| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 183/2021/00402/И |
| Дугаар | 210/МА2021/01446 |
| Огноо | 2021-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2021/01446
Х.Оийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/01507 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Оийн хариуцагч Ю.Тхолбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 245 598 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр, хариуцагч Ю.Т, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ю.Т нэхэмжлэгчээр хадгаламж барьцаалсан зээл авахуулж 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэй мөнгө зээлдэн авахаар тохиролцож 10 000 000 төгрөг бэлнээр, 3 удаагийн шилжүүлгээр 234 700 000 төгрөг, нийт 244 700 000 төгрөг зээлдэн авсан. Ю.Т хадгаламж барьцаалсан зээлийн шимтгэлийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл зээл, зээлийн хүүг төлөхгүй байсаар зээлийн хүүд цувуулж нийт 8 400 000 төгрөг төлж, үндсэн зээлээс төлөлт хийгээгүй. Хариуцагч зээлээ хугацаанд нь төлөхгүй хоёр жил гаруй хугацаа өнгөрч нэхэмжлэгч банкинд маш их хэмжээний хүү төлж хохирч байна. Хариуцагч 235 000 000 төгрөг авсан болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Гэрээг сунгаж шинэчилээгүй амаар тохиролцсон. Хэрэгт авагдсан бичгийн гэрээний дагуу 9 298 600 төгрөгийг зээлийн хүүд нэмж нэхэмжилсэн. 244 700 000 төгрөгөөс зээлийн хүүд өгсөн 8 400 000 төгрөгийг хасахад 245 598 600 төгрөг болно. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар тухайн этгээд мөнгө төлөх үүргээ тохирсон цаг хугацаанд саадгүй биелүүлэх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь 245 000 000 төгрөгийг авахаар маргаж байхдаа н.У125 000 000 төгрөг зээлдэн авсан. 125 000 000 төгрөг авах эрхээ гуравдагч этгээд н.Уд шилжүүлж Ю.Ттай тохиролцон зээлийн гэрээ байгуулж н.У, Ю.Тмөнгө зээлдүүлснээр 125 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан. Гэтэл уг гэрээг хуурч мэхэлсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргаж хүчингүй болгосон. Нэхэмжлэгч нь 3 удаагийн гүйлгээ хийхээс өмнө хариуцагчтай уулзаж 10 000 000 төгрөгийг Ж.Алтанхуягийн хажууд өгсөн. Гэрчүүд зугтаад байсан тул гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан. Хариуцагч Э.Стэй худалдах худалдан авах гэрээний дагуу байрны өмчлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой асуудлаар маргасан бөгөөд уг асуудал нь энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хамааралгүй. 80 000 000 төгрөг бэлэн, эсвэл дансаар өгсөн нь нотлогдоогүй. 158 000 000 төгрөг авсанд тооцохгүй. Уг мөнгө нь нэхэмжлэгчийн данс руу ороогүй, Э.С данс руу орсон. Хэн нэгэн хүний данс руу мөнгө шилжүүлснээр төлбөр төлөгдсөнд тооцно тухай хуулийн зохицуулалт байхгүй гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Х.О өөрийн охины нэр дээр орон сууцны гэрчилгээ гаргуулбал зээл өгнө гэсэн учраас 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэг сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, 235 000 000 төгрөг зээлдэн авахаар тохиролцсон. 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 9 900 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 19 800 000 төгрөгийг Хаан банкны ........ тоот дансаар, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 203 100 000 төгрөгийг Тээвэр хөгжлийн банкны ........... тоот дансаар тус тус авсан. Нийт 232 800 000 төгрөг зээлдэн авч, хадгаламж барьцаалсан зээлийн шимтгэлийг хариуцахаар болсон. 1 900 000 төгрөг дээр зээлээ тэгшитгээд 235 000 000 төгрөг зээлж авсан гэж амаар тохирсон. Харин 10 000 000 төгрөгийг Улаанбаатар хотын банкны гадаа бэлнээр өгсөн гэдэг нь худал бөгөөд тухайн үед хамт байсан Ж.Алтанхуяг мэднэ. Орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгчийн охины нэр дээр гаргуулж, зээл 3 сарын дараа бүтэж Э.Сэс хариуцагчийн нэр дээр байрыг шилжүүлж, Төрийн банкны ипотекийн зээл 158 000 000 төгрөг гаргуулж өгсөн. Өмнө нь мөнгө шилжүүлж байсан. Байрны урьдчилгаа төлбөр 80 000 000 төгрөг, Төрийн банкнаас авсан 158 800 000 төгрөг, нийт 238 800 000 төгрөгийг Э.С данс руу шилжүүлж хоорондын асуудал дууссан. 235 000 000 төгрөгийг Х.Отэй аман байдлаар тохиролцож авсан, ямар нэгэн бичгийн гэрээ хийгдээгүй. Зээлийн гэрээг бичгээр хийж, нотариатаар баталгаажуулсан тохиолдолд хүү, алданги шаардах эрх үүснэ. Нэхэмжлэгч зээлийн хүү авахын тулд хариуцагчийг шахамдуулж бэлдсэн гэрээнд гарын үсгээ зурах, эсвэл бүх юмыг нь авна гэх зэргээр асуудал үүсгэж эхэлсэн. Хариуцагч нь гэрээнд гарын үсэг зурсан болохоос Ю.