Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/093

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга Б. Соёлмаа,

Шүүгдэгч П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000710070 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч Монгол улсын иргэн, эмэгтэй, дээд дунд боловсролтой, багш мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Гэндэн овогт П.Ц

Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч П.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 07-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг “Есөн-эрдэнэ” захын “Хоссана” нэртэй зоогийн газарт иргэн С.Эийн мартаж гээсэн LG K-8 маркийн гар утсыг авч завшиж 340000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч П.Цы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Миний хувьд тогтоолтой танилцлаа. Намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг ойлгож мэдлээ. Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Есөн-эрдэнэ” захын “Хоссана” нэртэй зоогийн газарт хажуу айлын хүүхэд болох Бороо гэж дууддаг нэрийг нь Т.Отгонцэцэг гэж охины хамтаар аарц уух гэж ороод хүний мартаад явсан гар утсыг авч бусдад 80,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Надтай хамт явсан Бороо гэж дууддаг Т.Отгонцэцэг нь намайг уг гар утсыг авсныг мэдээгүй өөрийнхөө гар утсыг аваад гарсан гэж бодсон. Би Т.Отгонцэцэгт гар утас олсон талаар хэлж яриагүй. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Мөн надад цаашид хэргийн талаар нэмж мэдүүлэх, цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй тул одоо эрхээ эдэлж мэдүүлгийг үүгээр дуусгах саналтай байна. Мөн цаашид хэргийн талаар нэмж мэдүүлэх мөн асуусан асуултад хариулахгүйг эх мэдүүлэг /хх-ийн 49-50/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ц нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч С.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед Баянхонгор аймаг Есөн-Эрдэнэ захын Хоссана зоогийн газар найз Жанчивдоржийн хамт хоол идсэн, хоолоо идчихээд би гар утсаа ширээн дээр нь гар утсаа мартаад гараад явчихсан байсан би дунд зах ороод махны үнэ асуучхаад гар утсаа нөгөө зоогийн газар үлдээснээ санаад иргээд 20-30 минутын дараа Хоссана зоогийн газар яваад очтол зоогийн газрын зөөгч залуу сая энэ ширээнд дээр сууж байсан хоёр охин гар утас аваад гараад явчихсан, гэж надад хэлсэн би тэгээд гадаа нөгөө хоёр охин хайсан болов ч олдоогүй. Миний утас Ю К8 маркийн гар утас байсан би 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Скайтелын төвөөс шинээр нь худалдаж авч байсан юм миний гар утасны емэйл код байгаа 359658080595640 гэсэн код байгаа. Би одоо гар утсаа үнэлбэл 388.000 мянган төгрөгөөр үнэлэх байх би харин хоол идсэн тооцоогоо хийх гээд карманаас мөнгөө гаргах гээд гар утсаа ширээн дээр нь тавьчхаад хоолны тооцоо хийсэн тэгээд ширээн дээр нь гар утсаа мартаад гараад явчихсан байна. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн. гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

... Миний хувьд “Есөн-эрдэнэ” захын Хоссана нэртэй зоогийн газарт 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хоол идээд хоолны тооцоо хийчхээд ширээн дээр гар утсаа мартаж явсан байсан. Уг утсыг бүрэн бүтэн П.Ц гэдэг хүнээс буцаан авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн цагдаагийн байгууллагаар нэмж шалгуулах зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй болохыг хэлэх байна. Шинжээчийн дүгнэлтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Э мэдүүлэхдээ: Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид эвлэрсэн нэг гэртээ амьдарч байгаа гэв.

5. Иргэний нэхэмжлэгч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Миний бие өөрийн төрсөн ах Д.Жийн эхнэр П.Цаас 2018 оны 2-р сарын 28-ны өдөр 13,К8 маркийн гар утсыг 80,000 төгрөгөөр худалдаж авсан надад манай бэр эгч өөрийнхөө гар утас гэж хэлж зарсан байж байгаад сүүлд цагдаагийн байгууллагаас намайг дуудаж уулзаж уг утсыг зоогийн газарт мартаад явсан байсныг нь манай бэр эгч олоод дараа нь надад зарсан байсныг нь мэдсэн. Ингээд би уг гар утсыг буцаан өгсөн. Харин манай бэр эгч П.Ц нь надад 80,000 төгрөгийг буцаан өгсөн. Надад энэ хэрэгтээ холбоотой иргэний нэхэмжлэх гаргах шаардлага байхгүй надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга. Өөр нэмж хэлэх зүйл алга ...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

