Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/098

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц. Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000370040 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй,******* овогт *******,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг “Нарийн жалга” гэх газраас иргэн *******,*******нарын эзэмшлийн 1 эр ямаа, 4 эм ямаа, 6 ишиг нийт 11 тооны бог малыг 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хулгайлж 335000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Би яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчийн эрхийг уншиж танилцлаа, би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Мөнгөндавалгаа өмгөөлөгчийг сонгон авсан байгаа, одоо өмгөөлөгчөө байлцуулан мэдүүлэг өгнө. Манай гэр Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг “Асганы бууц” гэх газар байдаг юм. Тэгээд 2018 оны 01 дүгээр сард миний хонь хариулах ээлжтэй өдөр байсан ба би тэр өдөр хонио бэлчээчхээд хонио “Пэнтийн эх” гэх нэртэй уул давчихаар нь би араас нь морио эмээллээд араас нь очсон чинь манай хонь Пэнтийн эхний хойд галын гозгор ууланд гарсан байсан, тэгээд тэр өдөр Нарийн жалга гэх газар Шар банди гэдэг айлынх “Нарийн жалга” гэх газарт ирж бууна гэж байсан ба тэгээд хонио “Нарийн жалга”-ын эх рүү дарж оруулчхаад уруудаж яваад Шар банди гэдэг айлын наахан талд нь очоод сүлжээ барьдаг газарт очоод утсаар ярих гэсэн чинь утасны цэнэг дууссан байсан ба тэгээд авч явсан шуудайндаа аргал түүгээд байж байхад манай хонь Хөх хад гэдэг газар луу даваад орж байгаа харагдахаар би араас нь яваад хонио эргүүлж гаргаж ирсэн тэгээд хонио туугаад гэртээ ирсэн. Төр өдрийн өглөө би анх хонио бэлчээчхээд би араас нь очиход л манай хонинд танихгүй ямаанууд нийлчихсэн байсан тэгээд би тэрийг нь хониндоо байсан чигээр нь байсаар байгаад орой гэртээ авчирсан. Тэгээд би хонио хариулж явахдаа тэр нийлсэн танихгүй ямаануудыг тоолж үзэхэд 2 шарга, 2 улаан, 1 хар зүсмийн ямаа байсан. мөн 5 ишиг байсан ба 3 шарга, 1 улаан, 1 хар өнгийн ишиг байсан. Тэгээд төр өдрийнхөө маргааш өглөө нь би тэр 5 ямаа, 5 ишгийг бүгдийг нь ганцаараа эхлээд 5 ямаа, 3 ишгийг нь алж төхөөрөөд, маргааш нь 2 ишгийг нь төхөөрөөд, ишигний махыг нь нохойд хаяж өгсөн, ямааны махыг нь аймагт авчраад “Есөн-Эрдэнэ” зах дээр мах авдаг ченж хүнд ямааны арьс, махнуудыг нь нийлүүлээд 200.000 гаруй мянган төгрөг болсон ба тэр мөнгийг нь би үрээгээд дууссан. Би тэр өдөр хонио бэлчээгээд нэг их удалгүй морио авчирч эмээллээд араас нь хонио Пэнтийн хойд талын өвөрт нь байхад очсон юм. Тэгэхэд л манай хонинд тэр ямаанууд нийлсэн байсан. Би тэр үедээ хэнийх гэдгийг нь мэдээгүй ээ би аймагт ирж ямаан мах, арьс зэргийг тушаачхаад Галуут сум дээр очсон байхад хохирогч С над руу утсаар яриад “би танай барааг ухаж үзлээ, манай ямааны толгойнууд байна хурдан ирж уулз” гэхээр нь би гэртээ ирэхэд С манай гэрт байж байсан ба “барааг чинь үзлээ манай ямааны толгой бараанаас гарч байна тэгэхээр нь би гэртээ очоод ямаагаа тоолж үзсэн чинь 31 тооны ямаа дутаж байна тэгээд 10 ямаа нь чамаас гар байгаа юм чинь бусдыг нь чи авсан байж таараа гээд надад хэлсэн, 31-ийг нь төлөөд өгчих юм бол үүгээрээ ингээд хэл ам хийхгүй хаачихъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өө миний авсан нь л энэ би ерөөсөө илүү аваагүй, тэгж байгаа юм бол хуулийн байгууллагаар шийдүүлье” гэж хэлсэн юм. Саяхан нэг ишиг нь манай ямаанд үлдсэн байсныг нь С аваад явсан би тэр үедээ анзаараагүй байна лээ. Манай ямаанд нийтдээ 11 ямаа нийлсэн байсан байна лээ, би эхлээд нэг ишгийг нь анзаараагүй байна лээ. Би үүнээс 5 ямаа, 5 ишгийг нь төхөөрч гаргасан юм. Тэр өдөр Сгийн гэр нь манай сумын 4 дүгээр багийн нутаг “Нарийн жалгын ам” гэх газар байсан юм. Энэ нь манай байгаа газраас 3 км орчим зайтай байдаг юм. Би хохирлоо төлж барагдуулаагүй байгаа, би 10 ямааны үнийг л төлж барагдуулна. Тэр үед манай хажуу талын айлын хүн болох Б, түүний эхнэр, хүүхэд нь байсан. Өмгөөлөгч надад өөр асуул байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 107-109/

