Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2024/ДШМ/582

 

 

 

 

 

 

    2024           5             21                                       2024/ДШМ/582

 

 

И.Мт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           прокурор Б.Солонго,

           шүүгдэгч И.Мийн өмгөөлөгч Л.Ганцэцэг,

           нарийн бичгийн дарга Б.Мөнхтуяа нарыг оролцуулан,

           Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЗ/159 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор И.Мт холбогдох эрүүгийн 2305000001631 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн И.М, 1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймаг, Шивээ-Овоо суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт ......................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:................................/;

                   Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

                   Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 456 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан.

                   Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 3 сарын хорих ял оногдуулж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 456 дугаар шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 358 цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож,  44 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 сар 4 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Шүүгдэгч И.М согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ................................... тоотод хохирогч З.Бийн цээж /зүрхэн тус газарт/ рүү хутгалж алахыг завдсан,

            мөн 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Улсын их дэлгүүр”-ийн урд талын явган хүний гарц дээр хохирогч Э.Мэзэмшлийн “Айфоне 12 про” загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Саруул тэнгэр 2” хотхоны 104 дугаар байрны 11 тоотод хохирогч Т.Оэзэмшлийн “Самсунг галакси нөүт 10/5 жи” загварын гар утсыг газар шидэж, дээрээс нь дэвсэх зэргээр эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 675.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: И.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч И.Мийг “Хүнийг алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч И.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 45 хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 /таван/ жил 8 /найман/ сар 15 /арван таван/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч И.Мийн энэ хэрэгт цагдан хоригдсон 184 хоногийг эдлэх хугацаанд оруулан тооцож, хохирогч З.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч И.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч  И.Мийн өмгөөлөгч Л.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудад заасныг зөрчиж хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын 11 дүгээр талд дүгнэхдээ: “Түүнчлэн гэрчийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан байхаас гадна тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдээс гаргуулсан эсэх нь хамаатай бөгөөд энэ нь хэргийн оролцогчтой нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдээс авсан мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй сулд тооцогддог.

Энэ хэрэгт хувийн сонирхолгүй, хөндлөнгийн гэрч болох Ж.Н“Бээс юу болсон, хэн хутгалсан бэ гэж асуухад Ууганаа ах, И.М ах хоер намайг нийлж зодоод, И.М ах намайг хутгалчихлаа...”гэсэн мэдүүлэг, гэрч Э.А“...Би Бээс уг гэмтлийг хэн учруулсан талаар асуухад З.Б манай хамаатны ах намайг хутгалсан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хохирогч нь өөрөө өөрийнхөө биед гэмтэл учруулсан” гэсэн дүгнэлт үгүйсгэгдэж байна” гэсэн байна. Гэтэл шүүхээс И.Мийг гэм буруутайд тооцсон энэхүү дүгнэлт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд, хохирогч З.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд “өөрийгөө гэмтээсэн” талаарх удаа дараагийн мэдүүлгүүд /1хх 67, 70/, гэрч З “...Б өөрийгөө гэмтээсэн гээд байсан” /1хх 88/, шинжээч эмч н.Энхцолмонгийн “уг гэмтлийг хохирогч өөртөө учруулах боломжтой юу гэсэн асуултад ...Цээжний хатгагдсан шарх нь тухайн хүний гар чөлөөтэй хүрэх түвшинд байна” /1хх 94/, мөн И.Мийн яллагдагчаар өгсөн “Б өөрөө өөртөө гэмтэл учруулсан” гэх мэдүүлгүүд. /1хх 8, 12, 16/

