрээ байгуулж гэрчилгээ бичиж өгөөгүй, татварын нэхэмжлэх ирүүлээгүйгээс болж би хэдэн төгрөгийн татвар төлөхөө ч мэдэхгүй өнөөдрийг хүрсэн нь надаас шалтгаалаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Нөгөө талаар газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж буруутгасныг зөвтгөх боломжгүй учир нь газар эзэмшүүлсэн захирамж гарсан гэдгийг 2023 оны намар мэдээд газар эзэмших эрхээ хуулийн дагуу баталгаажуулж гэрээ байгуулж гэрчилгээ бичүүлж авъя гээд 2023 оны 8 сард газрын даамалтай очиж уулзахад за маргааш, нөгөөдөр, одоо ажилтай болчихлоо юунд нь яардаг юм 2 жилийн дотор л гэрээ байгуулаад гэрчилгээгээ бичүүлж авахад болно гээд намайг тайвшруулсан, тэгээд эхлээд хашаагаа барь, тэрний чинь дараа гэрчилгээг чинь бичиж өгье гээд буцаасан. Уг нь даамал газрын хил заагийг зааж өгөх ёстой биз дээ. Тэгээд би 2025 оны 5 сард газар гэсэхээр хашаагаа очиж барьсан тэгсэн хөрш айлын залуу намайг хууль бусаар газар авлаа гэрээ гэрчилгээ байхгүй гэсэн утга бүхий маргаан үүсгэн лайв хийсэн тэгээд юу болоод байгаа, энэ хүн яагаад ингээд байна, гэрээ байгуулж гэрчилгээ бичиж өг гээд даамалтай уулзахад танай газрыг угаасаа цуцална гээд бичиж өгөөгүй. Би хууль журмын дагуу өргөдөл хүсэлтээ өгч байж миний өргөдлийг М****************** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар оруулж газар эзэмшүүлэх эрх бүхий этгээд болох Засаг дарга захирамж гаргасан. Энэ нь намайг журмын дагуу газар эзэмшсэний гэрч юм. Гэтэл захирамж гараад 2 жил болоогүй, төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус хүнд суртлаас болж газар эзэмших эрхээ баталгаажуулж ч амжаагүй байхад ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг минь цуцалж байгаа нь хууль бус миний газар эзэмших эрхийг зөрчиж байх тул би энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан тул 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмших эрхийг цуцалсан захирамжийг гардаж авсан тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна

Иймд М****************** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаар захирамжийн хавсралтын хүснэгтийн 9 дэх Б.О******************-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, М****************** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны 02 дугаар тогтоол, М****************** сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн хавсралтын 11-д заасан хэмжээгээр надад газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж олгохыг М****************** сумын Газрын даамалд даалгаж өгнө үү гэжээ.

3.2 Нэхэмжлэгч Б.О******************  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2023 оны 04 дүгээр сард М****************** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай тогтоол гарсны улмаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр М****************** сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай А/175 дугаар захирамж гарч уг захирамжийн хавсралтын 11-д 6 дугаар багийн 33 гудамжны үзүүрт 163 м.кв газрыг надад эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн тул уг захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ бичүүлж авах гээд М****************** сумын газрын даамал болон мэргэжилтнүүдтэй очиж уулзахад хүлээж аваагүй. Намайг 2,3 удаа буцааж байсан. Танай газрыг цуцална гээд гэрээ гэрчилгээ бичиж өгөхгүй байсан учраас газар эзэмших эрх олгосон захирамж гаргангуутаа цуцална гэж юу гэсэн үг байдаг юм бэ намайг хуурч байгаа юм уу гэдэг байдлаар маргаан үүсгэсэн. Би өргөдөл хүсэлтээ хууль журмын дагуу гаргаж газар эзэмших эрх авсан байхад М****************** сумын Засаг дарга, түүний газрын мэргэжилтнүүд газар эзэмших эрх бичиж өгөхгүйгээр барахгүй миний газрыг цуцална, эрчмийн хүнтэй ярьж дүгнэлт гаргуулна гэх зэргээр шалтаглан газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж өгөөгүй.