... Би яллагдагчийн эрхийг уншиж танилцсан, би одоо Ц.Мөнгөндавалгаа өмгөөлөгчөө байлцуулан мэдүүлэг өгнө. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Нэмж хэлэхэд тэр 10 ямаа нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай ямаанд нийлсэн байсан байна лээ. Өөр нэмж хэлэх зүйл алгаа. Би 5 ямаа, 5 ишиг л авсан өөр мал аваагүй. Би 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би хээр зүстэй, дугуй дотор 9- ийн тоон тамгатай, хоёр чих нь онь имтэй мориор хонио хариулж байсан. Би хохирлоо төлж барагдуулаагүй байгаа, хохирогч нь 10-аас илүү ямааны хохирол гээд нэхээд байгаа болохоор төлж чадахгүй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 110-111/

... Би хохирогч ******* гийн малаас нийт 11 тооны ямааг авсан, 10 ямааг нь нядалсан, үлдсэн нэг ямаа нь манай хоттой малд байсан юм. Миний хувьд хохирлоо удахгүй барагдуулж дуусгана. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй гэдгээ баталж байна. Би 11 тооны малын төлбөрийг барагдуулж дуусгана, үлдсэн 20 тооны мал хэн авсан, хаачсаныг мэдэхгүй байна. Хохирогч хэлэхдээ малын сураг гарч байгаа, айлуудын малд байна гэнэ гэж ярьсан. Надад нэмж ярих зүйл алга гэх мэдүүлэг /хх-ийн 131-132/

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

4. Хохирогч Д.Лагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Манай гэр Баянхонгор аймгийн төвд байдаг бөгөөд би өөрийн эзэмшлийн 177 тооны бог малаа өөрийн танил С гэх айлд тавьж маллуулж байгаа юм. Тэгтэл саяхан манай малаас алга болсон байна танай ямаанаас 7 ямаа алга болсон манайхаас бас ямаа алга болсон гэж надад хэлсэн Тэгээд би энэ асуудал нь юу болж байгаа юм бол гээд цагдаагийн газар дээр ирж байгаа юм. Би 2017 оны 09 дүгээр сард Сд 132 хонь, 45 ямаа, ингээд нийтдээ 177 бог малыг хүлээлгэж өгсөн байгаа. Надад хүлээлгэж өгөхдөө бичсэн бүртгэг байгаа, би одоо гэрээсээ авчирч гаргаж өгье өө. Малаа хүлээлгэж өгснөөсөө хойш би тэндээс нэг ч тооны ямаа, хонь авч гаргаж идээгүй, очиж аваагүй ээ. Надад С нь Улаанбаатар хотоос ирэхэд нь мал нь алга болсон байсан гэсэн тэгээд тэр дариудаа л надад хэлсэн, надад хэлэхдээ Улаанбаатар хот руу явсан байхад нь хүүхэд нь малыг нь харж байхад мал нь алга болсон байна гэж надад хэлсэн. Манай малаас 7 хонь, 6 ямаа алга болсон гэж надад хэлсэн. Гэхдээ би яг өөрөө очиж өөрийнхөө малыг тоолж үзээгүй, Сгийн хэлсэнээр л би хэлж байгаа юм. С өөрөө хэдэн тооны бог малтайг нь би мэдэхгүй ээ, мал хүлээлгэж өгөхөөр очиход барагцаагаар 200 орчим мал байх шиг байсан. Би мөн Сгийнхаас хэдэн тооны мал алга болсныг нь би мэдэхгүй ээ. Миний хонь ямаа бүгдээрээ хондлой дээрээ шар өнгийн будгаар будаж тэмдэглэгээ хийсэн байгаа, чихэнд нь им тамга байхгүй ээ. Сгийн малыг би ямар им тамгатайг нь би мэдэхгүй ээ. Миний мал 2017 оны жилийн эцсээр Галуут суманд С дээр байхдаа мал тоолуулсан байгаа, надад мал тооллогын бүртгэл байхгүй ээ, С дээр байж магадгүй ээ. С надад хэлэхдээ танай малаас 7 хонь, 6 ямаа алга болсон байна гэж хэлсэн, би өөрөө яг очиж малаа тоолж бүртгэж үзээгүй л дээ. Гэхдээ би Сгаас сайн асууж байж хэлье ээ. Би Сгаас хэдэн тооны эр, эм ямаа алга болсныг нь би сайн асууж байж үнэлье гэж бодож байна. Би Сгаар малаа маллуулчхаад өөрөө аймагт байсан болохоор яг яаж, хэзээд нь алга болсныг нь би мэдэхгүй ээ. Би алдсан малаа төлүүлж авмаар байна, гэхдээ яг хэдэн төгрөг нэхэмжлэхээ би одоо сайн мэдэхгүй байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 /