6. Гэрч Б.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би Есөн-Эрдэнэ захын Хоссана зоогийн газар ажиллуулдаг, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн үед хоёр залуу орж ирээд хоол идсэн удалгүй нөгөө хоёр залуу хоол идсэн тооцоогоо хийгээд гараад явсан тэр хоёрын хоол идсэн ширээн дээр өөр хоёр эмэгтэй орж ирээд ширээн дээр суусан би нөгөө хоёр охиноос хоолны захиалга авах гээд ширээн дээр нь очтол, нөгөө хоёр эмэгтэй хоёулаа урд урдаасаа хараад суучихсан хоёулаа хар өнгийн гар утас ширээн дээр гаргаад тавьчихсан байсан, би нөгөө хоёр эмэгтэйгээс энэ түрүүний энэ ширээн дээр сууж байсан хоёр залуугийн утас уу гэж асуутал. нөгөө хоёр эмэгтэй надад хариулт өгөөгүй, би тэгээд нөгөө хоёр эмэгтэйгээс хоёр аяга аарцны захиалга аваад ширээнээс нь холдсон, удалгүй 5-10 минутын дараа нөгөө хоёр эмэгтэй над дээр ирээд хоёр аяга аарцны тооцоогоо хийчхээд гараад явсан тэгтэл урьд нь орж ирсэн хоёр залуу нөгөө хоёр эмэгтэйтэй зөрөөд ороод ирсэн, тэгээд нөгөө залуу надаас энэ ширээн дээр би гар утсаа үлдээгээд гараад явчихсан байна гэж надад хэлсэн би тэгэхлээр нь сая энэ ширээн дээр сууж байсан хоёр эмэгтэй утсыг чинь аваад гараад явчихсан гэж хэлсэн чинь нөгөө залуу араас нь гараад явсан. Манайх уул нь камертай хэд хоногийн өмнө камер шатчихсан юм, яг ямар утас гэдгийн би мэдээгүй ямар ч байсан тэр хоёр залуугийн нэг нь гар утсаа үлдээгээд гараад явсныг анзаарсан тэгтэл хоёр эмэгтэй нөгөө ширээн дээр нь суусан би уул нь тэр эмэгтэйгээс энэ утас чиний утас мөн үү гэж асуутал надад хариулахгүй байхлаар нь хоолны захиалга аваад явсан. Би урьд нь харж байгаагүй хоёр эмэгтэй байсан, нас нь 20-той бол гэмээр насны эмэгтэй байсан хоёулаа, манайх олон хүнтэй байсан учраас тэр хоёр эмэгтэйг сайн ажиглаагүй ямар ч байсан утас авсан эмэгтэй саарал куртик өмссөн, нөгөө эмэгтэй бараан куртиктэй байсан, одоо царай зүсийг харвал танихгүй байх, утсаа үлдээсэн хоёр залуу хоол идчихээд гарч яваад нэлээн удсан уул нь иргээд хурдан ороод ирсэн бол утсаа олох байсан байх. Манайх тухайн үед олон хүнтэй байсан тэр хоёр эмэгтэй утас байсан ширээн дээр суугаад нэлээн удаж байгаад гараад явсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

7. Гэрч Э.Пын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би ХҮДС-н 4 курсийн оюутан би 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баруун бүс худалдааны төвийн Хаан банканд дадлага хийж тэнд л байсан, би одоо Samsung S5 маркийн гар утас барьдаг миний дугаар 88556870 гэсэн дугаартай байгаа. 1СК8 маркийн гар утас б мэднэ 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай нөхрийн эгч Цаа гэх эгчээс 80,000 мянган төгрөгөөр худалдаж авсан тэгээд одоо тэр утсыг манай нөхөр барьж байгаа, миний нэр дээр 99689041 гэсэн мобигийн дугаар байгаа, манай Дархан хотод байгаа маргааш хүрээд ирэх байх, Цаа эгч утас зарна гэхлээр нь манай нөхөр Б Цаа эгчийн гэрт нь очиж утас 80.000 мянган төгрөгөөр аваад хүрээд ирсэн 2-р сим ордог Ю маркийн гар утас байсан. Цаа эгч манай нөхөрт энэ утсыг олсон гэж хэлсэн гэсэн хаанаас олсон талаар хэлээгүй олсон л гэж хэлсэн би өөр зүйл мэдэхгүй байна, Цаа гэж дууддаг бүтэн нэрийн мэдэхгүй, Цаа эгч Ц сар болох гээд мөнгө хэрэг болоод байна гээд манай нөхөрт зарсан байна, тэгээд манай нөхөр Цаа эгчээс худалдаж авсан би өөр зүйл мэдэхгүй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 23-24

8.Гэрч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                 

... Би Баянхонгор аймагт гэртээ байсан тухайн үед ажилгүй, байдаг байсан би одоо LG К8 маркийн гар утас барьж байгаа. LG К8 маркийн гар утсыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай төрсөн ахын эхнэр Цаа гэх эгчээс 80,000 мянган төгрөгөөр худалдаж авсан Цаа эгч надад олсон утас байгаа юм зарах гэсэн юм Ц сар болох гээд мөнгө хэрэг болоод байна гэхээр нь би 80,000 мянган төгрөг өгөөд авсан энэ 1.ЛК8 маркийн гар утас худалдаж авсан. Би Цаа эгчээс хаанаас олсон юм гэж асуугаагүй надад олсон утас байгаа юм гэж хэлсэн би тэгээд худалдаж авсан. Намайг Цаа эгчээс гар утас худалдаж авахад утсанд ямар нэгэн код байгаагүй сим хийгээд шууд ажиллуулж болж байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