Т, н.У нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Х.О гэрчээр оролцсон. Мөн Э.С худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү маргаан нэхэмжлэгч болон түүний охин Э.С нарын хооронд хийгдсэн гэрээтэй холбоотой. Төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ю.Тгаас 208 700 000 /хоёр зуун найман сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36 896 600 /гучин зургаан сая найман зуун ерэн зургаан мянга зургаан зуун/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 385 945 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Ю.Таас 1 201 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.От олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитой харьцуулан, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндэслэлээ нотлох үүднээс дансны хуулга, нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл шүүх уг баримтуудыг гэрээний тусдаа маргаан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөн хариуцагч Ю.Ты шүүх хуралдааны үед гаргасан тайлбар болон нотлох баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэсэн нь тодорхойгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэн талаар маргадаггүй ч ямар шалтгаанаар мөнгө зээлэх болсон шалтгаан нөхцөлд бодитой дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Э.Сувд-Эрдэнийг нэхэмжлэгч Х.Оийн охин мөн гэдэгт маргаагүй. Хариуцагч Ю.Т, Э.С нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ, Хятад улсын иргэнээс Э.С нэр дээр үл хөдлөх хөрөнгө шилжсэн цаг хугацаа, Х.Оээс мөнгө зээлсэн цаг хугацаа зэрэгт дүгнэлт байна. Шүүх хариуцагч Ю.Ты шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг зөв үнэлж дүгнэлгүй хэргийг шийдвэрлэснээр бусдыг үндэслэлгүй хөрөнгөжих нөхцлийг бүрдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Х.О хариуцагч Ю.Тхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 245 598 600 төгрөг нэхэмжилжээ.
Талууд 235 000 000 төгрөг өгсөн, авсан талаар маргадаггүй, харин уг мөнгийг хэнд, хэрхэн төлж барагдуулсан, Э.Сд төлсөн гэх мөнгөн дүн энэ зээлийн төлбөрт хамаарах эсэх талаар маргасан. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “орон сууц худалдан авахад мөнгө хэрэгтэй байсан .., нэхэмжлэгч охиныхоо нэр дээр орон сууцны гэрчилгээг гаргуулчихвал зээл өгнө гэсэн тул 232 800 000 төгрөг зээлдэн авч, БНХАУ-ын иргэнээс Э.С нэр дээр орон сууц худалдан авахдаа уг мөнгийг төлбөрт нь өгсөн. Э.С данс руу 238 800 000 төгрөг шилжүүлэн өгч Х.Оийн төлбөрийг 100 хувь төлж барагдуулаад орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан” гэж тайлбарладаг.
Шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгчээс зээлдэн авсан 235 000 000 төгрөгийг хариуцагч нь БНХАУ-ын иргэнээс худалдан авсан орон сууцны төлбөрт шилжүүлсэн эсэх, орон сууцны өмчлөх эрх хэрхэн БНХАУ-ын иргэнээс Э.Сд, Э.Сэс хариуцагч Ю.Тшилжсэн, үнийг хэрхэн төлснийг тодруулах нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Маргааны үйл баримттай холбоотой Э.С нэхэмжлэлтэй Ю.Тхолбогдох үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг цуцлах, гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай хэрэг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/02627 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэгдсэн байх ба уг шийдвэрт зохигч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан талаар талууд тайлбарлаж байна. /хх78-80/
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн маргааны зүйл нь талуудын 235 000 000 төгрөгийн зээлийн гэрээтэй хамааралтай байж болохоор байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэрлэн заасан этгээд буюу охин Э.Сд нь зээлийг төлсөн эсэх нь хэрэгт ач холбогдолтой. Э.С эрх ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг шүүх анхаарч үзээгүй байна. Э.С нэхэмжлэлтэй Ю.Тхолбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой дээрх маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй, тухайн нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.3 дах хэсэгт заасан ажиллагааг явуулах нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/01507 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 201 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
А.МӨНХЗУЛ