... Манай малаас 1 ишиг, 3 эр ямаа нь энэ нь хязаалан насны ямаанууд байсан, 2 эм ямаа нь бүдүүн ямаа байгаа, тэгээд 1 ишиг алга болсон байгаа. Надад яг гарын үсэг зурж хүлээлгэн өгсөн баримт байхгүй, би хүлээлгэн өгөхдөө өөрөө бичиж тэмдэглэсэн бичиг л байгаа. Би одоо өөрийнхөө алдсан малынхаа төлбөрт 635,000 төгрөг нэхэмжилж байгаа. Миний ярьсан зүйлүүд үнэн гэх мэдүүлэг. /хх-ийн 52-53/

... Би Сгийн мэдүүлж байгааг дэмжиж байна хэчнээн нь алдагдсан, хэдийн сураг гарсныг С мэдэж байгаа байх. Сгийн хэлж байгаагаар 11 тооны малыг******* хулгайлж. үлдсэн 20 тооны малын сураг энд тэндээс гарч байгаа тэгэхлээр Бэс 11 тооны ямааны төлбөрийг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг /хх-ийн 129-130/

5. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Манай гэр Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг “Нарийн жалга” гэдэг гаЗар байдаг юм. Би 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот руу биеэ эмчлүүлэхээр явсан бөгөөд намайг явсан хойгуур манай хүүхэд Э малаа хараад гэртээ ганцаараа үлдсэн бөгөөд намайг хотод байж байхад 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр манай хүүхэд Э над руу утсаар яриад малаа алдчихлаа гэхээр нь би яаж алдсан, хэдэн тооны ямар малаа алдсан бэ гэсэн чинь Э манай ямаанаас 4-5 алга юм шиг байна, Ла гуайнхаас бас дутаад байна гэхээр нь би ойр хавиараа байгаа айлуудын малд шүүж хай гэж хэлсэн, тэгээд би хотоос 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр гэртээ очоод гэртээ хоночхоод өглөө босоод би малаа тоолж үзсэн чинь манай бог малаас 24 ямаа, 7 хонь дутсан, энэ дотор Ла гуайн 7 хонь, 6 ямаа байсан ингээд нийтдээ 31 бог мал дутаж байсан. Тэгээд малаа тоолчхоод манайхаас дээхэн талд байдаг Өөхөө гэж дууддаг Бийн гэрт очоод Бат- Эрдэнэтэй уулзах гэсэн чинь Бийг аймаг руу явсан гэж хэлсэн, гэрт нь хүн байгаагүй, тэгээд би очоод би гэрийнх нь гадаа байсан хураалгаатай барааг нь үзсэн чинь дотроос нь 7 ямааны мах, 10 ямааны толгой гарч ирэхээр нь би тэд нарыг нь харсан чинь ямааны толгойнууд нь манай ямааны толгойнууд байсан. Тэгээд үзчихээд би Б рүү утсаар яриад “танай бараанаас чинь би малынхаа толгой махыг олж харлаа. чи хэзээ ирэх гэж байна би чамайг хүлээгээд байж байя” гэсэн чинь Б “юу яриад байгаа юм бэ би очоод уулзъя сумаас гэртээ харих гэж байна тэгээд уулзъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүлээгээд байж байсан чинь тэр өдрийнхөө орой нь Б ирж уулзаад “танай мал чинь тасарчихсан явж байсан тэгээд би авчраад гаргачихсан юм аа муухай юм боллоо, би төлөөд өгье өө, маргааш өглөө 24 ямаа, 7 хонийг чинь төлөөд өгье өө” гэж Б гэдэг айлд орж ирээд бид нарт хэлсэн. Тэгэхээр нь би за тэгвэл төлөөд өгөх юм бол яах вэ гэж хэлсэн, тэгээд маргааш өглөө нь надад цагдаадаа өг гэж хэлсэн юм. Тэгээд одоог хүртэл нэг ч төлж өгөөгүй байгаа. Манайх нийтдээ адуу 8, үхэр 3, ямаа 141, хонь 90 байгаа, Ла гуайнх нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр манайд малаа тавьж хариулуулсан юм. Тэднийх 45 ямаа, 132 хонь байгаа. Ла гуай надад мал хүлээлгэж өгсөн тэмдэглэл байгаа, би гаргаж өгнө. Манайх бог малаа