9 Арван найман насанд хүрээгүй гэрч Т.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Намайг Т.Отгонцэцэг гэдэг бөгөөд манай гэрийнхэн болохоор Бороо гэж дуудаг харин манай найз нар болохоор Отгоо гэж дууддаг юм. Бороо гэж дууддаг хүмүүс дандаа манай ах дүү төрөл садны хүмүүс болон намайг таньж мэддэг ах эгч нар тэгж дууддаг юм. Миний хувьд аймгийн төвд сургуулийн дотуур байранд байдаг хаяа эгчийндээ очдог юм. Тэгж байгаад П.Ц эгчтэй танилцсан. 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдөр би эгчийндээ очоод зах явах гэж байхад П.Ц эгч бас зах явна гээд хамт зах явсан. Тэгээд зах дээр явж байгаад хүйтэнд аарц ууя гээд “Хоссана” нэртэй зоогийн газарт орсон. Ингээд зоогийн газарт аарц уучхаад бид 2 гарч би тэндээсээ П.Ц эгчээс салж дотуур байр луугаа явсан. П.Ц эгч бид 2-н суусан ширээн дээр нэг гар утас байсан. Тэгэхэд тэр зоогийн газрын үйлчлэгч хүрч ирээд бид 2-оос энэ та 2-н гар утас мөн үү гэхэд П.Ц эгч мөн гээд тэр үйлчлэгч яваад өгч байсан. Миний хувьд тухайн үед уг ширээн дээр байсан хар өнгийн мэдрэгчтэй дэлгэцтэй ухаалаг гар утсыг П.Ц эгч өөрийнхөө гар утсаа гаргаад ширээн дээр тавьсан юм байхдаа гэж бодоод өнгөрсөн юм. Тэгтэл намайг сая цагдаагаас дуудсан гэхлээр нь яасан юм гэж асуухад П.Ц эгч чамтай хамт явж байгаад зоогийн газрын ширээн дээрээс нэг гар утас олоод авчихсан чинь цагдаагаас дуудаад байна гэж хэлсэн. Миний хувьд тэр гар утсыг хүн ширээн дээр мартаж үлдээгээд П.Ц эгч авсан талаар мэдээгүй Сая мэдэж авлаа. Надад өөр нэмж хэлэх зүйл алга миний ярьсан бүгд үнэн. гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/

11. Гэрч Д.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Миний бие эхнэр Гэндэн овогт П.Цтай 2011 танилцаж 2012 онд гэрлэлтээ батлуулсан бид 2-н дундаас хүү охин гарсан 2 хүүхэдтэй том охин Ж.Бадамгарав нь 2012 онд төрсөн одоо 6 настай, бага хүү Ж.Содномжамц нь 2013 онд төрсөн одоо 5 настай. Манайх хөдөө мал дээр байж байгаад өнгөрсөн 2017 оны намар аймгийн төвд орж ирсэн. Миний бие хийдэд сууж лам хийдэг манай эхнэр одоогоор ажилгүй байгаа. Уул нь бага ангийн багш мэргэжилтэй хүн . Одоо манай эхнэр 5 сартай жирэмсэн байгаа. Зан аашны хувьд төлөв даруу үг дуу цөөнтэй ажилсаг хүний сайн хань сайн ээж байгаа юм. Миний хувьд эхнэрийгээ ийм л хэрэгт холбогдсонд харамсаж байгаа хууль эрх зүйн мэдлэг муутайгаас болсон байх. Миний эхнэрт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг шүүхээс хүсэх байна. Өөр надад нэмж ярих зүйл алга. гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/

12. Баянхонгор аймаг аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус зөвлөлийн 2018 02 сарын 07-ны өдрийн LG К8 гар утас 388.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 38-39 / хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч П.Цы 80-р хуудсанд авагдсан нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай болон хувийн байдлыг тогтоосон тодорхойлолт, хавтаст хэргийн 105-106 дугаар хуудсанд авагдсан хохирогч нь шүүгдэгч П.Цы гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн эвлэрлийн гэрээ, хавтаст хэргийн 87-88 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч П.Цы эзэмшлийн Samsung S4 маркийн гар утас битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 03 өдрийн тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч П.Ц нь нь 2018 оны 02 дугаар сарын 07-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг “Есөн-эрдэнэ” захын “Хоссана” нэртэй зоогийн газарт иргэн С.Эийн мартаж гээсэн LG K-8 маркийн гар утсыг авч завшиж 340000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг үйлдсэн нь хохирогч С.Э, иргэний нэхэмжлэгч Д.Б, арван найман насанд хүрээгүй, гэрч Т.Отгонцэцэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч П.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч П.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Цы “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 04 дүгээр сарын 03 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч П.Цд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гэндэн овогт П.Цыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Гэндэн овогт П.Цыг таван зуун тавин / 550 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган / 550000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар таван зуун тавин / 550 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган / 550000 / төгрөгийг шүүгдэгч П.Цыг 2018 оны 05 дугаар сарын 04-ний дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2, 160.3-д зааснаар ялтан П.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч П.Цы эзэмшлийн “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн 2018 оны 04 сарын 03 -ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч П.Цд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч П.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.          

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