            Шүүхээс дээрх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн яаж  үнэлж дүгнэсэн талаар дүгнэлт хийгээгүй, үгүйсгэсэн үндэслэл дурдагдаагүй бөгөөд хэргийг хэт нэг талыг баримтлан, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.  Иймд хэргийн бодит байдалтай нийцээгүй анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч И.Мийн үйлдсэн гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон. 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр З.Б нь Ж.Нямбаяртай тааралдаж И.М хутгалчихлаа гэж хэлсэн байдаг. Ж.Нямбаяр нь З.Бийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгсөн бөгөөд тус газраас Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд орсон. Тухайн үед хохирогчийн биеийн байдал муу 4 хоногийн дараа ухаан орсон байдаг. Эмчлэгч эмч буюу хагалгаа хийсэн эмч Э.Анужин З.Бийн цээжний гэмтэл нь амь насанд аюултай заалттай, дотор эрхтнүүдийг нь нээж үзэхэд зүрхний үнхэлцэг хальс, зүүн уушгины доод дэлбэн, өрц гэмтэж хэвлийн хөндий рүү 1,5 литр цус алдсан, цээжний зүүн хэсэгт хутга урдаас арагш, дээрээс доошоо чиглэлтэй 10 сантиметр гүн нэвтэрч орсон байна гэсэн мэдүүлэг байгаа. Мөн тухайн үед хохирогчийг ухаан ороход нь эмчлэгч эмч нь “юу болсон бэ” гэж асуухад “манай хамаатны ах ийм болгосон” гэж хэлсэн байдаг. З.Б тухайн үед бид нар архи ууж байсан, миний цээжний хөндий рүү хатгах шиг болсон, И.М ах айгаад гараад зугтаасан гэж мэдүүлсэн. Шүүгдэгч И.Мийн мэдүүлэгт “би З.Бийг хутгалчихаад гэрээс гараад зугтсан гээд гэрч Ж.Нхэлсэнтэй адил үйл баримт тогтоогдсон. Тухайн үед шүүгдэгч И.М хохирогчийг “чи надтай архи уудаг хэн юм, чи надтай архи уух болсон юм уу” гээд маргадаг бөгөөд энэ талаар хамт байсан н.Ууганбаяр мэдүүлдэг. Тиймээс И.Мийг хохирогчийг алах санаа зорилготой, уг санаа зорилгоо хэрэгжүүлэхээр идэвхтэй үйлдэл хийж гүйцэтгэсэн гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

  Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

                   Хохирогч Э.М“...2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хамт ажилдаг Д.Хулангийн хамт хоолонд орохоор “Улсын Их дэлгүүр”-ийн урд талын гарц дээр зам гарах гээд зогсож байхад урдуур 2 хүн гүйгээд өнгөрсөн, утсаа санаад цүнх болон халаасандаа үзэхэд утас байгаагүй. Хулангийн утсаар залгатал дуудаад авахгүй байсан. 102 тусгай дугаарт залгаж дуудлага өгсөн. ...дахиад утас руу залгасан чинь “цагдаа байна хэлтэс дээр хүрээд ир” гэсэн. Би цагдаа дээр ирээд тухайн цагдаа миний утсыг хулгайлж байхыг хараад араас нь гүйж барьсан гэдгийг мэдсэн. ...” /2хх 67/,

хохирогч Т.О“...2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 17:00 цагийн орчим над руу залгаад “би гэрийн чинь гадна ирлээ” гэхээр нь гараад очсон. ...намайг хэл амаар доромжлоод байхаар нь би 20:00 цагийн орчим гэрээсээ гараад гадна машиндаа хэсэг сууж байгаад дүү рүүгээ залгаад “Мөнхзориг унтсан уу” гэж асуухад “унтчихсан байна" гэхээр нь 23:00 цагийн орчим гэр лүүгээ ороод унтаад өглөө 09:00 цагийн орчим сэрээд хэвтэж байтал намайг оролдоод надтай секс хийх гээд татаж чангаагаад байхаар нь би эсэргүүцээд “яагаад байгаа юм бэ” гээд уурласан чинь миний 2 гараас хүчтэй базаад хөл рүү цохиод байхаар нь би босоод “цагдаа дуудлаа” гэсэн чинь босож ирээд миний “Самсунг галакси нөүт 10/5жи” загварын утсыг шүүрч аваад өөрийнхөө утасны араас сим хатгуур гаргаж ирээд миний симийг хугалаад гэрийн хаалга онгойлгоод гэрийн үүдэнд байдаг цементэн шалан дээр цохиод, дэвсээд миний утсыг эвдчихээд над руу “одоо би өөрөө цагдаа дуудаж би чамайг өөрийг чинь хорлоно” гэснээ 102 луу залгаад “миний бөгжийг авчихаад өгөхгүй байна” гээд дуудчихаад гэрээс гараад яваад өгсөн. Миний гар утас эвдсэн хохирлоо барагдуулсан, гомдол санал байхгүй. ...” /2хх 160-161/,

гэрч Ж.Г“...Тухайн өдөр үүрэг гүйцэтгэн эргүүл хийж яваад “Улсын их дэлгүүр”-ийн явган хүний гарц дээр нэг эрэгтэй, эмэгтэй хүний халааснаас нэг зүйл аваад намайг хараад буцаад урагшаа зам гараад Сүхбаатар дүүгийн нутаг дэвсгэр рүү алхаад явсан. Би араас нь очоод тухайн эрэгтэйг дуудахад эргэж хараад нэг гар утас газар шидээд, араас нь үүрч явсан цүнх, куртик, малгай зэргээ тайлж шидээд шууд зугтаасан. “...тэр эрэгтэйн шидсэн эд зүйлүүдийг үзэхэд “Айфоне” загварын гар утас байсан. Удалгүй тухайн утсанд дуудлага ирээд авахад “нэг эмэгтэй хүн энэ утас хаана байна, утсаа авъя...” гэж ярихаар нь “Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр хүрээд ир” гэж дуудаад ...эд зүйлийг мөрдөгч дэслэгч Ариунсанаад хүлээлгэн өгсөн....” /2хх 71-72/,