өөр хүнтэй ээлжилж хариулдаггүй, манай хүүхэд Э дангаараа л хариулдаг, намайг Улаанбаатар хот руу явсан хойгуур ч гэсэн манай хүүхэд Э ганцаараа л малаа хариулж байсан. Бийн гэр нь 3-4 км зайтай байдаг байсан, манай бог мал өөрийнхөө малаас өөрөө тасарч явахгүй, бог малч тэгж тасарч явдаггүй юм. Би бодохдоо манай бог малыг бэлчээр дээрээс нь л 31 хонь, ямааг тасдаж авсан байх гэж бодоод байгаа юм. Манай алдсан хонь ямаанууд бүгдээрээ зүүн талын чих нь шоргоолжин имтэй, баруун талынх чих нь араасаа хөндлөн хайчилсан имтэй, Ла гуайн хонь нь имгүй, харин хондлой дээрээ шар өнгийн будган тэмдэгтэй, ямаа нь эвэр дээрээ шар өнгийн будагтай байгаа. Б нь одоогоор нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа бөгөөд би үнэлгээгээр хохирлоо нэхэмжилнэ. Надад өөр нэмж хэлэх зүйл алга. /хх-ийн 54-56/ ... Манай малаас 13 эм ямаа, энэ нь дандаа сагил насны буюу бүдүүрч байгаа ямаа байгаа, 2 эр ямаа, энэ нь шүдлэн насны ямаа байсан, тэгээд 3 ишиг алга болсон байгаа. Харин Л гуайнхаас 1 ишиг, 3 эр ямаа нь энэ нь хязаалан насны ямаанууд байсан, 2 эм ямаа нь бүдүүн ямаа байгаа, тэгээд 1 ишиг алга болсон, нийт манай малаас жижиг том нийлсэн 31 бог мал алга болсноос Бат- Эрдэнийн ямаанаас 1 ишгийг амьдаар нь олж авсан, ингээд нийтдээ 11 алга болсноос нэгийг нь олсон, одоо том жижиг нийлсэн 30 бог малаа би нэхэмжилж байна. Надад яг гарын үсэг зурж хүлээн авсан баримт байхгүй, зүгээр би бичиж тэмдэглэж авсан тэмдэглэл байгаа. Би одоо өөрийнхөө алдсан малынхаа төлбөрт 750,000 төгрөг нэхэмжилж байгаа. 2017 оны 12 дугаар сарын мал тооллогоор тоологдсон малаас ингэж дутаад байгаа юм, тэр тоолгоос хойш 2 ямаа, 2 хонь төхөөрч гаргасан байгаа, үүнийгээ би малынхаа тооноос хасаж тооцож байгаа, би алдсан малаа үнэнээр нь л хэлж байгаа, би хүн гүтгэхгүй. Анх Л гуай нь 132 хонь, 45 ямаа хүлээлгэн өгснөөс 2017 оны 12 дугаар сарын мал тооллогоос өмнө 1 хонь үхсэн, 2 хонийг чоно идсэн, 45 ямаа нь бүрэн байсан, ингээд 129 хонь байснаас 7 хонийг хулгайд алдсан, ингээд 122 хонь одоо байгаа, 45 тооны ямаанаас 6 ямаа хулгайд алдсан одоо 39 ямаа байгаа. Манайх 2017 оны 12 дугаар сарын мал тооллогоор 80 хонь тоолуулсан, 141 ямаа тоолуулснаас би хот руу явахдаа 2 ямаа гаргаж төхөөрч авч явсан, 1 ишиг чоно идсэн, 1 ямаа үхсэн, ингээд 137 ямаа байснаас 18 ямаа хулгайд алдаад одоо манайд 119 ямаа байгаа. Би хорогдсон малаа үнэнээр нь хэлж бичүүлж байгаа, би юу гэж хүн гүтгэх вэ дээ. Миний ярьсан зүйлүүд үнэн гэх мэдүүлэг /хх-н 57-59/.. Би урд мэдүүлэхдээ 31 тооны малаа хулгайд алдсан гэж мэдүүлсэн нь үнэн, Бэс 10 тооны малын толгой, хотноос нь нэг тооны ямаа олдсон. Тэгэхээр нь Бэс мал гарч ирсэн юм чинь энэ л бүгдийг нь хулгайлж авсан гэж бодож байсан чинь ойрын үеэс 2, 3 айлын малд манай алдсан мал байгаа сураг гарч байна. Ингэхлээр Б нь 31 тооны малыг хулгайлаагүй харин 11 тооны малыг хулгайлж авсан байна. Нэг ёсондоо манай малаас Б нь 11 тооны ямааг хулгайлсан. Б нь хохирлоо төлж барагдуулаагүй байгаа, түүнээс одоо 11 тооны малаа нэхэмжилж байна. Миний ярьсан зүйлүүд үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 127-128/

8. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би өөрийн ах Эыг Галуут сумын нутаг Баянцагаан гэдэг газарт байх гэрт нь хүргэж өгөх гээд явсан юм. Тэгээд Э ахыг гэрт нь хүргэж өгчхөөд тэднийхээс явах гэсэн чинь миний жолоодож явсан машин болохгүй 2 хоносон. Тэгээд Б манай ахынд ирээд эхнэрийнх нь бие нь өвдөөд аймаг явуулах гэж байгаа би Бийг Галуут сумын төв рүү явуулж гал хамгаалагч авчруулаад машинаа асаагаад 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр аймаг руу явсан. Аймаг руу явахдаа Б цасны түрүүчээр хэдэн мал муудаад болдоггүй гаргачихлаа аймаг авч явах гэсэн юм гэж байсан тэгээд миний машинд 6 ямааны мах, бас арьс нэхийнүүд ачаад Б эхнэртэйгээ бид гурав аймагт ирсэн ба аймагт ирээд би гэртээ ирсэн ба манайд тэр шөнөдөө хоноод маргааш өглөө нь Бийн ах нь ирээд Бат- Эрдэнийг эхнэртэй нь, бас ямааны мах арьс, нэхий зэрэгтэй нь цуг аваад явсан. Тэр үед миний машинд жижгэвтэр 6 тооны бог малын мах ачсан, бас ямааны арьс, хонины нэхий ачиж аймагт авчирсан, тэр арьс нэхийг нь бол би тоолоогүй ээ. Дараа нь Б нь 11 арьс байсан гэж ярьж байсан. Би ачиж байхад нь машиндаа сууж байсан ба хонины нэхий, ямааны арьснууд байсан, яг хэдэн ямааны арьс, хэдэн хонины нэхий байсныг нь би тоолж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Тэр үед тэр мах, арьс зэргийг гэрийнхээ гаднаас хураалгаатай бараан дээрээсээ ачсан. Тэр үед Б надад хэлэхдээ цасны түрүүчээр хэдэн мал муудаад байхаар нь гаргачихлаа, авгайгаа эмнэлэгт үзүүлэх гэсэн юм гэж л хэлсэн, надад өөр зүйл хэлээгүй, би ч нэг их юм асуугаагүй ээ. Би арьс нэхийнийх нь өнгө зүс, содон шинж тэмдгийн талаар мэдээгүй ээ. Миний машинд ачих үед нь би тээшээ онгойлгож өгчхөөд кабиндаа сууж байсан, харин аймагт ирээд манайд хоноод маргааш нь явахдаа арьс нэхийгээ аваад явахад нь би гэртээ унтаж байсан юм. Надад тэр үед Б нь мах, арьс нэхий өгөөгүй ээ, замын зардалдаа 20,000 төгрөг л өгсөн. Би өөрийн эзэмшлийн 3597 БНА дугаартай “Верна аксент” маркийн машинаар ар талын тээшинд нь арьс нэхийгээ ачаад кабинд Б эхнэр нялх хүүхэдтэйгээ суугаад ирсэн юм. Би арьс нэхийнийх нь тоо, ширхэг, содон шинж тэмдгийн талаар мэдэхгүй байна. Би тэр үед машиныхаа тээшийг онгойлгож өгчхөөд машиндаа сууж байсан юм, аймагт ирснийхээ дараа Б хонь ямаа нийлсэн 11 ширхэг нэхий, 6 ямааны мах авчирсан л гэж надад хэлсэн, тэр хэлснээр нь л би хэлж байгаа юм, би яг өөрөө хараагүй ээ. Би тэр үедээ Бийг хэний ямааг нядалж авч явсныг нь би мэдээгүй, Б хэлэхдээ цасны түрүүчээр хэдэн мал муудахаар нь гаргачихлаа л гэж хэлсэн. Би Бийг өөрийг нь хэдэн тооны малтайг нь би мэдэхгүй ээ. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр л аймагт ирсэн. Тэр үед******* нь мотоциклоор явж хүний машины гал хамгаалагчийг гуйж авчирсан юм. ******* бид хоёр нэгдүгээр ангиасаа хойш 7 дугаар анги хүртэл нэг ангид суралцаж байсан юм. Зан байдлын хувьд сургуульд байхдаа хичээл номдоо сайн, төлөв томоотой хүүхэд байсан бөгөөд, зан байдлын хувьд даруухан, төлөв түвшин зантай, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, ажилсаг хүн байгаа юм. Надад өөр нэмж хэлэх зүйл алга. гэх мэдүүлэг /хх-ийн 60-62/