Мөн М****************** сумын Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн иргэн Б.О******************  танаа гэсэн тэргүүтэй 529 тоот албан бичгийг надад ирүүлсэн. Энэ албан бичигт нь “...2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 163 м.кв газрыг гэр, орон сууц, хашааны зориулалттай олгохоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдсан сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн 11 дэх багана дээр талбайн хэмжээ 500 м.кв газрыг эзэмшүүлэх нь дээрх хурлын тогтоолтой зөрчилтэй байна. Мөн эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2 дахь заалтыг зөрчиж байх тул таны газар эзэмших эрхийг цуцлах болсныг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн. Надад эзэмшүүлсэн газрын хэмжээ нь М****************** сумын Иргэдийн төлөөлөгчдийн тогтоол 163 м.кв, сумын Засаг даргын захирамжид 163 м.кв гэж тусгагдсан байсан. Гэтэл мөн сумын Засаг дарга чухам ямар захирамжийг харж намайг 500 м.кв газар эзэмшдэг гэж газрын хэмжээг нэмэгдүүлэн хариу өгснийг би мэдэхгүй. Тиймээс би Хөвсгөл аймгийн Засаг даргад газар эзэмших захирамж гаргасаар байтал газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ бичиж өгөхгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцож,  М****************** сумын Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 529 тоот албан бичгийг хүчингүй болгож надад М****************** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны 2 дугаар тогтоол, М****************** сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А/175 дугаар захирамжийн хавсралтын 11-д заасан хэмжээгээр газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ бичиж олгохыг газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ бичхийг М****************** сумын газрын даамалд даалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байшаа. Аймгийн Засаг даргаас хариугаа аваагүй байхад М****************** сумаас намайг Хятад явсан үед ирж бичгээ ав гэсэн. Тэгээд би аялалаар явж байгаагаа хэлээд нөхрөө явуулахад М****************** сумын бичиг хэргийн ажилтан миний газар эзэмших эрхийг цуцалсан. Тухайн М****************** сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаар захирамжийн хуулбарыг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нөхөрт маань гардуулан өгсөн байдаг. Мөн М****************** сумын Засаг даргын дээрх захирамжтай Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн. 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн заалтуудыг үндэслэсэнээс харахад намайг газрын төлбөрөө төлөөгүй гэж үзсэн бололтой. Тэгвэл энэ хэмжээний газарт хэдэн төгрөгийн татвар, ямар хугацаанд төлөх талаар газрын төлбөрийн байцаагч нь мэдэгдэл өгөөгүй. Ядаж газар эзэмших гэрээндээ энэ талаар тусгасан, татварыг тийм хугацаанд төлнө гэж бичсэн байх болов уу гэж би ойлгож байгаа. Яг мэргэжлийн хүн биш болохоор хашаагаа бариагүй, бичиг баримтаа аваагүй учраас  энэ газрын төлбөрийг хэдэн төгрөг, хаана, хэзээ төлдгийг нь мэдээгүй. Тэгээд газрын даамал гэрээ байгуулж гэрчилгээ бичиж өгөөгүй, татварын нэхэмжлэх ирүүлээгүйгээс болж би хэдэн төгрөгийн татвар төлөхөө ч мэдэхгүй өнөөдрийг хүрсэн. Надаас шалтгаалаагүй гэдгийг би хэлэх нь зүйтэй байх.

Нөгөө талаас газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж буруутгасныг зөвтгөх боломжгүй ч газар эзэмшүүлсэн захирамж гарсан гэдгийг би 2023 оны намар фэйсбүүкээс олж харсан. Мэдээж газар эзэмших эрхээ хуулийн дагуу баталгаажуулах, гэрээ байгуулж, гэрчилгээ бичүүлж авъя гээд 2023 оны намар газрын даамал Б.Г****************** гэдэг хүнтэй уулзахад намайг хүлээж авахгүй байсан. Төрийн албанд ажилладаг гэхэд ёс зүйгүй намайг өрөөнөөсөө бараг хөөж гаргаж байсан. Тэгээд очихоор ажилтай байна, чи 2025 оны 8 дугаар сараас өмнө гэрчилгээгээ бичүүлж авахгүй бол цуцална шүү дээ. Чи тэр үед заавал хашаагаа барьж байж гэрчилгээгээ бичүүлж аваарай гээд байсан. Тэгээд 2 жилийн дотор 2025 оны 8 дугаар сар болоогүй байхад өнгөрсөн хавар 4 дүгээр сард очсон. Б.Г****************** сууж байхаар нь би П.М****************** гэдэг энэ бүсгүй дээр очсон. Гэрчилгээгээ бариад очсон чинь хажууд нь сууж байсан мөртөө цаанаас нь над руу давж харьцаад, намайг загнаад л байсан. Чи хууль бус авсан ч гэж байх шиг. Чамайг Засаг даргатай уулзуулна гээд байсан. Тэгээд энэ П.М****************** бүсгүй болохоор намайг явж бай би 2 хоногт танд хариу өгье өө, утасныхаа дугаарыг үлдээчих гэсэн. Тэгээд би 2, 3 хоног хүлээсэн боловч надад хариу өгөөгүй. Эргээд очсон чинь угаасаа танай газрыг цуцлахаар болсон. Х.Т****************** дээр оч гэхээр нь П.М****************** бүсгүйг дагуулаад Х.Т****************** дарга дээр очсон. Хуралтай байсан. Тэгээд хуралтай байна би орж уулзчихаад ирье гээд П.М****************** орж уулзаад гарч ирээд танай газрыг цуцалсан юм байна гэсэн. Тэгсэн чинь Б.Г****************** нь таны захирамж гарчихсан юм чинь хашаагаа барьдаг л газар шүү дээ. Та хашаагаа бариад бичиг баримтаа аваач гэсэн. Тэгэнгүүт нь би хашаагаа модоор бариулсан. Гэтэл энэ залуу л гомдол гаргасан юм шиг байгаа юм. Үүний дагуу Б.Г****************** машинтай давхиж очоод буулгуулаад нөгөө хүмүүсийг нь хөөгөөд явуулчихсан байсан. Буулгаж хаячхаад байгаа бол ямар ч байсан хашаагаа дугуйлж аваад бичиг баримтаа авах нь зөв юм байна гэж ойлгоод төмрөөр тэр хашааг барьчихсан. Эцсийн байдлаар тэр хашааг бариагүй. Дотор нь жижигхэн байшин баривал мэдээж юм буулгана, тулна гэж бодоод тойруулаад барьсан. Газрын албанаас миний газрыг заагаад өгөөч гэхэд хэмжиж зааж өгөөгүй. Тэгэхээр би 163 м.кв газар хэр хэмжээтэй, ямар байдгийг мэдэхгүй болохоор багцаалдаад жоохон татаад барьчихъя гэж бодсон. Дотор нь юм барихад мэдээж хашааны хаалга гаргана. Дотогш нь татаж л таараа. Үнэхээр шонгийн модтой ойрхон гээд байгаа бол өнөөдөр ч хамаагүй хүн аваачаад татуулаад барихад бэлэн байгаа.