            шүүгдэгч И.Мийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр “Улсын их дэлгүүр”-ийн явган хүний гарцаар урагшаа гарсан. ...нэг эмэгтэйн гар утас халааснаас нь цухуйчихсан харагдаж байсан. ...би гар утсыг татсан чинь утас сугараад унасан. ...нэг эрэгтэй хүн “хөөе” гэж орилоод намайг дуудахаар нь би зугтаад гүйж явахдаа тухайн гар утсыг шидээд, куртик, өөрийн гар утсаа бас шидээд зугтаасан. ...” /2хх 108, 185-186/ гэсэн мэдүүлгүүд,

                   “Дамно” хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “...Iphone 12 promax загварын гар утсыг 2.050.000 төгрөгөөр үнэлсэн.  ...” /2хх 85-88/,

“Дамно” хөрөнгө үнэлгээ зуучлалын компанийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн  “...Samsung galaxy note 10 загварын гар утсыг 675.000 төгрөгөөр үнэлсэн. ...” /2хх 163-165/ дүгнэлтүүд зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

            Шүүгдэгч И.М нь 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хохирогч Э.Мэзэмшлийн “Айфоне 12 про” загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч Т.Оэзэмшлийн “Самсунг галакси нөүт 10/5 жи” загварын гар утсыг газар шидэж, дээрээс нь дэвсэх зэргээр эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 675.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч И.Мийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч хулгайлах”, мөн “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн И.М хохирогч Э.Мэзэмшлийн “Айфоне 12 про” загварын гар утсыг халааснаас нь хулгайлан, 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, хохирогч Т.О эзэмшлийн “Самсунг галакси нөүт 10/5 жи” загварын гар утсыг газар шидэж, дээрээс нь дэвсэх зэргээр эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 675.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, тухайн зүйл заалтад зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Харин хохирогч З.Бийн “...И.М ах бид хоёр үргэлжлүүлэн ууж сууж байгаад би Сандагдорж гэх найзтайгаа мөнгөний асуудлаас болж маргалдаж эхэлсэн. Би өөрийгөө саатуулах гээд гал тогооны хэсэгт гамбанз дээр байсан хоолны хутгыг гартаа бариад гамбанзыг цохиод зогсож байтал И.М ах босож ирээд ахын дүү битгий гээд баруун гарын шуунаас татахаар нь би гараа татаж авах үед хутганы үзүүр зүүн хөхний толгой хэсэг рүү хатгачих шиг болсон. ...” /1хх 70-72/,

            гэрч Ж.Н“...би явган шатаар дээш өгсөөд 3 давхарт явж байхад И.М миний хажуугаар шатаар доош гүйгээд явсан. Би Мөнхзоригийг “хөөе хаачих гээд байгаа юм бэ” гэхэд над руу эргэж харалгүй гүйгээд явсан. ...би шатаар алхаад явж байтал З.Б 5 давхарт надтай таарсан. З.Бээс “юу болсон, хэн хутгалсан бэ” гэж асуухад “Ууганаа ах, И.М 2 намайг нийлж зодоод, И.М ах намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. ...” /1хх 74-76/,

гэрч И.У“...Мөнхзориг, Бэд бага зэрэг ахархаад “чи одоо надтай зэрэгцээд уугаад байгаа юм уу” гээд маргалдаад байх шиг байсан. ...би нойл ороод бие засчихаад гараад иртэл бөөн цус шалан дээгүүр асгарчихсан, И.М гэрт байхгүй, З.Б эмнэлэг явчих шиг болсон. З.Бийн хувцас нэлээд их цус болчихсон, Б гэдсээ дараад байх шиг байсан. Би түүнээс “яачих ваа, юу болов оо” гэж асуухад “Мөнхзориг ах намайг ийм болгочихлоо” гэж хэлсэн. ...” /1хх 79-80/,