9. Гэрч Б. Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Бийнх манайх хоёр Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг “Асгана бууц” гэдэг газарт айл байсан юм. Тэгээд 2018 оны 01 дүгээр сарын эхээр би яг өдрийг нь санахгүй байна Б хонио хариулж явж ирээд тэр өдрийнхөө маргааш өглөө нь Б манай гэрт орж ирээд маргааш авгайгаа аймаг явж үзүүлнэ, хэдэн ямаа гаргаж явах гэж байна л гэж хэлж байсан Тэгээд би өө тийм үү гэж хэлсэн. Тэгээд Б малаасаа ямаа барьж аваад байсан ба би харсан чинь 10 гаруй ямаа барьж авч байгаа харагдсан, тэгсэн чинь Б ногоон өнгийн будагтай, шар өнгийн даавуутай ямаанууд барьж аваад байхаар нь би наадах чинь манай ямаа бишүү гэсэн чинь бишээ биш манай ямаа гэж хэлсэн. Тэгээд 10 гаруй ямаагаа барьж аваад гаргаж төхөөрсөн. Тэгээд дараа нь манай доод талын айлд ирсэн машинаар дайгдаад явлаа гэж хэлсэн. Би мал гаргаж байхад нь яг хажууд нь байгаагүй хөл өвдөөд гэртээ байж байсан. Б улаан цагаан өнгийн ямаанууд л барьж авсан, дандаа ямаа г байсан, хонь гаргаж төхөөрөөгүй ээ. Би яг им тамгыг нь сайн анзаараагүй, нэг харахад эвэр дээрээ ногоон өнгийн будагтай ямаа барьж авсан байхаар нь л манай ямаа биш үү, гэсэн чинь бишээ гэхээр нь би гэртээ орчихсон юм аа. Би яг ачиж явахыг нь би очиж хараагүй ээ. Би мэдэхгүй байна. Би тэр бараа марааны талаар мэдэхгүй ээ, Б нь надад хэлэхдээ би өөрийнхөө малыг гаргаж байгаа юм аа л гэж хэлсэн, би хүүхдээ хараад ихэнхдээ сумын төв дээр байдаг болохоор тэдний малыг би танихгүй ээ. Би энэ талаар мэдэхгүй ээ, миний бие муу байдаг болохоор мал руугаа нэг ойртдоггүй юмаа. Б ер нь их гайгүй, яриа хөөрөө сайтай, даруухан, хааяа жаахан архи уудаг боловч янз бүрийн муу муухай зан ааш байхгүй, юм хэлэхээр за эгчээ ахаа гээд байдаг, хүний үгэнд оромтгой, ажилсаг, малч хүн байгаа юм. гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/

10. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Б бог малаа хариулаад орой нь ирсэн тэгээд маргааш нь би эмнэлэгт үзүүлэх ажлаар аймаг явах гэж байсан ба Б ямаа барьж аваад байсан би ямар ямаа юм бэ гэсэн чинь би хээр тасарчихсан ямаа байхаар нь авчирлаа гэж хэлсэн би яах гээд байгаа юм бэ гэсэн чинь чамд хамаагүй ээ гэсэн. 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр л тэр ямаануудыг төхөөрсөн санагдаж байна гэхдээ би андуурч байж магадгүй ээ. Б яг тэндээс эндээс гэж хэлээгүй хээр тасарчихсан байна л гэж байсан. яг хаана хэдэн мал тасарсан байсныг надад хэлээгүй ээ. Би малуудыг гаргаж төхөөрч байхад нь би ойртоогүй ээ, би зүс им тамгыг нь мэдэхгүй ээ. Бид нар аймаг руу явахдаа арьс, мах, авч явсан би яг ачихад нь байгаагүй хараагүй гэртээ байсан. Аймаг очоод ч хаана яаж борлуулсныг нь би мэдэхгүй аймагт очоод Б өөрөө л зах руу авч явсан. хэнд зарснаа хэлээгүй надад ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Б малаа өөрөө хариулдаг манайх хүнсээ 2017 оны 11 сард гаргасан. Би яг аймаг явахдаа бас толгойнуудыг нь хаана хийснийг нь мэдээгүй байсан, аймгаас ирэхэд С гуай бараа ухаад толгойнуудыг гаргачихсан байхад нь л мэдсэн. Надад Б нь хээр сүргээсээ тасарчихсан ямаа байхаар нь аваад ирлээ л гэж байсан, яг хаана хэдэн тооны мал тасарсан талаар хэлээгүй ээ. малыг гаргаж төхөөрөхдөө 10 ямаа ишиг л гаргасан одоо манай малд өөр хүний мал байхгүй ээ. Тэр 10 ямаа ишгийг гаргаж байхдаа хонь ерөөсөө гаргаагүй өмнө л манайх өөрийнхөө 1 хонийг гаргаж хүнсэндээ төхөөрсөн. Б бид 2 ам бүл 3-лаа амьдардаг бөгөөд зан байдлын хувьд даруухан, үг дуу цөөтэй, хааяа архи уудаг боловч янз бүрийн муу зан байхгүй, малд сайн, гэр бүлдээ халамж сайтай хүн байгаа юм. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 65-69/

11. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... Манайх Галуут сумын 4-р багийн нутаг “Нарийн жалга” гэх газар байдаг ба 2018 оны 1 сарын 6 өдөр хот руу явсан. Тэгээд би 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө малаа бэлчээгээд өдөр нь хонио хариулаагүй манай ойролцоо нүүж ирж байгаа айлыг нүүлгэлцчихээд орой хонио тууж ирж хотлуулчхаад маргааш өглөө нь буюу 2018 оны 1 сарын 08-ны өглөө малаа бүртгэж үзсэн чинь 24 ямаа, 7 хонь, нийтдээ 31 тооны хонь ямаа дутахаар би сандраад тэр хавиар нь хайгаад олоогүй ээ. Урьд нь ерөөсөө ингэж алга болж байгаагүй ээ. Би айлуудаар хайж явсан. ойр хавийнхаа малаар шүүж үзсэн боловч нэг ч мал олоогүй ээ. Би малаа хариулж явахдаа ерөнхийдөө хараад бүртгэчихдэг юм. 2018 1-р сарын 7-ны өдөр малаа бэлчээхэд манай мал бүрэн байсан, тэгээд тэр өдрийн орой малаа хотлуулахад би анзаарч бүртгээгүй, тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 01 сарын 08-ны өглөө малаа бэлчээрт нь гаргачхаад л мал дутсаныг мэдсэн. Тэр өдөр би гэрийнхээ хойд талд байдаг нарийн жалгын эх рүү малаа бэлчээсэн ба би айл нүүлгэж байгаад малаа бэлчээсэн газар луугаа малаа харахад Б бог малаа туугаад тэнд хариулж байгаа нь харагдсан юм. Би 2018 оны 01 сарын 10-ны өдөр малаа хайж байгаад Бийн бог малд шүүж үзсэн чинь манай ишиг байна гэж таниад ээжийг ирэхэд нь хэлсэн юм. Манай нэг ишигнээс өөр юм тэдний малд харагдахгүй байсан. манай тэр нэг шарга ишиг л байсан. Тэр үед би Бд хэлээгүй Б тэр үед аймаг луу явчихсан байсан. Би тэр үед Бийг хонио хариулж явааг нь холоос харсан бөгөөд тэр үед Б бараан зүсмийн морь унаж явсан. Миний ярьсан зүйлүүд үнэн гэх мэдүүлэг. /хх-ийн 70-73/

12. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Манай хамаатны хүн болох Б манайд намайг хүргэж өгчхөөд буцах гэж байхад Б зардал өгнө аймаг аваад яваач гэсэн. Тэгээд машин нь асахгүй байсан чинь Б сумын төвөөс сэлбэг авчирч өгсөн гэсэн. Тэгээд 2018 оны 01 сарын 10 өдөр аймаг явах болоод Б бид 2 цуг машинаар нь хамт яваад Бийн гэр нь очоод мах, арьс ачна гэхээр нь би ачиж өгөөд тэд нар аймаг явсан юм аа. Ачихдаа 5-6 богийн мах, 7-8-н ямааны арьс, 2 ширхэг хонины нэхий ачсаныг би ачилцсан. Харин би ачсан мах, арьс нэхийг нь нарийн сайн тоолоогүй ээ одоо санахад 7-8 ямааны арьс, 2 нэхий байсан санагдаж байна. Б тэр арьс ширээр яах гэ байгаагаа хэлээгүй би тэр үед нь хулгайнх гэж мэдээгүй. Би тэр үедээ нэг бүрчлэн тоолоогүй барагцаагаар бодоход 5-6 мах, 7-8 ямааны арьс, 2 ширхэг нэхий байсан шиг санагдаж байна би ямар хүний юмыг нэг бүрчлэн тоололтой биш. Надад нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/

13. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 онд Б манайх 2-ынх нэг дор “Асгана бууц” гэх газар нэг дор айл нутаглаж байсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын өглөө Б өөрийнхөө малаас ямаанууд барьж аваад авсан бөгөөд 10-д ямаа барьж авсан бөгөөд өдөр нь тэр ямаануудаа төхөөрч гаргасан. 2018 оны 01 сарын 10 –нд Э гэдэг айлаас машиныг нь авчраад мах, ямааны арьс зэргийг нь ачаад явсан. яг хэдэн мах, арьс ачсаныг нь би мэдэхгүй ээ машиндаа юмаа ачиж дуусаж байхад нь л би очоод эхнэрийнх нь хувцсыг нь ачиж өгсөн. Намайг очихоос өмнө мах, арьсаа аччихсан байсан хэдийг ачсаныг би мэдээгүй ээ. 2018 оны 01 сарын 8,9-ны аль нэгэнд нь малаа гаргасан гаргасныхаа маргааш нь аймаг авч явсан. Би тэр гаргасан ямаануудынх нь зүс им, тамгыг нь анзаараагүй ээ, би түүнийг хүнд хонь ямаа зарсныг нь мэдэхгүй ээ. Би Бийн малыг зүсээр танихгүй ээ, тэр 10 ямааг барьж авахад нь өөрийнх нь мал гэж мэдээгүй ээ. Б манай 2 бог малаа нийлүүлж ээлжилж хариулдаг бөгөөд бид 2-н малд өөр хүний мал нийлснийг ерөөсөө мэдээгүй ээ. Намар хүнсний малаа гаргасан гэсэн. Э нь ирээд манай малыг шүүж үзээд танай малд манай нэг ишиг байна гэхчхээд л явсан. тэгээд маргааш нь билүү ээж нь ирээд Бийн бараан доороос нь ямааны толгойнууд гаргаж ирээд манайх байна гээд байсан. Надад юм хэлээгүй ээ. Б тэр үед яагаад ямаа төхөөрч байгаа, хэнийх болох талаар надад юм хэлээгүй, би өөрийнхөө малыг төхөөрч байгаа юм байхдаа гэж бодсон. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 76-78/ болон 126 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч ******* нь урьд шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа, хавтаст хэргийн 117-118 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Ц. Бийн эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, 112-113 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн зан байдлын тодорхойлолт, хавтаст хэргийн 29-30 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******гаас шүүгдэгч *******эс 350000 төгрөг авсан гомдол саналгүй гэсэн бичгээр гаргасан тодорхойлолт зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Галуут сумын 4 дүгээр багийн нутаг Нарийн жалга гэх газраас иргэн *******,*******нарын эзэмшлийн 1 эр ямаа, 4 эм ямаа, 6 ишиг нийт 11 тооны бог малыг 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хулгайлж 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өмгөөлөгч “ өөрийн үйлчлүүлэгчийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөх” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон шүүгдэгч Ц. Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний ар гэрт эхнэр жирэмсэн болон 3 настай хүүхэдтэй зэрэг байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч *******д хорих ял оногдуулалгүй нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, урьд цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар 10 ширхэг ямааны толгойг хураасан 2018 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх толгойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн морийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, морь буюу түүний үнэ гурван зуун мянган / 300000 / төгрөгийг шүүгдэгч *******эс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч *******ийн эзэмшлийн “мустанг” маркийн мотоциклыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг мотоциклыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар овогт Бийг дөрвөн зуун наян / 480 /цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон гурав / 03 / хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож хорин дөрвөн /24/ цагийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийт дөрвөн зуун тавин зургаан / 456 / цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д дөрвөн зуун тавин зургаан / 456 / цагийн хугацаагаар оногдуулсан ялыг Баянхонгор аймаг дахь Онцгой байдлын газрын Улсын нөөцийн газарт бараа материалын сэлгэлт хийх, ачигч зэрэг ажлыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 165 дугаар зүйлд зааснаар ялтан ******* нь дөрвөн зуун тавин зургаан / 456 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж биелэлт хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.2-д зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, морь буюу түүний үнэ гурван зуун мянган / 300000 / төгрөгийг шүүгдэгч *******эс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт ямааны арван толгойг эд мөрийн баримтаар тооцож хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг ямааны арван толгойг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “мустанг”-5 маркийн мотоциклыг битүүмжилсэн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх мотоциклыг эзэмшигч *******д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс өөрчилж цагдан хорих байрнаас суллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахыг шүүгчийн туслах Х.Эрдэнэбатад даалгаж уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай..

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