Гэрээ байгуулж гэрчилгээ бичүүлж авъя гэхэд ерөөсөө бичиж өгөөгүй. Би маргаж л байсан. П.М****************** ч гэсэн мэдэж байгаа. Б.Г******************-ийг  чи яагаад надтай ингэж харьцаад байгаа юм. Чи бид 2 урьд өмнө нь нэгнийгээ танихгүй биз дээ. Ямар нэгэн өс хонзон байхгүй биз гэж хэлсэн. Эсхүл Б.Г******************-ийг  тэр газар дээр ямар нэг хувийн ашиг сонирхолтой учраас намайг шургаж гүйсээр байгаад Х.Т****************** дээр цуцлуулсан байх гэж дотроо хардаж байгаа.

Одоо М****************** сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын А/175 дугаар захирамжийн хавсралтын 11-д заасан хэмжээгээр надад газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж олгохыг М****************** сумын газрын даамалд даалгаж өгнө үү. Мөн М****************** сумын Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаар захирамжийн хавсралтын хүснэгтийн 9 дэх Б.О******************-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

3.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Газар эзэмшигч газрын тухай хуульд зааснаар газар эзэмших хүсэлтээ өгсөн байгаа. Энэний дагуу тухайн газар нь иргэдэд эзэмшүүлж болохоор М****************** сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газар байгаа. Орсон учраас Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргасан. Тэгээд захирамж гарсныг мэдсэнээс хойш газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгож өгөөч ээ гэж нэг бус удаа нэхэмжлэгч газрын даамал дээр очиход Б.Г****************** гэх газрын даамал олон удаа нааш цааш нь явуулж гэрээ, гэрчилгээ бичиж өгөхгүй байгаа энэхүү эс үйлдэхүй нь хууль бус байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Нөгөө талаар газар эзэмших эрхийг цуцалсан Засаг даргын захирамжтай холбоотой хэлэхэд Засаг даргын захирамж Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6, 40.4-д заасныг үндэслэж гарсан. 40.1.5, 40.1.6 нь 2 жилийн хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй, 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн заалтууд байдаг. Тэгвэл 2 жилийн хугацаа болоогүй. Газар эзэмшүүлсэн захирамж нь 2023 оны 7 дугаар сарын 07-нд, 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2 жил нь болох ёстой байсан. Энэ хугацаанд газрын төлбөр төл гэсэн албан ёсны баримт бичиг, шаардлага, нэхэмжлэх очоогүй. Энийг зориулалтын дагуу ашиглана уу гэсэн албан ёсны зохих газрын албанаас очоогүй байгаа юм аа. Тийм учраас 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл байхгүй байна. Нөгөө талаар өмнөх хуралдаан дээр 40.1.5, 40.1.6-д заасан заалт нь Б.О******************-д холбогдох заалт биш юм аа гэж Г.Дугараа яриад байсан. Тэгэхээр ямар үндэслэлээр цуцалж байгаа юм гэхэд эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасын хэмжээг зөрчсөн учраас гэж байгаа. 163 м.кв кадастрын зургийг үзээд эндээс энэ хэмжээний газрыг та эзэмших юм байна гэж газар зааж өгөөгүй мөртлөө өнөөдөр та эхлээд хашаагаа барь, дараа газрынхаа гэрээ, гэрчилгээг бичүүлж ав гэх зэргээр хууль бусаар газар эзэмших хүсэлт гаргасан иргэнийг удаа дараа явуулсан. Эхлээд тийм учраас одоо газрынхаа тухайн газар дээрээ ямар хэр хэмжээний миний эзэмшил газар болохыг мэдэхгүй ч тэр хэмжээний газар дээрээ хашаагаа барьчихсан. Нэгэнт газрын даамлын амнаас гарсан үг учраас л хашаагаа бариад байгаа шүү дээ. Хашаагаа банзаар барьсан чинь буулгуулчихсан гэж байсан. Тэгсэн мөртөө нөгөө даамал Б.Г****************** нь би би тэгж хэлээгүй, шаардлага тавьсан гээд яриад байдаг.