            гэрч И.З “...12 цаг өнгөрч байхад манай хүүгийн найз Нямбаяр над руу залгаад “Б, Ууганбаяр ах, Мөнхзориг хоёртой муудалцаад хутгалуулаад гэмтэл дээр ирчихсэн байна” гэж хэлсэн. ...” /1хх 85-86/,

гэрч Э.А“...2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчим манай мэс заслын тасаг хүлээн авахаар З.Бийн зүүн цээжинд дунд шугамаар 4-5 дугаар хавирганы завсраар зах иргэм нь тэгш 3-4 см өргөн цээжний хөндий рүү нэвтэрсэн, гүн хутгалагдсан шархтай ирсэн. З.Бийн биед цээжний гэмтэл яаралтай журмаар амь насны заалтаар зүүн цээжний хөндийг нээж дотор эрхтэн шалгах мэс засал хийхэд зүрхний үнхэлцэг хальс, зүүн уушгины доод дэлбээ өрц гэмтсэн байсан. Өрц гэмтэж хэвлийн хөндий рүү цус алдсан байсан. Өрцний зүсэгдсэн шархаар их сэмж гарч ирсэн байсан. Хэвлийн хөндийд 1,5 литрийн цус алдсан байсныг авсан З.Бийн цээжний хөндий рүү хутга хамгийн цаана өрц хүртэл нэвтэрч орсон .., цээжний зүүн хэсэгт хутга урдаас арагшаа дээрээс доошоо чиглэлтэй 10 см орчим гүн нэвтэрч орсон байсан. Би З.Бэд өөрөө хагалгаа хийсэн. З.Б 4 хоногийн дараа ухаан орсон. Би Бээс уг гэмтлийг хэн учруулсан талаар асуухад “манай хамаатны ах намайг хутгалсан” гэж хэлсэн. Харин хутгалсан хүнийхээ нэрийг хэлээгүй. ...” /1хх 99-101/,

                   шинжээч Н.Энхцолмонгийн “...З.Бийн биед цээжний талд 4-5 дугаар хавирганы завсраар зүүн уушгины доод дэлбээг нэвт хатган үнхэлцэг хальс, өрц гэмтээсэн шарх гэмтэл учирсан байна. Цээжний зүүн талаар урдаас арагш, дээрээс доош чиглэлд нэвтэрсэн хэдэн см гүн нэвтэрсэн эсэхийг хагалгаа хийсэн, хагалгааг нээж мэс засал хийсэн эмч мэднэ. Би бол нарийн хэлэх боломжгүй. ...” /1хх 96-97/,

шүүгдэгч И.Мийн яллагдагчаар өгсөн “...би 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн ах Ууганбаатарын гэрт дүү З.Бийн хамт гурвуулаа архи ууж байгаад Б бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж, З.Б согтоод надад агсан согтуу тавьж хутга авахаар нь би хутгыг булааж аваад З.Бийн хавирганы доод талд 1 удаа хутгалсан. И.Ууганбаяр бид хоёрын хажууд байсан, З.Б бид хоёрыг хэрүүл хийхэд салгасан. ...Би З.Бийг хутгалчихаад түрүүлээд гэрээс гараад зугтаасан. Би З.Бээс цус гараад газар дусаж байхыг харсан. ..." /1хх 9, 13, 2хх 248-249/ гэсэн мэдүүлгүүд,