Хоёрдугаарт эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас гэдэг нь яг хаанаасаа хаа хүртэл юм бэ? Өнөөдрийн Б.О****************** ын хашаа гээд төмрөөр барьчихсан. Газрын даамлаас гаргаж ирсэн талбайн хэмжээ 211 м.кв байгаа. Тэгэхээр энэ хүний газрын хэмжээ бол 163 м.кв. Тэгэхээр тэр газрыг татчихаар тэр хамгаалалтын бүс нь хамаарахгүй юм биш үү гэсэн байдал харагдаж байна л даа. Тийм учраас газрын гэрээ, гэрчилгээ бичиж өгөхгүй байгаа газрын даамлын үйлдэл нь хууль бус байна. Ингээд захирамжийг тухайн хуульд заасан шаардлагын дагуу авсан газар эзэмших эрхийг цуцлах хууль зүйн үндэслэл байхгүй байхад хууль зүйн үндэслэлгүйгээр захирамж гаргасан нь хууль бус байна. Тийм учраас Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын А/ 197 тоот захирамжийн Б.О******************-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөөч ээ гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж болж байгаа” гэв.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар

4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн М****************** сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Хариад овгийн Б.О****************** (РЭ7******************)-ын Мандал 6 дугаар багийн 33 дугаар гудамжны урд үзүүрт байрлах 67****************** нэгж талбарын дугаартай, гэр, орон сууцны хашааны зориулалттай эзэмших эрхийн газар нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн М****************** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 02 тогтоолоор газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай 253 дугаар баганад батлагдсан.

Сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн 11 дэх баганад тухайн иргэнд эзэмшүүлэх шийдвэр гарсан байна.

Б.О******************  нь 2025 оны 05 дугаар сард газраа заалгахаар сумын газрын даамалд хандах үед захирамж, кадастрын зураг зөрсөн асуудал гарсан.

Тухайн үед газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө болон захирамжийн хуулбарын дагуу засварлах боломжтой гэдгийг иргэнд хэлсэн.

Иргэн өөртөө авч явсан захирамжийн хуулбар дээр газрын хэмжээ 500м.кв  бичигдсэн байсан ба газрын байршлаар М****************** сумын архиваас захирамжийн хуулбар болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг шүүлгэхэд газрын хэмжээ 163м.кв  байсан.

Иргэн н.Ч******************, н.Г******************нараас ирсэн гомдол мэдээллийн дагуу сумын Засаг дарга миний бие, сумын Засаг даргын Тамгын газрын дарга, “Х******************” ХХК-ийн ажилтан, сумын газрын өмчлөл хариуцсан газрын даамал, Мандал 6 дугаар багийн Засаг дарга нарын хамт 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр уг газар дээр очиж танилцсан.

Тухайн үед тус газар дээр 5,6 иргэн хашаа барих ажил эхлүүлсэн байсан ба тэр даруй иргэн Б.О****************** ыг багийн Засаг дарга нь дуудсан боловч ирээгүй.

Тухайн газар нь “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.2 дахь заалт буюу Цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулагч утасны захын утаснаас 1 метр хүрэхгүй зайд олгогдсон зөрчил илэрсэн.

“Х******************” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 159 дүгээр албан бичгийн дагуу тухайн иргэнд сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/529 дугаартай албан бичгээр газар цуцлах тухай мэдэгдсэн албан бичгийг хүргүүлсэн. Мэдэгдлийн дагуу 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, хавсралтаар тус бүрд нь цуцлах тайлбарыг нарийвчлан тусгасан.

Тухайн иргэнд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтын хүрээнд “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамжийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 8911****************** утсаар мэдэгдсэн.” гэжээ.

4.2. Хариуцагч М****************** сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамал П.М****************** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Иргэн Хариад овгийн Б.О****************** нь /РЭ7******************/ 6 дугаар баг 33 гудамжны урд үзүүрт байршилтай, 67****************** нэгж талбарын дугаартай, Гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай, 163 м.кв  газрын хэмжээтэй тус газар нь “Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай” 2023 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн М****************** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 02 тоот тогтоолын хавсралтаар 253 дугаар баганад батлагдсан. Сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн А/175 дугаар захирамжийн хавсралтаар 11 дэх баганад тус иргэнд эзэмшүүлэх шийдвэр гарсан байдаг. Б.О******************  нь 2025 оны 5 сард газрын кадастр болон мэдээллийн сангийн зураг зөрүүтэй байна. Тухайн 2 газрын хэмжээний аль нь зөв бэ, Газраа заалгахаар ирж байсан. Тухайн жилийн төлөвлөгөөнд заагдсан газрын хэмжээ болон газар эзэмшүүлсэн захирамжид газрын хэмжээг тусгасны дагуу засварлах боломжтой гэдгээ хэлсэн. М****************** сумын архиваас захирамжийн хуулбар болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг шүүлгэхэд 163 м.кв газрын хэмжээтэй байсан. Өөрийнхөн барьж явсан захирамж дээр газрын хэмжээ 500 м.кв бичигдсэн байсан. Иргэд болон олон нийтийн сүлжээнд гаргасан гомдлын дагуу тухайн газарт М****************** сумын Засаг дарга, М****************** сумын Засаг даргын тамгын газрын дарга, “Х******************” ХХК-ийн ажилтан, газрын өмчлөл хариуцсан Газрын даамал, 6 дугаар багийн Засаг дарга, миний бие 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр очиж танилцсан. Газар дээр нь очиж танилцахад хашаан барих ажлыг эхлүүлсэн байсан, Тухайн үед иргэн Б.О****************** ыг багийн Засаг дарга нь дуудсан боловч ирээгүй. Цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулагч утасны захын утаснаас 1 метр хүрэхгүй зайд олгогдсон байсан. “Х******************” ХХК-ийн ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 159 дугаар албан бичгийн дагуу тухайн иргэнд 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/529 дугаартай сумын Засаг даргын газар эзэмшүүлэх эрхийг цуцлах тухай албан бичгийг хүргүүлсэн. 2025 оны 06 дугаар сарын 06-ний өдрийн А/197 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх эрхийг цуцлахдаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага тус бүрд нь цуцлах тайлбарыг тайлбар хэсэгт тусгасан. Сумын засаг даргын газар эзэмшүүлэх эрхийг цуцлах тухай захирамжийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б.О****************** ын 8911****************** утсаар мэдэгдсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу ажлын 10 хоногт гэж заасан тул хугацаанд нь мэдэгдсэн гэж үзэж байна” гэжээ.

4.3. Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М****************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М****************** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаартай захирамж нь 6 иргэн, 5 төрийн байгууллагын нийт 11 нэгж талбарын 74.464 метр квадрат газрыг цуцалсан байдаг. Тухайн иргэнд хавсралт хэсэг дээрээ эрчим хүчний нийт тайлбар тус бүрээр нь бичсэн захирамж гаргасан. Үндэслэл нь Газрын тухай хуулиараа энэ хүн төлөөгүй байгаа нь манай сая гаргаж өгсөн нотлох баримтаар хангагдаад гараад ирнэ.

Газрын даамлынхаа хувьд хариу тайлбараа өгчихье. Би энэ ажлыг 2024 оны 11 сард хүлээж авсан. Ажлыг хүлээж авснаас хойш 543 га газар дээр ажиллаж байгаа. Энэ иргэний хувьд 04 сарын сүүлээр ирсэн болов уу. Над дээр захирамжийн хуулбар барьчихсан ирсэн. Тэрийгээ өөрөө хэлэх хэрэгтэй шүү. Тэр захирамж дээр 500 м.кв-аар эзэмшүүлсэн захирамжийн хуулбар байсан. Тухайн үед ажил тарах гэж байсан. Тийм болохоор таны захирамж, М****************** сумын архив дээр байгаа захирамж, мөн иргэдийн хурлын тогтоол энэ 3 нэг ижил байж би таны гэрээ гэрчилгээг бичнэ. Та хуулбарыг нь нотлох баримтын шаардлага хангаад аваад ир гэдэг шаардлага тавьсан. Замын эсрэг талаар М****************** сум руу ороод аваад ир гэдэг шаардлага тавьсан. Тухайн иргэн болохоор танай мэдээллийн санд 163 м.кв байна. Харин миний захирамж 500 м.кв байна. Алинаар нь барих вэ гэж надаас асуусан. Тэгэхээр нь би эхний ээлжид та бичиг баримтаа яг хуулбар үнэн тэмдэг даруулаад ир тэрний дараа би танд зөвлөгөө өгье гээд байж байтал “Хөвсгөлийн нэгдсэн зар” дээр бөөн сенсац болсон шүү дээ. Шууд лайв болоод байсан. Манайхаас шууд тэр өдрөө ажлын хэсгүүд гарсан байгаа. Ажлын хэсгүүд дээр М****************** сумын Засаг дарга байсан. М****************** сумын Тамгын газрын дарга н.Нэргүй дарга байсан. Мөн тухайн 6 дугаар багийн Засаг дарга н.Отгончимэг байсан. Лайв хийж байгаа хүн ч байсан.Манайхаас Б.Г****************** гээд бид нар бүрэлдэхүүнээрээ очоод тухайн иргэн рүү утсаар ярив. Та газар дээрээ хүрээд ир ээ гэхэд тухайн газар дээр бид нар хашааг нь барьж байгаа гэсэн хэдэн хүмүүс л байсан. Одоо ч тэр лайв бичлэг байгаа. Тэр үедээ лайв бичлэг дээр Б.Г******************-ийг  лайвдаж байсан хүн нь янз бүрээр хэлж байсан. Та нар хээл хахууль авчхаад энэ газраа цуцал гэх юм ярьж байсан. Бид нар энэ хүнийг дуудуулаад энэ хүн тухайн үед ирээгүй. Үүгээр бид нар сонсох ажиллагаагаа хийчихлээ гэж бодож байгаа. Тэгээд П.Ч******************  гуай руу бас ярьсан байх. П.Ч******************  гуай бас өргөдөл өгчихсөн байсан. Удаа дараа утсаар төрийн албан хаагч бид нарыг дарамталдаг. Тэгэхдээ бид нар нэг талд нь ороогүй, аль аль тал руу нь ороогүй. Тэгэхэд энэ хүн өөрийгөө анх яг ямар үйлдэл гаргаж байснаа шүүхийн өмнө үнэн зөвөөр нь мэдүүлэх нь зүйтэй байх аа гэж би бодож байна.

Би энэ хүнтэй огт маргаагүй. Би төрийн албан хаагч хүн. Аль болох зөв зүйтэй, ёс зүйтэй ажиллахыг эрхэмлэдэг. Тэгээд газрын төлбөрөө тухайн үед төлөөгүй байсныг би сая нотлох баримтаар гаргаж өгсөн. Газар эзэмшүүлэх гэрээг 2023 онд олгосон мөртлөө одоог хүртэл намайг ороод нэг жил болж байхад энэ хүн над дээр орж ирсэн. Тэгээд би материалуудыг нь шалгаж байж гэрээ гэрчилгээ хэвлэх эрхийг нь өгөх үүрэгтэй. Энэ хүнийг хашаагаа бариагүй байхад маргаан үүссэн. Газрын тухай хуулийн шаардлага хангаж байгаа гэж үзэж байна. 40.1.5 нь 2 жил дараалан ашиглаагүй нь бусад газрууд дээр авах болсон үндэслэл нь шүү” гэв.