                   Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 01/119 дугаар “...Хэргийн газраас хураан авсан 6 дугаартай 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 1-5, 7, 8 дугаартай 7 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж буй 6 дугаартай гарын мөр нь санд М1М005210007344 дугаараар бүртгэгдсэн Ишдорж овогтой Мөнхзориг /Ишдорж Мөнхзориг/-ийн баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна. ...” /1хх 132-140/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12605 дугаар ...З.Бийн биед зүүн уушгины доод дэлбэнг нэвт хатган үнхэлцэг хальс, өрц гэмтээсэн шарх, цээж (500 мл), хэвлийн (1500 мл) хөндийн цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” /1хх 145-147/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад И.Мт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж хэргийн болж өнгөрсөн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ түүнийг хүнийг алахыг завдсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Тодруулбал,  хохирогч З.Бийн “...И.М ах босож ирээд ахын дүү битгий гээд баруун гарын шуунаас татахаар нь би гараа татаж авах үед хутганы үзүүр зүүн хөхний толгой хэсэг рүү хатгачих шиг болсон. ...”, гэрч Ж.Н“...3 давхарт явж байхад И.М миний хажуугаар шатаар доош гүйгээд явсан. З.Бээс юу болсон, хэн хутгалсан бэ гэж асуухад И.М ах намайг хутгалчихлаа гэж хэлсэн. ...”, гэрч И.У“...И.М, З.Бтэй маргалдаад байх шиг байсан. ...би нойл ороод гарч ирэхэд цус шалан дээгүүр асгарчихсан, И.М гэрт байхгүй З.Бээс юу болсон талаар асуухад И.М ах намайг ийм болгочихлоо гэж хэлсэн. ...”, гэрч И.З “...12 цаг өнгөрч байхад манай хүүгийн найз Нямбаяр над руу залгаад Б Ууганбаяр ах, Мөнхзориг хоёртой муудалцаад хутгалуулаад гэмтэл дээр ирчихсэн байна гэж хэлсэн. ...”, шүүгдэгч И.Мийн яллагдагчаар өгсөн “...З.Б согтоод надад агсан согтуу тавьж хутга авахаар нь би хутгыг булааж аваад З.Бийн хавирганы доод талд 1 удаа хутгалсан. Би З.Бийг хутгалчхаад түрүүлээд гэрээс гараад зугтаасан. ..." гэсэн мэдүүлгүүд зэргээс үзэхэд  шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж, И.М нь З.Бийг хутгалчихаад гараад зугтаасан үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, [D1] гэмт хэрэгт завдах нь тодорхой гэмт хэрэгт чиглэгдсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн боловч гэмт хэрэг нь төгсөөгүй, энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэсэн үндсэн шинжүүдтэй. Энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт нэгэнт тогтсон ойлголт юм.

Хохирогч З.Бийн “…зогсож байхад И.М босож ирээд наад хутгаа тавь гэхэд миний баруун гарын шуунаас татахаар нь би гараа татаж авах үед хутганы үзүүр зүүн хөхний толгой хэсэг рүү хатгах шиг болсон. …”, гэрч Ж.Н“...З.Б 6 давхраас доош шатаар ганцаараа алхаж яваад 5 давхарт надтай таарсан, “юу болсон, хэн хутгалсан бэ” гэж асуухад “Ууганаа ах, И.М 2 намайг нийлж зодоод, И.М ах намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. ...”, И.Мийн яллагдагчаар өгсөн: “...З.Б надад агсам тавьж хутга авахаар нь би хутгыг булааж аваад хавирганы доод талд нэг удаа хутгалсан. ...” /2хх 248/ гэсэн мэдүүлэг болон 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр З.Б Ж.Нхамт машинтай Цэргийн төв эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт очиж холбогдох шинжилгээ, үзлэгийг хийлгэж, 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн өвчтний түүх /1хх 242-250, 2хх 1-47/ зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар И.М нь хүнийг алахыг завдсан гэмт хэргийн сэдэлт санаа зорилго, үйл баримт тогтоогдохгүй, харин шүүгдэгч И.М нь хохирогч З.Бтэй маргалдан түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд И.Мт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгон хөнгөрүүлэн өөрчилж, И.Мийг “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, харин анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ял оногдуулсныг хөндөөгүй болно.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэгийн “...И.Мийг хүнийг алахыг завдсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

хохирогч З.Бийн “...би гамбанз дээр байсан хоолны хутгыг гартаа бариад гамбанзыг цохиод зогсож байтал И.М ах босож ирээд хутгаа тавь гээд миний баруун гарын шуунаас татахаар нь би гараа татаж авах үед хутганы үзүүр зүүн хөхний толгой хэсэг рүү хатгах шиг болсон”, гэрч Ж.Н“...З.Б 5 давхарт надтай таарсан, түүнээс юу болсон талаар асуухад И.М ах намайг хутгалчихлаа...” гэж хэлсэн, гэрч И.У“...би 00 ороод гарч ирэхэд бөөн цус шалан дээгүүр асгарчихсан байсан. З.Бээс асуухад И.М ах намайг ийм болгочихлоо. ...” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хохирогч З.Б нь өөрийнхөө биед гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч И.М нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 21-ний  өдрийг хүртэл нийт 83 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос И.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “…шүүгдэгч И.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алахыг завдсан. ...” гэснийг “…шүүгдэгч И.Мийг “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял. ...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч И.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч И.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.М нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 83 /наян гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Л.ДАРЬСҮРЭН

                               ШҮҮГЧ                                                        Ц.ОЧ

                    ШҮҮГЧ                                                       Б.АРИУНХИШИГ


 [D1]Маргалдаад зэвсэг хэрэглэж хутгалаад хохирогч хэд хоног эмнэлэгт хэвтсэн талаар дүгнээд завдалт биш хүнд гэмтэл гэж үзсэн талаар лдахиж дүгнэх