5. Гуравдагч этгээдийн тайлбар.

5.1. Гуравдагч этгээд П.Ч******************  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Б.О****************** ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн маргаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа П.Ч******************  миний бие дараах тайлбарыг гаргаж байна.

П.Ч******************  миний бие М****************** сумын 6 дугаар багийн 33 гудамжны 1 тоотод байрлах хувийн орон сууц болон үйлчилгээний зориулалттай объектыг 2010 онд өмчилсөн газрын хамт худалдаж авсан.

Хашааныхаа урд талын зогсоолын хэсэг болох иргэн Б.О******************-д олгосон гэх маргаан бүхий газрыг 2011 онд өөрийн эзэмшилд авахаар М****************** сумын газрын албанд албан ёсоор өргөдөл гарахад өндөр хүчдэлийн шугам явж байгаа, шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хамаарч байгаа газар учраас олгох боломжгүй гэх үндэслэлээр миний хүсэлтийг буцаасан байдаг.

Гэтэл 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн М****************** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны  02 дугаар тогтоолоор 163 м.кв талбай бүхий газрыг иргэн Б.О******************-д олгосон нь эрчим хүчний тухай хууль болон эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж гаргасан хуульд нийцээгүй тогтоол гэж үзэхээр байна. Мөн тухайн үеийн М****************** сумын засаг даргаар ажиллаж байсан Д.И******************нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны тогтоолыг үндэслэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр А/175 тоот захирамж гаргаж иргэн Б.О******************-д олгосон газрын, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг олгохыг тухайн газрын албанд даалгасан захирамж гаргасан байдаг.

Үүнээс үзэхэд тухайн үеийн М****************** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдын нөлөөнд орж бусдад давуу байдал олгосон авлигал хээл хахууль авсан байж болзошгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Миний бие дээрх газар бусдад олгогдсоныг олж мэдээд М****************** сумын Засаг дарга Х.Т******************-т 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор хандаж иргэн Б.О******************-д олгогдсон газрын асуудлыг шалгаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан. М****************** сумын Засаг дарга Х.Т****************** нь миний гаргасан өргөдлийн дагуу холбогдох хүмүүсийн хамт газар дээр нь ирж шалгаад лайв хийж хууль зөрчиж олгогдсон гэж үзэж 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн М****************** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож иргэн Б.О******************-д олгосон газрыг хүчингүй болгосон. Мөн миний бие өөрийн эзэмшлийн хашааныхаа урд хэсэгт үйлчилгээний зориулалттай 2 давхар объектыг 2026 онд барихаар төлөвлөсөн байсан. Гэтэл М****************** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тухай үеийн Засаг дарга Д.И******************нарын хууль зөрчиж уг газрыг иргэн Б.О******************-д олгосон нь манай үйлчилгээний зориулалттай барилга барих талыг хааж ингэснээр өөрийн эзэмшлийн газрыг ашиглах боломжгүй болгож  орох гарах гарцгүй болгосон нь иргэний хуулийн 135 дугаар зүйлд заасан хөршийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж иргэн Б.О******************-д хууль бусаар олгогдсон газрын эрхийг цуцалж өгнө үү” гэжээ.

5.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө******************шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн шүүхэд эрх бүхий албан тушаалтнаас гаргасан эрх зүйн актыг хуульд нийцсэн эсэхийг хянан шалгадаг гэж ойлгодог. Тэгэхээр Д.И******************Засаг даргын гаргасан 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/175 тоот захирамж нь анхнаасаа хууль зөрчсөн захирамж гэж үзэж байгаа. Энэ нь юугаар нотлогдож байгаа юм гэхээр холбогдох эрх бүхий байгууллагуудын дүгнэлт, тогтоол зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Эрчим хүчний байцаагчийн дүгнэлт гарсан байгаа. Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргаад өгчихсөн. 2023 оны Иргэдийн хурлын тогтоол дээр газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах тогтоол гэдэг дээр Б.О******************-д тэр газрыг олго гэсэн заалт ороогүй. Үүгээр сумын газар зохион байгуулалт, шугам сүлжээ бүх юмыг маш нарийн төлөвлөж судалсны үндсэн дээр газар зохион байгуулах, газар олгох асуудлыг шийдвэрлэхийг н.Идэрмөнхөд даалгасан. Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 тоот захирамжаар өндөр хүчдэлийн шугам сүлжээнд хамаарч байгаа бүсэд байх газрыг олгосон нь хуулийг зөрчсөн. Эрчим хүчний тухай хууль болон эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрмийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж гаргасан захирамж гэж үзэж байна. Тийм учраас энэ захирамжийг анхнаасаа хууль зөрчиж гарсан хүчингүй захирамж гарсан гэж үзэж байна. Нөгөө талаасаа иргэн П.Ч****************** ын эрхийн асуудал яригдаж байгаа. Яг зүүн талаар нь төв зам буюу засмал зам тавигдчихсан. П.Ч****************** ын хашааны орц гарцын асуудал зүүн талдаа байсан. Зам тавьснаар хашааны хаалга орц гарц ийм байх ёсгүй шүү гэдгийг замын цагдаагаас удаа дараа мэдэгдсэн байдаг юм. Тэгэхээр П.Ч****************** ын орц гарц гаргах газар нь яг урагшаагаа буюу газар олгочихсон байгаа хэсэг яригдах асуудал болчхож байгаа юм. Тэгэхээр орж гарах асуудлыг хааж газар олгогдсон байна гэж үзэж байна. Дээрээс нь иргэн П.Ч******************  нь энэ газрыг 2010 онд худалдаж аваад 2011 онд М****************** сумын газрын албанд тухайн маргалдаж байгаа Б.О******************-д олгосон газрыг авахаар хүсэлт өгч байсан. Хавтаст хэрэгт өргөдлийг нь хавсаргаад өгчихсөн байгаа. М****************** сумын Засаг даргын Тамгын газраас энэ газрыг олгох боломжгүй. Яагаад гэхээр эрчим хүч, шугам сүлжээний хамгаалалтын зурваст байгаа газар учраас цаашид хувь хүний эзэмшилд олгох боломжгүй газар гэдэг хариу өгч байсан. Ингээд дахиад 2017 онд хүсэлт өгч байсан. Тэр нь мөн л адилхан. Тэгэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй. Цаашид иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд өгөх боломжгүй газар гэдэг хариугаар буцааж өгсөн байдаг юм. Тэгэхээр ийм одоо удаа дараагийн эрх бүхий байгууллагад олгох боломжгүй ээ гэж үзээд байхад Д.И******************Засаг даргын үед энэ газар олгогдсон бэ гэдэг асуудал анхаарал татаж байна. Тэгэхээр энд эрх ашгийн асуудал байна уу гэдэг хардлага бидний зүгээс явж байгаа. Эрх мэдлээ урвуулах ашиглах, нөгөө талаас төрийн албан тушаалтанд нөлөөлсөн байх магадлал байна гэж үзэхээр байгаа юм. Дээрээс нь эрх бүхий байгууллагуудаас нь хууль зөрчсөн гэдгийг дүгнээд өгчихсөн байна. Нөгөө талаас М****************** сумын Засаг дарга Х.Т****************** өөрөө лайв бичлэгээр мэдэгдэж байсан. Анхнаасаа Д.И******************Засаг даргын үед хууль зөрчиж олгогдсон байна гэдгийг олон нийтэл мэдээллэсэн. Эрх бүхий байгууллагуудаас энэ газрыг олгогдох боломжгүй газар гэдгийг лайв болон холбогдох бичгүүдээр нотолсон байгаа учраас Д.Идэрмөнхийн гаргасан захирамжийг хүчингүй болгож мөн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/175 дугаар захирамжийг хэвээр үлдээхийг хүсэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч нар болон гуравдагч этгээдийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
  2. Нэхэмжлэгчээс “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 нь 2 жилийн хугацаанд газрын төлбөрөө төлөөгүй, 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн заалтууд байдаг. 2 жилийн хугацаа болоогүй. Газар эзэмшүүлсэн захирамж нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр, 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2 жил нь болох ёстой байсан. Энэ хугацаанд газрын төлбөр төл гэсэн албан ёсны баримт бичиг, шаардлага, нэхэмжлэх очоогүй. Энийг зориулалтын дагуу ашиглана уу гэсэн албан ёсны зохих газрын албанаас очоогүй байгаа юм аа. Тийм учраас 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл байхгүй байна. Ямар үндэслэлээр цуцалж байгаа юм гэхэд эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасын хэмжээг зөрчсөн учраас гэж байгаа. 163 м.кв кадастрын зургийг үзээд эндээс энэ хэмжээний газрыг та эзэмших юм байна гэж газар зааж өгөөгүй мөртлөө өнөөдөр та эхлээд хашаагаа барь, дараа газрынхаа гэрээ, гэрчилгээг бичүүлж ав гэх зэргээр хууль бусаар газар эзэмших хүсэлт гаргасан иргэнийг удаа дараа явуулсан...” гэж, хариуцагч М****************** сумын Засаг даргаас “...Тухайн газар нь “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.2 дахь заалт буюу Цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулагч утасны захын утаснаас 1 метр хүрэхгүй зайд олгогдсон зөрчил илэрсэн...”, хариуцагч М****************** сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамлаас “...тухайн газарт М****************** сумын Засаг дарга, М****************** сумын Засаг даргын тамгын газрын дарга, “Х******************” ХХК-ийн ажилтан, газрын өмчлөл хариуцсан Газрын даамал, 6 дугаар багийн Засаг дарга, миний бие газар дээр нь очиж танилцахад хашаа барих ажлыг эхлүүлсэн байсан, тухайн үед иргэн Б.О****************** ыг багийн Засаг дарга нь дуудсан боловч ирээгүй. Цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулагч утасны захын утаснаас 1 метр хүрэхгүй зайд олгогдсон байсан.” гэж тус тус маргажээ.
  3. Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр М****************** сумын Засаг даргад маргаан бүхий газар болох М****************** сумын 6 дугаар багийн 33 дугаар гудамжны үзүүрт байрлах газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан эзэмших хүсэлтийг (1 дүгээр хавтаст хэргийн 218 дугаар тал), 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр М****************** сумын Засаг даргад “газар эзэмшиж байгаагүй тул гэр бүлийн хэрэгцээнд газар олгох тухай” хүсэлтийг (1 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр тал) тус тус гаргаж, улмаар Хөвсгөл аймгийн М****************** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолын хавсралтын 253-т дээрх хүсэлтэд дурдаж буй газрыг иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан шинээр эзэмшүүлэх газарт хамааруулж шийдвэрлэж (2 дугаар хавтаст хэргийн 2-20 дугаар тал), Хөвсгөл аймгийн М****************** сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжаар (1 дүгээр хавтаст хэргийн 225-226 дугаар тал) нэхэмжлэгчид маргаан бүхий М****************** сумын 6 дугаар багийн 33 дугаар гудамжны үзүүрт байрлах 163 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.
  4. Улмаар гуравдагч этгээд П.Ч****************** оос нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлуулахаар 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн М****************** сумын Засаг даргын Тамгын газарт гомдол гаргасны дагуу (1 дүгээр хавтаст хэргийн 66 дугаар тал) хариуцагчаас маргаан бүхий газрын нөхцөл байдалтай танилцсан байна.
  5. Ийнхүү Хөвсгөл аймгийн М****************** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.15, 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтууд, 40.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
  6.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аль нэг нөхцөл бүрдсэн тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхийг хариуцагчид хуулиар олгосон, хэрэгт авагдсан баримтаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
  7. Газрын төлбөрөө төлөөгүй үндэслэлийн тухайд
    1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “... газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргийг газар эзэмшигч, ашиглагчид оногдуулсан бөгөөд хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тусгайлан заасан.
    2. Газрын төлбөрийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийн үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь газрын төлбөр төлөгч байх бөгөөд тухайн газарт төлбөр ногдуулах, газрын эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу мэдээллийн санд дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцох учиртай.
    3. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон хариуцагч Хөвсгөл аймгийн М****************** сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... Гэрээ гэрчилгээ бичигдэхэд Э дугаар авсны дараа бичигддэг. Э дугаар нь улсын бүртгэл болон манай мэдээллийн сангийн дунд мэдээллийн сан байдаг. захирамжийн хуулбар, мэдүүлгийн хуудас, тухайн багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг файл явуулаад улсын бүртгэлээс манайд дугаар олгож, бид иргэдэд гэрээ гэрчилгээ олгодог...” гэсэн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, гэрээ байгуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
    4. Үүнээс үзвэл нэхэмжлэгчид газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй.
  8. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн тухайд:

8.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.

8.2. Хүчин төгөлдөр үйлчилж буй Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарласан.

8.3. Нэхэмжлэгч нь газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулаагүй нь нэгэнт тогтоогдсон байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм, өөрөөр хэлбэл газраа 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл нь гэрээ байгуулагдсан хугацаанаас эхлэн тооцох учраас нэхэмжлэгчийн хувьд уг хугацааг тоолох боломжгүй юм.

9. Иймд нэгэнт нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Хөвсгөл аймгийн М****************** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Хөвсгөл аймгийн М****************** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоол, М****************** сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн хавсралтын 11-д заасан хэмжээгээр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж олгохыг М****************** сумын Газрын даамалд даалгаж шийдвэрлэлээ.

9.1. Учир нь Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан байна.

9.2. Уг зохицуулалтын дагуу нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн М****************** сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийг үндэслэн хариуцагч М****************** сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамал нь нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байтал хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй хариуцагчийн буруутай эс үйлдэхүй байна.

9.3. Нэгэнт шүүхээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Хөвсгөл аймгийн М****************** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх тул нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлсэн М****************** сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн хавсралтын 11-д заасан хэмжээгээр нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж олгохыг М****************** сумын Газрын даамалд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

10. Харин нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас газарт хамаарч байгаа болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн “Хөвсгөл-Эрчим хүч” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 159 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 41 дүгээр тал), Хөвсгөл аймгийн эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11-33-02/035/09 тоот дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 155 дугаар хуудас), шүүхээс маргаан бүхий газарт 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зураг (2 дугаар хавтаст хэргийн 161-163 дугаар хуудас) зэргээр тус тус тогтоогдож байна.

11. Иймд нэхэмжлэгч нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийг баримтлан газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх учиртайг дурдах нь зүйтэй байна.

12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....орж гарах асуудлыг хааж газар олгогдсон байна гэж үзэж байна. Дээрээс нь иргэн П.Ч******************  нь энэ газрыг 2010 онд худалдаж аваад 2011 онд М****************** сумын газрын албанд тухайн маргалдаж байгаа Б.О******************-д олгосон газрыг авахаар хүсэлт өгч байсан...” гэж тайлбарлах боловч энэхүү тайлбар нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлтэй хамааралгүй бөгөөд дээрх тайлбарт дурдсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдав.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О****************** ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн М****************** сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаар захирамжийн хавсралтын хүснэгтийн 9-д Б.О******************-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, М****************** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоол, М****************** сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн хавсралтын 11-д заасан хэмжээгээр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж олгохыг Хөвсгөл аймгийн М****************** сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамалд даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн М****************** сумын Засаг даргаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг, хариуцагч Хөвсгөл аймгийн М****************** сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамлаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.МӨНХБОЛОР